Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар, А.Амундра нарын Лондон дахь тансаглал буюу “Нүүрснийхэн Лондон руу гарчээ” хэмээх ээлжит скандал


9-р сарын 10
13 цаг 23 минут

       АТГ 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарлаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн. УИХ нүүрсний хулгайгаар нээлттэй сонсгол зохион байгуулсан ч Х.Баттулга, Н.Удаанжаргал, А.Амундра нар ирээгүй. Тодруулбал, энэ үеэр нотлох баримт шинжлэн судлах сонсгол хийж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, “Бодь интернэшнл” ХХК гүйцэтгэгчээр оролцсон Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төсөл, мөн Богдхан төмөр замын санхүүжилтийн талаар Н.Удаанжаргал, А.Амундра нараас асуулт асууж, тайлбар сонсох ёстой байв. Гэвч “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэл захирал асан Н.Удаанжаргал гадаад руу зугтсан, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра ирээгүй. Харин “Бодь интернэшнл” ХХК-аас Д.Баясгалан нээлттэй сонсголд оролцсон юм.

АТГ-ынхан нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 хүний нэрийг зарласнаас хойш гурван жил өнгөрчээ. Тэдний нэрлэсэн хүмүүсээс Х.Баттулга, Ө.Шижир, Р.Сэддорж нар УИХ-ын гишүүн болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ял эдэлж байна. Харин бусад нь сул чөлөөтэй байгаа. Нүүрсний хулгайн дуулианаар АТГ хэвлэлийн бага хурал хийж, 17 хүнийг нэр цохон зарласан ч мөрдөн шалгах ажиллагаа нь цаашид хэрхэн үргэлжилж, эдгээр хүмүүст хуулийн ямар арга хэмжээ авсан нь учир битүүлэг. Нүүрсний хулгайн мөнгө нийслэлд том шилэн барилга, хаус хотхон болж зүсээ хувиргасныг учир мэдэх хүмүүс ярьдаг. Үүнээс гадна экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ямар муухай шийдвэр гаргасан бэ гэвэл, хоорондоо 25 км-ээр зөрсөн төмөр зам барьсан. Энэхүү төмөр замыг 16 жилийн турш 320 сая тонн сайн чанарын нүүрсээр төлбөр хийж босгох гэж байна. Нэг тонныг нь 79 ам.доллараар тооцвол 24 тэрбум ам.доллар. Нэг ёсондоо, 24 тэрбум ам.доллараар 25 км төмөр зам тавих гэж байгаа юм байна. Энэ бол луйвар. Газар дээр тавьж байгаа хамгийн сайн төмөр зам 10 сая ам.доллар. Уртаасаа 250 сая ам.доллар л болно. Гэтэл 24 тэрбум ам.доллараар 250 сая ам.долларын ажил хийж байна. Ухаахудаг, Оюутолгойтой бараг адилхан луйвар хийчихлээ. Тэгвэл 24 тэрбум ам.долларыг хэн авах гээд байгаа юм. Хятадын компани лав биш байх. Хятадын компанийн нэрийг л ашиглаж байгаа байх. Хэн энэ 24 тэрбум ам.доллар дотор ашиг сонирхлоо шургуулчихав аа. Судлах хэрэгтэй” гэж тв9 телевизээр ярьсан. Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гарсан ноцтой шийдвэрийн талаар гурван удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар Харбинд очиж ямар гэрээ хийснийг ч илчиллээ. Тэгэхээр АТГ-ынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан нарыг “Харбиний гэрээ” гээчээр шалгах хэрэгтэй болжээ. Учир нь Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч асан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байсан хүн. Монголын улс төрд хаанчилж явсан тэрбээр Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нарын талаар баримт нотолгоогүй зүйл яриагүй байх...

Л.Оюун-Эрдэнийн эсрэг хаврын улс төр ширүүсч, хүү, бэр хоёрынх нь тансаглал олны бухимдлыг дэвэргэсэн. Залуус төв талбайд “Орлогоо нотол” гэж жагссан. Л.Оюун-Эрдэнийг олон нийт буланд шахсан. Эцэст нь УИХ түүнд “Итгэл үзүүлэхгүй” гээд огцруулсан. Тэр мөчөөс эхлэн Л.Оюун-Эрдэнэ олны нүдэнд дахин харагдаагүй. Улс төрийн хүрээнийхний ярьснаар, тэрбээр огцорсныхоо дараахан Лондон руу нисэж эхнэр, хүүхдүүд дээрээ очсон гэдэг. Лондоноос Сөүл рүү нисэж, нэг их удалгүй Монголд ирж улс төрийн уулзалтуудаа хийж эхэлсэн. Энд анхаарал татсан нь Л.Оюун-Эрдэнийн эхнэр, хүүхдүүд Лондонд амьдарч байгаа гэх мэдээлэл юм. Хүү, бэр хоёрынх нь тансаглал ид дуулиан тарьж, өөрийг нь огцруулах халуун өдрүүд тохиож байхад Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү, бэрийн зүгээс орлогоо нотолсон баримт огт харуулаагүй. Ийм атал эхнэр, хүүхдүүд нь Лондонд санхүүгийн ямар эх үүсвэрээр амьдарч байна вэ гэдэг анхаарал татаж байна. Бэрийн цүнх, вертолётны зургийн ард Л.Оюун-Эрдэнийн эхнэр, хүүхдүүдийн Лондон дахь тансаглал, тэнд амьдардаг байр үлдэж хоцорсон гэхэд хилсдэхгүй. Улс төрд “Ч.Номингийн мөнгөний мөрөөр орвол Л.Оюун-Эрдэнэд хүрнэ” гэх яриа бий. Ч.Номингийн хувьд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хоёр ч удаа сайдаар томилогдон ажилласан. Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайд болоход тэрбээр Соёлын сайд байсан бол УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулахад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд болсон. Өөрөөр хэлбэл, Ч.Номин зөвхөн соёл биш, спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудлыг эрхэлж байсан юм. Ч.Номин Соёлын сайд байхдаа энэ яамыг “Найзуудын party” яам болгож байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэрбээр “Хэро энтертайнмент”-ын Б.Баатарын экс эхнэр Ч.Ундралыг Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны даргаар томилж, гадаадын кино фестивалиудад оролцох төсвийг нь баталж, өөрөө ч соёл, урлагийн салбар дахь хүрээлэлтэйгээ энд, тэндэхийн кино фестиваль, биенналь хэссэн шигээ Соёлын сайдын албыг тун энтертайнмент хашсан. Ч.Номин Англид боловсрол эзэмшсэн. Тийм ч учраас Шекспирийн эх оронд их элэгтэй, танил тал олонтой болов уу гэмээр харагддаг. Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатар “Тамгагүй төр” жүжгийнхээ хилийн чинад дахь аялан тоглолтыг анх Лондонд хийсэн. Загвар өмсөгч Э.Одгэрэл, Ч.Мичидмаа нараас эхлээд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоо тэргүүтэй Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, А.Амундра нарын найзууд Лондон хотноо “Тамгагүй төр” үзэх нэрийдлээр өргөн зугаалга хийцгээж байгаагаа сошиалд постолсон гэрэл зургуудаараа харуулдаг байв. Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, А.Амундра нарт сайд асан Ч.Номин Англи улсыг сайн рекламдаж чадсаных уу, Лондонг “Хоёр дахь гэр”-ээрээ сонгосон тухай яриа их хотын кофе шопуудын “хачир” болон түгж байна. Л.Оюун-Эрдэнийн эхнэр, хүүхдүүд Лондонд амьдарч байгаа бол Б.Баатар, Ч.Ундрал нарын хүү Английн хөлбөмбөгийн сургуульд сурдаг аж. Мэдээж хэрэг, Англид сурч, амьдарна гэдэг өртөг өндөр, өндөр төлбөртэй нь ойлгомжтой. Нүүрсний сонсголыг “тасалсан” А.Амундрагийн хувьд, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцорсноос хойш Лондонд төвхнөсөн дуулдана. Харин сайд асан Ч.Номингийн ихэр хөвгүүд Лондонд амьдардгийг улс төрийн хүрээнийхэн мэддэг.

АТГ-ынхан Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн тансаглалыг шалгаж чадахгүй хэсэг гацсан. Олон нийт удтал шаардсаны эцэст тус газрын зүгээс мэдээлсэн нь “Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлого хууль ёсных болох нь тогтоогдлоо” гэсэн албан мэдээ. Учир мэдэх хүмүүсийн инээдийг хүргэсэн тэрхүү мэдээнд анхаарал татах нэгэн өгүүлбэр байсан нь “Хүлэг контент” ХХК, “Хэро энтертайнмент групп” ХХК болон Б.Б, А.А нарт холбогдох асуудалд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” юм. АТГ дээрх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан өнгөрсөн долдугаар сарын 23-нд өгснөөс хойш дахиж мэдээлэл хийгээгүй. Б.Б, А.А нь Б.Баатар, А.Амундра гэж иргэд төвөггүй тайлж уншсан ч АТГ-ынхан Л.Оюун-Эрдэнийн ойр тойрныхныг шалгахдаа асар удаан, хөшүүн хойрго байгаа нь анзаарагдана.

Балбад GenZ үеийнхэн өнгөрсөн даваа гарагаас эхлэн авлигын эсрэг жагсаж, олон хүн амь насаа алджээ. Энэ жагсаал ихэс дээдсийнх нь хүүхдүүд Тик токт “Nepo babies” гэдэг трэнд үүсгэж, гадаад дахь тансаг зугаалга, үнэтэй брэндийн хувцаснуудаа гайхуулсан нь өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрүүлж буй ядуу ардуудын уур хилэнг бадраасан. GenZ үеийнхэн жагсаж эхэлмэгц эрх баригчид фэйсбүүк, инстаграм, WhatsApp зэрэг сошиал платформуудыг хааснаар эсэргүүцлийг улам дэвэргэж, уур хилэндээ шатсан иргэд гудамжинд жагсацгааж байна. Тэд парламентын ордон, эрх баригчдын суртал ухуулгыг дамжуулдаг хэвлэлийн редакцийг шатааж, Сангийн сайдаа гудамжинд олноороо хөөж, гудамжаар чирч гулдарч, буу агсан кастынхан руу дайрч буй бичлэг цахим ертөнцөөр нэг түгжээ. Ерөнхий сайд нь огцорч, өндөр албан тушаалтнууд, өнгөтэй, мөнгөтэй хүмүүс нь хувийнхаа нисдэг тэргээр зугтсан ч ядууралд нэрвэгдсэн ард түмний жагсаал анархи хэлбэр рүү хэдийнэ орж хяналтаас гарсан аж. Балбад болж буй энэ үйл явдлын талаар монголчууд сошиал хуудаснаа “Ийм явдал Монголд болоход тун ойрхон байна. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл ард түмэн ингэж тэсэрнэ” хэмээн бичиж байна. Яг энэ үед Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн тансаглалын тухай сэдэв сошиалд дахин түгж, “Л.Оюун-Эрдэнийн эхнэр, хүүхдүүд Лондонд ямар байранд хэний мөнгөөр амьдарч байна вэ” гэдэг асуулт дагууллаа. Тэр ч атугай Б.Баатар, Ч.Номин, А.Амундра нарын Лондон дахь тансаглалын тухай яриа Төрийн ордноос хальж, хотын кафе шопууд дахь ярианы сэдэв болчихоод байгаа энэ үед “Нүүрснийхэн Лондон руу гарчээ” гэх ээлжит скандал дэгдэж эхэллээ. Л.Оюун-Эрдэнэ ба түүний хүрээллийнхэн яаж баяжсан бэ, дэлхийн хамгийн үнэтэй хотуудын тоонд ордог Лондонд ямар мөнгөөрөө тансаглана вэ, орлогоо нотолж чадах уу тэд гэдэг олон асуулт гарч ирлээ. “Нүүрснийхэн Лондон руу гарчээ” гэх олны яриа ортой эсэхийг АТГ-ынхан шалгах хэрэгтэй болжээ. Яагаад ийм яриа гарах болов гэдгийг шалгаж, ард иргэдэд мэдээлэх нь АТГ-ын үүрэг.   

Д.Од   

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Дэлгэрсайхан: Битгий олон юм хуцаад бай. Би тэр гэрээг хийгээгүй2 цаг 43 минутын өмнө“Харбин” Ц.Тувааны балгаар Монгол Улс 10 тэрбум ам.доллар алдах уу3 цаг 25 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар, А.Амундра нарын Лондон дахь тансаглал буюу “Нүүрснийхэн Лондон руу гарчээ” хэмээх ээлжит скандал6 цаг 31 минутын өмнөЦэргийн сургуулилтын үеэр монгол гэр дээр бөмбөг тэсэлж, гаднаас нь цэргүүд довтолж буйг Хятадын төв хэвлэлээр харуулжээ8 цаг 37 минутын өмнөУлаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална9 сар 9. 17:31Х.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу9 сар 9. 13:14Ирэх онд МАН-д төрөөс 3 тэрбум 363 сая төгрөг, АН-д 2 тэрбум 568 сая төгрөг, ХҮН намд 756 сая төгрөгийн санхүүжилт олгоно9 сар 9. 12:35УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ9 сар 9. 12:10МАН ирэх долоо хоногт УЗ, Бага хурлаа хуралдуулж, их хурлаа зарлана9 сар 9. 10:05Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна9 сар 9. 9:04УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 9. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 9. 8:53Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо9 сар 8. 20:13ДЦС-5-ыг “Митайм интернэшнл” ХХК барина9 сар 8. 18:39Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр С.Бямбацогт мөшгиж, араас нь АТГ-ынхан ажиллах уу9 сар 8. 17:32Олимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав9 сар 8. 15:51Мао үс засалт, өргөн өмдтэй Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайгаа Бээжинд ирсэн үү9 сар 8. 14:58Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна9 сар 8. 13:08“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө9 сар 8. 12:49Монгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоолоо9 сар 8. 12:45Японы Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно9 сар 8. 10:58Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа9 сар 8. 9:45УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 8. 9:33Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан9 сар 8. 9:30Хөвсгөлд тарваган тахал гарч, хөл хорио тогтоожээ9 сар 7. 21:18У.Хүрэлсүхийн ард Б.Хурц...9 сар 7. 19:14Г.Занданшатар Ленинээс хуулбарлах нь энэ үү9 сар 7. 18:23Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ9 сар 7. 12:36УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав9 сар 5. 20:39Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа9 сар 5. 19:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.