Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 он угтсан улс төрөө хэдийнэ эхэлсэн. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан. МАН-ын даргын тамгыг Л.Оюун-Эрдэнээс авч, Г.Занданшатарт шилжүүлэх сценари нь ч бэлэн. У.Хүрэлсүх Тяньжинд Путинтэй уулзсаны дараа Г.Занданшатар Владивостокт Путинд бараалхлаа. УИХ-ын чуулганы танхимд Л.Оюун-Эрдэнийг “элдэж” орж ирсэн У.Хүрэлсүх одоо Д.Амарбаясгаланг АТГ-ынхнаар дарамтлуулж байна. Л.Оюун-Эрдэнэ огцордог шөнө У.Хүрэлсүх чуулган дээр “Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр хоёулаа миний хайртай дүү нар. Би энэ хоёр даргад “Зарчимтай бай” гэж хүүхэд байхаас нь захиж ирсэн. Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж байгаа” гэж байв. Үнэн. У.Хүрэлсүх 2008 онд МАХН (МАН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болмогцоо Л.Оюун-Эрдэнийг Намын байгуулалтын хэлтсийн дарга, Д.Амарбаясгаланг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга болгож байсан. “Би наяад оны залууст итгэл хүлээлгэлээ. Тэдэнтэй хамтран ажиллана” хэмээн хэлж байлаа. “Долдугаар сарын 01”-ний үймээний үеэр шатсан цагаан байрныхаа суурин дээр Тусгаар тогтнолын ордныг сүндэрлүүлсэн нь У.Хүрэлсүхийн үеийн бүтээн байгуулалт гэдэг нь ч үнэн. Харин одоо У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Д.Амарбаясгалан УИХ-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан. УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх үеэр У.Хүрэлсүх чуулганы танхимд “Энэ хоёр хоёулаа миний хайртай дүү нар” гэж хэлсэн нь “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай юу, парламентын засаглалтай юу” гэдэг эргэлзээг олон нийтэд төрүүлсэн. “Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “Том ах” нь би шүү” гэдгээ тэрбээр чуулганы танхимд хэлсэн. У.Хүрэлсүхийг орж ирээд гарсны дараах чуулганы танхимын уур амьсгал ч өөрчлөгдөж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан юм. Хэдийгээр улс төрийн цаг, нийгмийн уур амьсгал Л.Оюун-Эрдэнийн эсрэг байсан ч У.Хүрэлсүх “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л бий” гэдэгчлэн “УИХ, Засгийн газрын дээр У.Хүрэлсүх л бий” өөрийн биеэр харуулсан. Л.Мөнхбаясгалан гишүүн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд УИХ-ыг сүрдүүллээ. Импичмент хийх асуудлыг санаачилна” гэсний учир энэ. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд тааллаараа оролцож үг хэлэх эрхтэй ч Л.Оюун-Эрдэнийг огцруулдаг шөнө У.Хүрэлсүх орж ирсэн нь Монгол төрийн дээр У.Хүрэлсүхийн хаанчлал тогтсоныг харуулсан хэрэг байлаа.
МАН-ын Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж, Бага хурлынхаа ээлжит хуралдааныг товлоно. Эрх баригчид Сү.Батболдыг Бага хурлаараа намын дарга болгож, их хурлаараа ёсчилж байсан нь энэ удаад давтагдаж магадгүй. Улс төр дэх намрын халуун өдрүүд МАН-ын даргын марафоноор эхэлсэн энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Энхбаяр, М.Энхболд, Сү.Батболд нартай нэг завин дээр суусан нь тодорхой харагдана. “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатарын найруулсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн анхны зочноор оролцсоноос хойш хэвлэлд огт ярилцлага өгөөгүй MCS-ийн Ж.Оджаргал Ухаахудагаа ярьсаар ил гарч ирэв. У.Хүрэлсүхийг өнгөрсөн хавар Чехэд айлчлахад VIP зочин болж дагалдсан С.Баярцогт АН-ын шинэ даргыг сонгоход менежерийн үүрэг гүйцэтгэв. АНУ руу зугтсан Ч.Сайханбилэг Монголд удахгүй ирнэ. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийн эсрэг багаа У.Хүрэлсүх ийн бүрдүүлжээ. МАН-ын шинэ даргын төлөөх тулаанд тэрбээр нумаа татаж, сумаа тавихад ийнхүү бэлтгэж байна. Н.Энхбаярыг “ХААН” байх үед МАСЗХ-ны ерөнхийлөгчийн хувьд “Монгол төрийн ажлыг та мэддэг юм уу, таны эхнэр мэдээд байна уу” гэж даналзаж явсан У.Хүрэлсүх саяхан Их тэнгэрт хуучнаар МАСЗХ-оос СДМЗХ хүртэлх үе үеийн удирдлагуудыг хүлээн авч, Д.Амарбаясгалангүй, Л.Оюун-Эрдэнэгүй party хийсэн. Харин тэдний эсрэг талд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар улс төр дэх наяад оныхны хүчийг зангидаж байна.
Эрх баригч хүчний их хурал болох сургаар АТГ-ынхан “Спорт загасчлал”-аа МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр, оффист нэгжлэг хийж, түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсноор эхлүүллээ. Барилаа, харууллаа, тавилаа... АТГ-ынхан хэн нэгнийг саатуулж, олон нийтэд айлгаж үзүүлдгийг хүмүүс ингэж шоолдог болсоор удаж байгаа. Хар баасан гарагт юм уу, аль эсвэл улс төрийн халуун үйл явдалтай зэрэгцэн тэд ийнхүү “ан”-д гарцгаадаг. Нэг их гайхаж цочоод байх хэрэг биш. АТГ-чид энэ удаад ч улиг болсон танил технологио давтаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээр! Ц.Чулуунзагдыг цагдан хорьсон тухайд шуудхан хэлэхэд энэ. Учир нь МАН-ын даргын марафонд нэр нь яваа хүн бол Д.Амарбаясгалан. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хамгийн олон жил ажиллаж, 2016 оноос эхлэн намаа УИХ, НИТХ, орон нутгийн болон нөхөн сонгуулиуд гээд бүх сонгуульд ялуулж байсан хүчтэй кадр. У.Хүрэлсүхийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсан нь ч Д.Амарбаясгалангийн “Мастер ажиллагаа”-ны үр дүн. У.Хүрэлсүх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд болтол нь дэмжиж ирсэн гэдэг шиг наяад оны төлөөлөл болсон тэд ч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын улс төрийн хаан болоход гол багана нь болсон гэхэд хилсдэхгүй. Хаан сэнтийд заларсан У.Хүрэлсүхэд одоо Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр хэрэггүй болсон бололтой. Хагарал хэдийнэ гүнзгийрчээ. У.Хүрэлсүх чуулганы танхимд “Л.Оюун-Эрдэнэд би хайртай” гэж хэлж байгаад огцруулсан бол энэ удаад “Д.Амарбаясгаланд ч бас хайртай” хэмээн Д.Амарбаясгалангийн өөдөөс “Хонгил”-ын түлхүүр эргэлдүүлэн дарамталж байна. Шоронгийн түлхүүр хэнд байна, түүнд эрх мэдэл байдаг болсон цаг шүү дээ. У.Хүрэлсүхэд духаа үнэрлүүлсэн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нар яалаа! У.Хүрэлсүхэд үнсүүлсэн тэдний карьер шоронгийн өрөө, АТГ-ын байцаалтаар дууссан.
У.Хүрэлсүх ойр тойрныхондоо “Би 2027 онд намаа авна” гэж хэлсэн нь улс төрийн хүрээнд хэдийнэ таржээ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх 2027 онд Ерөнхийлөгчийн албанаас буумагцаа МАН-ын дарга болж Тусгаар тогтнолын ордонд эргэж ирэх төлөвлөгөөгөө боловсруулжээ. Хэрэв тэрбээр МАН-ын дарга болж УИХ-ын 2028 оны сонгуульд намаа ялуулбал Ерөнхий сайд болно. Түүнээс өмнө эрх баригч хүчинд их цэвэрлэгээ хийж, Г.Занданшатарыг намын дарга болгоно. У.Хүрэлсүх ирэх улс төрийн зураглалыг ийнхүү гаргаж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр руу шоронгийн түлхүүр эргэлдүүлэх зуур МАН дахь наяад оныхон “Монгол Улс ардчилсан улс байх уу, аль эсвэл айдаст автсан дарангуйллын зам руу орох уу. МАН хамтын удирдлагын байгууллага байх юм уу, хэн нэгний хувийн өмч байх уу гэдгээ намын даргыг сонгох хурлаар хатуухан авч хэлэлцье. Юу болоод байгааг улстөрчид бүгд мэдэж байгаа ч хэн ч дуугарч чадахаа больсон байна” хэмээн нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа сураг дуулдана. Н.Энхбаяр, М.Энхболд нарын үед жигүүр, хөдөлгөөнүүд байгуулагдаж байсан шиг У.Хүрэлсүхийн дарангуйллыг сөрөхөөр МАН дахь наяад оныхон хүчээ төвлөрүүлж байгаа аж. Л.Оюун-Эрдэнийг огцруулсан шигээ Д.Амарбаясгаланг айлгана гэдэг хэцүү дээ. Учир нь тэрбээр 126 гишүүнтэй анхны парламентын дарга. УИХ-ын даргын халдашгүй бүрэн эрхтэй. Энэ 126-д наяад оныхон олуулаа. Тэд үеэ хамгаална, үеийн улстөрчийнхөө талд зогсоно. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дөнгөж сая фэйсбүүкт “Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэх агшинд мэдрэгдсэн мэдрэмж. Гишүүд чуулганы үйл ажиллагаанд оролцохдоо чөлөөтэй мэтгэлцэж, хоорондоо ярилцаж байхад Ерөнхийлөгч орж ирмэгц бүгд эгц сууж, номхон болж, хоорондоо ч ярихгүй, нүдээрээ л бие биенээ ажиглаж байв. Тэр мөчид яг үнэндээ би хүртэл юунаас айж сүрдсэнээ ч ойлгоогүй. Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж болох ч яг начир дээрээ бүгдийг загнаж, зандраад л гарав. Тухайн үед бүгд л Ерөнхийлөгчийг магтан сайшааж “Ард түмнийхээ талд байна” гэж байсан ч эргээд бодох тусам нэг хүнээс үл хамаарах ардчилсан Үндсэн хууль, хамтын зарчим бүхий парламентын засаглалынхаа ач холбогдлыг улам хамгаалах ёстой гэсэн итгэл үнэмшил маань бэхэжсэн” хэмээн байр сууриа илэрхийллээ. Архангайн Цэнхэрийн рашаан дээр болсон УИХ-ын гишүүдийн уулзалт дээр ч Х.Булгантуяа тэргүүтэй наяад оныхон “Улс төр дэх үеийнхнээ хамгаалъя” гэдэг дээр санал нэгдсэн гэдэг. Наад Д.Амарбаясгалан чинь Л.Оюун-Эрдэнэ шиг биш ээ, Ерөнхийлөгч өө. Л.Оюун-Эрдэнийг огцруулахын төлөө төв талбайд залуус нэгдэж, УИХ-ын гишүүд нийгмийн уур амьсгал, Ерөнхийлөгчөөс сүрдсэндээ Л.Оюун-Эрдэнийн эсрэг кноп дарсан байж болно. Харин Д.Амарбаясгалангийн тухайд өөр. Түүнийг дэмжих залуус нийгэмд ч, МАН-д ч олон. МАН-ын Бага хурал, их хурал дээр түүнийг өмгөөлж хамгаалах гишүүд бүр олуулаа. Д.Амарбаясгалан гэдэг айлгаж дарамтлаад барахгүй хүчтэй, нөлөөтэй кадрыг та өөрөө л бэлтгэсэн шүү дээ, Ерөнхийлөгч өө.
С.Тулга
Сэтгэгдэл бичих