УИХ-ын намрын чуулган ирэх даваа гарагт эхэлнэ. Энэ удаагийн чуулганаар Улсын ерөнхий прокуророос С.Ганбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал орж ирэх бололтой. Үүнийг УИХ-ын С.Ганбаатар ч хүлээн зөвшөөрч, өчигдөр (2025.09.11) хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чуулган эхлэхээр намайг колонид явуулахаар л байх шиг байна. Тэгэхээр мэдээж УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ гэдэг асуудал хөврөх гэж байгаа бололтой. Гишүүд өнөөдөр Төрийн ордонд дохио зангаагаар ярьж байна. Тагнаж чагнахвий гэдэг айдастай болсон” гэж дурджээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард “Дүүгийн минь байшинд нэгжлэг хийж байна” хэмээн лаив хийсэн бол АТГ-ынхан “С.Ганбаатар гишүүний нэр дээр бүртгэлгүй аж ахуйн нэгжид нэгжлэг хийсэн” гэсэн мэдээлэл өгсөн. МҮЭСТО-ны газрыг зарсан гэх асуудалд УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МҮЭХ-ны ерөнхийлөгчид газар зарах битгий хэл санхүү, мөнгөтэй холбоотой ямар ч эрх мэдэл байхгүй” гэсэн хариулт өгчээ. Түүнийг АТГ удтал шалгасны эцэст Эрүүгийн хуулийн гурван зүйл анги буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. С.Ганбаатар гишүүний хувьд, УИХ-ын 2024 оны сонгуульд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн. Тэгвэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж болзошгүй байна.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих