Л.Оюун-Эрдэнэ Н.Энхбаярын мессэжинд зүрх дарж, цагтаа Монголын улс төрийн хаан байсан эрхмийг эморуулжээ. Н.Энхбаяр өчигдөр (2025.09.11) хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Л.Оюун-Эрдэнэ надад гурван сар зүрх дарсан. Би зүрхийг “Ойлголоо, уулзъя” гэж байна” хэмээн ойлгосон” гэлээ. Экс Ерөнхий сайд руу viber мессэж илгээхэд цаадахь нь хариу өгөхийн оронд зүрх дараад байж л дээ. Гурван сарын туршид зүрх буюу like дарсан гэхээр Л.Оюун-Эрдэнэ ч гүргэр юм, Н.Энхбаяр ч эмо юм. Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН (МАН)-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг дэмжиж “Number one” хөдөлгөөн байгуулж явсан хүн. Гэвч Н.Энхбаярын эрин үе тэр үед төгсгөл болсон. Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх гэдэг “Том ах”-ынхаа дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл дэвшсэн.
У.Хүрэлсүх төдийгөөс өдий хүртэл Л.Оюун-Эрдэнийн улс төрийн карьерт зүрх дарж ирсэн. Хэнтийн Бэрхээс хотод татаж авчирсан Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүх “Өөрөө өргөдлөө өг” гэснээр Ерөнхий сайдаас огцруулж, шуудхан хэлэхэд ban-дчихсан. Л.Оюун-Эрдэнэ одоо У.Хүрэлсүхийн хоригтой яваа. Түүнд Х.Баттулга ч удаан хань болох эсэх нь эргэлзээтэй бөгөөд эгзэгтэй цаг нүүрлэчихээд байна. Тиймээс Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёрын эсрэг Д.Амарбаясгалан гэдэг нүүдэл хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч “гал” атгахад бэлэн гэдгээ илэрхийлж, өнөөдөр (2025.09.12) МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ. “100 жилийн түүхтэй, 300 мянган гишүүнтэй МАН хувь хүний өмч байх уу, хамтын удирдлагатай нам байх уу гэдгээ үзье” хэмээн хатуухан хэллээ. Энэ бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын эсрэг сөрнө гэдгээ зарласан хэрэг. Ерөнхий сайд Г.Занданшатар ч түүний хэвлэлийн бага хурлыг нүд салгалгүй үзсэн нь ажигч хүмүүсийн анхааралд өртлөө. Д.Амарбаясгалангийн эрс мэдэгдэл сошиалд ямар уур амьсгал бүрдүүлэв гэдэг ч сонирхол татна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин фэйсбүүкт “Монгол Улсад улс төрийг шоронгоор шийддэг болсон. Жорж Оруэллийн “1984” шиг “Том ах” байгаа. Түүнтэй тэрсэлдэж болохгүй шүү” гэх сануулга, айдас хүйдэс. Нэг зүйл буруу байгаад байна. Далд ухамсартаа бид Үндсэн хуулийг биш, “Том ах”-ыг зөвшөөрөөд байна” гэж бичжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ойрын хүн, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг уржигдар шөнө АТГ-ынхан саатуулсан. АТГ-аас хоёр машинтай мөрдөгчид Тусгаар тогтнолын ордонд очиж, бүх өрөөг нэгжсэний эцэст түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорихоор авч явсан гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Үүнийг хэвлэлүүд “Улс төрийн баривчилгаа” хэмээн тодотгосон. АТГ-ын баривчилгаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч цочирдож, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлцгээв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Хэлье” гэснээ хэнээс ч айхгүй хэлнэ. Сошиалаар балбавал балбана л биз. Улам л асна уу гэхээс айхгүй шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэх агшинд мэдрэгдсэн мэдрэмж. Гишүүд чуулганы үйл ажиллагаанд оролцохдоо чөлөөтэй мэтгэлцэж, хоорондоо ярилцаж байхад Ерөнхийлөгч орж ирмэгц бүгд эгц сууж, номхон болж, хоорондоо ч ярихгүй, нүдээрээ л бие биенээ ажиглаж байв. Тэр мөчид яг үнэндээ би хүртэл юунаас айж сүрдсэнээ ч ойлгоогүй. Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж болох ч яг начир дээрээ бүгдийг загнаж, зандраад л гарав. Тухайн үед бүгд л Ерөнхийлөгчийг магтан сайшааж “Ард түмнийхээ талд байна” гэж байсан ч эргээд бодох тусам нэг хүнээс үл хамаарах ардчилсан Үндсэн хууль, хамтын зарчим бүхий парламентын засаглалынхаа ач холбогдлыг улам хамгаалах ёстой гэсэн итгэл үнэмшил маань бэхэжсэн” хэмээн фэйсбүүкт байр сууриа илэрхийлсэн. Тэд бол УИХ дахь Л.Оюун-Эрдэнийн “Гучийн бүлгийнхэн”. Тэгэхээр У.Хүрэлсүх рүү асах нь ч ойлгомжтой. Харин Д.Амарбаясгалан...
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд одоо ухрах зам үгүй. Хэдийгээр түүний ард Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар бий гэх ч МАН-ын даргын төлөөх тулаанд Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд ганцаараа орж байна. Түүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016-2024 онд ажиллахдаа намаа УИХ, НИТХ, орон нутгийн болон нөхөн сонгуулиудад тасралтгүй ялуулсан гэдэг том тодотгол бий. Д.Амарбаясгаланд энэ нэмэх оноо болно. Тэрбээр 126 гишүүнтэй анхны парламентын дарга. УИХ дахь МАН-ын бүлэгт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дэмжлэгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентын гишүүн болсон наяад оныхон голдуу бий. Тэднээс Д.Амарбаясгаланг МАН-ын даргад яг найдвартай дэмжих нь мөнөөх “Гучийн бүлгийнхэн”. Д.Амарбаясгалан УИХ-ын даргын зангараг зааж, намын бүлгийн гишүүдээ бүгдийг нь багцалж чадах эсэх нь эргэлзээтэй. Сайдын суудал сонсоод хурдаа аваад гүйчихдэг Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн тэргүүтэй 60, 70-аад оныхон нөгөө талд байгаад байдаг. Төрийн ордон дахь уур амьсгалыг тольдвол ийм. Харин МАН гэдэг том ай сав дотор Д.Амарбаясгаланг уу, Г.Занданшатарыг уу гэсэн хуваагдал хэдийнэ үүсчихсэн байгаа. Нэг нь УИХ-ын дарга, нөгөө нь Ерөнхий сайд. Энэ тохиолдолд МАН-ын гишүүдийн хүч хэний талд илүү төвлөрөх вэ гэдгээс эрх баригч хүчний шинэ дарга хэн болох нь шалтгаална. Путин Д.Медведевийг Ерөнхий сайд болгочихоод улс төрийн гол удирдлагыг барьж суусан түүхийг У.Хүрэлсүх Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгож давтсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхад ч тийм л байсан. “Улаан туг, залуучууд хоёр ихэр юм” гэдэгчлэн У.Хүрэлсүх, МАН хоёр салшгүй холбоотой. У.Хүрэлсүх 35 жилийн амьдралаа нам, улс төрд зориулж яваа Монголын улс төрийн хамгийн нөлөө бүхий лидер. Өдгөө бараг МАН-ын бэлгэ тэмдэг шахам болчихсон тод дүр. Сү.Батболдыг намын даргаар ёсчилж, тус нам МАН гэдэг уугуул нэрээ сэргээсэн их хурлын уур амьсгалыг У.Хүрэлсүх эргүүлж, танхимд байсан намынх нь гишүүд түүнийг дэмжин уухайлж байв. Түүний хөргийг өрөөндөө залдаг МАН-ын гишүүд ч олон. У.Хүрэлсүх Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг Сү.Батболд, М.Энхболд, MCS тэргүүтэй улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хүчийг төвлөрүүлсэн. Сү.Батболд, М.Энхболд нарын тухайд, МАН-ын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс. Сү.Батболдод МГИМО, М.Энхболдод хотын фракцийнхан нь өдгөө ч үнэнч. Тус тусдаа байсан ч цул хүч, мөнгө болсон энэ хоёр кадр У.Хүрэлсүхтэй нэгдэнэ гэдэг тэдний эсрэг МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн Д.Амарбаясгалангийн хувьд тун амаргүй тулаан. У.Хүрэлсүх, Сү.Батболд, М.Энхболд нар дээр MCS нэмэгдчихсэн байна. Энэ УИХ-д MCS-ээс сонгуулийн хандив авсан гишүүд хэд билээ. У.Хүрэлсүхийн талынхан дээр АН-аас Ц.Элбэгдоржийнхон, анти Х.Баттулга фракциуд хүч нэмнэ. Эндээс харвал, Х.Баттулгыг МАН-д чирч ирж, бүр өөрийнхөө орон тооны бус зөвлөх болгож байсан Л.Оюун-Эрдэнийн балаг Д.Амарбаясгаланд ёстой гай болно. МАН ч, АН ч Х.Баттулгыг зайлуулахыг хүсэж байна шүү дээ. Байдал эвгүйтвэл Х.Баттулга хуулийн гав зүүнэ. Л.Оюун-Эрдэнэ хийгээд “15 давхар”-ынхан ч АТГ-ынхны харц дор байгаа. Үнэндээ тэд Д.Амарбаясгалангаар бамбай хийж У.Хүрэлсүх рүү довтолж байна. Х.Баттулгад хэт их эрх мэдэл өгч У.Хүрэлсүхэд ban-дуулсан Л.Оюун-Эрдэнэ өдгөө хэвлэл, сошиалаар л уйлан донгодох CRYING BABY болсон. Харин Д.Амарбаясгалангийн хувьд, Л.Оюун-Эрдэнээс тэс өөр хүн. Тэр Л.Оюун-Эрдэнэ шиг гоншигонохгүй. Гардан тулаанд эцсээ хүртэл орж чадах хатуу самар. МАН-д ч, АН-д ч хүчээ төвлөрүүлж чадах ухаан сийрэг кадр. Засагт ханы хөх харчуудын нэг Д.Амарбаясгалангийн хувьд У.Хүрэлсүхийн LABUBU нь юм. Тэр хэзээ ч Л.Оюун-Эрдэнэ шиг CRYING BABY болохгүй. Гэхдээ Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн хүчтэй, нөлөөтэй, мөнгөтэй нэгдлийг яаж ялж чадна гэж. Г.Занданшатарыг сул гэж басаж болохгүй. Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайд. Монгол Улсын Ерөнхий сайд гэж ямар албан тушаалсан билээ. Хуульч Б.Гүнбилэг түүний талаар сошиалд “Бүүвэй Зандка” хэмээх цувралд постдоо бичсэнчлэн Г.Занданшатар Ерөнхий сайдын зангаргаараа МАН-ын Бага хурлын гишүүд, их хурлын төлөөлөгчидтэй VIP уулзалт хийгээд бүүвэйлээд бүүвэйлээд явчихна. У.Хүрэлсүх найзаараа добро өгүүлчихнэ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа өөрийнх нь эсрэг нөхцөл байдал үүсэнгүүт УИХ-ын гишүүд, сайд нар болон улс төрийн хүрээнийхэнтэй сэм уулзалт хийгээд амыг нь таглачихдаг байсан шиг Г.Занданшатар Ерөнхий сайдын ранкаараа МАН-ынхнаа бүүвэйлээд явчих биз. МАН 2012 оны сонгуульд ялагдаж, цөөнх болсны дараа тус намын генсекээр ажиллаж байсан намтар Г.Занданшатарынх. Ямартай ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн хэлдэг байсанчлан амаргүй нөхцөлд МАН-ын даргад өрсөлдөхөөр боллоо. У.Хүрэлсүх дийлэх үү, Д.Амарбаясгалан ялах уу гэдэг хүч тэнцвэргүй тулаан ийнхүү эхэллээ.
С.Тулга
Сэтгэгдэл бичих