УИХ-ын намрын чуулган өнөөдөр (2025.09.15) эхэлж байна. Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн Х.Баттулга иржээ. Сэтгүүлчид түүнээс “Төгрөг нуурын ордын асуудлаар таныг АТГ шалгаж байгаа юу” гэхэд “Төгрөг нуурын ордыг Г.Занданшатар 100 хувь авчихсан гээ биз дээ. Намайг АТГ, хууль хяналтынхан шалгаагүй” гэсэн хариулт өглөө. “Х.Баттулга Төгрөг нуурын ордыг хятадуудад заржээ” гэх дуулиан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед дэгдэж, тухайн үед ЗГХЭГ-ын дарга асан Н.Учрал энэ асуудалтай холбоотой 570 хуудас материалыг АТГ-т хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр “Баримт өөрөө ярьдаг. Энэ материалууд дунд 2006 онд Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх гэх хүн 10 хувийг эзэмшиж байсан. Анх хамтран үүсгэн байгуулсан CAMEX ХХК “Төгрөг нуур” компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна” гэж байв. Х.Баттулга сэтгүүлчдэд үнэн хариулсан бол АТГ Н.Учралын хүргүүлсэн 570 хуудас материалыг шалгаж дуусаагүй юу, аль эсвэл сөхөж ч үзээгүй гэсэн үг үү. Тэд хариулах болж дээ.
Л.Номин
Сэтгэгдэл бичих