Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг барьцаалсан уу


9-р сарын 15
15 цаг 00 минут

      Тэд өнөөдөр (2025.09.15) Төрийн ордонд иржээ. Х.Баттулга сэтгүүлчдэд “Төгрөг нуурын ордыг Г.Занданшатар 100 хувь авчихсан гээ биз дээ. Намайг АТГ шалгаагүй” гэх хэгжүүн хариулт өглөө. “Ээжийнхээ үгэнд орж байгаа, орж байгаа” гэж хэлэхээ ч мартсангүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хамгаалагчидтайгаа гарч ирэв. Тэрбээр чуулганы танхим руу орох зуураа хэвлэлийнхэнд “Гарч ирээд яриа өгье” гэлээ. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын товчхон хариулт, биеийн хэлэмжээс харвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг тулаанд бэлэн! Магадгүй, энэ нь тэдний эрх мэдлийн төлөөх эцсийн зогсоол ч байж мэдэх. Учир нь МАН-ын дарга хэн болохоос Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хувь заяа шалтгаална.

МАН-ын хагарал төрийн институци хоорондын сөргөлдөөн болж хувирав. Эрх баригч хүчин дэх үе хоорондын зөрчил Ерөнхийлөгч, Засгийн газар ба УИХ дахь Х.Баттулгынхан, Л.Оюун-Эрдэнийнхэн, мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэсэн хуваагдал үүсгэв. МАН доторхи хагарлыг бүр нарийн схемчилбэл хуучнаар МАСЗХ буюу одоогийн СДМЗХ У.Хүрэлсүхийн фанатууд ба Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгаланг дагагсдын бүлэг болон задарсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгэн цагт найзуудын группээсээ хассан М.Энхболд тэргүүтэй хотын фракцийнхныг өөртөө нэгтгэлээ. Сү.Батболдынхноор ч хүч сэлбэв. Н.Энхбаярыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын эсрэг суртал ухуулагчаар ажиллуулж байна. Н.Энхбаяр, Сү.Батболд, М.Энхболдоос гадна Н.Багабанди, Ц.Нямдорж нар ч У.Хүрэлсүхийн талд! Товчхондоо, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, МАН-ын дарга нарын эвслийн хүчийг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг хөдөлгөхөд бэлэн болсон. Ерөнхийлөгч асан Н.Багабанди У.Хүрэлсүхийг МАН-ын генсек байхад “Гал шиг дүрэлз” хэмээх титэм үгээ түүнд зориулан бичиж байв. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, хаан титмээ тайлахад С.Баяр, У.Хүрэлсүх нар хөшигний цаана оролцсон гэдэг ч Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөнд үе үе зочилдог VIP зочин нь. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад “Чайна энержи”-тэй хийсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын гэрээг цуцалбал Н.Энхбаяр Хархорин хотын зөвлөлийн даргаас гадна Тавантолгойг хариуцсан тусгай үүрэгт Элчин сайд болох тохироог хийсэн тухай мэдээлэл хэвлэлд гарсан. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын зодооноос Н.Энхбаяр ийм хожил хүлээж суугаа нь ч ортой биз. МАН-ынхны хагарал ил болж, ид хурцдаж буй энэ үед Ц.Нямдорж “Манай намд хуваагдал хэрэггүй. Намын шинэ даргыг нууц санал хураалтаар сонгоно” гэж мэдэгдлээ. Ц.Нямдоржийн хувьд, Л.Оюун-Эрдэнийг “Шударга 5”-ын нэг болон тэмцэхээс эхлээд Ерөнхий сайд болж С.Зоригийг хөнөөсөн хэргийг улс төрийн гол сэдвээ болгоход сценарийг нь бичилцсэн гол хүмүүсийн нэг. Гэвч тэр Х.Баттулгатай хүч хавсарч У.Хүрэлсүхийн эсрэг зогссон Л.Оюун-Эрдэнийг энэ удаад дэмжихгүй. Учир нь Ц.Нямдорж Х.Баттулгатай төмөр замын дайн өдүүлж, шүүхээс “Х.Баттулгаас уучлалт гуй” гэдэг шийдвэр сонссон нь арав гаруй жилийн өмнөх явдал.     

 Эрх баригч хүчнийхний гол тулаан одоо УИХ дээр өрнөнө. Дээр дурдсанчлан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын гэрээг цуцлах уу, үгүй юү гэдэг дээр тэд эцсийн сумаа тавилцана. Н.Энхбаярын яриад байгаа “10 тэрбум ам.долларын алдагдалтай Харбиний гэрээ” гээч шүү дээ. Энэ тулаан улс төрийн цагийн хувьд, МАН-ын даргын марафон, Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоног, 2026 оны төсөв хэлэлцэхтэй давхцаж байна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын зодоон дунд нэг хүн хавчуулагдаж гарч ирсэн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Түүний хувьд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы танхимд хэлсэнчлэн хайртай дүү нь. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр баруун бүсийн сонгогчдод “Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэж байхгүй” хэмээн найзыгаа дэмжихийг уриалж байв. У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болтол дэмжсэн нь ч үнэн. Харин одоо Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийг сөрж Л.Оюун-Эрдэнэтэй хамт ангалаас шидэгдэх үү гэдэг эгзэгтэй үе дээрээ тулаад байна. Түүнд одоо УИХ-ын даргын алх, УИХ-ын гишүүний бүрэн эрх л байна. Нүүрсний хулгай улс төрийн халуун сэдэв болж, “Админерал” ХХК-ийн ард Д.Амарбаясгалан бий” гэх яриа олны анхаарлыг ид татаж байх үед Д.Амарбаясгалан Хөвсгөлд амарч байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээр яаралтай очиж уулзсан гэдэг. Энэ уулзалтын дараа нүүрсний хулгай ба Д.Амарбаясгалан гэдэг улс төр хэсэг намжсан ч дахин сэдэрсэн. Одоо энэ сэдэв “Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах уу” гэдгээр үргэлжилж байна. Учир нь түүнийг МАН-ын даргын марафонд нэр дэвшин өрсөлдөх сургаар “УИХ-ын даргын суудлыг АН-ынханд өгөх тохироо хийгдсэн” гэдэг мэдээлэл хэвлэлүүдэд гарч эхэлсэн. Энэ харин юу л бол... УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН олонхи болсон. Олонхи болсон нам УИХ-ыг удирдах, Засгийн газрыг тэргүүлэх эрхтэй. Хэвлэлээр мэдээлж байгаачлан МАН УИХ-ын даргын суудлыг АН-д “бэлэглэвэл” Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. У.Хүрэлсүхийн талынхан Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулахдаа хүрвэл өөрсдийн хүнийг л оронд нь томилно. Хагарлаа, хагарлаа гэхэд хууль тогтоох дээд байгууллагынхаа удирдлагыг АН-д арай ч өгчихгүй байх.   

 Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг барьцаалсан уу... Улс төрийн хүрээнд ийм ноцтой яриа гарчээ. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд аль аль нь АТГ-ын хяналтад! Хэдийгээр Х.Баттулга өнөөдөр (2025.09.15) сэтгүүлчдэд “АТГ намайг шалгаагүй” гэх хэгжүүн хариулт өгсөн ч Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын хүргүүлсэн Төгрөг нууртай холбоотой 570 хуудас материал АТГ-т бий. Төгрөг нуураас гадна төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийн хавтаст хэргүүд ч бэлэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Н.Энхбаярын мэдээлсэн “Харбиний гэрээ”-ээр хууль хяналтынхан “хавх” тавихдаа бэлдчихсэн нь тодорхой. “Харбиний гэрээ”-ээс гадна АТГ-ынхан түүний ах Б.Баатар, ПР зөвлөх А.Амундра нарыг шалгаж байгаагаа мэдээлсэн. Д.Амарбаясгалангийн найз, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-ынхан анаж байгаад нэг л шөнө саатуулсан шиг “15 давхар” руу гэнэтийн дайралт хийж, Б.Баатар, А.Амундра нарыг хуулийн гаванд хийх нь цаг хугацааны л асуудал. Тэгэхээр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын эрх мэдлээ хамгаалах сүүлчийн цайз нь УИХ. Тиймээс тэд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг эгзэгтэй үед нь барьцаалж, УИХ-ын даргын суудлаар нь хамгаалалт хийх тулаанаа хийх гэж байна. “Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэж байхгүй” гэж өөрөө хэлсэн шүү дээ, Л.Оюун-Эрдэнэ. Тиймээс Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр өнөөдөр чуулганы нээлтэд үгсэж тохиролцсон мэт хамт оролцлоо. Л.Оюун-Эрдэнэ чуулганы нээлтээс гарч ирээд МАН-ын бүлгийн хуралдаан руу оров. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэдийгээр өөрөө үгүйсгэдэг ч түүний найз, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-ынхан “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар саатуулна гэдэг улс төрийн цагийн зүү түүний эсрэг эргэснийг илтгэнэ. Хэдийгээр МТАС түншлэл татан буугдаж, УИХ-ын ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бортээгийн уурхайтай ямар ч холбоогүй юм байна” гэж мэдэгдсэн ч улс төр бол улс төр. Бортээг энэ удаад Д.Амарбаясгаланд үнэхээр том тээг болон хувирлаа. Бортээгийн асуудалд тээглэгдсэн Д.Амарбаясгаланг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр У.Хүрэлсүхийн эсрэг улс төрийнхөө гол нүүдэл болгон ашиглаж буй гэдэг ч ортой болж таарлаа. Нээнтэгт орсон улстөрчдийг барьцаалдаг нь Х.Баттулгын технологи. УИХ-ын дарга гэдэг МАН-ынхны хувьд стратегийн ач холбогдол бүхий суудал. “Алх хэнд байна вэ, түүнд эрх мэдэл бий” гэдэгчлэн эрх баригч хүчнийхэн сонгуулийн үед амласан томоохон амлалтуудаа хэрэгжүүлэх шийдвэрээ УИХ-аас гаргаж, Засгийн газар хэрэгжүүлдэг. Гэвч “Төрийн институци хооронд үүссэн зөрчилдөөнөөс болж УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орохвий” гэдэг болгоомжлол байна. УИХ удахгүй ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Энэ үед УИХ удирдлагаа алдвал яах вэ. Улсын төсвийг хуульд заасан хугацаанд батлах учиртай. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа өнгөрсөн онд УИХ-д алдагдалтай төсвийн тухай хууль өргөн барьж, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж байсан удаа бий. УИХ улсын төсөв хэлэлцэж байхад Л.Оюун-Эрдэнэ сайд нараа дагуулаад Шанхай руу явж байв. Ерөнхий сайд байхдаа УИХ-ыг ийнхүү үл тоомсорлож байсан тэрбээр энэ удаад эрх мэдлээ эргэн олж авахын тулд Х.Баттулгатай хүч хавсарч төрийг хорлох ямар комбинаци зохиосон нь ойрын өдрүүдэд ил болох биз. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордонд “Тамгагүй төр”-өө дэглэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Бортээгээр нээнтэглэж барьцаалчихаад У.Хүрэлсүхийн эсрэг довтолгоондоо ашиглаж, МАН-ын хагарлыг төрийн хагарал болгож өрдөнө. “Хоёр хуваагдсан хаант улс оршиж үл чадна” гэдэгчлэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн нь ялахаас Монголын улс төрийн газрын зураг хэрхэн өөрчлөгдөнө. УИХ-ын даргыг барьцаална гэдэг парламентыг гартаа оруулна гэсэн үг. Парламент гэдэг ард түмний төлөөлөл. Хууль тогтоох эрх мэдлийг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар барьцаална гэдэг төрийн эсрэг гэмт хэрэг мөн үү... Тэдэнд одоо алх барьсан Д.Амарбаясгалан, МАН дахь “Гучийн бүлэг”-ийнхэн, АН дахь Х.Баттулгынхан байна. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа Х.Баттулгын талаас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд УИХ-ыг сүрдүүллээ. Импичмент хийх асуудлыг гаргаж тавина” гэж мэдэгдсэн. Х.Баттулгынхан У.Хүрэлсүхийг импичмент хийлгэх гэж дайрахыг ч үгүйсгэхгүй. Гээд дийлэхгүй л дээ. У.Хүрэлсүх бол У.Хүрэлсүх шүү дээ. Тэр бол “Нэгдүгээр хүн”... У.Хүрэлсүхийн эрин үе дуусах болоогүй.   

С.Тулга  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо46 секундын өмнө“Тамгагүй төр” жүжгийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас санхүүжүүлж байсан тухай аудитын дүгнэлтийг нууцлав уу3 минут 19 секундын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно4 минут 15 секундын өмнөЗургаадугаар сараас хойш болоогүй хүчтэй соронзон шуурга эхэлжээ33 минут 59 секундын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам38 минут 1 секундын өмнөАзийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна42 минут 25 секундын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг барьцаалсан уу1 цаг 52 минутын өмнөЦ.Нямдорж: МАН-ын шинэ даргыг нууц санал хураалтаар сонгоно3 цаг 27 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн эсрэг мэдэгдэл хийх үү4 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг5 цаг 38 минутын өмнөХ.Баттулга: Төгрөг нуурын ордыг авчихсан гээ биз дээ. АТГ намайг шалгаагүй5 цаг 38 минутын өмнөД.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн5 цаг 56 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ6 цаг 38 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, чуулж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ6 цаг 44 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ7 цаг 24 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ7 цаг 30 минутын өмнөУИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно7 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан7 цаг 47 минутын өмнөД.Амарбаясгалан: Намайг Х.Баттулгатай холбож бичүүлж байгаа нөхөд өөрсдөө түүнтэй хамтарч юу юу хийснийг ард түмэн мартаагүй9 сар 14. 17:18Х.Нямбаатар: Би цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна. Үзэл бодол таардаггүй “Банхрууд” шүү9 сар 13. 15:43Генсек Я.Содбаатарыг БНСУ-аас ирэхээр МАН Удирдах зөвлөлийн хурлаа зарлана9 сар 13. 14:34У.Хүрэлсүхийн CRYING BABY нь Л.Оюун-Эрдэнэ, LABUBU нь Д.Амарбаясгалан9 сар 12. 16:10"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна9 сар 12. 13:34Маргааш “Автомашингүй өдөр" болно9 сар 12. 13:32“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ9 сар 12. 12:25Албанид хиймэл оюунаар бүтээсэн сайдыг томилжээ9 сар 12. 12:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдлээ9 сар 12. 11:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монголын парламентын түүх ахмад үеийн холч ухаан, чин зүтгэл, шантаршгүй хөдөлмөрийн үрээр бүтсэн билээ9 сар 12. 10:11Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна9 сар 12. 9:36УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь9 сар 12. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.