Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад эрх мэдэл, мөнгөний хүчийг харуулж байсан хүмүүс бол ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин, “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар нар юм. Б.Баатар “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас иргэдийн тархийг угааж, УИХ-ын 2024 оны сонгуулиар Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын эсрэг криминал цувралыг арилжааны бүх телевизээр гаргаж, олон нийтийн сүлжээнд өргөн фронттойгоор түгээж байв. С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед шоронгоос сулласан. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Т.Чимгээг “Мартын 8”-аар хорих ангид очиж эргэж байв. Харин өнгөрсөн сонгуулийн үеэр “Хэро энтертайнмент”-ийнхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай хам хэрэгтэн болох Ц.Амгаланбаатартай ярилцлага хийж, телевизүүдээр гаргасан. Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргалаа” гэж мэдэгдсэн ч энэ хэрэг одоо болтол нууц хэвээр байгаа. “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа” гэх ч чухам юу болж байгаа нь бас л тодорхой бус. Харин С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүд болон С.Зориг агсны хамтран амьдрагч байсан Б.Булганыг УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн зэвсэг болгон ашигласан нь л үнэн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар тэргүүтэй “15 давхрынхан” криминал цувралууд бэлтгэж, арилжааны телевизүүдээр гаргаж, сошиал сүлжээгээр түгээхдээ хаанаас хэр хэмжээний зардал гаргасан нь одоо болтол НУУЦ! “Нийгмийн оюун санааг криминал цувралаар бохирдуулж, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах агуулга бүхий контентуудаа ямар мөнгөөр хийгээд байна вэ. Алуурчны ярилцлагыг телевизүүдээр гаргасан зардлынхаа тайланг ил болго” гэх олон нийтийн эгдүүцэл бүхий асуулт, шаардлагад тэдний зүгээс ямар ч хариулт өгөөгүй.
Криминал цувралуудаас гадна санхүүжилт нь нууцлаг бүтээл бол “Тамгагүй төр”. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар “Энэ жүжгийг бүтээхэд төсвөөс ганц ч төгрөг аваагүй” гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн ч “Санхүүжилтээ ил болго. “Тамгагүй төр”-ийн мөнгө төсвөөс гарсан уу” хэмээн иргэд байнга шаарддаг. “Тамгагүй төр” жүжгээ тэд Улсын драмын эрдмийн театрт 2022 оны хавар тоглож “4.2 тэрбум төгрөгийн ашиг олсон” гэж мэдээлж байв. Түүний дараа хилийн чинад дахь анхны аялан тоглолтоо Лондонд хийсэн. Лондон хот бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг. “Тамгагүй төр” жүжгийн багаас гадна Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын найзууд, топ модель Э.Одгэрэл, мисс Ч.Мичидмаа тэргүүтэй хүмүүс Лондонд очиж, жүжиг үзэнгээ цагийг nice өнгөрүүлж буй гэрэл зургууд олон нийтийн сүлжээнд түгж байв. Тэдний зардлыг хэн даасан бэ, “Тамгагүй төр” жүжгийг Лондонд тоглоход төсвөөс хэдэн төгрөг гаргасан бэ гэдэг асуултыг иргэд одоо ч тавьж, санхүүжилтээ ил болгохыг шаарддаг. “Тамгагүй төр” Сингапурт бас тоглосон. Мөн л олон нийтийн хурц хараа тийш чиглэж, санхүүгийн тайлангаа нээлттэй мэдээлэхийг шаардаж байв. Хэрсүү иргэд болон зарим сэтгүүлч “Тамгагүй төр” хэмээх мөнгө угаалт яваад байгааг анзаарч байна уу” гэсэн утгатай пост ч бичиж байлаа. Тэгвэл “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатарын найруулсан энэхүү жүжгийн санхүүжилт эхнээсээ ил болж эхлэв бололтой.
Үндэсний аудитын газрынхан жил бүр төрийн байгууллагууд болон төрийн өмчит компаниудын төсөвт аудит хийдэг. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас “Тамгагүй төр” жүжгийн санхүүжилтийг гаргаж байсан тухай баримт аудитынхны гарт орсон бололтой. Хэдийгээр аудитынхан дүгнэлтээ ил тод мэдээлэх ёстой ч “Тамгагүй төр”-ийн санхүүжилттэй холбоотой дүгнэлтийг санаатай нууцлав уу, санамсаргүй дарж хоцроов уу гэдэг нь анхаарал татаж эхэллээ. Зөвхөн “Эрдэнэс Оюутолгой”-оос гадна Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын найз Ч.Номин ССАЖЗ-ын сайд байхдаа “Тамгагүй төр” жүжигт хэр хэмжээний төсвийн дэмжлэг үзүүлж байсныг шалгах цаг ч болсон болов уу. Учир нь “Тамгагүй төр” гэдэг зөвхөн жүжиг биш, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улс төр, бизнес, урлаг соёл дамнасан пирамид болтлоо хүрээлэл нь өргөжсөн сүлжээ юм. Тиймээс хууль хяналтынхан “Тамгагүй төр”-ийн санхүүжилтээс эхлээд Ч.Номингийн үеийн ССАЖЗЯ-ны төсөв, тэдний Лондон дахь тансаглалын эх үүсвэрийг мөшгихөд илүүдэхгүй л болов уу. Сайд асан Ч.Номин Их Британд боловсрол эзэмшсэн. Хоёр ихэр хүү нь Лондонд сурдаг гэдэг. “Тамгагүй төр”-ийг анх Лондонд тоглуулахад зуучилж, замыг нь заасан хүн бол Ч.Номин” гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгаадаг. Тэр ч бүү хэл “Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн эхнэр, хүүхдүүд Лондонд амьдарч, Б.Баатарын хүү Англид хөлбөмбөгийн сургуульд суралцахад Ч.Номин л нөлөөлсөн байх” гэдэг яриа бий. Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийнхэн, Б.Баатарын хүүгээс гадна Л.Оюун-Эрдэнийн ПР зөвлөх А.Амундраг Лондонд төвхнөсөн гэх мэдээлэл бий. Ямартай ч тэд “Тамгагүй төр” жүжигтээ “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас санхүүжилт авч байсан нь аудитын шалгалтаар илэрч, энэ тухай аудитын дүгнэлтийг хав дарсан уу гэдэг асуудал энэ намрын улс төрд хачир нэмэн гарч ирлээ. Үнэхээр тийм дүгнэлт байгаа бол ил болгох уу, аудитынхан!
С.Тулга
Сэтгэгдэл бичих