Ховч, хонзонтой, хонжоо хайгч, хязгааргүй шуналтай Энхбаярууд


9-р сарын 16
14 цаг 23 минут

     Эрх баригч хүчинд эсийн задрал явагдаж байна. “Албан тушаалаа сонгох уу, аль эсвэл мөнгө үү, үгүй бол шорон уу...” гэдэг улс төрийн рулетний ард тэд үе үеэрээ, бүлэглэл, бүлэглэлээрээ ийн хуваагдав. Яг энэ эгзэгтэй мөчид Энхбаярууд гарч ирэв. Монголын улс төр олон “Э”-тэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд гээд хамаг чухал албыг хашиж явсан “Э”-нүүд л дээ. Тэдний дунд хоёр эвгүй “Э” бий. Нэг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг бол Б.Энхбаярыг албан тушаалын амтыг мэдрээд маш хурдан эвдэрсэн нэгэн хэмээдэг. Н.Энхбаяр бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа байнга ярьдаг байсан 30 жилийн схемийг угсарсан гол этгээдүүдийн нэг. “Авлигын аалзны тор” гэдэг үг Н.Энхбаярын үед гарсан. Улс төр, бизнесийн бүлэглэл дамнасан авлигын сүлжээ Монгол орныг аалзны тор мэт хэрснийг ийн тодорхойлсон хэрэг. МАН-ын удирдлага, уураг тархи болсон хүмүүс цагтаа Н.Энхбаяр гэдэг хаанд захирагдаж, Их тэнгэрт эхнэрээс нь очиж даалгавар авдаг байсан цаг бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед “Монгол төрийн ажлыг та мэддэг юм уу, таны эхнэр мэдээд байна уу” гэж Н.Энхбаяртай тэрсэлдэж эхэлсэн нь тэр үе. У.Хүрэлсүхийн энэ үг хааныг хилэгнүүлсэн. Төд удалгүй фургон машины хэргээр шүүхээс ял сонсгосон. У.Хүрэлсүх буулт хийсэн. Н.Энхбаяр өршөөсөн.

Н.Энхбаяр дайсантайгаа ч наймаалцаж чаддаг нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад МАХН гэдэг нэрийг “бэлэг”-нд авч, МАН-тай дайтсан явдал байв. Харин дараа нь эрх баригчидтэй эвлэрч, МАХН-аа МАН-тай нэгтгэж, Л.Оюун-Эрдэнийн танхимд ч, одоогийн Засгийн газарт ч сайдын квоттой. Хүү Э.Батшугар нь Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд. Харин Н.Энхбаяр өөрөө Хархорин хотын зөвлөлийн дарга. Н.Энхбаяр улам идэвхжив. Хархорин хотын зөвлөлийн даргын ажил түүний хязгааргүй хүсэл тэчьяалыг хангаж чадаагүй бололтой. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Чайна энержи”-тэй хийсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын гэрээг улс төрийн зэвсэг болгов. Тв9 телевизээрээ орой бүр үлгэрийн цагаар “10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ” гэж ярих болов. Тэр ч атугай хэвлэлийн бага хурал хийж “Л.Оюун-Эрдэнэ рүү мессэж бичихээр дандаа зүрх дардаг. Гурван сар зүрх дарсан. Би “Ойлголоо, уулзъя” гэж байгаа юм байх гэж хүлээсэн” гэж ярилаа. Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, хувийн ашиг сонирхлоо тулгах гэсэн л болов уу. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ Н.Энхбаярт хариу бичиж, хүсэлтийг нь хүлээж авсан бол Н.Энхбаяр өнөөдөр түүний талд орчихсон У.Хүрэлсүх рүү дайрч байж ч мэднэ шүү. Ийм л барьцгүй нөхөр. Тэрбээр өдгөө Гашуунсухайтын гэрээ гэдэг “гал” өрдчихөөд энэ гэрээг цуцалбал өөрөө ажлын хэсгийн ахлагч болохоор шунаж байгаа тухай хэвлэлд мэдээлжээ.  Н.Энхбаярын хувьд, энэ бол гэм биш зан. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Нямдоржийн талаар юу гэж хов базаж байсныг уншигчид санаж байгаа байх. “Ц.Нямдорж Хятадын тагнуулын хэрэгт нэр холбогдчихоод над дээр нулимсаа цийлэгнүүлээд орж ирсэн. Би “Ажлаа өгөөд шалгуулчих” гэж хэлсэн” гээд... Харин Ц.Нямдорж хариуд нь “Тэр үед ээж минь өнгөрөөд энэ тухай мэдээг сонсчихоод явж байсан үе” гэж хэлж байв. Том төслүүдийг онилж улстөржүүлдэг нь ч Н.Энхбаярын тухайд анхных биш. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн үеэр “Сү.Батболд Тавантолгойн лицензийг эзэмшиж байсан. Би түүнтэй уулзаад “Энэ юун лиценз юм” гэж асуусан. Т.Бадамжунай М.Энхболдыг төлөөлж орсон. Ц.Элбэгдорж байгаа. С.Баяр бас орсон” гэж бөөн хов яриагүй юу. Цагтаа Монгол төрийн тэргүүн асан хүн өнөөдөр улс төрийн хов базагч болчихоод байгаа. Хов ярьж, хонжоо хайсан нэгэн гэвэл яах аргагүй Н.Энхбаяр. Ерөнхийлөгч байхдаа сэтгүүлчдээс “Ерөнхийлөн хорлогч” хоч хүртэж явсан хүн шүү дээ. Харин нөгөө Б.Энхбаяр...

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сү.Батболдыг МАН-ын дарга байхад хуулийн зөвлөх нь байв. УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдаж, АН олонхи болоход тэрбээр твиттерт сөрөг хүчний дуу хоолой болж явсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад хууль бус үйлдлүүдийнх нь эсрэг жиргэдэг байв. Твиттерт АН-ынхантай ана мана, ач тач үзэлцэж байсныхаа шагналд уу, МАН УИХ-ын 2016 оны сонгуульд ялахад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржтой түнжин муутай. Хоёулаа эвгүй атлаа бие биенээсээ эвгүйцдэг хүмүүс. Б.Энхбаяр 2019 онд “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг аль 2009 оных. Тэр үед Ц.Нямдорж сайд байсан. Х.Тэмүүжинг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад буюу 2013 онд ил болсон ч Д.Дорлигжавын үед алга болсон” гэж байв. Б.Энхбаяр олны анхаарлыг татсан дуулиант хэргүүдийн гол гогцоон дээр тоглолт хийж, сошиалд кока авахаа маш сайн мэддэг. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын хувьд, олон нийтийн сүлжээнд анхаарал татахуйц пост хийдгээр нь шалтаглаж Ц.Нямдорж түүнийг ажлаас нь чөлөөлж байв. УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд дээр Б.Энхбаяр чуулганы танхимд ч, сошиалд ч тоглолт хийдэг. Наанаа шударга мэт ч цаанаа чөтгөрийн хорлонтой ийм нэгэн “Э” Монголын улс төрд хөл тавиад удаж байна. Боловсролын зээлийн сантай холбоотой дуулиан 2023 онд дэгдэхэд Б.Энхбаярын “но” ил болов. Тэрбээр ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байхдаа “АНУ-ын Хойд Виржинийн их сургуульд 2007-2009 онд суралцана” гэж БЗС-аас 32 мянган ам.доллар буюу 112 сая төгрөг авсан ч тухайн сургуульд суралцаагүй тухай олон нийтийн сүлжээнд нэг хэсэг шуугицгаасан. Тв9 телевизийн сэтгүүлч түүнээс “Та их сургуулиа төгссөн үү. Хэзээ төгссөн бэ” гэхэд “Төгсөлгүй яах вэ” гээд асуултад хариулахгүй бултсан нь олны анхаарлыг татсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ч түүнтэй муур, хулгана болох нь холгүй энэ асуултыг асуусан ч бас л хариулж чадаагүй. Б.Энхбаяр Н.Өнөрцэцэгт өсөрхөж “Нүүрсний 20 машинтай” гэж гүтгэсээр байгаа талаар сэтгүүлч бүсгүй өнөөдөр (2025.09.16) лаив хийжээ. Хамгийн сонирхолтой нь өөртэй нь холбоотой хэл ам дэгдсэнээс хойш нэг их удалгүй Б.Энхбаяр БЗС-ийн зээлээ төлчихсөн байсан нь. Гэвч ямар эх үүсвэрээс тэрхүү зээлийг төлсөн нь тодорхойгүй.

Нүүрсний хулгай. УИХ нийгэмд дуулиан тарьж, хариуцлага нэхэж байсан нүүрсний хулгайн талаар нээлттэй сонсгол хийсэн. Энэхүү сонсголыг Б.Энхбаяр даргалав. Нотлох баримтууд дээр сурцтай тоглож, гэрчээр оролцож байгаа хүмүүсийг До яамны ногоон малгайт мэт харцаараа айлгаж, асуултаар буланд шахаж, камерийн өмнө Ц.Нямдорж шиг аашлав. Түүний гол бай нь тухайн үед МАН-ын 02 хүн байсан Д.Амарбаясгалан байв. Б.Энхбаярт Д.Амарбаясгаланг онилж, түүн рүү ноцох шалтгаан ч байсан. Учир нь Б.Энхбаяр хотын мэр асан Д.Сумъяабазараас дэмжлэгтэй гэдгийг МАН-ынхан мэддэг. Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар хоорондоо зөрчилдөөнтэй. Тиймээс нүүрсний сонсголоор Д.Амарбаясгаланг бай болгож, улстөржих нь Б.Энхбаярт хамгийн кайфтай байсан биз. Гэвч Б.Энхбаярын улайрал Д.Амарбаясгалан болон “Админерал” ХХК-ийг онилсноор эцэс болсонгүй. УИХ-ын чуулган дээр нүдээ эргэлдүүлж байгаад “20 тэрбумын машинтай сэтгүүлч байна. Нүүрсний хулгайд бүгд оролцсон байна лээ” гэж мэдэгдэв. Тэр ч атугай “Нүүрсний машинтай 50 сэтгүүлч байна” гэсэн нь сэтгүүлчдийн эгдүүцлийг төрүүлж “Нүүрсний хулгайч 50 сэтгүүлчээ нэрлэ” гэж шаардсан ч Б.Энхбаяр одоо болтол нэрлэж чадаагүй. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон. МАН-ын байранд АТГ-ынхан шөнийн цагаар нэгжлэг хийж, Д.Амарбаясгалангийн найз, намын нарийн бичгийн даргыг саатуулсан тухай мэдээллийг Б.Энхбаяр тун баяртайгаар хүлээж авсан бололтой. Төдийгөөс өдий хүртэл өсөрхсөн хонзонгоо одоо л тайлах цаг. Тиймээс Б.Энхбаяр өчигдөр их эвгүй мессэж шийдэв. Тэрбээр “100 тэрбумын авлигын хэргийн гол гэрч болох “Админерал”-ын хятад захирал гэнэт нас барсан. Юу юугүй чандарлачихсан байсан асуудлыг ч шалгах ёстой” гэжээ. Эвгүй байгаа биз. Б.Энхбаяр Д.Сумъяабазарт өрөө төлж дуусаагүй юу. “Д.Амарбаясгаланг одоо АТГ-ынхан барь” гээд “аймаар” баясаж байгаа юм биш үү, энэ Б.Энхбаяр. Тэр бол УИХ-ын гишүүн. Хууль хяналтынхны ажилд хөндлөнгөөс оролцож, хошуу дүрэх нь хуулиар хориотой гэдгийг маш сайн мэдэх хүн. Гэтэл Б.Энхбаяр УИХ-ын гишүүний хувьд, хэвлэлээр дамжуулан АТГ-ынханд “шипи” өгч, хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байгаа хэрэг биш үү. “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Хасбаатарын зүрх хаагдаж нас барсан тухай мэдээ өнгөрсөн зун зарим сайтад гарсан. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цогцсыг нь чандарласан байсныг яаж мэдээд хэвлэл, олон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм бол. Монголын улс төр албан тушаал, эрх мэдлийн төлөө намаа ч, найзаа ч худалдаж мэдэх хоёр эвгүй Энхбаяртай нь энэ. Нэг нь Н.Энхбаяр, нөгөө нь Б.Энхбаяр. Шударгын дүр эсгэж, хэний ч анхаарлыг татахуйц хов базаж суудаг хоёр Энхбаярын хуурамч багийг тайлбал, өсөрхөл, шунал л гарч ирэх болов уу.  

Д.Од



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье14 минут 19 секундын өмнөЭмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг1 цаг 12 минутын өмнөХовч, хонзонтой, хонжоо хайгч, хязгааргүй шуналтай Энхбаярууд2 цаг 1 минутын өмнөМаргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй2 цаг 5 минутын өмнөГУРИЛЫН ҮНИЙН ӨСӨЛТӨД Ж.ЭНХБАЯР САЙД БУРУУТАЙ2 цаг 11 минутын өмнөД.Баярхүү: Балбын гашуун сургамж2 цаг 26 минутын өмнөИргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад орлоо4 цаг 11 минутын өмнөӨнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр4 цаг 48 минутын өмнөМонгол Улсын гадаад өр 39.6 тэрбум ам.доллар болжээ4 цаг 53 минутын өмнөЗэсийн үнэ сүүлийн 15 сарын дээд түвшинд хүрч, нэг тонн нь 10186 ам.доллар болов5 цаг 3 минутын өмнөTikTok-ийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэв5 цаг 8 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ дөрвийн дөрвөн жил ажиллачихаад ядаж "Бамбарууш" кафегаа ч дуусгаж чадсангүй5 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан7 цаг 37 минутын өмнөЭх дагины эдэлж хэрэглэж байсан, хосгүй үнэт, ховор нандин үзмэрийг дэлгэжээ9 сар 15. 18:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргалаа9 сар 15. 18:07Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ9 сар 15. 17:02Л.Оюун-Эрдэнэ: “Чайна энержи”-тэй хийсэн гэрээгээ цуцална л биз. Монгол л хохирно9 сар 15. 17:00Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо9 сар 15. 16:51“Тамгагүй төр” жүжгийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас санхүүжүүлж байсан тухай аудитын дүгнэлтийг нууцлав уу9 сар 15. 16:48НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 15. 16:47Зургаадугаар сараас хойш болоогүй хүчтэй соронзон шуурга эхэлжээ9 сар 15. 16:17Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам9 сар 15. 16:13Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна9 сар 15. 16:09Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг барьцаалсан уу9 сар 15. 15:00Ц.Нямдорж: МАН-ын шинэ даргыг нууц санал хураалтаар сонгоно9 сар 15. 13:25Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн эсрэг мэдэгдэл хийх үү9 сар 15. 12:12УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг9 сар 15. 11:14Х.Баттулга: Төгрөг нуурын ордыг авчихсан гээ биз дээ. АТГ намайг шалгаагүй9 сар 15. 11:13Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн9 сар 15. 10:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.