У.Хүрэлсүхийн CRYING BABY болж, Г.Занданшатарын алдааг тоолж суугаа Л.Оюун-Эрдэнэ чуулганы нээлтэд Х.Баттулгатай хамт оролцож сюрприз барьсан. Огцорсноосоо хойш хэвлэлийнхний өмнө үзэгдээгүй тэрбээр Ч.Номин гэдэг “Баярмаа”-тэй болж come back хийв. Ч.Номинд чиглэл болгож “Г.Занданшатарын эсрэг пропаганда болгож ашигла” гэсэн нь ирэх оны төсвийн төсөл бололтой. УИХ-ын гишүүдэд “Гацуурт”-ынхаа төмсийг бэлэглэж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад хамгийн давилуун сайд нь байсан Ч.Номинд Г.Занданшатарын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төслийг нэгд нэгэнгүй уншиж, ойлгоно гэдэг хүнд даалгавар. Гадаадад кино фестиваль, биеннальд оролцож, зав гарвал Парис, Лондон, Миланд шоппинг хийсэн шигээ ССАЖЗ-ын сайдын ажлыг тун энтертайнмент хийдэг байсан түүнд өглөө, үдэшгүй том тоотой төсөв уншиж, Г.Занданшатарыг өөнтөглөж болох тоог олж харж, түүнийгээ ойлгож цээжилнэ гэдэг Л.Оюун-Эрдэнийн хэлдгээр АМАРГҮЙ. Гэхдээ тэрбээр Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах Б.Баатар тэргүүтэй “15 давхрынхан”-ы сценари ёсоор Ж.Баярмаа-2 болох ёстой. Тиймээс УИХ-ын намрын чуулган эхэлмэгц яг Ж.Баярмаа шиг нухацтай царайлж, хэвлэлийнхэнд nice хандаж, онц сурлагатай шиг очкитой л биш болохоос Ж.Баярмаа Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад яаж шүүмжилдэг байсан, тэр дүрд хувираад “Төсөв 3.2 их наяд төгрөгийн алдагдалтай орж ирж байна” гэсэн ярилцлага өгчээ. Нүдний шилгүй л болохоос биш Ж.Баярмаа мөн шүү! Гэвч Ч.Номинд дүр бүтээх жүжиглэлт дутсаных уу, үгээ мартсан уу “Өнгөрсөн жил өдийд бид алдагдалгүй төсөв батлахыг зорьж байсан. Гэтэл энэ удаад маш өндөр алдагдалтай төсөв орж ирж байна. Тэр дундаа нийгмийн даатгал, татварын орлогуудаа маш өндрөөр төсөөлсөн. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлэхээр төсөв орж ирж байна” гэв. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх тухай Г.Занданшатарын мэдэгдлийг “Өндөр хэрэглээтэй хүмүүст зориулсан буцаан олголт гэж харж байна” хэмээн шүүмжлэхээ ч мартсангүй. Ч.Номин өөрөө өндөр хэрэглээтэй УИХ-ын гишүүн шүү дээ. Тийм атал яагаад НӨАТ-ын буцаан олголтыг ийн шүүмжилж байгаа юм бол оо. Харин тэрбээр “Өнгөрсөн жил өдийд бид алдагдалгүй төсөв батлахыг зорьж байсан” гээд худлаа ярьчихав уу яав. УИХ өнгөрсөн жил 2025 оны төсөв хэлэлцэж байхад олон нийтийн дунд бухимдал үүсгэсэн нь ССАЖЗ-ын сайд асан Ч.Номингийн зүтгүүлж, М.Нарантуяа-Нарагаар сошиалд өмөөрүүлсэн хүүхэд, залууст 18 тэрбум төгрөгөөр ваучер тарааж, кино үзүүлэх тухай юм. Тэр ч атугай УИХ-ын гишүүд Ч.Номингийн гэр бүлийнхний бизнес болох “Тэрэлж” зочид буудалд очиж төсвийн танилцуулга хийхдээ төсвөөс 50 сая төгрөг үрсэн талаар “Шилэн” Цогоо шүгэл үлээж, бөөн дуулиан дэгдээж байв. Ч.Номингийн өнгөрсөн даваа гарагт (2025.09.15) сэтгүүлчдэд хэлсэнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар 2025 оны улсын төсвийг алдагдалгүй батлахыг зорих нь бүү хэл чуулганы нэгдсэн хуралдааныг таслаад Шанхай руу “групп аялал” зохион байгуулаад явчихсаныг хүмүүс мартаагүй байх. Бөөн хэрүүлтэй, баахан алдагдалтай төсөвт нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж байсныг ч санаж байгаа биз. Гэтэл “Бид алдагдалгүй төсөв батлуулахыг зорьж байсан” гэж ёстой л Ч.Номин л хэлж чадах байх даа. Л.Оюун-Эрдэнэ хийгээд “15 давхар”-аас хуваарилсан Ж.Баярмаа-2 дүрд тоглож, тоо уншдаг, төсөв ойлгож мэтгэлцдэг хүн болох гэсэн биш тэрбээр өчигдөр (2025.09.17) чуулган дээр эдийн засагч Н.Энхбаярт амаа таглуулж эвгүй байдалд орсон бололтой. Ч.Номин Ж.Баярмаа шиг чухал царайлж байгаад эдийн засагч Н.Энхбаяраас “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас асуух асуулт байна. Ийм төсөөлөл байна. “Монгол Улсын төсвийн төсөөлөл ерөнхийдөө сайжирсан. Бүрдэл хангасан. Төсвийн зардлын өсөлт хязгаарлагдсан байна. Эерэг хандлагатай байна” гэдэг дүгнэлт гаргаж өглөө. Өнгөрсөн оны төсвийн төсөл дээр шал өөр дүгнэлт гарч байсан. Ноднингоос юу өөрчлөгдсөн гэж өнөөдөр бид 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг батлахыг зөвшөөрч байгаа юм бэ” гэж асуужээ. Харин хашир туршлагатай эдийн засагч Н.Энхбаяр түүнд “2025 оны төсөвт дүгнэлт өгөх үед нөхцөл байдал ямар байсан бэ гэвэл, УИХ өнгөрсөн онд энэ оны төсвийг батлахдаа 27 их наяд төгрөгөөр баталсан. Өнгөрсөн наймдугаар сард төсөвт тодотгол хийж 30 их наяд төгрөг, 2025 оны өргөн барьсан төсөв нь 35 их наяд төгрөг, тийм үү. Нэг жилийн дотор төсвийн зарлагыг 30 хувиар өсгөсөн байсан учраас бид “Хурдтай өсөлт байна” гэж дүгнэсэн. Түүнээс хойш ямар өөрчлөлт гарав гэвэл, дахин тодотгож баталсан 33.7 их наяд төгрөгийн төсөвт сая тодотгол хийж бууруулсан. Энэ дүнтэй харьцуулахад 2026 оны төсөв 32.9 их наяд төгрөг байгаа нь харьцангуй бага хурдтай өсөлт” гэж хариулав. Түүхий эдийн үнэ буурсныг ч эдийн засагч Н.Энхбаяр санууллаа. Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, Ч.Номинг ССАЖЗ-ын сайд байхдаа гадаадаар зугаалж явах хооронд Монгол Улс эдийн засгийн ямар боломжоо алдсан бэ...
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөлтэй танилцах үеэрээ “Бид 80 их наядын боломжоо алдсан” гэж мэдэгдэж байв. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад буюу 2023-2024 онд нүүрсний экспортын орлого 8.7-8.8 тэрбум ам.доллар болж өсөж байжээ. Гэвч энэ оны эхний найман сарын байдлаар нүүрсний экспортын орлого ихээхэн буурч, 3.4 тэрбум ам.долларт хүрсэн. Оны эцэст зургаан тэрбум ам.доллараас илүү гарахгүй тухай эдийн засагч Н.Энхбаяр сошиал хуудаснаа мэдээлэв. Түүний бичсэнээр, нүүрсний үнийн болон эрэлтийн оргил үе хэдийнэ өнгөрсөн аж. Эдийн засагч Н.Энхбаяр “Ойрын 2-3 жилд их буурч уналгүйгээр тогтвортой байгаасай” гэж найдах л үлдэж байна” гэж онцолсон. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нүүрсний үнэ өсөж, төсвийн орлого нэмэгдэж байсныг улстөрчид онцолдог. Гэвч эрх баригчид энэ боломжийг алдсан. Алдагдсан боломж ард түмний амьдралд хүнд тусаж, аж ахуйн нэгжүүдэд дарамт болно. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаасаа, Ч.Номин ССАЖЗ-ын сайдын сэнтийгээсээ бууж УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөллийн суудалдаа морилсон бол огцорсон, огцруулсан гэх гомдлоо ардаа орхиод хөрсөн дээрээ бууж, ард түмний амьдралын үнэнтэй нүүр тулах цаг уг нь мөн. Гэвч тэд алдсан эрх мэдлийнхээ төлөө улайрч, Г.Занданшатарын Засгийн газрыг төсвөөр “зодох” улс төрөө эхлүүлсэн нь Төрийн ордон дахь уур амьсгал, Ч.Номинг Ж.Баярмаа-2 болгон тоглуулж байгаагаас харагдана. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг асуулт асуухад “С.Баярцогт гишүүний асуултад хариулъя” гэж хэлсэн биш АН-ынхан “Ж.Баярмаагаас уучлалт гуй” гэж бослого гаргах шахсан. Г.Занданшатар яг Л.Оюун-Эрдэнэ шиг Ч.Номингийн өөдөөс “Л.Оюун-Эрдэнэ гишүүний асуултад хариулъя аа” гэчихвэл тэд яах бол. Г.Занданшатар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тамгаа гардаж авах үед “Халтмаагийн Хүрэлсүх” гэж том андуурсан удаатай. Нэр бол андуураад хэлчихдэг Ерөнхий сайд байгаа шүү, Ч.Номин гишүүн ээ. Л.Оюун-Эрдэнэ та хоёрын өөдөөс АН-ын “ориг” Ж.Баярмаа хараад сууж байна.
С.Тулга
Сэтгэгдэл бичих