Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.09.29) хуралдаан гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр 17 цаг 17 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.
Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд Зүрх судасны үндэсний төвийг байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд Засгийн газар Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн хэлэлцээр хийхээр болсон байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санал болгож буй зээлийн хөрөнгө нь баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 4 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 18 жилийн хугацаатай гэлээ.
Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтой хэмээн сайд танилцууллаа.
Зээлийн хэлэлцээрийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, М.Бадамсүрэн, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Г.Очирбат, Б.Заяабал, П.Батчимэг, Р.Сэддорж нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийг гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Тухайлбал, Монголын талаас хөрөнгө оруулалт хийх эсэхийг тодруулсан асуултад Ж.Чинбүрэн сайд хариулахдаа “Монголын талаас хөрөнгө оруулалт хийхгүй. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 15646 м2 талбайтай, 8 давхар 119 ортой эмнэлэг байгуулна. 80 энгийн ор, эмчилгээний 16 ор, эрчимт эмчилгээний 8 ор, мэс заслын 8 өрөөтэй байх ба зөвхөн шигдээс, харвалтыг эмчлэхээс гадна зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжтой гэж төлөвлөж байна. Нийт санхүүжилтийн 52 орчим хувь нь барилгын хөрөнгө оруулалт байх бол үлдсэн нь тоног төхөөрөмжид зарцуулгадах тооцоотой байгаа” гэв. Эмч нарыг чадавхжуулах чиглэлд төслийн хөрөнгө оруулалтаас төсөвлөгдөх эсэхийг тодруулахад Улсын III төв эмнэлгийн зүрх судасны салбар бол 24 жилийн турш Люксембургийн Их Гүнт улстай хамтран ажиллаж хүний нөөцийн бэлтгэл ажлыг хангалттай гүйцэтгэсэн гэдэг хариултыг сайд өгсөн. Үүний зэрэгцээ 21 аймаг, дүүргүүдтэй цахимаар хамтран ажиллах систем бий болгосноор ачааллтыг 56 хувиар бууруулаад байгаагаа хэлсэн. Төслийн санхүүжилтийн тодорхой хувийг хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр зарцуулах юм байна. Барилгын төсөвт өртөг нэмэгдэх эсэх, эхлэх, дуусах хугацааг тодруулахад “2026 онд эхлээд 2032 онд ашилалтад оруулахаар төлөвлөсөн. ТЭЗҮ болон зураг төслийг өндөр нарийвчлалтай хийсэн учраас төсөвт өртөгт их өөрчлөлт орохгүй гэж тооцож байна. 66 метр өргөн, 23.5 метр өндөртэй барилга Улсын III төв эмнэлгийн хашаан дотор баригдана, менежментийн хувь нэг удирдлагатай байна” гэж хариулсан.
Түүнчлэн гишүүд зээлийн хэлэлцээртэй холбоотой санхүүгийн зардлуудыг нарийвчлалтай, тодорхой тооцоололтойгоор танилцуулахыг Сангийн яамнаас шаардахыг зэрэгцээ зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй холбоотой тооцооллыг мэдээллийг тодруулж байсан. Эмнэлгийг Улсын III төв эмнэлгийн хашаан дотор барих нь нягтрал өндөртэй орчинд дахин нягтрал үүсгэх талаар тооцсон эсэхийг, тус төвд ажиллах мэргэжилтэн, хүний нөөцийн асуудлыг давхар тооцох саналуудыг гаргаж, гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг эрчимжүүлж, үр өгөөжтэй байлгах чиглэлд холбогдох талууд анхаарал хандуулж ажиллахыг гишүүд сануулж байв.
Ийнхүү гишүүд Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт аван, холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн төслийн талаар хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх, тэгш боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшгаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нэгдүгээрт, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах зорилгоор 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль, 9 цэцэрлэг барьж байгуулах юм байна. Энэ нь “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хоёр дахь үе шат аж. Хоёрдугаарт, техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтолцоог орчин үеийн технологид суурилсан бэхжүүлэх, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх аж.
Гуравдугаарт, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 225 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлнэ хэмээн Ж.Чинбүрэн сайд танилцуулав. Дөрөвдүгээрт, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улс дахь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийг санхүүжүүлэхээр тус тус төлөвлөсөн байна.
Азийн хөгжлийн банктай байгуулах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн зээлийн ерөнхий нөхцөлийн хувьд хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээл нь тогтмол 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Энгийн эх үүсвэрийн зээл нь 5.15 хувийн хөвөгч хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд 0.15 хувийн хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэлтэй хэмээн Ж.Чинбүрэн сайд танилцуулав.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад олгох зээлийн эх үүсвэрийг баталгаажуулж төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд дурдсан.
Эрүүл мэндийн сайдын танилцуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, П.Батчимэг, М.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Б.Тулга, Г.Очирбат, Г.Лувсанжамц, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд нар асуулт асууж, хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, 130 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль, 9 цэцэрлэг барьж байгуулах боломжтой эсэхийг тодруулахад ажлын хэсгээс “320-960 хүүхдийн суудалтай сургуулиуд, 100-аас 150 ортой цэцэрлэгүүд байгуулах боломжтой. Улсын төсвөөр баригддаг дундаж өртгөөр тооцсон бөгөөд нийслэлд хэрэгжих төслүүдийн газар чөлөөлөлттэй холбоотой зардлуудыг нийслэл гаргаж байгаа. Монгол Улс энэ хүрээнд дэд бүтцийн шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг хийнэ” гэдэг хариулт өгсөн. Зөвхөн барилга барих нь үр дүн гарахгүй, үүний хамт хүний нөөц, менежмент гээд дагалдах олон асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай байдгийг анхаарах ёстой гэдэг саналыг хэлж байсан. Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах эрчимжүүлэх төслийг 17 аймагт хэрэгжүүлнэ, Ховд, Увс аймагт саяхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эмнэлгийн өргөтгөл бариад, хагалгааны цоо шинэ хэсэг, яаралтай тусламж, түргэн эрчимт эмчилгээний тасгууд байгуулсан хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээлэл өгсөн. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө зөвлөх багууд бүх аймагт очиж түргэн тусламжийн нөхцөл байдалтай нь танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг хийсэн гэлээ. Зарим аймагт түргэн тусламжийн автомашин буюу бүрэн тоноглогдсон явуулын эмнэлэг гэж ойлгож болохуйц машин багтсан гэдгийг тайлбарлаж байсан. Улсын хэмжээнд нэгдсэн яаралтай тусламжийн тогтолцоо бий болж байгаа гэлээ. Үргэлжлүүлэн Боловсролын яам болон ОБЕГ-аас холбогдох төслүүдтэй холбоотой тодруулга мэдээллийг гишүүдийн тодруулсны дагуу өгсөн юм.
Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа тоног төхөөрөмжийн үнэ ханшид анхаарал хандуулах, эдийн засгийн үр ашигтай байхад анхаарах шаардлагатай гэдгийг гишүүд хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Зээлийн хэлэлцээр гээд нөгөө талаас гүйцэтгэл хийдэг гэх шалтгаанаар өндөр өртөгтэй нийлүүлэлт хийж, эргээд зээл, хүүгээ төлөхөөр эдийн засгийн хувьд үр ашиггүй, алдагдал хүлээх эрсдэл бий гэдгийг сануулж байв. Ийнхүү хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга дөрвөн салбарт хэрэгжих 475 сая ам.доллар буюу бол 1.7 их наяд төгрөгийн төслүүд болохыг онцлоод, энэ талаар салбарын сайд нартай нарийвчлан ярилцаж, тодруулах шаардлагатай гэдэг үндэслэлээр Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65.2 хувийн саналаар дэмжлээ.
Хуралдаанаар “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг сонссонтой холбогдуулан Монголбанкан дахь үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 7 дугаар тогтоолоор байгуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт орж, Байнгын хороо болон Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан, мөн дээрх ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалын хүсэлтийг үндэслэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Р.Сэддорж дарга танилцуулав. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Б.Жаргалан, Б.Заяабал, Ж.Алдаржавхлан, Р.Сэддорж нар ажиллахаар төсөлд тусгажээ.
Байнгын хорооны даргын дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явуулахад гишүүд 65.2 хувийн саналаар дэмжив.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахаар товлосон байсан. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат холбогдох сайд нараас тодруулах зүйл олон байгаа учраас хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүдийг байлцуулах шаардлагатай хэмээгээд хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.2 хувь нь Г.Очирбат гишүүний гаргасан горимын саналыг дэмжснээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлуулж, хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих