Л.Оюун-Эрдэнийн ховч муужгайнууд


10-р сарын 2
16 цаг 08 минут

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ “Итгэл үзүүлэхгүй” гэж огцруулсны дараа улс төрд “Муужгай” гэдэг үг трэнд болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд экс Ерөнхий сайдыг ховлож огцруулахад хүргэсэн ховч муужгайгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг тодруулсан нь өдгөө ч үргэлжилж байна. МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт (2025.09.27) хуралдахын өмнөхөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд “Насаараа хов зөөж, амь зогоож буй хүмүүс бол Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар юм” гэж ярьсан. МАН Бага хурлаа хуралдуулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргаар сонголоо. Энэ шийдвэр Төрийн ордонд дахин түймэр дэгдээв. МАНай ховч муужгайнууд ажилдаа гарцгаадаг цаг. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд УИХ-ын 2024 оны сонгуулийн зургийг зурсан гол хүмүүсийн нэг. Үүнийхээ үр дүнд тэрбээр МАН гэлтгүй АН, ХҮН, ИЗНН тэргүүтэй намуудын төлөөллүүд бүхий кнопчидтой болсон. Тэд Л.Оюун-Эрдэнийн харц дор хуулийн төслүүдийг дэмжих, дэмжихгүй байх дээр кноп дарахаас гадна улс төрийн халуун үйл явдлууд дээр ховч муужгайн үүрэг гүйцэтгэж, өрсөлдөгчдийг нь маажиж өгөх даалгавартай. Тиймээс экс Ерөнхий сайдын ховч муужгайнууд Төрийн ордон хийгээд Тусгаар тогтнолын ордны булан тохойд сэтгүүлчдэд ярилцлага өгч, чуулганы танхимд Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй эсрэг талынхан руу хэрүүлийн үг чулуудаж сууна. Харин У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хэн нь олон ховч муужгайтай вэ. Яг одоо үүсээд буй нөхцөл байдлаас харвал, Л.Оюун-Эрдэнийн ховч муужгайнууд олонхи байна. “Далаад оныхон” гэгддэг У.Хүрэлсүхийн ховч муужгайнууд тэдэнтэй ил гарч үзэлцэхгүй ч далдаас сэм хорон ажиллагаа явуулж байгаа нь ч ойлгомжтой. Танилц, Л.Оюун-Эрдэнийн ховч муужгайнуудтай...

Хотын мэр Х.Нямбаатар

Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн үеэл гэдэг нь хэдийнэ ил болсон. Түүнийг УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихэд Асашёорюү Д.Дагвадорж дэмжиж сонгогчдын өмнө үг хэлж байв. Тэр цагаас эхлэн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар тэргүүтэй “Сонгинохайрханы фракци” хүчээ авсан. Л.Оюун-Эрдэнэтэй хамт “Шударга 5”-ын нэг болон төв талбайд жагсаал хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон хүн бол Х.Нямбаатар. Д.Сумъяабазарыг экс Ерөнхий сайд “Ногоон автобусны хэрэг”-ээс бултуулж, түүнийг оронд нь томилсон. Үе үеийн хотын мэрүүдээс хамгийн хэрүүлч тэрбээр Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай Г.Занданшатарын мэдэгдэлд эгдүүцэж өчигдөр (2025.10.01) сошиалд “Хууль зүй, дотоод хэргийн сайд хэн нэгний жад, илд болох учиргүй. Улс төрийн өрсөлдөгчөө махны машин, “Хонгил”-оор оруулан намнахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж харагдаж байна” гэв. Нийслэлийн Засаг дарга өөрийнх нь эсрэг байгаа энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар юу бодож явдаг бол. Х.Нямбаатарыг огцруулах уу. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа

МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон А.Ариунзаяаг сошиалынхан “Фронт Ариунаа”, сэтгүүлчид “Ховч Шура” гэж хочилдог. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт болсон Бага хурлын хуралдааны үеэр байн байн гарч ирж сэтгүүлчдэд яриа өгөх нэрийдлээр тархи угаалт хийснийг гярхай ажиглагчид анзаарсан байх. Түүний өвөө Ерөнхий сайд асан П.Жасрай. Тиймээс өвөөгөөрөө их ПР-ддаг. Л.Оюун-Эрдэнийг огцруулдаг чуулган дээр тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ минь яасан удав даа” гэсэн биш зусарч бялдуучаараа дуудуулсан. А.Ариунзаяа МАН дахь наяад оныхон буюу “Гучийн бүлэг”-ийнхний гол толгойлогчдын нэг. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай Г.Занданшатарын мэдэгдэлд их цочирдож гэнэ. Гэр бүл, найз нөхөд нь түүнд “Орой үдэш болгоомжтой яваарай” гэж захиж байгаа тухай сэтгүүлчдэд нүдээ бүлтийлгэн айдастай байгаагаа харуулах мэт их драмтай ярьжээ. А.Ариунзаяа бол Л.Оюун-Эрдэнэд үнэнчээ харуулахыг үргэлж хичээж, камерийн өмнө байнга гардаг ховч муужгай мөнөөс мөн.  

УИХ-ын гишүүн П.Сайнзориг

Эрх зүйч мэргэжилтэй П.Сайнзориг бол Х.Нямбаатарын цэрэг. Хотын орлогчоос УИХ-ын гишүүн болсон. Сайдын туслахаас эхлээд төрийн яам, нийслэл гээд албан тушаал дэвшсэн тэрбээр Х.Нямбаатараас дутахгүй үг яриа хурц. МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан болох дөхмөгц тэрбээр Г.Занданшатарын эсрэг “Пөөх, дахиад нүүрсний хулгай. АМНАТ-аар энэ Засгийн газрыг Цэцэд өгнө” гэсээр гарч ирсэн. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсон тухай мэдэгдэлд бас л их цочсон аж. Нүдээ бүлтэгнүүлж ирээд шууд муу хэлэхгүй ч “Б.Мөнхбаатарыг яаж байгаа юм бэ” гэж шургав. Тэр өнөөдөр ч камерийн өмнө яриастай. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын шүгэл хийх ажлаа л хийж байна. Г.Занданшатарын Засгийн газар эвгүйтвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд болчих санаа П.Сайнзоригт байгааг үгүйсгэх аргагүй. “Гавьяат үйлсийн мөрөөдөл”-өө биелүүлэхээр тэр Г.Занданшатарын эсрэг хурдаа авчээ.  

Сайд асан Ч.Номин

Ч.Номингүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Ч.Номин гэж үгүй. Тэд эрх мэдэл, ашиг сонирхлоор гүн холбогдсон найзууд. Сэтгүүлчид, сошиалынхан Ч.Номинг “Соёлын яамыг “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатарын АТМ болгосон” гэлцдэг. Тэрбээр Б.Баатарын экс эхнэр Ч.Ундралыг Соёлын яамны дэргэдэх Кино урлагийн зөвлөлд даргаар томилсон. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улиран томилогдмогцоо Соёлын яамыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болгож бүтэц, бүрэлдэхүүнийг нь өргөжүүлж өгсөн. Ч.Номин гадаадад Монголын сурталчлах зорилгоор Go Mongolia, Welcome to Mongolia зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, CNN, Английн “Фүлхэм” хөлбөмбөгийн багт сая сая ам.долларын төлбөр шилжүүлсэн нь саяхан хэвлэлээр ил болсон. АТГ энэ мөнгөний мөрөөр мөшгих ёстой ч таг чиг. УИХ ирэх оны төсөв хэлэлцэж эхэлмэгц Ч.Номин “Ж.Баярмаа-2” болсон. Г.Занданшатарын Засгийн газраас өргөн барьсан төсвийн алдааг тоолж шүүмжлэх нь түүний ажил болчихоод байгаа. ССАЖЗ-ын сайд байхдаа 2025 оны төсөвт хүүхэд, залууст 18 тэрбум төгрөгөөр кино үзэх ваучер тараах ШБОС нь бүтэлгүйтэж байсан тэрбээр Л.Оюун-Эрдэнийн хамгийн гол ховч муужгай. Сайд Б.Батцэцэгийн эсрэг “Ховч муужгай” медиа акцийн захиалагч нь Ч.Номинг гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар

УИХ-ын гишүүн давхар алба хашиж болохгүй хуультай. Энэ хуулийг зөрчиж, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргын ажлаа хийсээр байгаа хүн бол Б.Баярбаатар. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Х.Нямбаатарыг “Төлгөн коммунист” гэж байсанчлан энэ УИХ дахь төлгөн коммунистийн хэв шинжит дүрээр Б.Баярбаатар тодорсон. Тэрбээр МАН-ын Хяналтын ерөнхий хороог Г.Занданшатар, Б.Энхбаяр нарын эсрэг “Онцгой бүрэн эрхэт комисс” болгон хувиргаж, Б.Энхбаярыг намаасаа хөөлөө. Шагналд нь тэр юу хүртэх бол. “Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулбал сайд болно” гээд мөрөөдөж яваа болов уу.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара

Сошиал ертөнцөд хэрүүлч, хараалчаараа номер 01 хүнээр тодорсон Нара ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. ИЗНН УИХ-д дөрвөн суудалтай болсныг тэрбээр “Миний гавьяа” гэдэг. Намын дарга Б.Батбаатарыгаа сошиалд авааль эхнэр нь мэт загнадаг. Өөрийг нь шүүмжилсэн хүмүүс рүү “Хулгайч нартаа элэг бариулдаг байж намайг ярихгүй шүү” гэж хуруугаараа зангадаг. Хувийн амьдрал, хэрүүл хоёроороо олны анхаарлыг татаж, сошиалд талцал үүсгэх нь Нарагийн ажил. Л.Оюун-Эрдэнэ, “15 давхар”-аас өгсөн даалгавар нь ч тэр байх. ИЗНН-ыг парламентын босгоор дахин давуулсан нь Нарагийн гавьяа биш, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улстөрчдийн хийсэн тохиргоо гэдгийг мэдэхгүйдээ л ийм даам байв гэж.  

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу

“Хэрсүү байя” гэдэг үгийг сошиалаас овжноор шүүрч өөрөө автор нь мэт дүр эсгэдэг хүн бол Ч.Лодойсамбуу. Сонины гэрэл зурагчнаас “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч болж, MCS, АПУ зэрэг олигархиудын дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон. Увс нутгаас гаралтай гэсэндээ үг ярианы баялагтай, олон нийтээс оноо авах тоглолт хийхээ мэддэг тэрбээр Л.Оюун-Эрдэнийг огцортол эсрэг зогссон нь үнэн. Гэвч АН-ын даргын марафон ид болж байх үед түүнийг Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл нар тус намын даргад зүтгүүлж буй тухай мэдээлэл түгсэн. Ч.Лодойсамбууг “15 давхар”-ын лифтээр өгсчихлөө” гэдэг яриа ч АН-ынхан дунд гарсан. Тэднийг чухам ямар ашиг сонирхол нэгтгэсэн нь нууц. Ч.Лодойсамбуу Л.Оюун-Эрдэнийн муужгай болж, Г.Занданшатар руу мярайж байна. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсонд бас л цочиж, сошиалд чанга дуугарсан. Угтаа Г.Занданшатарын мэдэгдлийг дэмжиж “Нүүрсний хулгайчдыг нам дар. Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуул. “15 давхар”-ынхныг АТГ-аар шалгуул” гээд лаив хийж байх ёстой бус уу. Гэвч тэр Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “15 давхар”-ынханд урважээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар өнгөрсөн зун Архангайн Цэнхэрийн рашаан дээр наяад оныхонтойгоо party-дахад Х.Булгантуяа балга дарсанд халамцаж “Үеийнхээ талд бат зогсоно. Үеэ хамгаална” гэж уриалж байсан нь хотод байсан хүмүүсийн сонорт хүрсэн. МАН 2012 онд ялагдсаны дараахан тус намын нарийн бичгийн дарга болохдоо нэр андуурч “Н.Энхбаяр ахдаа баярлалаа” гэж байв. Түүнийг ийнхүү Тусгаар тогтнолын ордны хаалгаар анх орж ирэхэд “Петровис”-ийн төлөөлөл” хэмээн шивэр авир гэлцсэн. Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад маш ойр байсан тэрбээр өдгөө Л.Оюун-Эрдэнийн ховч муужгайнуудын нэг болжээ. УИХ-ыг даргалахдаа хэлэлцээгүй асуудлаар АН-ын завсарлагыг сунгаж хууль зөрчсөн ч огцроогүй, хуулийн хариуцлага хүлээгээгүй л байна. Өнгөрсөн сонгуулийн санал хураалтын үеэр Х.Булгантуяа хариугүй ялагдахын даваан дээр намынхаа дарга нар руу утас цохиж, уйлж дуулсны эцэст УИХ-ын гишүүн болсон тухай эрх баригч хүчнийхэн жиг жуг гэлцдэг. Энэ үнэн бол тэр өрөө л төлж байгаа бололтой.  

Хуульч Б.Гүнбилэг

МАН-ын даргын марафоны үеэр сошиалд “Мөнх-Эрдэнэ”-дэх ажиллагаа хийсээр гарч ирсэн хүн бол хуульч Б.Гүнбилэг. Тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг онилж, цуврал пост, лаив хийлээ. “Зандкад бүүвэйлүүлчихлээ” гэж уйлагнах түүний талаар учир мэдэх хүмүүс “Г.Занданшатар түүнийг дэмжсэн. Б.Гүнбилэг Булганд нэр дэвшихээр горилж байсан ч тус аймагт хүн танихгүй, судалгаагаар гарч ирээгүй. Ийм байхад МАН яаж нэр дэвшүүлэх юм бэ” гэлцэж байна. “Чоно борооноор Муу хүн чөлөөнөөр” гэдэг шиг улс төрийн талцал, хагарлыг далимдуулж, нэг талд оноо авч, хонжоо хайсан хүмүүс гарч ирдэг. Б.Гүнбилэг ч бас тэр жишгээр Г.Занданшатарын эсрэг талд худалдагдсан уу гэмээр харагдана.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг

УИХ-ын гишүүн О.Номинчимэг МАН-ын жагсаалтынх. Өнгөрсөн сонгуулиар Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших санаатай байсан ч тэр улс төрд танигдаагүй байв. УИХ-ын дарга Х.Булгантуяа дарга, сайд нарын өрөөгөөр дагуулж гүйсээр гишүүн болгосон гэдэг ч ортой байх. Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга байсан тэрбээр Г.Занданшатар руу улам дөхөж зөвлөх нь болсон. Үүний ард бас л Х.Булгантуяа байсан гэлцдэг. О.Номинчимэг өчигдөр орой (2025.10.01) өөрийг нь мэдэх хүмүүс гайхаж цочирдмоор пост бичжээ. Тэрбээр “Нүүрсний сонсгол бол сонсголын өдөр болгон нэг хүнийг сошиалд “золиос” болгон өгөх зохион байгуулалттайгаар хийсэн улс төрийн жүжиг байсан гэж боддог” гэж үг бүр нь анхаарал татам байр суурийг илэрхийлэв. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нүүрсний сонсгол хийх захирамж гаргасан. Тэр үед О.Номинчимэг түүний зөвлөхөөр ажиллаж байсан. Ордны хүүхнүүдээс бэл бэнчингээрээ дутахгүй түүнийг Х.Булгантуяа Л.Оюун-Эрдэнэ дээр хөтөлж аваачаад ховч муужгай нь болгочихжээ дээ, янз нь. О.Номинчимэгийн нөхөр Д.Амарбаясгалан “Оюутолгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуягтай гэр бүлийн найзууд гэгддэг. Х.Нямбаатар хотын мэр болмогцоо О.Номинчимэгийн нөхөр Д.Амарбаясгалантай хамтарч Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрт бэлтгэн төд удалгүй эхнэрийг нь орлогчоороо томилсон. О.Номинчимэгийн “Тамхи акци”-ийн ард хэний лобби байдаг бол...

УИХ-ын гишүүн Э.Болормаа

Л.Оюун-Эрдэнийн гал хамгаалагч, хамгийн ойр ховч муужгай бол “Тооно” хочит Болороо. Сонгуулийн үеэр тооноор ордог сурталчилгаанд өөрөө тоглоод ийм хочтой болсон хүн бол Э.Болормаа. Л.Оюун-Эрдэнэ Ховдын ИТХ-аар ч хэлэлцүүлэхгүйгээр түүнийг аймгийн Засаг даргаар томилж байв. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг урагшлуулах гэж томилсон байх” гэх таамаг байсан ч Э.Болормаад өгсөн даалгавар нь өөр байсан болов уу. УИХ саяхан Халзанбүрэгтэйн асуудлаар сонсгол хийхэд “Э.Болормаа Төрийн ордонд хөлсний армиа дагуулж ирж үймүүлэх гэлээ” гэх дуулиан дэгдсэн. “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудын амь насанд заналхийлсан “Саак” Сараа гэгчийн ард Э.Болормаа байсан” гэх хардлага одоо ч бий. Хэрэв тийм бол “Гадаадын компаниас хандив авч хууль зөрчсөн” гэх үндэслэлээр эгүүлэн татагдахдаа тулаад буй түүнд дахиад зүйл анги нэмэгдэж таарна. Тагнуулынхан шалгаж буй “Саак” Сараагийн хэрэгт Э.Болормаа холбоотой эсэхийг хууль хяналтынхан шалгаж тогтоох ёстой. Өөрөө энэ талаар ам нээгээгүй байгаа.

Овгор муужгайнуудын бараа бологчид

Ч.Номин, Э.Болормаа, А.Ариунзаяа тэргүүтэй овгор муужгайнуудын бараа бологчид бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, М.Мандхай, М.Энхцэцэг, М.Ганхүлэг нар. “Салхи хаашаа, хамхуул тийшээ” гэдэг шиг тэд овгор муужгайнуудын дохио зангаагаар үг, үйлдлээ нэгтгэдэг нь хэвлэлд өгч буй ярилцлагуудаас нь харагддаг. Х.Баасанжаргал “Гишүүд орохоос цэрвэдэг 461 тоот өрөөнд байрлахаар боллоо” гэсэн пост сошиалд тавин олонд танигдах арга хэрэглэж, унаач хүүхдүүдийн талаар нулимстай хэвлэлийн бага хурал хийж байсан. М.Мандхайд “Яг энэ сэдвээр л яриад бай” гэж чиглэл өгсөн нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний тухай. “Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотол” жагсаалын үеэр олныг цочирдуулам мэдэгдэл хийсэн нь М.Мандхайг муухай харагдуулсан. Д.Амарбаясгаланд намынхан нь баяр хүргэх үеэр түүний зүг алга ташин уухайлж зогссон тэрбээр сошиалынханд “Улаан зусарч” гэж шүүмжлүүлсэн. М.Энхцэцэг гэх жагсаалтын гишүүний гэр бүлийн бизнес нь эрчим хүчний чиглэлийнх, том том тендерүүдийг түүдэг талаар зарим хэвлэлд мэдээлсэн. Тэрбээр Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай Г.Занданшатарын мэдэгдлийг коммунист өнгө аясаар шүүмжилж ярилаа. М.Ганхүлэг бол Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутгийн хуурай дүү нь. Улс төрд нүдээ ч нээгээгүй шахам түүнийг Л.Оюун-Эрдэнэ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болгож байсан. Өнгөрсөн сонгуульд зүүн бүсэд хамт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болголоо. Тиймээс М.Ганхүлэг Л.Оюун-Эрдэнэд өртэй. Өрөө төлж өнөөдөр С.Баярцогтын эсрэг дуугарлаа. М.Ганхүлэгийн дэргэд С.Баярцогтын улс төрийн намтар ямар билээ. М.Ганхүлэг С.Баярцогтын дэргэд хэн бэ...  

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнийн ховч муужгайнууд2 цаг 10 минутын өмнө“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн мэргэжлээр суралцагч оюутан залуусын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна3 цаг 44 минутын өмнөХөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 цаг 41 минутын өмнөАвлигыг мэдээлэх 110 дугаараар 83 дуудлага хүлээн авав4 цаг 45 минутын өмнөБ.Энхбаяр: Намайг УИХ-д танилцуулсны дараа улс төрийн мэдэгдэл хийнэ4 цаг 50 минутын өмнөБНСУ-ын “ Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ6 цаг 21 минутын өмнөН.Номтойбаяр: Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гэдэг хавтас үзүүлж улстөрчдөд нэр хоч наачихаад хаачихдаг байж болохгүй6 цаг 30 минутын өмнөМонголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана6 цаг 45 минутын өмнө"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ7 цаг 31 минутын өмнөО.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна7 цаг 35 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 52 минутын өмнөБ.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо8 цаг 31 минутын өмнөТБХ: Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварын асуудлаар ажлын хэсэг байгуулав8 цаг 47 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгаланд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг бараалхлаа9 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 цаг 28 минутын өмнөГ.Занданшатарыг МАН-аас хөөнө10 сар 2. 4:33Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.