Ерөнхийлөгч өө, төр нурж байна


10-р сарын 6
8 цаг 43 минут

       У.Хүрэлсүхийн хашаанд зодоон болж байна. У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” тэнд зодолдож байна. Тийм ээ, энэ бол У.Хүрэлсүхийн байгуулсан коммунизм. УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнө МАН-ын залуус “Хунтайж нар” ба “Ардын хүүхдүүд” гэж талцаж байв. “Хунтайж нар” нь Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, О.Содбилэг тэргүүтэн байсан бол “Ардын хүүхдүүд”-ээс тодорсон нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр байлаа. Жолоочийн хүү У.Хүрэлсүх “Ардын хүүхдүүд”-ээ дэмжиж, эрх мэдэлд хүргэсэн. Улс төр дэх наяад оны төлөөлөл болсон Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын тамгыг атгуулсан. Харин Д.Амарбаясгаланд МАН-ын жолоог атгах эрхийг 2016-2024 он хүртэл буюу найман жил олгосон. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг монголчуудын хувьд тусгаар тогтнолын үнэ цэнтэй, цусаар бичигдэж үлдсэн сэнтий. Бэрхээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн, боловсрол маруухан Л.Оюун-Эрдэнэд энэ албыг хашиж, Төрийн ордны ханан дээр зургаа өлгүүлж, түүхэнд нэрээ үлдээнэ гэдэг их хувь заяа. Ерөнхий сайдын албыг таван жил хашлаа шүү дээ, Л.Оюун-Эрдэнэ. Д.Амарбаясгалангийн хувьд, Л.Оюун-Эрдэнийн хажууд сийрэг толгой. Хүмүүсийн арга эвийг олохдоо сайн, хэнтэй ч ая зангаа ололцчихдог, хурдтай, мэдрэмжтэй, ажил хэрэгч, стратеги төлөвлөгөө боловсруулахдаа мэргэшсэн энэ чадвар нь МАН-ыг УИХ, НИТХ, орон нутгийн сонгуулиудад дараалан ялуулахад нөлөөлсөн болов уу. Тэрбээр МАН, АН, ХҮН намыг Тусгаар тогтнолын ордноос удирдан чиглүүлж байсан хүчтэй, нөлөөтэй генсек байсан нь ч үнэн. Харин одоо Д.Амарбаясгалан УИХ-ын дарга. У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” эрх мэдлийн оргилд ийнхүү хүрцгээсэн. Л.Оюун-Эрдэнийг УИХ Ерөнхий сайдаас огцруулсан ч тэр одоо МАН-ын де факто дарга хэвээрээ. Улс төр дэх “Андлалын хөшөө”-нийхөө бодит дүр Д.Амарбаясгалан найздаа МАН-ын дарга хэмээх цаасан малгайг Бага хурлаар өмсгөж, өөрөө харин сэнтийдээ үлдчихлээ. Асар зальжин арга байгаа биз. Хэрэв Улсын Дээд шүүх Д.Амарбаясгаланг бүртгэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ намынхаа их хуралд МАН-ын даргын дүрээр морилно гэсэн үг. Тийм ч учраас Бага хурлын ээлжит хуралдааны үеэр Д.Амарбаясгаланд баяр хүргэхдээ “Намын их хурал дээр мэндчилгээ дэвшүүлэх завшаан надад олдоно гэж бодож байна” гэж хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланд “МАН-ын дарга” гэсэн боксийн бээлий өмсгөөд Ерөнхий сайд Г.Занданшатарын эсрэг рингэн дээр гаргачихлаа. Л.Оюун-Эрдэнэ, түүний цаана Х.Баттулга, Ц.Нямдорж гэж их багш нар бий. Д.Амарбаясгалан ч гэж Д.Амарбаясгалан. УИХ-ын даргын алхаа бариад 2028 он хүртэл гүрийж, гүлдийж суухын оронд Л.Оюун-Эрдэнийн ам мэхэнд унаж “15 давхар”-ын нуралт хийх ч гэж! МАН-ын дарга болсныхоо баярыг тэмдэглэж дуусав уу, үгүй юү УИХ-ын даргын алхаа Х.Булгантуяад үлдээчихээд Г.Занданшатартай гардан тулаанд орлоо. “Нударга зангидсан хүнд эрх мэдэл бүү өг. Ард түмэн рүүгээ алгаа тэнийлгэсэн хүнийг удирдагч болго” гэж арабууд ярьдаг гэх. Л.Оюун-Эрдэнэ “Шударга 5” хэмээн уухайлж нударга зангидан эрх мэдэлд хүрч байсан. Харин одоо тэрбээр Д.Амарбаясгалангийн ард нударга зангидан сууж байна.  

МАН-ын зодооноос нүүрс уугиж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар “Эв нэгдэл гэдэг нэрийн дор нүүрсний хулгайг хаацайлж чадахгүй. Эдийн засгаа сэргээхийн тулд бид нүүрсний хулгайтай тэмцэхээс ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг” гэлээ. Түүний хувьд, уурандаа энэ үгийг хэлээгүй нь лавтай. Нүүрсний хулгай гэдэг Д.Амарбаясгалангийн эсрэг боловсруулсан улс төрийн төлөвлөгөө ч байгаагүй. Учир нь Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нүүрсний сонсгол хийх захирамж гаргаж байсан. Улстөрчид нэг нэгнээ сошиалд нүүрсний хулгайчаар дуудаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт шүүхээс ял онооход олон нийтийн тавьсан шаардлага нь ч нээлттэй сонсгол хийх явдал байлаа. Тиймээс Г.Занданшатар захирамж гаргаж байсныг хүмүүс санаж байгаа байх. Нүүрсний сонсгол, нүүрсний хулгайтай холбоотой өнгөрсөн үйл явцыг эргэн санавал, Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын дарга болохын төлөө “Нүүрсний хулгайтай дайн зарлана” гэж дахин мэдэгдсэн хэрэг биш байгаа биз. Нүүрсний хулгай гэх далд эдийн засгийн эсрэг тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуулиас өмнө дайн зарлачихсан байсан. “Нүүрсний хулгайн мөнгө хаус хороолол болж зүсээ хувиргаж байна” гэх сошиал шуугианыг ч тэр гярхай анзаарсан байх. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд 2025 оны наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого 1.6 дахин, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашиг нь гурав дахин өссөн. Орлого 1.3 дахин, олборлолт 1.1 дахин нэмэгдсэн. Энэ бол тэнд бугшсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. Эдийн засаг 5.7 хувьд хүрч, валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ” гэж мэдэгдэхдээ “Нэг их наяд төгрөгийн өртөгтэй нүүрс баяжуулах үйлдвэрийг яагаад 18 километрийн цаана барьсан бэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болж буурсан. Нүүрсний хулгайн талаарх баримт, нотолгоог АТГ-т шилжүүлсэн” гэлээ. Дахиад хулгай илрүүлсэн талаараа Ерөнхий сайд Г.Занданшатар ийнхүү шүгэл үлээлээ. Гал авалцуулсан энэхүү мэдэгдэлтэйгээ зэрэгцэн МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөрхөн нь намаас хөөчихөөд байсан Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсноо мэдэгдсэн нь улс төрд нэгэнт асчихсан байсан түймрийг улам өрдлөө. Тусгаар тогтнолын ордонд ч, Төрийн ордонд ч гал авалцах нь тэр.

Сайд томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Г.Занданшатар УИХ-ын дарга байхад буюу 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууласан. Шинээр томилогдож буй сайдыг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна. Сайд УИХ-д тангараг өргөж, тамгаа гардаж авснаар ажилдаа орно. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн лхагва гарагт УИХ руу “Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг УИХ-д танилцуулах товыг тогтоож өгнө үү” гэдэг хүсэлт илгээснээр парламент түүний өмнө хаалгаа түгжив. УИХ пүрэв, баасан гарагт “Тэг зогсолт” хийв. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Улсын төсөв ид хэлэлцэж байгаа үед УИХ “Хэлэлцэх асуудал байхгүй” гээд чуулганы хаалга түгжээтэй байж болохгүй” гэсэн бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнгөрсөн баасан гарагт “УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх байсан хоёр асуудлыг байнгын хорооноос хойшлуулсан. Иймд хэлэлцэх асуудал байхгүй. Чуулган хуралдахгүй” гэлээ. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой ч Ерөнхий сайд Г.Занданшатарын эсрэг УИХ үүдээ цоожилсон нь энэ. Бойкот уу, шантааж уу… Харин өчигдөр УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр 40 гаруй гишүүд гарын үсэг зурж, Засгийн газрыг огцруулах бичгээ өнөөдөр (2025.10.06) өргөн барих тухай мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд “Засгийн газрыг огцруулах талаар миний санал бодлыг сонссон. Үндэслэлээ жагсааж байгаа юм билээ” гэж ярьсан нь биелж эхлэв бололтой. Хэрэв энэ үнэн бол Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсны дараахан өрөөнийх нь үүдэнд жагссан Л.Оюун-Эрдэнийн талынхан буюу “Гучийн бүлэг”-ийнхэн, “Энэ Засгийн газрын сайд нар сэтгэлд хүрэхгүй байна” гэж голж буй Н.Номтойбаяр тэргүүтэй Үндэсний эвслийнхэн, ИЗНН-аас М.Нарантуяа-Нара, АН-аас Х.Баттулгынхан гээд байгаа биз. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж Д.Амарбаясгалан ба “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх байсан ч ирц хүрээгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхийг хүлээж танхимд ганцаараа сууж байгаа гэрэл зураг сошиалд түгсэн. Энэ бүхнээс харвал, УИХ ч хоёр биш, хэд хэд хуваагджээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өөртэй нь холбоотой ноцтой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсан энэ үед УИХ-ын дарга чуулган даргалах нь ёс зүйн хувьд зохимжгүй” гээд бойкот зарлачихсан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг танилцуулах тухай Ерөнхий сайдын хүсэлт дээр парламентын үйл ажиллагааг “Тэг зогсолт”-д оруулчихсан нь төр нурж буйн илрэл. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшиж байгаагаа мэдэгдэхдээ “МАН-ын зовлон Монголын зовлон болж болохгүй” гэж мэдэгдсэн. Харин одоо У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” төрийн зовлон боллоо. Тэд төрийг зовоож байна. Эрх мэдэлд хүрсэн коммунистууд эцэстээ нэг нэгнээ барьж иддэг. Энэ бол жам ёс. Үгүй гэвэл өнгөрсөн түүхийг сана. У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” яг одоо төрийн дээр мандуулсан коммунист улаан тугаа шатааж байна. Тэд төрийг нурааж тоглож байна. Ерөнхийлөгч гэдэг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Л.Оюун-Эрдэнийг огцруулдаг шөнө УИХ-ын чуулганы танхимд орж ирж байр сууриа илэрхийлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо дахиад орж ирэхээс өөр аргагүй боллоо. Д.Амарбаясгалан арай таны өмнө хаалгаа түгжчихгүй байлгүй дээ, Ерөнхийлөгч өө. Тэд одоо “Хайртай дүү нар” чинь биш болжээ...   

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа3 цаг 40 минутын өмнөЗ.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан3 цаг 48 минутын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ4 цаг 26 минутын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална4 цаг 28 минутын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй4 цаг 33 минутын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ4 цаг 39 минутын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ5 цаг 13 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна5 цаг 35 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ5 цаг 41 минутын өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална5 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан6 цаг 40 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”6 цаг 56 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!7 цаг 1 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу7 цаг 19 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ7 цаг 23 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс7 цаг 28 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37Гал түймрийг унтраахаар ажиллаж байна10 сар 9. 10:30Гадаад худалдааны баланс эерэг гарлаа10 сар 9. 10:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.