Их тэнгэрийн гурвал 2:1 ба Д.Амарбаясгалангийн эсрэг “Вышинскийн хар технологи”


10-р сарын 7
15 цаг 51 минут


    Их тэнгэрийн гурвалын улс төр дэх хүчний харьцаа 2:1 болов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэг блок болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан нь MCS-ийн “Ноорог” улс төр байсан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах нь Монголд нэг хүний дарангуйлал тогтоох эсэхийг шийдэх тулаан болон хувирч байна. У.Хүрэлсүх “Би 2027 онд намаа авна” гэж ойр тойрныхондоо хэлчихсэн! Хааныг хаан л тодруулдаг. Улс төр, бизнес дамнасан бүлэглэлүүдийн хаан MCS Монголын улс төрд хэн хаанчлахыг шийднэ. Тиймээс МАН-ын даргын төлөөх тулаанд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар хувь улстөрчийн карьераараа дэнчин тавьж, УИХ, Засгийн газар орших уу, эс оршихуй дээрээ тулаад байна. Парламентын засаглал, гүйцэтгэх засаглалыг хоёуланг нь нуман тулгуурт хийсэн эл сөргөлдөөний ханш мөнгөн дүнгээр 100 мянгаас 300 мянган ам.долларт хүрч байгаа тухай яриа Төрийн ордонд гарчээ. Юун улсын төсөв, юун багш нарын жагсаал, ахмадуудын суулт… Эрх баригчид эрх мэдлийн төлөө зодолдож байна. УИХ-ын гишүүд, сайд нар гарын үсгээрээ наймаалцаж байна.Энэ бол МАН-ын дарга, Ерөнхий сайдын төлөөх тулаан. МАН-ын дарга гэдэг Монголын улс төрийн хаан суудал. Ерөнхий сайд болоод УИХ дахь олонхийг төрийн яамдтай, АТГ, тагнуул, цагдаатай нь хяналтдаа байлгах тийм том эрх мэдэл. Нүүрсний зах зээлд хэн хаанчлахыг тэр бас шийднэ. Энэ эрх мэдлийн төлөө Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар парламентын засаглал, гүйцэтгэх засаглалын хувь заяагаар бооцоо тавьж байна.

Д.Энхтүвшин тэргүүтэй 22 гишүүн “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуул” гэдэг шаардлагыг хүргүүлж буйгаа өнөөдөр (2025.10.07) мэдээлэв. Хэвлэлийнхнээс харц далдирч, баганын ард нуугдаж, нэг нэгнийхээ ард зогсон камераас бултах энэ 22 гишүүний хэн нь хэн бэ. Хуралдаан байнга тасалдаг С.Лүндэг хүртэл хүрээд ирчихэж. С.Лүндэгийн тухайд, У.Хүрэлсүхийн цүнхчинээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн нөхөр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр бас байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гээд Г.Занданшатарын Засгийн газрын хамаг мөнгөлөг сайд нар “Бид Д.Амарбаясгаланг “Огцор” гэж шаардах гээгүй. Бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих гэсэн юм аа” гэж байна. С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан хоёрын хувьд, мөнгөний сайд нар. Л.Оюун-Эрдэнийг УИХ огцруулмагц Г.Занданшатарын зүг хурдаа аван харайлгаж явсан тэдний хувьд парламент тарна уу, Засгийн газар огцорно уу ер падгүй. Г.Занданшатар огцорч, шинэ Ерөнхий сайд томилогдвол “төлбөр”-өө төлөөд дахиад сайд болно. “Ерөнхийлөгч намайг “Хулгай битгий хийгээрэй” гэсэн” гэж сайдын суудалд залрахдаа мэдэгдсэн Г.Дамдинням, Л.Оюун-Эрдэнийн талынхнаас “Ховч муужгай” хочтой болсон Б.Батцэцэг, ЖДҮ сайд Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын суудлыг мөнхийн мөрөөдөөстэй Н.Учрал нар бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцийнхан. Чинбатын Номингоос ССАЖЗ-ын сайдын тамгыг гардаж авсан Чинбатын Ундрам бол мөн л мөнгөний сайд. Харин хэвлэлийн бага хурлын үеэр баганын ард нуугдах Б.Чойжилсүрэн сайд саяхан хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр намын даргыг сонгох эхний сонгуульд Г.Занданшатарт санал өгсөн атлаа ялагдангуут нь Увсынхнаа багцалж очоод Д.Амарбаясгаланд саналыг нь өгүүлсэн тухай эрх баригч хүчнийхэн шивэр авир гэлцдэг. Спикерийн эсрэг эгнэн зогссон сайд, гишүүд дунд MCS-ээс хандив авсан улстөрчид ч байна. Д.Энхтүвшин бол MCS-ийн УИХ дахь шинэ БЭТ. Сайд Б.Батцэцэг өнгөрсөн сонгуулийн үеэр өөрийнх нь дансанд MCS-ээс 170 сая төгрөгийн хандив орж ирчихээд байхад мэдээгүй л гэсэн. Сайд Н.Учралд MCS сонгуулиар 270 сая төгрөг, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт 170 сая төгрөгийн хандив өгснийг хэвлэлүүд ил болгосон. Ийм л хүмүүс “Д.Амарбаясгалан дарга аа, бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул” гэх шударга улстөрчдийн дүрд хувирч, парламентын засаглал нурах аюул руу түлхэж байна. Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Намайг хуулийн байгууллагаас шалгаж, мэдүүлэг авсан зүйл огт байхгүй. Надад үйлдсэн гэмт хэрэг байхгүй” гэж мэдэгдсэн. Д.Амарбаясгалан, “Админерал” ХХК-тай холбоотой аймшгийн “кино”-г оройжин ярьж, үзэгчдийг айлгасан Б.Энхбаяр УИХ-ын даргыг гүтгэснийг тогтоосон шүүхийн тогтоолууд сошиалоор нэг хөвөрч байна. Гээд яах ёстой вэ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Надад нэг ийм хэрэг байх ёстой юм. Үүнийг шалгаад өгөөч” гэж цагдаа дээр очих уу. “Манай намын ах, эгч нар намайг “Хуулийн байгууллагад заавал шалгуул” гэж загнаад байна. Хэрэг үүсгээд өгөөч” гэж АТГ, хууль хяналтынханд өөртөө зориулж хэрэг захиалах уу. Төрийн ордон дахь улс төрөөс ийм шог дүр зураг харагдана. Гэвч “Вышинскийн хар технологи” гэж мэднэ биз! Оросын Ерөнхий прокурор асан А.Я.Вышинский хууль хяналтын байгууллагуудад ид хаанчилж байх үедээ “Хэрэгтэн гэм буруугаа хүлээх нь хангалттай нотлох баримт мөн. Мэдүүлэг бол нотлох баримтын хаан. Тиймээс мэдүүлэг авахын тулд бүх аргыг хэрэглэж болно” гэдэг диктатур тогтоож, эрүүдэн шүүх аргыг төрөл бүрээр хэрэглэдэг байсан түүхийг сана. УИХ-ын гишүүд, сайд нар эгнэж зогсчихоод Д.Амарбаясгалангийн эсрэг улс төр хийхдээ “Вышинскийн хар технологи”-ийг санагдуулам мэдэгдэл хийсэн нь Монголд нэг хүний дарангуйлал тогтоох эхлэлийг тавьж байна уу гэдэг дохиог өгч байна. Инженер Ц.Бат энэ тухай твиттерт “Хэрвээ чи буруугүй юм бол шалгуулчих” гэдэг эрх зүй Монголд дэлгэрлээ. Дэлхий нийтээр түгээмэл байдаг assumption of innocence биш, харин диктатуртай орнуудад л байдаг assumption of guilt соёл эрх зүйн хэм хэмжээ болчихлоо. Burden of proof буюу нотолгооны үүрэг шалгагчид биш, шалгуулагчид шилжих нь масс хэлмэгдлийн суурь хөрс юм. Өнөөдөр ганц нэг олны нүдэнд ил байдаг улстөрчдийг энэ байдлаар дарж авах нь маргааш хэний ч нүдэнд өртөөгүй үй олон хүнийг хэлмэгдүүлэх хаалгыг нээх аюултай” гэж сэрэмжлүүллээ. МАН-ын даргын суудлын төлөө эсрэг дүр бүтээгч улстөрчид Д.Амарбаясгаланг хэний босгосон “Хонгил”-оор яаж чирэх гэж байгааг анхааралтай ажиглах цаг! УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Монголын ардчиллын дархлаа болсон онцгой бүрэн эрхтэй институци. УИХ-ын дарга гэдэг Монгол төрийн “Хоёрдугаар хүн”. Төрийн нэгдүгээр зэрэглэлийн тусгай хамгаалалтад байдаг албан тушаалтан. Монгол Улсын Ерөнхийлөгчийг эзгүйд орлох бүрэн эрхтэй. Ийм өндөр эрх мэдэл бүхий албан тушаалтныг “Бүрэн эрхээсээ түдгэлз, шалгуул” гэж шахаж буй УИХ-ын гишүүд, сайд нар хууль зөрчиж, УИХ болон УИХ-ын даргын бүрэн эрхэд халдаж байгаа бус уу. Д.Энхтүвшин чичирсэн гараараа барих цааснаасаа “Вышинский технологи”-ийг хэрэглэх хамгийн эхний хүнээрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг уншлаа. Аймшигтай биш үү. МАН-ын даргын суудлын төлөөх зодооноос өөр ямар том эрх ашиг тэдэнд байна вэ! Тэдэнд албан тушаал дутаагүй, эрх мэдэл дутаагүй, мөнгө дутаагүй... Тэгвэл өөр юу ингэж улайрахад хүргэв. Парламент, Засгийн газар тарна уу, огцорно уу, тэдэнд ер хамаагүй мэт аашилж байна шүү дээ. Ингэж байж иргэдийн уурыг хүргэж өөрсдөө непалдуулахвий. Непал улсад сая юу боллоо. GenZ үеийнхэн нь дарангуйллын эсрэг босож, ядарч цөхөрсөн иргэд нь тэдэнтэй нэгдэж, Ерөнхий сайдаа огцруулж, эрх мэдэлтнүүд, чинээлэг давхаргынхан нь нисдэг тэрэгнээс дүүжлэгдэж амь зулбан зугтаж байгаа бичлэгүүд сошиалд түгсэн. Энэ явдлаас үүдэн монголчуудын дунд “Непалдах” гэдэг үг трэнд боллоо. Трэнд нь брэнд улс төр болчихвий, хавар яалаа!

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрохынхоо өмнөхөн “Гашуунсухайтын асуудлыг хөндөхөөр улс төрд том доргилт болдог юм байна” гэж мэдэгдсэн. Түүнийг MCS-ийн захиалгатай ордны хуйвалдаанаар огцруулсан гэлцдэг. Харин одоо Д.Амарбаясгалангийн эсрэг MCS-ийн УИХ дахь шинэ БЭТ Д.Энхтүвшин тэргүүтэй MCS-ээс хандив авч УИХ-ын гишүүн, сайд болсон хүмүүс зогсож байна. Монголын Засгийн газрын дундаж насжилтыг 1.8 жил гэж үздэг. Ц.Элбэгдоржийн Засгийн газраас У.Хүрэлсүхийн Засгийн газар хүртэл буюу 2004 оноос хойшхи Засгийн газруудын аль нь ч дөрвөн жил болж чадаагүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар таван жил ажилласан нь МАН олонхи байж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр түүнд үнэмлэхүй эрх мэдэл олгосонтой холбоотой. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгын сайн дүү болоогүй бол, бас Гашуунсухайт руу харц чиглүүлээгүй бол Ерөнхий сайдаас огцруулахгүй байсан ч юм билүү. Гэвч тэрбээр MCS-ийн улс төр, бизнесийн ертөнцөд тогтоосон эрх мэдлийн хил хязгаарыг давсан бололтой. Ингээд MCS Л.Оюун-Эрдэнийн эсрэг ордныхноо хөдөлгөөд огцруулсан. Өнгөрсөн хийгээд өдгөө өрнөж буй үйл явц ийм хариулт өгч байна. Ерөнхий сайдыг УИХ-ын даргын эсрэг, УИХ-ын чуулганы танхимын хаалгыг Ерөнхий сайдын өмнө цоожлоход хүргэсэн энэ тулаанд ялагч нь харин хэн байх бол. УИХ ч үгүй, Засгийн газар ч үгүй болж, нэг хүний дарангуйлал тогтохвий Монголд! АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт хэдийгээр MCS бүлэглэлийнх ч “Засгийн газрыг 1998 онд анх огцруулж байсан. Түүнээс хойш Засгийн газар огцроход хүмүүс нэг их гайхаж цочирдохоо больсон. Монголын парламентын түүхэнд УИХ тарж байсан удаагүй. Хэрэв энэ УИХ тарвал төрийн түвшин байдал алдагдах аюултай. Парламент бол ардчиллын дархлаа” гэж анхаарууллаа. Д.Амарбаясгалангийн талд зогсох МАН-ын гишүүд ээ, "Г.Занданшатар л МАН-ын дарга болох ёстой юм уу" гэдэг асуулт чинь буруу байна. "У.Хүрэлсүх л хаанчилсаар байх уу" гэж асуу! Юун ч аймхай юм бэ дээ. 

С.Тулга       

      



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа3 минут 28 секундын өмнөЗ.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан11 минут 40 секундын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ49 минут 41 секундын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална51 минут 6 секундын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй56 минут 16 секундын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ1 цаг 3 минутын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ1 цаг 37 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна1 цаг 59 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ2 цаг 5 минутын өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална2 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан3 цаг 4 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”3 цаг 20 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!3 цаг 25 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу3 цаг 43 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ3 цаг 47 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс3 цаг 52 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37Гал түймрийг унтраахаар ажиллаж байна10 сар 9. 10:30Гадаад худалдааны баланс эерэг гарлаа10 сар 9. 10:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.