УИХ-ын гишүүд өчигдөр (2025.10.07) Засгийн газрыг огцруулах саналаа албан ёсоор өргөн барьсан. Н.Номтойбаяр гишүүн өнөөдөр "Дараагийн Засгийн газарт бид орж ажиллая. Үндэсний эвслийн зүгээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан" гэж мэдэгдсэн бол Л.Мөнхбаясгалан гишүүн "Засгийн газрыг огцруулах бичиг нэлээд удаан явсан юм билээ. Би 50 хэд дэх хүн нь болж, гарын үсэг зурсан. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар анх томилогдох үед "Говь усгүй болж, хүмүүс тэнд амьдрах боломжгүй болж байна. Таны тэргүүлэх Засгийн газрын бодлого говийн ус байх юм бол бүх талаар дэмжинэ" гэсэн.
Энэ хугацаанд Ерөнхий сайдтай олон удаа уулзсан. Н.Энхбаяр гуай "Лайк дараад байна" гэсэн шиг "Дэмжинэ ээ" л гэдэг. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл дээр Монгол Улсын усны салбарт нэг ч төгрөг тусгаагүй. Цөлжилт дээр 300 гаруйхан сая төгрөг тусгасан. Тийм учраас би гарын үсэг зурсан.
Хамгийн ноцтой нь Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн 44 сумын 350 гаруй худаг дээр судлаачид шинжилгээ хийхэд маш хортой элементүүд илэрсэн. ""Хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд уухыг хориглоно" гэсэн сэрэмжлүүлэг ч гарсан.
Гэтэл Монголын төрд энэ талаар ямар ч бодлого алга. Энэ бол эс үйлдэхүй. Би хоёр дахь удаагаа хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ус ярихаар тоодоггүй мөртлөө сандал, ширээ ярихаар нэг нэгнээ хөнөөхөөс наагуур юм болж байгаа биз дээ" гэв.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих