Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар өчигдөр (2025.10.08) хуралдаж, нүүрсний оффтэйк гэрээнүүдийг төрийн нууцаас гаргах чиглэл өгсөн. Төрийн нууцаас гаргасан 36 оффтэйк гэрээний 31 нь “Бодь” групп буюу Д.Баясгалантай холбогдож байна. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Монголын топ оффтэйкчин бол А.Амундра” гэж онцолсон. Тухайн үед “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра энэхүү мэдээллийн дараа цахим хуудастаа Б.Энхбаяр гишүүн рүү илгээсэн чатаа дэлгэж “Үнэний туйл маань хариу өгөөсэй” хэмээн бичжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандаж “Би танд бүгдийг нь яриад өгье. Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэн ганц л байдаг. Би яг үнэнийг ярья. Мөнгө мөртэй шүү. Олон нийтэд хандаад нээлттэй ярьчихъя” гэсэн байна. “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра Б.Энхбаяр өөрийг нь “А.Амундра гэж оройгүй нэг хүн байна шүү дээ. Монголын топ оффтэйкчин гэж болно. Хэдэн их наяд төгрөгийн гэрээ хийсэн. Гэтэл энэ этгээдийг гэрчээр дуудсан ч ирээгүй” гэсэнд “Оройгүй байвал аймаар уу. Орой байгаа л даа. Тэр үеийн ҮАБЗ-ийн гурван гишүүн байгаа. 2019 оны тухай ярьж байна шүү. Манай үнэний туйл чадахгүй л дээ, даанч” гэжээ. А.Амундрагийн бичсэнчлэн 2019 оны үеийн ҮАБЗ-ийн гурав нь Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар юм. Х.Баттулга тэр үед ҮАБЗ-ийн тэргүүн байсан бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр гишүүн нь байв.
Г.Анар
Сэтгэгдэл бичих