УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр (2025.10.11) Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин, “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатарын найруулж, өдгөө Японд тоглож буй “Монгол хаан” жүжгийн санхүүжилттэй холбоотой баримтуудыг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн. Тэрбээр ““Эрдэнэс-Оюутолгой” компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “Дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг “Херо энтертайнмент” компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов” гэж дурдсан. Тагнуулийн ерөнхий газраас энэ талаар “Хууль зөрчсөн” гэх дүгнэлт гаргасныг ч Б.Энхбаяр гишүүн мэдээлсэн юм. Харин “Хэро энтертайнмент”-ын Б.Баатар болон “Тамгагүй төр” жүжгийн багийнхан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын баримт хавсаргасан мэдээллийг “Гүтгэлэг” гэж нэгэн дуугаар эсэргүүцэж, цахим ертөнцөд ээлж дараалан пост бичиж байна. Дээр нэр дурдсан ATTICUS PARTNERS компаниас өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Бидний олон жил хэрэгжүүлсэн ажлууд Монгол Улсын олон улсын нэр хүнд, итгэлцлийг өргөх зорилготой эдийн засгийн болон төрийн чухал мэдэгдэл, арга хэмжээнүүдийг дэмжихэд чиглэж ирсэн. Эдгээр ажил нь төрийн яам, байгууллагуудын өргөн хүрээг хамарсан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхий сайдын Тамгын газар (ЗГХЭГ-ыг хэлсэн бололтой), Гадаад харилцааны яам, Сангийн яам, ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газар, Цахим хөгжил, Уул уурхай, Нийгмийн хамгаалал, Соёлын яам болон аймаг, орон нутгийн захиргаадын түвшинд хийгдсэн болно. Мөн бидний ажил одоогийн Засгийн газрын гишүүд болох Н.Учрал, Т.Доржханд, С.Амарсайхан, Б.Батцэцэг, Б.Жавхлан нарын ажлыг дэмжсэн бөгөөд одоогийн Ерөнхий сайдын УИХ-ын даргаар ажиллаж байсан үеийн үйл ажиллагааг ч хамарч байлаа” гэжээ.
Гадаад харилцааны яамнаас өнөөдөр (2025.10.12) ATTICUS PARTNERS компанийн мэдэгдэлд няцаалт хийлээ. Энэхүү мэдэгдэлд “Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг “Atticus Partners” гэх компанийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байсан хэмээн дурджээ. Гадаад харилцааны яамны зүгээс "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэлт баримтлалд заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Гадаад харилцааны яам нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг. Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын дагуу төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээний тухай мэдээлэл нь төрийн нууцад хамааруулах мэдээлэл болно /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.1.д/. Гадаад харилцааны яам төрийн дээд, өндөр түвшний гадаад айлчлал, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг төрийн нууцтай танилцах эрхгүй нэгж, албан тушаалтан, гадаад улсын хуулийн этгээдтэй хуваалцах, аливаа ажил гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд энэ нь хуулиар хориотой юм” гэж дурджээ.
Б.Энх
Сэтгэгдэл бичих