“Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанааг АТГ-ынхан саатуулсан” гэдэг мэдээлэл байна. Түүнд “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар ийнхүү цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бололтой. Д.Уужимсанаагийн хувьд, 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн менежерээр томилогдож, 2020 онд тус компанийн Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга болж байжээ. Тэрбээр УИХ-аас 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан нүүрсний сонсголд гэрчээр оролцож, тайлбар өгч байсан. Харин сонсгол даргалж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Чи юун дээр гарын үсэг зурснаа мэдэж байна уу” хэмээн Д.Уужимсанаад хэлж байв. Тухайн үед шинжээчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бортээгийн тусгай зөвшөөрлийн нөөцийн хувьд Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд хийсэн тус компанийн хувьцааны үнэлгээгээр Бортээг хэсгийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг гэж гаргаж байсан бол 2023 оны есдүгээр сарын байдлаар биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасаж тооцсон дүнгээр 404 их наяд төгрөг байхаар байна” хэмээн танилцуулж байлаа. Хэдийгээр албаны эх сурвалжууд “Бортээгийн уурхай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшилд байгаа” гэж мэдээлж байгаа ч АТГ-ынхан “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар хэд хэдэн хүнийг 2023 онд яллагдагчаар татсан тухай Б.Энхбаяр гишүүн саяхан сэтгүүлчдэд мэдээлсэн.
Д.Од
Сэтгэгдэл бичих