УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн бямба гарагт (2025.10.15) Эрдэнэс-Оюутолгой” компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай дөрвөн удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар гэрээ хийж, “Херо энтертайнмент” компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийснээ нууцын зэрэглэлд авсан тухай мэдээлсэн. Тэрбээр өнөөдөр (2025.10.15) энэ тухай шинэ баримт дэлгэлээ. Тэрбээр “Оюутолгой” компанийн ТУЗ 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн хяналтыг сайжруулах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолоор тус компаниас “Эрдэнэс Оюутолгой” компанид 20 сая ам.доллар олгосугай” гэсэн шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар “Рио Тинто”-оос өөрийнхөө харьяа “Эрдэнэс Оюутолгой” компани руу 20 сая ам.доллар авчээ. Үүнээс нэг өдрийн өмнө буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд хуралдсан Монгол Улсын Засгийн газар хуралдааны тэмдэглэл байна. Тэр үед “Дээрх 20 сая ам.долларыг юунд зарцуулах вэ” гэдэг шийдвэр гаргасан. Огноо нь асуудалтай байгаа биз. Тэнд шийдвэр гараагүй байхад Монголд энэ мөнгийг юунд зарцуулах тухай шийдвэр нэг өдрийн өмнө гарсан. Тэгэхээр хэн нэгэн амаар тохирчихсон байжээ. Энэ бүхэн нь огноогоор илэрч байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Гадаадын хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор “Эрдэнэс Оюутолгой” компанийн ирэх оны төсөвт холбогдох санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тусгуулах арга хэмжээ авахыг тус компаний гүйцэтгэх захиралд даалгасан тухай тэмдэглэл гарсан. Үүн дээр нууцын тэмдэг дарсан. Энэ төрийн нууцын дардас биш. Биш гэдгийг юу нотолж байна вэ гэвэл, ТЕГ-аас 2025 оны есдүгээр сарын 26-нд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэд 02396 тоот албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичигт 2025 оны есдүгээр сарын 24-ний дотор ил болгох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагууд, албан тушаалтанд даалгасан Засгийн газрын хуралдааны 18 дугаар тэмдэглэл бий. Уг тэмдэглэлд “Хууль зөрчин албаны нууцад хамааруулсан зөвлөх үйлчилгээний бүх гэрээ, тэдгээртэй холбоотой материалуудыг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдрийн дотор ил болгох арга хэмжээ авсугай” гэж даалгасан. Өөрөөр хэлбэл, эдгээр материал тухайн цаг хугацаанд ил болсон, нууц биш материалууд. Хамгийн сонирхолтой нь дээрх материалуудыг ТЕГ-аас санал авч, нууцад аваагүй. Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд нь албаны нууцын дардсаар тэмдэглэсэн байна. Албаны нууцад хамаарахгүй гэрээнүүд шүү дээ. Гэтэл “Нууцын дардсыг төрийн болон албаны нууцад хамаарахгүй мэдээлэл тээгчид хэрэглэхийг хориглоно” гэж хуульд заасныг зөрчсөн. Нэг ёсондоо, энэхүү нууцын дардсыг дарахдаа тагнуулын байгууллагаас зөвшөөрөл аваагүй. ТЕГ дүгнэлтдээ энэ тухай дурдсан. Харин одоо юу болсон нь тодорхой болж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 оны арваннэгдүгээр сард “Рио Тинто” компаниас 20 сая ам.доллар авах гэрээ хийсэн. Энэ дардсыг Засгийн газар дараагүй. “Эрдэнэс Оюутолгой” компани албаны нууцын дардас дарсан. Орж ирсэн 20 сая ам.доллараас 18 сая ам.долларыг зарцуулсан байна. Энэхүү 18 сая ам.доллараас 1.9 сая ам.долларын тухайд, Их Британид бүртгэлтэй, дөнгөж байгуулагдсан, хоёр гишүүнтэй, “Эрдэнэс Оюутолгой”-ын гэрээнээс өөр ажил гүйцэтгээгүй, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номингийн гадаад айлчлал, тэдний Wikipedia-г хийж өгсөн, “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн гэсэн тайлан ирүүлсэн. Гэрээ байгуулсан компаниас ирүүлсэн тайланд дурдсан мэдээллийг би ил болгосон. Үүнтэй холбоотой маш олон асуудал шалгагдана. Зөвхөн албан тушаалын давуу байдлаа ашигласан хэрэг ч биш шүү” гэлээ.
Г.Анар
Сэтгэгдэл бичих