Тусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан, Төрийн ордонд Г.Занданшатар ХААН


10-р сарын 16
8 цаг 57 минут

           УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордноос Төрийн ордонд мандуулж ирсэн ялалтын тугаа Ерөнхий сайд Г.Занданшатарт алдав. Б.Энхбаярыг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын найзууд МАН-аас хөөсний хариуд Г.Занданшатар “Би бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна” гэж мэдэгдсэн. Д.Амарбаясгалан Г.Занданшатарын эсрэг УИХ-ын чуулганы танхимын хаалгыг түгжив. Цоожтой хаалга мөргөсөн Г.Занданшатар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах МАН, АН-ын нэгдлийг Төрийн ордонд байгуулав. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын энэ тулаанд ХҮН, ИЗНН ч хоёр хуваагдав. УИХ-д дөрвөн кноптой Үндэсний эвслийнхэн Д.Амарбаясгалангийн талд зогсов. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 50 гаруй гишүүн Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичигт гарын үсэг зурав. Хариуд нь Г.Занданшатарын танхимын сайд нар болох С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нар Д.Амарбаясгалангаас “Ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, хуулийн байгууллагад шалгуул” гэж шаардах гэснээ өөрчилж “Огцор” гэв. Тэдэнд MCS-ийн БЭТ гэгддэг Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд хүч нэмэв. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын тулаан УИХ дахь МАН-ын бүлгийг 32:36 болгон хуваав. МАН УИХ-д “Хос бүлэг”-тэй болов.  

Г.Занданшатарын “Эминем” улс төр Төрийн ордонд эхэллээ. Тэрбээр МАН дахь наяад оныхонд Эминемийн “Lose yourself” дууг зориулав. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Г.Занданшатарын эсрэг санал өгөх 22 Амарбаясгалан, 22 Оюун-Эрдэнэ бий. Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт (2025.10.10) тэдэнтэй халз туллаа. Ерөнхий сайдыг огцруулах хуралдааны танхимд Д.Амарбаясгалан орж ирэв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Г.Занданшатарт түүний үгийг дамжуулав. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 30 минут завсарлав. Тэд юу ярилцав... Нэгдүгээр зэрэглэлийн тусгай хамгаалалт дор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлсэн үг тэр дорхноо олны сонорт хүрэв. “Төрийн ордны хана хүртэл чихтэй” гэдэг дээ.  

Д.Амарбаясгалан: -УИХ-ын даргын ажлаа өгье. “Админерал” ХХК-ийг шалгахаа больчих.

Г.Занданшатар: -Үгүй... Тэрбээр өмнө нь хэлж байсанчлан “Эв нэгдэл нэрийн дор нүүрсний хулгайг хаацайлж чадахгүй” гэдэг үгээ давтжээ.

 Ерөнхий сайд Г.Занданшатар хуралдааны танхим руу инээд алдан орж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байдгаараа барайчихсан яваа зураг сошиалд түгсний цаана “Тохиролцоогүй” гэх хариулт нуугдаж байв. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны уур амьсгал ч халуухан болов. Сэтгүүлч бүсгүй П.Сайнзориг гишүүнийг үг хэлүүлэхгүй хашгирч байсныг далимдуулж, танхимаас бүх сэтгүүлчийг гаргав. Хаалгаа хаасан ч онлайнаар нээлттэй хуралдсан байнгын хорооны хуралдааны үеэр Ч.Номин Г.Занданшатар руу “Таны зөвлөх гишүүдийг “Мал” гэж доромжилсон. Танд ерөөсөө итгэхээ болилоо” хэмээн хялалзсан бол Э.Болормаа айдас дарамт дунд байгаагаа хэлж, А.Ариунзаяа “Намын хэрүүлийг Төрийн ордон руу чирч ирлээ” гэж Ерөнхий сайдыг буруутгасан. Харин А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун уйлахаараа айлгах гэж үзсэн ч нулимс нь гарсангүй. УИХ-ын гишүүн болмогцоо “Гишүүд 461 гэдэг тооноос сэжиглэж цэрвээд байгаа учраас би энэ өрөөнд орлоо” гэж цахим ертөнцөд анх танигдсан Х.Баасанжаргал “Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэггүй” гэж цэцэрхэх гэсэн биш Г.Занданшатарын нүдийг орой дээр нь гаргав. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нарыг 5:0-дсон нь “Үндсэн хуулийн А үсгээ нүдэл” гэсэн утгатай хариулт байлаа. Л.Оюун-Эрдэнэ ширээн дээр цаасан хайрцаг тавьж “МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаархнаа олонхийн буюу 50+1 санал авсан” гэж ярьсан нь худлаа болохыг хэрсүү ажиглагчид хэдийнэ баримттай нь илчлэв. Л.Оюун-Эрдэнийг баахан шоолцгоов. Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийн урилгаар Ши Жиньпин Монголд айлчилсан. Үүнийг Г.Занданшатар Гадаад харилцааны сайд байсан хүний хувьд сайн мэдэж байгаа” хэмээн “Чайна энержи”-ийн гэрээг ярихад Г.Занданшатар “2014 онд би Гадаад харилцааны сайд байгаагүй. УИХ-ын гишүүн ч байгаагүй” гэж няцаав. Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт (2025.10.08) нүүрсний 36 оффтэйк гэрээг төрийн нууцаас гаргасны 31 нь “Бодь интернэшнл”-ийнх байсан. Оффтэйк гэрээнүүдийг Г.Занданшатарын танхимаас олон нийтийн анхааралд дахин оруулсанд Л.Оюун-Эрдэнэ цочсон уу, Төрийн ордонд цаасан хайрцаг тэвэрсээр орж ирсэн юм. Угтаа тэрбээр чуулган, байнгын хорооны хуралдааныг байнга тасалдаг шүү дээ. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Ц.Сандаг-Очир даргатай Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ийнхүү “Г.Занданшатарын эсрэг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан” болон хуралдсаар 18:00 цагт тарсан. “Үзвэл үнс, харвал хальс болно” гээд УИХ-ын гишүүдэд урьдчилж тараагаагүй огцруулах бичиг ч гэж юу байлаа. Тэрхүү бичигт Ц.Сандаг-Очир гарын үсэг зурсан атлаа ашиг сонирхлын зөрчил гарган  хуралдаан даргална ч гэж юу байх вэ” гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх зуур даваа гараг болов. Хуралдааны ирц хүрсэнгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг рүү айлчлалаар явахдаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын кнопчид болох С.Амарсайхан, О.Алтангэрэл, Н.Номтойбаяр, Ө.Шижир нарыг “бултуулаад” авч явжээ. Тэд 01-тэй тохиролцсон уу, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг орхиод Энэтхэг рүү нисцгээчихэж. Л.Оюун-Эрдэнийн фракцийнхан болох Э.Болормаа, Ч.Номин нар ч ор тас алга болцгоов.

Тэд яагаад алга болцгоосон бэ. Үүний хариултыг тайлах гэж оролдъё. Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдахад Д.Амарбаясгалан “Гадаадын хэвлэлд миний эсрэг 50 мянган ам.доллараар худал гүтгэлэг нийтлүүлснийг тагнуулын байгууллага тогтоосон” гэж мэдэгдсэн. Г.Занданшатар хариуд нь “Германы хэвлэлд шүү дээ. Тэд мэдээллийг сайтар нягталж нийтэлдэг” гэсэн. Тэдний энэхүү харилцан довтолгоог харсан сошиалынхан “Г.Занданшатар Д.Амарбаясгаланг гадаадын хэвлэлд захиалгаар гүтгүүлсэн юм байна” гэж шуугисны маргааш буюу өнгөрсөн бямба гарагт (2025.10.11) Б.Энхбаяр гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нар Д.Амарбаясгалангийн эсрэг хар ПР-ийг гадаадын хэвлэлээр дамжуулан зохион байгуулсан байж болзошгүй баримтыг цахим ертөнцөд дэлгэсэн юм. Энэ нь яг одоо олон нийтийн анхаарлыг татаж буй “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Их Британийн Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн гэх дуулиантай холбоотой. “Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ гэж үгүй” хэмээх Л.Оюун-Эрдэнийн үгэнд төдийгөөс өдий хүртэл итгэж явсан Д.Амарбаясгаланд энэ мэдээлэл хүнд цохилт болсон нь тодорхой. Магадгүй, тэдний хооронд үл ойлголцол үүссэн үү, Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц өнгөрсөн даваа гарагт хүрээгүй. Тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир сэтгүүлчид “Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг эвлэрээсэй” гэдэг үүднээс хуралдаанаа хойшлуулсан” гэж худлаа ярих зуур Г.Занданшатар Төрийн ордонд шинэ дэг журам тогтоов. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлэгт “36-ийн эвсэл” байгуулж, бүлгийн хуралдааныг У.Хүрэлсүхийн дүү, дэд дарга У.Отгонбаяраар даргалуулж байгаад Ж.Бат-Эрдэнийг огцруулав. Г.Занданшатарын бүлэг Д.Амарбаясгалангийн бүлгийн даргыг ийнхүү чөлөөлөв. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар Д.Амарбаясгалангийн талд идэвхийлэн гүйж яваа Ж.Бат-Эрдэнийг “Мөнхбаатардав”. Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаа Б.Энхбаярт тавьж өгөх гэж байгаа Б.Мөнхбаатарыг яалаа! Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг тасалж байгаад ажилдаа ирсэн Ч.Номин Г.Занданшатарын бүлгийн шийдвэрийг сонсоод ШОК. Ж.Бат-Эрдэнэ ч бас ШОК. Гэсэн ч Төрийн ордонд Г.Занданшатарын дэг журам үйлчилж, Ж.Батжаргалыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болгов. Д.Амарбаясгалан таг. Л.Оюун-Эрдэнэ ч таг. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэх учиртай Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг пүрэв гарагт (2025.10.16) чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой” гэсэн ч Ц.Сандаг-Очир гишүүдээ зангидаж чадахгүй байгаагаас уу, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар ялагдлаа мэдэрснийх үү байнгын хороогоор энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байна. “Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг УИХ 10 хоногийн дотор шийднэ” гэх хуульд заасан хугацаа маргааш (2025.10.17) дуусгавар болно. МАН-ыг 2016-2024 онд УИХ, НИТХ, орон нутгийн сонгуульд завсаргүй ялуулж байсан Д.Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордонд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэмээх Монгол төрийн 02, 03 суудалд залрах хувьтай Г.Занданшатар Төрийн ордонд ХААН аж.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ3 цаг 56 минутын өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…4 цаг 9 минутын өмнө“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав7 цаг 54 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал8 цаг 3 минутын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ8 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа8 цаг 53 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ8 цаг 56 минутын өмнөБенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ9 цаг 9 минутын өмнө“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”9 цаг 23 минутын өмнөОюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна9 цаг 26 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна9 цаг 33 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.129 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн9 цаг 41 минутын өмнөГ.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.