Ерөнхий сайдыг огцруулсан чуулганы хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа


10-р сарын 20
10 цаг 18 минут

 

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Тогтоолд хориг тавих тухай

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.

Нэг. Монгол Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, …”, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно.” хэмээн тус тус заасан байна.

Дээрх заалт ёсоор Улсын Их Хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ыг дэмжих эсэхээр Улсын Их Хурал санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, түүнчлэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

 

Хоёр. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дах хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн . . . хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.” хэмээн тус тус заасан.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” хэмээн хуульчилсан байна.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ.

Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, мөн Хорин долоодугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн … хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд онцгойлон сануулж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлагаар ажиллаж, 29 иргэний амь насыг авран хамгаалжээ11 минут 43 секундын өмнөЖ.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна1 цаг 20 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна2 цаг 10 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулсан чуулганы хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа2 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна3 цаг 1 минутын өмнөД.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа3 цаг 10 минутын өмнөЛуврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ3 цаг 15 минутын өмнөЦэцийн их суудлын хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг яаралтай хэлэлцэнэ3 цаг 19 минутын өмнөСурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ3 цаг 24 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.20-10.244 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн4 цаг 23 минутын өмнөД.Амарбаясгалан. Хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага надад байхгүй10 сар 17. 17:57Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө10 сар 17. 17:36Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ10 сар 17. 15:19Перуд онц байдал зарлана10 сар 17. 15:15УИХ-ын Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үг10 сар 17. 15:11“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа10 сар 17. 13:48Үндсэн хуулийн Цэц: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ10 сар 17. 13:42УИХ-ын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгэжээ10 сар 17. 12:22“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 163 сая төгрөгөө залилуулжээ10 сар 17. 11:34Ерөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ10 сар 17. 11:00Ч.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон10 сар 17. 10:02Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат ахиуллаа10 сар 17. 9:53Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв10 сар 17. 9:48Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учраас гишүүд ирцэнд орохгүй байна10 сар 17. 9:44ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив10 сар 17. 9:10Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй10 сар 17. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн10 сар 17. 8:54Үндсэн хуулийн “амь”-нд халдав10 сар 16. 17:36Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө10 сар 16. 17:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.