Төр нурав. ҮАБЗ-ийн хоёр гишүүн буюу Ерөнхий сайд, УИХ-ын дарга нэг өдөр огцров. ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх ганцаараа үлдэв. Нөгөө хоёр нь “Огцорсон” гэх улс төрийн “Шар хуудас”-тай болов. Төрийн ордонд өрнөж буй дүрэмгүй тоглолтод Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр хоёулаа “Шар хуудас”-аар шийтгүүлэв. У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланд хориг тавилаа. Тэрбээр одоогоос нэг жил орчмын өмнө Л.Оюун-Эрдэнэд хориг тавьж байсан юм. УИХ 2025 оны улсын төсөв хэлэлцэж байхад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд чуулганд нэг ч удаа орж ирээгүй. Сайд нар, гишүүдийг дагуулан Шанхай руу нисэж, бээжин нугас зооглох зуур У.Хүрэлсүх улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр (2025.10.20) гурав дахь удаагаа хориг тавьсан нь Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэр боллоо. Их тэнгэрийн гурвал 2:1 болж хуваагдсан нь ийнхүү У.Хүрэлсүхийн хоригоор олон нийтэд ил болов. Хөшигний цаанаас У.Хүрэлсүх гарч ирлээ. Л.Мөнхбаясгалан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Амарбаясгалангаас “Хэн юм. Хэн юм бэ, тэр чинь. Нэрийг нь хэл” гэж ширүүхэн тулгасан асуултад Д.Амарбаясгалан биш, У.Хүрэлсүх өөрөө хариулт өглөө. Тийм ээ, У.Хүрэлсүх байж. Д.Амарбаясгалан байн байн гарч ирж мэдэгдэл хийхдээ “Би Монголд нэг хүний дарангуйлал тогтохын эсрэг тэмцэнэ” гэж хэлээд байсны учрыг олон нийт одоо ойлгосон байх... Энэ бол У.Хүрэлсүхийн байгуулсан коммунизм!
У.Хүрэлсүх бол дэглэм юм. Түүний үргэлж хэлдэг үг нь “Би цэргийн хүн. Би хурандаа”. Харин одоо тэр өөрийнхөө дэглэмийн үед бойжуулж, биежүүлсэн гурван “К”-ийнхаа оройд заларч байна. Культличность, клиентализм, картел... У.Хүрэлсүхийн далбаан дор У.Хүрэлсүхийн дүрд тоглогч коммунист жаалууд өрөөндөө “Том ах”-ынхаа хөрөг зургийг залдаг. У.Хүрэлсүхийн зарлигаар Чингис хааны хөргийг хоймортоо залсан тэдний хувьд гол шүтээн нь У.Хүрэлсүх. Яг Есүс Христ шиг! Тэгвэл клиентализм гэж юу вэ. Улс төр, нийгмийн харилцаанд харилцан ашиг сонирхолд тулгуурласан ивээн тэтгэх хэлбэр бүхий тогтолцоог клиентализм гэнэ. Клиентализмийг гол цэнэглэгч нь патрон. Эрх мэдэл, нөөц бололцоо бүхий хүнийг патрон хэмээнэ. Монголын улс төр дэх клиентализмын патрон нь У.Хүрэлсүх. Бэрх намтартай, “Бэрс” төгссөн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, УИХ-д анх удаа сонгогдсон Д.Амарбаясгаланд хууль тогтоох дээд байгууллагыг даргалах алх бариулсан хүн нь У.Хүрэлсүх. Алх барьсан хүнд юм болгон хадаас шиг л харагдана шүү дээ. Д.Амарбаясгаланд У.Хүрэлсүх ч хадаас шиг харагддаг болсон. У.Хүрэлсүх үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг бол Д.Амарбаясгалан Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын дарга нь… Ямар вэ дээ. Дарга нарын хойморт хөрөг зургаа хадуулдаг бэлгэ тэмдгээс илүү ширээн дээр нь хууль болон очдог институцийн индэрт залрах нь “аймаар” том эрх мэдэл биз дээ. Картелуудын зодоон ингэж ширүүссэн. Их тэнгэрт дүрэлзэж эхэлсэн гал эхлээд Л.Оюун-Эрдэнэ рүү ноцож, одоо Д.Амарбаясгаланг “шатааж” байна. Нүүрсний картелийнхан яг одоо төрийн эрх булаалдаж байна. У.Хүрэлсүхийн “хүүхдүүд” төр нурааж тоглож байна. Энэ бол У.Хүрэлсүхийн схем. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр бол түүний тэжээсэн “Үр могой” шүү дээ.
Гахайн хороондоо У.Хүрэлсүх уураа барна. Г.Занданшатарыг огцруулсан Д.Амарбаясгалан тэргүүтэй 71 гишүүний кнопны эсрэг тэрбээр хориг тавилаа. У.Хүрэлсүхийн “Хүүхдүүд”-ийн нэг, ФМ хөтлөгч А.Үйлстөгөлдөр энэ тухай мэдээлж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тайлбар өглөө. Тодорхой! У.Хүрэлсүх Д.Амарбаясгалангийн эсрэг хориг тавих нь ойлгомжтой байсан. Алх цохисон төрийн эргэлт өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон. ТББХ-ны хуралдаан анх болсон цагаасаа эхлээд Үндсэн хууль, Дэгийн тухай хууль зөрчиж байгаа нь хууль гадарладаг хэнд ч “уншигдаж” байсан. ТББХ өнгөрсөн даваа гарагт “Ирц хүрээгүй” гэсэн шалтгаанаар хуралдаагүй. “Яагаад тэр вэ. Баасан гарагт хуралдсан ирцээ тооцоод хуралдах боломжтой байсан шүү дээ” гэж учир мэдэх хүмүүс гайхсан. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир цаг хожсон тайлбар өгч байх зуур Д.Амарбаясгалангийн БЭТ-үүд болох С.Амарсайхан, Н.Номтойбаяр нар Энэтхэг рүү У.Хүрэлсүхийг дагаад нисчихсэн байв. Яах гэж... Н.Номтойбаяр Энэтхэгээс ирмэгцээ сэтгүүлчдэд “Ерөнхийлөгч үүсээд буй нөхцөл байдалд сэтгэлээ чилээсэн байдалтай байна лээ” гэж ярьсан. Энэ ярианаас юу харагдсан бэ... Н.Номтойбаяр Энэтхэгт У.Хүрэлсүхтэй уулзсан. Д.Амарбаясгалангийн “Эвлэрье” гэдэг хүсэлтийг дамжуулсан. Д.Амарбаясгалан ТББХ-оор Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр 30 минутын завсарлага авч, Г.Занданшатартай уулзсан. “Эвлэрье, ойлголцъё, тохиролцъё. “Админерал” ХХК-ийг шалгахаа больчих. Наад “Хонгил”-оо зогсоочих”... Төрийн ордны хана хүртэл чихтэй учраас хаалттай хаалганы цаана төрийн тусгай хамгаалалт дор болсон энэ яриа сошиалд задарсан. Г.Занданшатар Д.Амарбаясгаланд “Үгүй” гэсэн. Тиймээс Д.Амарбаясгалан С.Амарсайхан, Н.Номтойбаяр нарыг Энэтхэг рүү томилолт өгч явуулсан. Гэвч С.Амарсайхан, Н.Номтойбаяр нар Энэтхэгээс муу мессэж ирүүлсэн. У.Хүрэлсүх “Тохиролцохгүй” гэдэг хариулт өгсөн учраас Г.Занданшатарыг огцруулах улс төрөө эрчимжүүлсэн. Энэтхэгээс хариу хүлээж, ТББХ-ны хуралдааныг гурав хоног гацаасны эцэст хуралдуулав. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй эсрэг талынхан “Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй” гэдэг санал олонхиороо өгснөө УИХ дээр “Дэмжье” гэж санал хураалт явуулахаар болсон нь зөрчилдөөнийг улам хурцатгав. Г.Занданшатар тэр даруй Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаж, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан хоёрыг Цэц рүү “Дарьбазар” болгон илгээв. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “Хар муужгай” нарын нэг Х.Булгантуяа УИХ-ын даргын суудлыг 25 цаг манаж, АН-ынхны эзгүй ширээн дээрх улс төрийн уриалга, шаардлагуудаас Г.Занданшатарын эсрэг үгсийг уншиж, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт гарын үсэг зурсан Б.Жавхлан, У.Отгонбаяр тэргүүтэй гишүүдийн тойргуудаас ирсэн сонгогчдын сэтгэгдлүүд гэх урьдчилан бэлтгэсэн зохиолыг “Монгол коммент” стайлаар уншив. “У.Отгонбаяр гишүүн ээ, хуралдаа суу. Энд, тэнд битгий хор найруулаад гүйгээд байгаарай” гэж хаа байсан зүүн бүсийн жирийн иргэн бичнэ гэдэг арай үнэмшилгүй юү. Ерөнхий сайд Г.Занданшатар Цэцэд хандсан сургаар Х.Булгантуяа УИХ-ын даргын суудлаас Цэцийн гишүүдийн нэрсийг хэлж “Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийг ч гэсэн байнгын хорооны саналаар огцруулж байсан. Г.Занданшатарыг яагаад болохгүй гэж. Цэцийн гишүүд мэдэж л байгаа шүү дээ” гэж ширвэ татах зуураа MCS-ийг муулсан коммент уншихаа мартсангүй. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж байсан гурван өөр кэйсийг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан Г.Занданшатар дээр хэрэгжүүлэх гэж дайрсан нь энэ байв. Тэд ялав. Г.Занданшатарыг огцруулав. ТББХ-ны “Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал дүгнэлтээр УИХ-ын чуулган дээр санал хурааж Ерөнхий сайдыг огцрууллаа. Үүнийг зарим нь “Төрийн эргэлт” гэж байгаа бол “Төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт хэрэг” гэлцэх УИХ-ын гишүүд ч байна. Хамгийн ноцтой нь Г.Занданшатарыг огцруулах гэж УИХ-ын даргын суудлыг хоёр өдөр манасан Х.Булгантуяа микрофоноо хаалгүйгээр Г.Занданшатарт “Уучлаарай, ёстой муухай сценарит орчихлоо” гэсэн нь хэрсүү иргэдийн сонорыг мялаав. Яг тэгж хэлснийг цөөхөн хүн анзаарсан байх. Үндсэн хуулийн Цэц Г.Занданшатарын хүсэлтийг хүлээн авч, шууд маргаан үүсгэсэн. Яг тэр үед УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганыг даргалж, 71 гишүүн буюу олонхи Г.Занданшатарыг огцруулсан. Сонирхолтой давхцал байгаа биз. Өөрөөр хэлбэл, Цэц Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар тэр дор нь маргаан үүсгэсэн. Гэтэл Х.Булгантуяа УИХ-ын чуулганыг даргалж, ТББХ-ны санал дүгнэлтээр санал хурааж Ерөнхий сайдыг огцруулсан хэрэг. Х.Булгантуяа ингэж хуулийн өмнө хүлээх хариуцлагынхаа зүйл ангийг нэмлээ. Одоо түүнд “Төрийн эрхийг хууль бусаар булаан авсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэвэл яана. УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах ч энүүхэнд боллоо шүү дээ. С.Бямбацогт, Б.Энхбаяр нар “20 жилийн ялтай хүнд гэмт хэрэг шүү” гэж сануулсаар байхад тэр алх цохисон. Яах аргагүй үйлдэл дээрээ хууль зөрчсөн. Үндсэн хуулийн Цэц дээр УИХ-ын гурван гишүүний “хэрэг” бий. УИХ-ын гишүүн Э.Болормаа “Сонгуулийн үеэр гадаадын компаниас хандив авсан”, Ц.Сандаг-Очир УИХ-ын дэгтэй холбоотой асуудлаар, тэдний араас Х.Булгантуяа “Үндсэн хууль зөрчсөн” гэж буруутгагдан Цэц дээр очлоо. Тэд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл бүрдэнэ. Одоо тагнуулынхан ажилдаа орцгоо! Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрохдоо хэлсэнчлэн ордны хуйвалдаан ид өрнөж байна. УИХ Үндсэн хууль зөрчиж, Ерөнхий сайдыг огцрууллаа. Цэц дүгнэх хэдий ч энэ бол олон нийтийн нүдэн дээр болсон явдал. Харин төрийн эрхийг хууль бусаар булаан авсан эсэхийг ТЕГ шалгаж тогтоох цаг. Энэ бол үндэсний аюулгүй байдлын нүд, чих болсон тагнуулынхны хийх ёстой ажил.
У.Хүрэлсүх “2027 онд би намаа авна” гэж ойр тойрныхондоо хэлснийг өмнө нь мэдээлсэн. Тэр болтол түүний “холгосон хөл” дээр гишгэх хүмүүс нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх хориг тавьж, “Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчжээ” хэмээн Цэц дүгнэлт гаргаснаар эл зодоон зогсохгүй. Эрх баригчид 2028 он хүртэл зодолдоно. Магадгүй, “Алсын хараа-2050” хүрнэ. Үеийн тулаан, өрсөлдөгчдийн намналцаан, МАН-ын хагарал АН төдийгүй ХҮН, ИЗНН-ыг хуваачихаад байгаа энэ үед нүүрсний картелуудын зодоон Монголын зовлон болчихоод байна. Гэвч У.Хүрэлсүх Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавихдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалаар мэдээлэл, тайлбар өгүүлж хууль зөрчив бололтой. Одоогоос 33 жилийн өмнө буюу 1992 оны тавдугаар сард баталсан ҮАБЗ-ийн тухай хуулийн 6.2-т “Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга уг албан тушаалыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга олон нийтэд Ерөнхийлөгчийн хоригийн талаар мэдээлэх хуульд заасан үүрэггүй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нам бус байх хуультай. Гэтэл МАН-ын зодооноос эхтэй УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан талаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал мэдээлэл хийж, сэтгүүлчдэд тайлбар өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болов уу! Төрийн ордонд ийнхүү “Гахай илүү эрхтэй” гэх дүрэмгүй тоглолт үргэлжлэх зуур клиентализмийн золиос болсон багш нар, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байна. Картелуудыг эрх мэдэлд хүргэсэн клиентүүд болох “Улныхан” буюу захын хорооллынхны талх таллаж, тос граммалж өл залгуулдаг амьдрал ч яг хэвээрээ. Л.Оюун-Эрдэнийн хэлдэг 30 жилийн тогтолцооны гажуудлын үр дүнд нийгмийн нэн ядуу иргэд бий болсон. Тэд бол Төрийн ордонд эрх мэдэл булаалдаж буй картелуудын диваажинг бүтээдэг гол клиентүүд нь юм. Ард түмэн ядуу байх нь тэдэнд ашигтай. Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин тэргүүтэй У.Хүрэлсүхийн “Хүүхдүүд” Лондонд тансаглаж, ноорхой ядуу монголчууд Улаанчулуутын хогийн цэг дээр өлөн зэлмүүн амьдарсан хэвээр байна. У.Хүрэлсүх гахайн хороондоо уураа барах зуур Д.Амарбаясгалангийн талынхан “Тэгвэл манай даргыг ч гэсэн ирц хүрээгүй хуралдаанаар чөлөөлж, хууль зөрчсөн байна шүү дээ” хэмээн барьцаж эхэллээ. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр одоо Цэц дээр зодолдоно.
С.Тулга
Сэтгэгдэл бичих