Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гарагт (2025.10.16) Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу Цэц УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шууд үүсгэн шалгаж буйгаа мэдээлсэн. Учир нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэж хуульчилжээ. Харин Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж заасан бол 70.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан аж. Үндсэн хуулийн Цэц ийнхүү Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн бол Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолын тухайд ч маргаан үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ тухайгаа “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа” гэж Цэц мэдэгдсэн юм. Их суудлын хуралдаан маргааш (2025.10.22) өглөө 9:30 цагт нээлттэй болно. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг МҮОНТ-ээр шууд дамжуулах аж. Үндсэн хуулийн Цэц Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргавал түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл бүрдэнэ. Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол Г.Занданшатар Ерөнхий сайд хэвээр үлдэнэ.
Д.Од
Сэтгэгдэл бичих