Үндсэн хуулийн Цэц маргааш (2025.10.22) өглөө 9:30 цагт УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ. МАН-ын даргын төлөөх тулаан төрийн хямрал үүсгэж, Үндсэн хуулийн хямрал руу түлхэж буй энэ үед Х.Булгантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах үедээ хууль зөрчсөн байж болзошгүй баримтууд нэмэгдсээр байна. Тухайлбал, ТББХ-ны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал дүгнэлтийг чуулган дээр “Дэмжье” гэсэн томъёоллоор санал хураахад “71 гишүүн дэмжсэн” мэт мэдээлсэн. Гэтэл Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах санал өгсөн гэх 71 гишүүний 19-ийг эзгүй хойгуур санал өгсөнд тооцсон нь бас л эргэлзээ дагууллаа. “МАН-аас Д.Амарбаясгалан, С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, АН-аас Х.Баттулга, Д.Батбаяр, П.Батчимэг нар, ХҮН намаас Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, ИЗНН-аас М.Нарантуяа-Нара нарын өмнөх өдөр нь буюу пүрэв гарагт бүртгүүлсэн ирцийг баасан гарагийнхаар тооцсон нь залилан” гэх шүүмжлэл сошиалд өрнөж байна. Цэцийн их суудлын хуралдааныг угтсан улс төрийг УИХ-ын зарим гишүүн ч идэвхтэй хийж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг өчигдөр “УИХ-ын шийдвэр гаргаагүй байхад Цэц маргаан үүсгэсэн байна. Цэцийн гишүүн О.Мөнхсайхан ашиг сонирхлын зөрчилтэйгөө илэрхийлээд их суудлын хуралдаанд оролцохоос татгалзах ёстой. Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газартай гэрээгээр ажиллаж байсан. Дунд суудлын хуралдааныг алгасаж, их суудлын хуралдааныг зарласан нь Үндсэн хуулийн 66.3 дах хэсгийг зөрчсөн үйлдэл. Дайн болон онц байдал зарлах шийдвэр гаргасан тохиолдолд Цэцийн хуралдаанд гурав хоногт бэлтгэдэг” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа процессийн хуулиа зөрчин зарлажээ. Үндсэн хуулийн Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 24.3-т хуралдааныг хамгийн багадаа долоо хоногийн өмнө зарлаж бэлтгэл ажил ханган хуралдуулдаг хуулийн заалттай. Гэтэл энэ удаа Цэц хоёрхон хоногийн дотор хурлаа зарлаж, талуудад бэлтгэл ажил хийх хугацаа өгөхгүй яаравчилж байгаа нь хуулийн ноцтой зөрчил мөн. Маргааш болох их суудлын хуралдаан энэ чигээр хуралдаж шийдвэр гаргавал Цэц өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргах болно. Due process буюу процессийг зөв хийхгүйгээр зөв шийдвэр гаргах боломжгүй юм” гэлээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал фэйсбүүкт “Тухайн өдрөө ирцийг заавал шинээр нээх тухай зохицуулалтыг Үндсэн хуулиар бус Дэгийн тухай хуульд заасан. Гэхдээ нарийвчлан зохицуулаагүй. Гэтэл албан тушаалд дэвших үедээ ийм дэг зөрчил болдоггүй. Харин огцруулах буюу хариуцлага ярих үед “Ажлын цаг баримтална” гэж аашилж, хоригийн цаана нуугдах сайд нар зарчимгүй байна. Ийм процессын шинжтэй асуудал Цэцийн шийдвэрлэх маргаан мөн эсэхэд эргэлзэж байна. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэхээр хуульчилсан. Түүнээс бус органик хуулийг хянахгүй юм” гэжээ. Харин өнгөрсөн пүрэв гарагт ирцээ бүртгүүлсэн ч баасан гарагт Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтад оролцоогүй 19 гишүүний нэг П.Батчимэг “ТББХ-ны саналаар Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Үндсэн хуулийн Цэц улс төрийн нөхцөл байдал ширүүсэж, ҮАБЗ-ийн хоёр гишүүн нэг өдөр огцорч, чөлөөлөгдсөн энэ үед “Онц байдал” зарлаж их суудлын хуралдаанаа зарласан нь Г.Занданшатарыг огцруулсан талынхныг ихээхэн сандаргаж байгаа бололтой. Тэд ээлж дараалан хэвлэлд ярилцлага өгч, сошиалд пост бичиж байна. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Үндсэн хуульт тогтолцоо нь Эрүүгийн хуулиар хамгаалагддаг. Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуульт тогтолцооны нэг хэсэг мөн” гэлээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 19.8 буюу экстремист үйл ажиллагаа явуулах гэсэн хэсэгт “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ажээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нар Үндсэн хуулийн Цэцийн эсрэг суртал ухуулга явуулж буй нь Үндсэн хууль зөрчиж, Цэцийн гишүүдийн бүрэн эрхэд халдаж буй хэрэг биш үү. Учир нь Цэцийн гишүүд хараат бусаар үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргах эрхтэй. Харин УИХ-ын гишүүдийн зүгээс явуулж буй тархи угаалт, сөрөг ПР нь Цэцийн гишүүдэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого мөн үү. Х.Булгантуяагийн араас тэд “Үндсэн хууль зөрчсөн” гэх үндэслэлээр Цэцийн “хар данс”-нд орохвий. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн тухайд, Үндсэн хуулийн Цэц маргааш “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргавал түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж болзошгүй болно шүү дээ.
С.Тулга
Сэтгэгдэл бичих