Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны тасалдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "Бидний хувьд зохиомол хомсдлын бэрхшээлтэй нүүр тулгараад байна. Нийслэл өдөрт 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогоор өдөрт 1800 тонн шатахуун нийлүүлээд ч дугаарлалт татрахгүй байна. ОХУ -д нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор тус улсын Засгийн газар он дуустал АИ92 бензин дээр хязгаарлалт тавьсан.
Монгол Улсын хувьд, хэлэлцээр, гэрээнийхээ хүрээнд 10 дугаар сард 58 мянган тонн АИ92 бензинийг Роснефт компаниас авахаар гэрээ хийсэн. Бидний гол нийлүүлэлтийг хангадаг аж ахуйн нэгж болох Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн их засварын ажил 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч амжаагүй байна. Үүний улмаас нийлүүлэлт багасаж байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын талтай холбогдоод, нийлүүлэлтийг гэрээний дагуу биелүүлж өгөөч гэх асуудлыг тавьж байгаа. Одоогоор АИ92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Гол асуудал нь, өмнө нь 20-30 литр бензин авдаг байсан хүмүүс банкаа дүүргээд, хэрэглээ хоёр дахин өсөөд байна. Тиймээс Улаанбаатар хотод хязгаарлалт хийж байна. Иргэд тайван байвал нөхцөл байдал тогтворжино. Тиймээс хэрэглээгээ хэвийн хэмжээнд байлгаач гэдэг уриалга дэвшүүлж байна. Ойрын үед байдал тогтворжино" гэв.
Сэтгэгдэл бичих