Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нарыг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ТЕГ шалгах уу


10-р сарын 23
8 цаг 32 минут

      Үндсэн хуулийн Цэц өчигдөр (2025.10.22) УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэв. Үндсэн хуульд зааснаар, Цэцийн шийдвэр эцсийнх. Тиймээс Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас огцорно. УИХ-ын дэд даргаас огцроод зогсохгүй түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл бүрдлээ. Тэрбээр их суудлын хуралдааны үеэр “Цэцийн гишүүн О.Мөнхсайхан Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад буюу 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан нь ашиг сонирхлын зөрчил. Татгалзах хүсэлт гаргаж байна” гэсэн хүсэлт гаргасан ч Цэц хүлээж аваагүй. “Би хууль мэдэхгүй. Өмгөөлөгч авъя” хэмээн хүсэлт тавьсан ч Цэц мөн л татгалзсан. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Намайг “Үндсэн хууль зөрчсөн” гэж буруутгаж байгаа бол Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн 71 гишүүнийг гэрчээр дуудъя” гэж муйхарлах зуур хуульч Б.Гүнбилэг “Х.Булгантуяа намайг “Өмгөөлөгчөөр ороод өгөөч. Үндсэн хуулийн Цэц чинь Үндсэн хуулийн онолын маргаан, хууль зүйн техник тайлбарлах юм байна” гэсэн юм. Үндсэн хуулиар өмгөөлөл хийх мэргэшсэн өмгөөлөгч энэ улсад олоход хэцүү шүү дээ. Өнөөдөр өмгөөлүүлэх эрхээ хангасан бол, хуралдаан хойшилсон бол би нэлээд “юм” ярих байлаа. Даанч дэлхий, хүн төрөлхтөнд байхгүй хариуг Үндсэн хуулийн Цэцийн дарга өгсөн. Харамсалтай” хэмээн фэйсбүүкт бичсэн. Харин Цэцийн гишүүн О.Мөнхсайхан их суудлын хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцуулахдаа “Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчиж буй талаар 2025 оны аравдугаар сарын 16-нд хүсэлт ирүүлсэн. Цэц тэр дор нь маргаан үүсгэсэн. Х.Булгантуяад хууль зүйн туслалцаа авах хангалттай хугацаа өгсөн” хэмээн мэдэгдлээ. УИХ-ын даргын суудлыг хоёр өдөр манаж, Г.Занданшатар болон түүний талд зогссон УИХ-ын гишүүд, сайд нарыг шоглох үүрэг гүйцэтгэсэн Х.Булгантуяа “Үндсэн хууль зөрчсөн” гэх ял зэмд уналаа. Түүнийг ямар үндэслэлээр Цэц буруутгав:  

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны гишүүдийн олонхи “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Дэмжье” гэж хүч түрсэн байдлаар хуралдаан зохион байгуулсан.

-Пүрэв гараг буюу 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн ирцийг баасан гарагт тооцож санал хураалт явуулсан. УИХ-ын 71 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн мэт боловч 19 нь баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара тэргүүтэй гишүүд пүрэв гарагт ирцээ бүртгүүлсэн байсныг баасан гарагийн ирц мэтээр тооцсон.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан их суудлын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль яаж зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд, Үндсэн хуулийн заалтуудад тулгуурлан тайлбарласан. Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон Х.Булгантуяагийн хувь заяа тун ээдрээтэй байдалд орлоо. Нэг үгээр хэлбэл, түүний эрх зүйн байдал ноцтой дордсон байж болзошгүй нөхцөл байдал үүсэв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд “Зарим сайд намайг “Чи 10 жилийн ял сонсож, шоронд орно шүү” гэж дарамталлаа” хэмээн ярьсан. Түүнд хууль сануулсан хүн бол ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт. Хашир туршлагатай парламентчийн хувиар тэрбээр Х.Булгантуяад бусдын гар, хөл болж хууль зөрчиж байгааг нь хэлж зөвлөсөн хэрэг. С.Бямбацогт өчигдөр (2025.10.22) Үндсэн хуулийн Цэц дээр хэвлэлийнхэнд “Х.Булгантуяад би “ТББХ-ны санал дүгнэлтээр санал хураалт явуулбал төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг болон хувирч магадгүй шүү. Гэвч тэрбээр энэ талаарх ойлголт багатай учраас үл анзаарч, үл тоосон. УИХ-ын Тамгын газар, ТББХ-оос бэлтгэж өгсөн томъёолол нь цаанаа ямар үр дагавартайг мэдэхгүйгээр хэлж сануулсаар байхад “Байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураах гэж байгаа юм. Байнгын хороон дээр “Засгийн газрыг огцруулахгүй” гэж шийдвэрлэсэн шүү дээ. Тийм атал яагаад хуралдаандаа ирэхгүй байгаа юм бэ” л гээд байсан. Үр дагаврыг нь мэдэж байсан, халхавчилж байсан нь харагдаж байгаа” гэж ярилаа. Энэ бол ноцтой.

  Г.Занданшатарыг огцруулах улс төрд идэвхтэй оролцсон Ц.Сандаг-Очир хаяагаа манаж эхлэв. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд Г.Занданшатарын эсрэг багийнхантайгаа хүрэлцэн ирсэн. УИХ-ын ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир “Манай байнгын хороо ямар ч процедурын алдаагүйгээр хуралдаанаа хийсэн. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулийн дагуу хуралдаанаа хийж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар ТББХ-ны ажил дууссан. Цаашхи асуудал нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай холбоотой. Цэц дээр үүссэн маргаан манай байнгын хорооны санал хураалтад хамаагүй. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарчмын зөрүүтэй саналыг үндэслэсэн, үндэслээгүй гэдэг асуудал л яригдаж байгаа” гэв. Толгой дохин чанга ярих Ц.Сандаг-Очир Х.Булгантуяад бүх бурууг тохов уу гэмээр дүр зураг ажиглагдана. Тэрбээр Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах улс төр Төрийн ордонд ид өрнөж байхад “ТББХ-ны санал дүгнэлтээр чуулган дээр санал хураахгүй. Энэ санал хураалт ямар ч ач холбогдолгүй” гэж ярьснаа маргааш нь “Байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураах ёстой юм байна” хэмээн хэвлэлийнхэнд хээвнэг ярьж зогссон. Хуулийнхны хэллэгээр, байр сууриа огцом өөрчилсөн Ц.Сандаг-Очир Х.Булгантуяагийн хамжигч биш үү. Түүний даргалдаг ТББХ-ны хуралдааны санал дүгнэлтээр УИХ-ын чуулган дээр санал хураалт явуулсан нь маргаангүй үнэн. Тиймээс Ц.Сандаг-Очирыг улс төрийн хүрээнийхэн “Будилааны эзэн” хэмээж буй. Харин энэ будилааных нь ял зэмийг Х.Булгантуяа үүрлээ.

“Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар төрийн эрхийг хууль бусаар авахыг завдав уу”... УИХ Үндсэн хууль зөрчиж, Г.Занданшатарыг огцруулсан мөчөөс улстөрчид, хуульчид, жирийн иргэд энэ асуудлыг хөндөж эхэлсэн. Академич С.Нарангэрэл “УИХ Үндсэн хууль зөрчсөн томъёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилоход хүрвэл төрийн эрхийг хууль бусаар авсан асуудал болж хувирна” гэж мэдэгдсэн. Тэгэхээр хуралдаан даргалсан Х.Булгантуяаг “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгах уу. “Гол будилааны эзэн” гэгдэж буй Ц.Сандаг-Очир түүнтэй хөтлөлцөөд ТЕГ-т очих уу. Академич С.Нарангэрэлийн хэлснээр, Үндсэн хууль зөрчсөн томъёоллоор санал хураалт явуулсан хүн нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа. ТББХ-ны хуралдааны үеэр санал хураалт явуулж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан нь Ц.Сандаг-Очир гишүүн. Энэ хоёр дээр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ч тагнуулд дуудагдаж болзошгүй. Учир нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Цэцийн шийдвэр хүлээх зуураа сэтгүүлчдийн өмнө Х.Булгантуяагийн талаар ярихдаа “УИХ-ын Тамгын газар, ТББХ-оос бэлтгэж өгсөн томъёолол нь цаанаа ямар үр дагавартайг мэдэхгүйгээр хэлж сануулсаар байхад...” гэж халаглаж байсан. ТЕГ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нүд, чих болсон байгууллага. Төрийн ордонд өрнөж буй улс төрийг тэд анхааралтай ажиглаж байгаа нь лавтай. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлээ. Харин түүний үйлдэл, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл мөн үү гэдгийг тагнуулын байгууллага шалгаж тогтоох учиртай. Магадгүй, тагнуулынхан Цэц ямар шийдвэр гаргахыг хүлээж байсан ч байж мэднэ. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гэдэг тэдний хувьд хөдөлшгүй баримт. Ордны эргэлтийн үр дүнд ҮАБЗ-ийн хоёр гишүүн буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэг өдөр чөлөөлөгдөж, төрийн хямрал нүүрлэж буй энэ үед тэд зүгээр суухгүй нь лавтай. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг хүнд ялтай.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа52 минут 30 секундын өмнө11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ6 цагийн өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…6 цаг 12 минутын өмнө“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна8 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав9 цаг 58 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 8. 10:40Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ12 сар 8. 9:54Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа12 сар 8. 9:50Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.