Үндсэн хуулийн Цэц өчигдөр (2025.10.22) их суудлын хуралдаанаа хийж, УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн. Цэц ийнхүү УИХ-ын дэд дарга, гишүүн гэж онцлон шууд маргаан үүсгэж, шийдвэрээ гаргасан учир Х.Булгантуяа хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргаас огцрох нь тодорхой болов. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд “Гишүүн” гэж дурдсан учир түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл ч бүрдлээ. Тэгэхээр Х.Булгантуяагийн оронд МАН-ын бүлгээс хэн УИХ-ын дэд дарга болох вэ гэдэг марафон эхлэх нь тодорхой. Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. УИХ энэ сарын 17-нд хуралдаж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Эрх баригч хүчинд УИХ-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөн эхэлсэн. УИХ-ын даргаар хэнийг сонгохоо МАН-ын бүлэг шийднэ. УИХ дахь МАН-ын бүлэг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн фракцийнхан болон Г.Занданшатарын талынхан гэж хуваагдсан. “Д.Амарбаясгалангийн бүлэг”-ийн дарга нь Ж.Бат-Эрдэнэ бол “Г.Занданшатарын бүлэг”-ийн дарга нь Ж.Батжаргал. Г.Занданшатарын талынхан болох 36 гишүүн өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийг хуралдуулж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгосон. Гэхдээ энэ нь албажаагүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн шинэ даргыг батламжлах ёстой.
УИХ-ын шинэ дарга хэн бэ. УИХ-ын тухай хуулийн 10.1-т “Сонгуулийн дүнгээр УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонхи гэнэ” гэж заасан. Энэ хуулийн дагуу парламентад олонхи болсон нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт хийж, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэн. Намын жагсаалт болон тойргоос нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн олонхи нь УИХ-д анх удаа сонгогдсон. Тиймээс энэ удаад олон удаа сонгогдсон, хашир туршлагатай, мэргэшсэн парламентчдаас УИХ-ын даргыг сонгох болов уу гэх таамаглал бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сонгуулийн өмнө “Үеийн үнэмлэхүй шинэчлэл хийнэ” гэж мэдэгдэж байсан. Гэвч улс төрд үеийн шинэчлэл хийх нэрийдлээр хууль мэдэхгүй, төлөвшөөгүй, төрийн албаны туршлагагүй, амьдрал мэдэхгүй, популизм хийхээс өөр шидгүй, бусдын гар, хөл болж юу ч хийж мэдэх нөхдийг хууль тогтоох дээд байгууллагад оруулж ирсэн нь Монголын зовлон болоод байна. Тиймээс эрх баригч хүчнийхэн энэ удаад УИХ-ын даргын томилгоон дээр асар нухацтай хандах учиртай. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс парламентад олон удаа сонгогдсон нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар. Хууль тогтоох дээд байгууллагыг даргалах эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн тэдний дунд өрнөх болов уу гэх яриа улс төрийн хүрээнд үүсчээ. Гэхдээ МАН-ын бүлэг хэн гэдэг кандидатыг УИХ-ын даргаар сонгохоо хэлэлцэж шийдвэрлэнэ. МАН-ын бүлгээс гадна тус намын Удирдах зөвлөл, Бага хурлаар УИХ-ын шинэ даргын асуудлыг хэлэлцэх болов уу. Ямартай ч У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын талаас УИХ-ын шинэ дарга тодорно.
С.Тулга
Сэтгэгдэл бичих