Хөшиг нээгдлээ. У.Хүрэлсүх гарч ирэв. Монголын улс төрд мөнхийн “Том Ах” У.Хүрэлсүхийн хууль Д.Амарбаясгалангийн эсрэг хэрэгжив. У.Хүрэлсүхийн прокурор өнгөрсөн долоо хоногт Д.Амарбаясгаланг яллагдагчаар татав. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохдоо “Авлигачдын толгойг цавчина”, “Төрийн алхыг хулгайчид бариулж байсандаа харамсахгүйгээр үхнэ” гэж үг хэлэх болгондоо Д.Амарбаясгалангийн нэрийг шүд зуун хэлж байсан Б.Энхбаяр харанхуй шөнөөр тэрхүү мэдээг сошиалд баяртайгаар хуваалцав. Сошиал хар масс уухайлан дэмжиж лайк, шэйр хийцгээв. Харин тэд Жорж Оруэллийн бичсэнчлэн “Том ах”-ын сүүдэр Монголын нийгмийг нөмрөн авч буйг огтхон ч анзаарсан шинжгүй... Мартин Нимёллер “Германд тэд эхэлж коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв. Дараа нь тэд Үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэг л өдөр тэд намайг баривчлахаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд үлдээгүй байлаа” гэж хэлсэнчлэн Монголын улс төрд “Том ах”-ын хууль гэдэг бичигдээгүй хууль ийнхүү үйлчилж байхад бэртэгчин сэхээтнүүд таг дуугүй, сэтгүүлчид хөгжим хэн захиална, түүнд зориулсан аялгуугаа тоглож сууна. МАНгар дарга нар "Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгууллаа" гэх ичмээр тэнэг мэдээллээ баахан камер эгнүүлчихсэн ярьж зогслоо. Шившиг!
У.Хүрэлсүх эхлээд Н.Энхбаярыг Их тэнгэрээс хөөлгөсөн. Дараа нь М.Энхболдыг хөөсөн. Өнгөрсөн зургадугаар сард Л.Оюун-Эрдэнийг огцруулж хөөлөө. Одоо Д.Амарбаясгаланг хөөж байна. Их тэнгэрийн хашаанд У.Хүрэлсүх найз Г.Занданшатартайгаа үлдлээ. Л.Оюун-Эрдэнийг огцруулсан УИХ-ын чуулганы индрээс “Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр хоёулаа миний хайртай дүү нар” хэмээн хэлж байсан У.Хүрэлсүх Д.Амарбаясгалангийн зүг шоронгийн түлхүүр эргэлдүүлж байна. Хааныг хаан л тодруулдаг. “Том ах”-ын энэ хуультай Д.Амарбаясгалан тэрсэлдэж, МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэн Бага хурал дээр хоёр ч удаагийн санал хураалтаар ялалт байгуулсан нь Их тэнгэрт доргилт өгсөн хэрэг. Тусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалангийн зүг алга ташилт нижигнэх үеэр У.Хүрэлсүх генсек Я.Содбаатарт уураа гаргасан гэх мэдээлэл ч бий. Ерөнхийлөгчийн сэнтийгээс буумагцаа 2027 онд МАН-д эргэн ирэх төлөвлөгөө нь нурсанд тэрбээр ийнхүү уурласан нь тодорхой. Тиймээс эрх баригч хүчний тэргүүний төлөөх тулааны сценарийг Төрийн ордонд үргэлжлүүлэхээр шийдсэн. Г.Занданшатарыг ууртай шувуухайн дүрд тоглуулж, Д.Амарбаясгаланг аль хэдийнэ зуучихсан байсан Б.Энхбаярын өс хонзонг ашиглаж эхэллээ. Ц.Элбэгдорж, MCS-ийнхэнтэй хүч хавсарч Д.Амарбаясгаланг хэвлэл мэдээлэл, сошиалд “Нүүрсний хулгайч” хэмээн цовдлох төлөвлөгөөгөө ч амжилттай хэрэгжүүллээ. “Том ах”-ын хуулийг зөрчсөн Д.Амарбаясгаланг авлигын хэргээр яллагдагчаар татаж шийтгэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн авлигын гэмт хэрэг гэдэг хүнд ялтай зүйл ангийг Д.Амарбаясгаланд тулгалаа. Юун фургоны хэрэг! У.Хүрэлсүх Н.Энхбаярын хаанчлалын үед фургоны хэргээр ял сонсож байснаас хэд дахин хүнд ялтай зүйл анги. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Ц.Чулуунзагд, түүний ах Ц.Ламжав нарыг 2023 онд яллагдагчаар татчихсан байсан” гэж мэдээлсэн. Харин АТГ-ын ахлах комиссар Б.Батбилэг 2023 онд “Админерал” ХХК-тай холбоотой хэрэгт улс төрд нөлөө бүхий хүн оролцсон эсэхийг мөрдөн шалгаж байгаа” гэж мэдээлж байв. Үүнээс харвал, АТГ-ынхан 2023 онд Д.Амарбаясгалан дээр ажиллагаа явуулж эхэлсэн бололтой. Хавтсыг нь олон нийтэд үзүүлж, Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болсны дараа доторхийг нь хальт харуулмагцаа прокурор руу яллагдагчаар татах саналаа илгээсэн хэрэг. Хаан дохино, манай яруу алдарт АТГ-чид, прокурорынхон шуурхай хөдөлдөг нь гайхаж цочирдмоор шинэ зүйл биш шүү дээ. Д.Амарбаясгалангийн эсрэг илд болсныхоо шагналд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Б.Энхбаяр баяраа тэмдэглэж, хундага дарсанд халамцах зуураа “Д.Амарбаясгаланг яллагдагчаар татлаа” хэмээн пост бичсэний дараа буюу өчигдөр (2025.10.27) Нийслэлийн прокурорын газраас албан ёсоор мэдээлэл өгсөн. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас ирүүлсэн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2, 22.10.2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллагдагчаар татжээ. Өдгөө 61 настай Б.Жаргалсайханыг өнгөрсөн хавар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгосны дагуу Улсын ерөнхий прокуророор улираан томилсон. Хуульч Б.Гүнбилэг тухайн үед “Тэтгэврийн нас нь хэтэрсэн хүнийг Улсын ерөнхий прокуророор улираасан нь Үндсэн хууль зөрчсөн явдал” хэмээн сануулж байсан ч “Том ах”-ын хууль бол хууль. Хэнтийн цагдаа нарын нэг З.Дашдавааг өнгөрсөн хавар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ санал болгож, УИХ улираан томилсон. З.Дашдаваа бол У.Хүрэлсүхийн үнэнч албат. Д.Амарбаясгаланг яллагдагчаар татаж, Б.Жаргалсайхан, З.Дашдаваа нар У.Хүрэлсүх өрөө төллөө. Тэд “Хаан”-даа өрөө төлөх зуур Хэнтийн цагдаа нарын нэг Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар дахин томиллоо. Ж.Болд бол Төрийн ордны гуравдугаар давхраас томилсон ЦЕГ-ын дарга. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө буюу 2025 оны аравдугаар сарын 20-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан нь ч санамсаргүй давхцал биш.
Н.Энхбаярын хаанчлалын үед хуучнаар МАСЗХ-ны залуус Их тэнгэр дэх гэрт нь зочилж, тэргүүн хатагтай асан О.Цолмонгоос заавар чиглэл авдаг байсныг тухайн үеийн улстөрчид сайн мэднэ. Н.Энхбаяр гэдэг хааны эсрэг У.Хүрэлсүх “Төрийн хэргийг та мэддэг юм уу. Таны эхнэр мэддэг юм уу” гэж тэрссэн биш фургоны хэргээр ял сонсож байсан. “Би цэргийн хүн. Ялыг нь эдлээд гарна” гэж байсан ч У.Хүрэлсүх Н.Энхбаяраас өршөөл эрсэн. Хаан түүнийг өршөөсөн. Харин одоо У.Хүрэлсүх тэргүүтэй “Ах нар”-ынхаа эсрэг МАН-ын даргад өрсөлдөж ялсан Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн хувь тавиланг давтаж байна. Гэвч тэр шазуур заан бууж өгөхгүй байх уу, “Том ах”-ын хуулийн буулганд орох уу гэдэг салаа замын үзүүрт зогсож байна. Д.Амарбаясгалангийн нэг хөл УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа бол, нөгөө хөл нь яллагдагчийн ширээний ард байх эсэх хүндхэн цаг үетэй тулгараад байна. Түүнийг АТГ, прокурорынхон хүч хавсран “Том ах”-ын хуулийн гаванд хийчихлээ.
Д.Амарбаясгалангүй МАН-ын улс төрд У.Хүрэлсүхийн культличность хүчээ авах цаг. У.Хүрэлсүхийн зарлигаар ханандаа Чингис хааны хөргийг залсан намчид “Том ах”-ынхаа хөрөг зургийг ч зэрэгцүүлэн өлгөдөг. Энэ бол культличность. Мао Зэдун Соёлын хувьсгалын үед “Хятадад зөвхөн Мао Зэдуны үзэл суртал ноёрхоно. Маог л бурханчлан шүт” гэх суртал ухуулгыг явуулж, Күнзийн сургааль бүхий номнуудыг багш нараар шатаалгаж устгуулж байсан түүхтэй. Күнзийг Хятадын оюун санаанаас арчих нь Мао Зэдуны культличностийн нэг хэсэг байв. Шинэ зууны Хятад орон Ши Жиньпин гэдэг удирдагчтай болсон. Хятадын Коммунист намын XIX их хурал 2018 онд болж, Ши Жиньпинийн үзэл баримтлалыг намын үндсэн дүрэмд албан ёсоор тусгасан. Түүнээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопиний үзэл баримтлалыг Коммунист намын үндсэн дүрэмд тусгасан байсан юм. Ши Жиньпин ийнхүү Хятадын Коммунист намын үндсэн дүрэмд үзэл баримтлалаа тусгуулснаар нэр хүнд, нөлөөгөөрөө Мао Зэдун, Дэн Сяопиний дараа бичигдсэн удаатай. Шинэчлэлийн эцэг гэгддэг Дэн Сяопиний үзэл баримтлалыг таалал төгссөнийх нь дараа үндсэн дүрэмд оруулсан бол Мао Зэдун, Ши Жиньпин нарыг амьд ахуйд нь “Аугаа удирдагчийн үзэл баримтлал” гэж тунхагласан хэрэг. Мао Зэдун, Ши Жиньпин нараас гадна улс орондоо культличность суртал ухуулгыг хүчтэй явуулж, 30 жил хаанчилсан хүн бол Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев. “Мөнхийн Ерөнхийлөгч” хэмээн тахин шүтүүлж явсан тэрбээр 2019 онд тусгаар тогтносон Казахстан улсын анхны Ерөнхийлөгч болсныхоо 30 жилийн ойг тэмдэглэж байлаа. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сэнтийд залрахаасаа өмнө Путиний суу алдраас суралцсан. Путин хаана ямар позаар зургаа даруулна, У.Хүрэлсүх даган дуурайдаг байсан цаг саяхан. Бээжин хотноо өнгөрсөн есдүгээр сард ялалтын парад үзэх зуураа Ши Жиньпин, Путин, Ким Жөн Уны ард дөрөв дэх хүн нь болж явсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН дахь наяад оныхны эсрэг “Том ах”-ын хуулиа хэрэгжүүлж эхэллээ. Хамгийн түрүүнд цохож шийтгэл оноосон хүн нь Д.Амарбаясгалан. Ц.Элбэгдорж 2006 онд Ерөнхий сайдаас огцрохдоо УИХ-ын чуулган дээр “Ардчиллын төлөө гурвалсан морь шиг зүтгэж явсан С.Зориг, Э.Бат-Үүл нартаа баярлалаа” хэмээн хэлж байв. Харин төдийгөөс өдийг хүртэл өөрт нь зүтгэж, зүтгэснийхээ хариуд УИХ-ын дарга, Ерөнхий сайд болж байсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг У.Хүрэлсүх дайн зарлалаа. Ц.Элбэгдоржийн бас нэг ийм үг бий. “Улстөрч болно гэдэг холгосон өсгийн дээрээ үргэлж гишгүүлж явахын нэр” гэж. У.Хүрэлсүхийн холгосон өсгий нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар боллоо. Басхүү түүний холгосон өсгийн дээр хожим гишгэх дайснууд нь ч Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр… У.Хүрэлсүх “Би 2027 онд намаа авна” гэсэн. Түүний өмнө хөндөлссөн Д.Амарбаясгалан улс төрийн цаазын тавцанд зогслоо. Цаазын тавцанд зогссон Д.Амарбаясгалан тийш У.Хүрэлсүхийн найзууд баярын хундага өргөж байна. Монголд У.Хүрэлсүхийн найзууд л эрх мэдэлтэй…
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


АИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл
АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ
Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо
Б.Энхбаяр: Би ялагдахгүй
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа.gif)

Сэтгэгдэл бичих