Г.Занданшатар ууртай байна. Ерөнхий сайдын суудлаас “Эв нэгдэл гэдэг нэрийн дор нүүрсний хулгайг хаацайлж, хамгаалж чадахгүй” гэж хэдэнтээ мэдэгдчихээд байхад МАН-ын Удирдах зөвлөлөөс талцаж хуваагдсан талуудыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан нь түүний уурыг бүр их хүргэв. Тиймээс хоёр ч Засгийн газарт Шадар сайдын суудалд сандайлсан С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх бичгийг өчигдөр орой (2025.10.28) бэлэн болгосноо өнөө өглөө Засгийн газрын хуралдаан эхлэхэд хэлэв. “Бид Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Зорилго буруу улсууд албан тушаалын төлөө өс хонзонгийн сэдэлтэйгээр Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн ажиллагаа даамжирсан. Зарим сайд үүнд оролцож, гарын үсэг зурахад уриалж, гишүүдийг дарамталсан. Тийм учраас би С.Амарсайханыг ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичигт гарын үсэг зурсан 54 гишүүний нэг нь С.Амарсайхан байсан. Хүний, өөрийн намынхантай хуйвалдаж танхимынхаа тэргүүний эсрэг ажиллана гэдэг түүний хувьд огцрох хангалттай шалтгаан. Учир нь Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг. Кабинетаасаа урваж, ордны хуйвалдаанд оройлон оролцсон С.Амарсайхан заавал Г.Занданшатарт “хөөгдөхгүйгээр” өөрөө өргөдлөө өгөх нь шударга байлаа. Гэвч Ерөнхий сайдын гараар могой бариулах гэж муу санаалж байгаад муухай хөөгдөж гарлаа. Зайсанг эзэлж, Туул голын бургасыг хядаж, ковидийн үед эхнэр нь дабл стандарт эдэлж олны уур жигшлийг төрүүлж байсан С.Амарсайханыг Ерөнхий сайд Г.Занданшатар харин ч соёлтойгоор үдлээ. Г.Занданшатарын хувьд, Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа төсвийн тодотгол, төрийн хэмнэлт гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна. Төрд нүүрлэсэн авлига, нүүрсний хулгайтай нүүр тулан тэмцэж байна. Б.Энхбаярын хэлснээр, ингэж тэмцэх амархан гэж бодож байна уу.
Хятадын дарга Ши Жиньпин “Авлигатай тэмцвэл нам маань сүйрнэ. Авлигатай тэмцэхгүй бол улс орон маань сүйрнэ” гэж хэлээд “Үнэгний ав” ажиллагаагаа эрчимжүүлсэн бол Ерөнхий сайд Г.Занданшатар Цэгцрэх хөдөлгөөн, “Хагархай цонхны онол”-оор авлига, нүүрсний хулгайн эсрэг тулаанд авангард тоглогч болж яваа. Р.Чойном “Үнэн гэж юу байдаг юм бэ. Үзчихээд буцаагаад өгье” гэж бичсэнчлэн Г.Занданшатар ард түмэнд үнэнийг дэлгэж байна. Эрх мэдлийн хөшигний цаана нууж хоцорсон үнэнийг л тэр харуулах гээд байна. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүн болсныхоо дараахан хар тамхитай дайн зарласан. Хэрэв анзаарсан бол цагдаагийнхан хар тамхины хэд хэдэн бүлгийг илрүүлэн саатуулсан. Улсын төсвийг УИХ-аар батлуулах, багш, эмч нарын ажил хаялт, шатахууны хомсдол зэрэг түмэн бэрх асуудал Ерөнхий сайдын өмнө овоорч байхад шадарлаж зүтгэх ёстой С.Амарсайхан Засгийн газраа унагах гээд хор найруулж гүйсэн. Тиймээс С.Амарсайханд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх нь тодорхой байлаа. Харин одоо ХҮН намын Т.Доржханд, П.Наранбаяр нарыг чөлөөл, Ерөнхий сайд аа. Та Ерөнхий сайдаас анх томилогдохдоо “Би үнэн байна” гэж мэдэгдсэн. Гэвч ХҮН намынханд үнэн гэдэг үнэт зүйл биш. МАН-ын бөөрөнд наалдаж эрх мэдэлтэй байх нь тэдний эрх ашиг.
“Авлигын хэрэг дээр эвлэрэгтүн” гэх МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр Ерөнхий сайд Г.Занданшатарын гэдэнг хөдөлгөсөн бололтой. Тэрбээр өчигдөр “Би хулгайтай эвлэрэхгүй” гэж хэлээд Удирдах зөвлөлийн хурлыг орхин гарсан тухай мэдээлэл сошиалд түгсэн. Ерөнхий сайдын хувьд ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Нүүрсний хулгайч нартай эвлэрэхгүй” гэж дурдсан, өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэх үед 30 минут завсарлага авах үеэр Д.Амарбаясгаланд “Эвлэрэхгүй” гэдгээ түс тас хэлчихсэн, Б.Энхбаярыг “Илд” болгож, ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилж “Г.Занданшатар операци”-аа яг эхлүүлэх гэхэд Тусгаар тогтнолын ордонд “Та нар эвлэр” гэж тулгадаг нь буруу байлаа. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр ч зүйл ангиар яллагдагчаар татсан. Д.Амарбаясгаландаа прокурорын тогтоол “бэлэглэчихээд” “Эвлэрцгээ” гэж байгаа эрх баригчид даажинтай. МАН-ын Удирдах зөвлөлийн энэ марзан шийдвэр Г.Занданшатарт ч, Д.Амарбаясгаланд ч гоё сонсогдохгүй. Тэдний дунд өрнөж эхэлсэн тулаан хэтэрхий хол явчихсан... Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Г.Занданшатарын ч, Д.Амарбаясгалангийн ч галт тэргийг зогсоох аргагүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын улс төрд анх reel бичлэгийг моданд оруулсан. Түүний өнөөдрийн reel дундаас олны анхаарлыг татсан бас нэгэн мэдэгдэл нь баялгийн хулгайтай тэмцэх чиглэлээр албан даалгавар гаргасан явдал юм. Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсад зөвшөөрөгдсөн аудит хийлгэж, үр дүнг нь УИХ, олон нийтэд танилцуулна. Энэ компанийг 03, 04 дүгээр тогтоолоор олон нийтэд нээлттэй компани болгох үүрэг даалгавар өгсөн. Шаардлага хангасан удирдлагын багийг нээлттэй сонгон шалгаруулалтаар яаралтай шалгаруул. “Эрдэнэс Тавантолгой”-г олон нийтэд нээлттэй компани болгоно” гэж хэчнээн жил ярьж байна. 1072 хувьцаа гэх үр өгөөжөө өгдөггүй худлаа нэр зүүсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг олон нийтэд ил болго. Худалдан авагч, гэрээний үнийн дүн, хугацаа, тээвэрлэгч зэрэг мэдээллийг нээлттэй болго. 11-11 итгэлийн шугамыг өргөтгөж, нүүрсний хулгай, авлига, төрийн хүнд сурталтай холбоотой гомдол, мэдээллийг баялгийн шударга ёсны сувгаар хүлээн авдаг болъё. Мэдээлэл өгсөн иргэд, гэрчийг хамгаалах хэрэгтэй. “Чинхуа”, МАК, “Цайрт минерал”, “Бороо гоулд”, “Хүрэнтолгой коал майнинг”-ийн хугацаа нь дууссан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг дахин хэлэлцэж, төрийн мэдлийн хувь эзэмшлийг тогтооё. Баялгийн хулгайтай тэмцэх тэмцлээ улам эрчимжүүлнэ. Бүх шатанд өргөжүүлнэ” гэж танхимынхаа сайд нарт үүрэг даалгавар өглөө. Ерөнхий сайд Г.Занданшатар ийнхүү анх томилогдохдоо амласан ёсоор үнэнээ хэлж байна. Тэр бас үнэнтэй нүүр тулж байна. Үнэнтэй нүүр тулах хэцүү. “Намын журмын нөхөд” нэрийн дор авлигын гинж хэлхсэн бүлэглэлүүдийг сөрөх бүр ч хэцүү. Гэхдээ үнэн ганц. Тэр үнэнийг л ард түмэнд харуул, Ерөнхий сайд аа. Ковидийн үеийн төсөв, “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож байгаад хийсэн хулгайг ил болгоорой. Авлигачид тэрбумыг “Тэрбумхан уу” гэж чамладаг болсон энэ цагт хэдэн их наядаар хэмжигдэх хулгайн баримтуудаас үнэнийг олж мэдсэн Ерөнхий сайд Г.Занданшатар ууртай байна. Түүний уур битгий гараасай.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


АИ-92 автобензины өнөөдрийн импортын мэдээлэл
АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо
Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо
Б.Энхбаяр: Би ялагдахгүй
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу.gif)

Сэтгэгдэл бичих