Бүрэн эрхээрээ төрийн эрхэнд халдсан үйлдлүүд 126 гишүүнтэй анхны парламентад ар араасаа гарах болов. Х.Булгантуяа УИХ-ын дэд дарга байхдаа Үндсэн хууль, Дэгийн тухай хуулийг зөрчиж, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах эсэхийг нь хэлэлцэх болоход сураг алдарч, АН-ынхан тав хоногийн завсарлага авсан. Үндсэн хуулийн Цэц дээр “УИХ-ын гишүүнээр таван жил ажиллаж байна. Би хууль мэдэхгүй” гэж эцсийн үгээ хэлсэн түүнийг тагнуулын байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл бий. Харин Үндсэн хуулийн Цэц “УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн” гэж шийдвэрлэсэн учраас УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нь бараг тодорхой. Тэгвэл Х.Булгантуяагийн араас Үндсэн хууль, Дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуулийг үйлдэл дээрээ зөрчиж, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулах болзлоо хангасан хүнээр Х.Ганхуяг тодорлоо. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт (2025.11.06) “Багш, эмч нарын цалингийн асуудлыг шийдэхийн тулд бид 979 тэрбум төгрөгийн урсгал зардлын зохицуулалт хийж байна. УИХ дахь МАН-ын бүлэг дээр “УИХ-ын дэд дарга болон Х.Булгантуяагийн асуудлыг шийд” гэсэн. Төсвийн байнгын хороо ял наймаалцахгүй. Хуулийн байгууллагаар шалгаж байгаа бол хуулиараа шийдэх ёстой. Төсвийг барьцаалж байна. Зарим гишүүн хэл ам гаргаж, байнгын хорооны хуралдааныг орхисон. П.Сайнзориг, Ч.Номин, Ж.Алдаржавхлан нар ирцээс гарсан” гэж ярьсан. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Х.Ганхуяг ногоон лааз барин “Ногоон кнопоо дараарай” гэж уриалж, эмч нарын цалинг нэмэх саналыг унагасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Түүний энэ үйлдэлд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эгдүүцэж “Төсвийн байнгын хорооны дарга, төсвийн ажлын хэсгийн дарга урдаа ногоон лааз барьчихсан “Ногооныг дараарай” гэж та бүхнийг удирдаж байгаа ч гэсэн төрийн албан хаагчдаа бодож улаан кноп дарах, эсвэл кнопдоо хүрэхгүй байхыг хүсч байна. Мянга мянган төрийн албан хаагчид та бүхнийг харж байгаа шүү” гэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцэж хэлсэн нь А.Ариунзаяа болохоос биш УИХ-ын гишүүн, С.Амарсайханы оронд Шадар сайдад нэр дэвшигч Х.Ганхуягийн энэ үйлдлийг “Хууль тогтоох дээд байгууллага болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан” гэхэд хилсдэхгүй. Учир нь УИХ-ын тухай хуулийн 4.1-д “УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно. УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас бусад хуулиар зохицуулахыг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Х.Ганхуяг ногоон лааз өргөж “Ногоон кнопоо дараарай” гэж гишүүдийг ятгаснаараа УИХ-ын бие даасан байдалд халджээ. Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын хувьд Д.Ганбат гишүүний хэлснээр шөнөжин алх нүдэж Үндсэн хууль зөрчсөн бол Х.Ганхуяг ногоон лаазаар гишүүдийн санал өгөх эрхэнд халдаж Үндсэн хуулийн Цэцээр тойрохоо зуруулж тун болзошгүй боллоо. А.Ариунзаяа Х.Ганхуягийн энэ үйлдлийг эсэргүүцэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Д.Ганмаа “Эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг төсвийн гурав дахь хэлэлцүүлэг дээр эхний санал хураалтаар дэмжсэн. Гэтэл Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дахин санал хураах горимын санал гаргаж, дөрвөн хүний саналаар цалин нэмэх саналыг унагалаа. Маш харамсалтай байна. Би чадах бүхнээ л хийлээ” гэсэн юм.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.03-11.07.gif)

Сэтгэгдэл бичих