Ерөнхий сайд Г.Занданшатар бол шатарчин. Тиймээс шатрын хүү цааш нүүх боломжгүй болбол бэрс гарах тусгай дүрмийг тэр маш сайн мэднэ. Хүүг хүүгээр идэх уран нүүдлийг Г.Занданшатар шатар тоглох үедээ цөөнгүй хийж байсан байх. Харин бэрс гармагц ацан шалаа үүсвэл яах вэ. Морины нүүдлээ хийх үү... Эрдэм мэдлэгийн ертөнцөд өндөрт эрэмбэлэгддэг Стэнфордын их сургуульд тэр өрнө, дорнын эрдэмтэдтэй ном хаялцаж явсан намтартай. Энэ бол үнэн намтар. Харин одоо Г.Занданшатар Монголын улс төрийн гол дүр. Гол дүрийг эерэг талынхан хүрээлж, эсрэг талынхан сөрөн довтолдог нь урлагийн тайзнаа ч, улс төрийн тавцнаа ч байдаг л үзэгдэл. Энэ жам ёсны үзэгдэл Ерөнхий сайд Г.Занданшатар хийгээд түүний тэргүүлж буй Засгийн газрыг ч тойрсонгүй. Иргэдийн итгэл, хүлээлттэй, хүний, өөрийн намынхны довтолгоонтой, донсолгоонтой дөрвөн сарыг Г.Занданшатарын танхим үдэж байна.
Дорнын анагаах ухаанд “Эмч хүний эмчилнэ гэсэн сэтгэл, өвчтөний эдгэнэ гэсэн итгэлээс аливаа өвчин эмгэг илаарших нигууртай” гэсэн үг бий. Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо Монголын улс төр, эдийн засагт тавьсан “онош” нь данхар төр, төсвийн алдагдал байв. “Дандаа хааз гишгээд байвал эргэлт байна, тойруу байна, донсолгоо байна. Машин онхолдоно” гэх энгийн логик дүрмээр тэр ажиллаж, Засгийн газрын 100 хоногийн үеэр Монгол Улсын валютын нөөцийг 5.7 тэрбум ам.долларт хүргэж түүхэн дээд хэмжээнд хүргэснээ мэдэгдсэн. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохдоо төсвийн орлого 2025 онд 3.3 их наяд төгрөгөөр тасрах бодит эрсдэл бүхий улс орныг хүлээж авсан. Инфляци 15 хувь, валютийн ханш 4000 төгрөгт хүрч “Алдагдал, бас дахин алдагдал” гэсэн анхааруулга бүхий эдийн засагтай Монгол орон түүнийг угтсан. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар галыг өөртөө авч, үе үеийн Засгийн газруудаас дөрөвхөн сарын дотор хамгийн их эрсдэл үүрсэн Засгийн газраар тодроод байна. Хүний биш, өөрийн намынхан нь хаалга үүдийг нь балбаж, “Огцруулна” гэсэн кнопчидтой Үндсэн хуулиар мэтгэлцэж, авлига, нүүрсний хулгайн эсрэг тоон мэдээлэл бүхий улс төр хийж буй улстөрч нь Г.Занданшатар. Тоо бол факт. Тиймээс түүний байнга хэлдэг үг нь “Тоо худлаа хэлдэггүй”. Харин одоо тэрбээр нууцад авсан нүүрсний хулгайн гэрээнүүдийг ил болгож, ард иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, “Нууц” гэсэн тамгатай бүхнийг илчилж түгжээ тайлах улс төр хийж байна. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт нүүрсний 586 нууц гэрээнээс 581-ийг нь ил болголоо. “Жоомнууд гэрэл асаахаар...” гэдэг шиг дахиад л бужигнаан, улс төрийн ноцолт түүний танхим руу ширүүсэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2010-2025 онд нүүрс худалдах, худалдан авах нийт 581 нууц гэрээг ил болгоно гэдэг Г.Занданшатар болон түүний Засгийн газар асар том галыг өөртөө дуудахын нэр. Харин үлдсэн таван гэрээ нь Г.Занданшатарын дипломат улс төрийн нэг хэсэг болно.
Г.Занданшатартай ням гараг өчигдөр (2025.11.09) тохиолоо. Сошиал зар түгмэгц ард иргэд оройн 18:00 цагийг хүлээв. Хэвлэлийн хурал яг цагтаа! Ерөнхий сайд Г.Занданшатар танхимынхаа бүх сайдтай зэрэгцэж суугаад “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ олон нийтэд танилцууллаа. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр анх томилогдохдоо “Би үнэн байна” гэж мэдэгдсэн. Хөшигний ардаас нийгмийн оюун санаа руу бохир мессэж шидэж, элдэв талцал хуваагдал үүсгэдэг байсан өнгөрсөн таван жилд цэг тавьж байгаагаа товчхон илэрхийлсэн хэрэг. Тиймээс хэвлэлийн бага хурлынхаа тухай мэдээг “Ард түмэндээ хандаж... Олон нийтэд...” гэж тодотгодог. Хувь улстөрч нь зөөлөн, ардач, алсын зайн нүүдлийг асар их бодож, тайван хийдэг ч Г.Занданшатар улс төрийн тавцнаа хурц харизматай, урьдчилж таамаглахад хэцүү нүүдэл хийдэг. Г.Занданшатарын Засгийн газрын таван жилийн үндсэн чиглэл тийш анхаарал хандуулсан олон нийтийн өмнө тэрбээр өнгө, мөнгөөр зодсон гоё тайзан дээр гарч ирсэнгүй. Сүржин уриатай, гоё ая дэвссэн ПР ч хийсэнгүй. Өмнөх Ерөнхий сайд шиг өөрийгөө рекламдуулах гэж CNN, BBC-ийн хөтлөгчдийг өндөр үнээр урьж авчирсангүй. Сошиалынхны сайн мэддэгчлэн хэвлэлийн хурлынхаа мэдээг сэвүүлэх гэж төлбөрт арми, инфлүүзэрүүдийг хөлсөлсөнгүй. Энгийн, прагматик түвшинд сэтгүүлчидтэй ширээний ард сууж асуултад нь хариуллаа. Мартагдсан дүр зураг! Улсын Ерөнхий сайд нь олон нийтийн өмнө сайд нартайгаа гарч ирэн сэтгүүлчдийн асуултад хариулж, Монголын нийгэм, эдийн засгийн бодит байдлыг үнэнээр нь хэлдэг үзэгдэл өнгөрсөн хугацаанд мартагдсан байсныг Ерөнхий сайд Г.Занданшатар ийнхүү нэн шинээр сэргээлээ.
“Ерөнхий сайд Г.Занданшатар болон түүний Засгийн газар иргэн миний итгэлийг яаж сэргээх вэ”… Г.Занданшатартай ням гарагийн үдэш сошиал ертөнцөд зарим иргэн ийм сэтгэгдэл, пост бичсэн нь цөөнгүй. Өнгөрсөн таван жилд үндэсний эв нэгдэл суларч, нийгмийн оюун санаа талцал хуваагдалд живж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг үгүй хийж, ард иргэдийн төрд итгэх итгэл дээр “гишгэсэн”-ий гор ийнхүү гарч байна. Элдэв криминал цувралуудаар тархи угаалт хийдэг байсан нь нийгмийн ой санамжид хар сүүдэр тусгасан хэвээр байгааг өчигдөр оройн сошиал уур амьсгал илтгэнэ. Ерөнхий сайд Г.Занданшатар болон түүний багийнхан ч үүнийг соргог мэдэрч, үндсэн чиглэлээ боловсруулжээ. Тодруулбал, “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийнхээ хоёрдугаарт нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрэмбэлсэн байна. Г.Занданшатар бол эдийн засагч. Тэр уран үгсээр хачирласан популизм хийдэггүй, дандаа судалгаанд тулгуурлаж ажилладаг. Хэлдэг үг нь тоо, хийдэг мэдээлэл нь дан тоо. Түүний ажлын ширээн дээр хүний, өөрийн улстөрчдийг намнах муухай сценари байдаггүйг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Тиймээс Монголыг хөгжүүлэх үндсэн чиглэлээ:
-Хүний хөгжил
-Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл
-Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил
-Байгаль орчин, ногоон эдийн засаг
-Засаглал, дижитал шилжилт
-Бүсийн хөгжил
-Үндэсний өрсөлдөх чадвар
-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан гэж тодорхойлжээ. Мэдээж хэрэг, шатарчин, эдийн засагч Г.Занданшатар Монголын хөгжлийн ирэх таван жилийн зургийг өөрийнхөө харандаагаар багийнхантайгаа хамт зурсан байж таарна. Үндсэн чиглэлээ танилцуулахдаа “Эрдэмтэд, судлаачидтай хамтран ажилласан” гэж онцолсон.
“Авлигатай тэмцэхгүй бол улс орон маань сүйрнэ”... Ерөнхий сайд Г.Занданшатар улс төрийн идеологио маш тодорхой илэрхийлсэн нь энэ. Түүний хувьд, данхар төрийг цомхотгож, төрийн ч, төсвийн ч хэмнэлт хийнэ гэдэг нь төрд шургалсан мэдлэг, туршлагагүй цүнхчид, намчид, шахааныхантай дайн зарласан гэсэн үг. Түүний танхимын өнгөрсөн гурван сарын статистикаас харвал, 29 үндэсний хороог татан буулгаж, 168 дарга ангийг цомхотгож, агентлагийн удирдлагын баг гэх 54 албан тушаалыг үгүй болгож, яамдын газар, хэлтсүүдийн тоог 81-ээр цөөлжээ. Танхимаа бүрдүүлснийхээ дараахан хар тамхитай дайн зарласан Г.Занданшатар Монголын төрийг хэрсэн намчдын сүлжээ бүхий дарга ангитай тэмцсэний үр дүн нь эдгээр тоон мэдээлэл юм. Намчид, цүнхчидээс бүрдсэн дарга ангитай тэмцэнэ гэдэг хүний, өөрийн намынхны ашиг сонирхлыг хөндсөн болно. Ашиг сонирхол нь хөндөгдсөн улстөрчид Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар руу ноцох нь тодорхой. Дарга ангитай хийж буй тэмцэл дээр нүүрсний хулгай, авлигын эсрэг дайн зарласан Г.Занданшатарын байнга хэлдэг бас нэгэн үг нь “Эвлэрэхгүй, зогсохгүй”. Ерөнхий сайдын ширээний араас хувь улстөрчийнхөө карьераар дэнчин тавьж, Монгол төрд итгэх иргэдийн итгэл сэргээж, алдагдсан боломжийг эргүүлэн авчрахын төлөө Г.Занданшатар улс төрийн шатар нүүж байна. УИХ-д шургалсан кнопчид улсын төсвийг барьцаалж, сошиал масс руу чиглэсэн тархи угаалтаа үргэлжлүүлж буй энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх таван жилд 413 мянган хүнийг ядуурлаас гаргахаа зарлалаа. Үйлдвэрлэл, ажлын байр, үйлдвэрлэл, төсвийн орлого, үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт... Харин үүний нөгөө талд нүүрсний хулгай, авлигатай тэмцэж, авлигачдын хумсалж, хулгайлдаг хэдэн их наяд төгрөгийг ард иргэдийн цалин, тэтгэвэрт нэмэрлэх бодлого Г.Занданшатарын Засгийн газрынх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулсан тэрбээр Цэгцрэх хөдөлгөөний автор. Г.Занданшатартай ням гарагийн 18:00 цагаас тоолуур ажиллаж эхэллээ. Ерөнхий сайд ба сайд нарын хэвлэлийн хурлын үеэрх тоон мэдээллүүдээр амьсгалсан ажлын шинэ долоо хоног эхэллээ. Энэ долоо хоногт Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ батлах хуульд заасан сүүлийн хугацаа!
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.03-11.07.gif)

Сэтгэгдэл бичих