МАН-ын Их хурал энэ сарын 15, 16-нд болж, намын дүрмээ шинэчилж, даргаа сонгоно. 2200 гаруй төлөөлөгч ирж хуралдах намын Их хурлыг Буянт-Ухаа дахь "Steppe Arena"-д хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Тэгвэл Бага хурлаараа намын даргад өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр намын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг ч намын даргад өрсөлдүүлэхгүй гэж шахалт үзүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Тиймээс Д.Амарбаясгалан ч намын Их хурлаас өмнө намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэх бололтой.
Удирдах зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар ярилцлагадаа "Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарыг хоёуланг нь нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн" хэмээн ярьсан. Үүний дагуу Бага хуралд намын даргад өрсөлдөж, намаа, бүлгээ, Засгийн газраа хуваасан Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар намын даргад өрсөлдөхгүй.
Тэгвэл хэнийг намын дарга болгох вэ гэдэг асуудал МАН-д тулгараад байгаа. Их хурал болоход хоёр, гуравхан хоног үлдсэн ч намын дарга дээрээ тохироогүй, тогтоогүй байна. Харин намын дарга болох хүсэлтэй хүн бол олон бий. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Засгийн газар талаас Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байгаа бол УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан талаас хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын нэр яригдаж байгаа аж. Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралд намын дарга болох амбиц байгаа ч хэтэрхий залуу байгаа учраас 100 хувь дэмжлэг авахгүй байгаа гэсэн мэдээлэл байсан ч өчигдөр шөнө Бодлогын зөвлөл хуралдаж Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлэхээр ярьсан гэсэн мэдээлэл бий.
Харин Г.Занданшатар талынхан хотын дарга Х.Нямбаатарыг намын даргад өрсөлдөхөөс айж байгаа гэх. Учир нь нийслэлийн намын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа ямар улстөрчөө харуулж чадсан, нийслэлийг ч чамгүй сайн удирдаж яваа Х.Нямбаатар намынхныхаа дэмжлэгийг авч намын дарга болгох магадлал бусдаасаа өндөр. Тиймээс Д.Амарбаясгалан талынхан намын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшинэ гэдэг мэдээллийг цацахгүй байх хүсэлтэй байгаа гэх.
МАН нэгэнт хоёр хуваагдсан энэ үед эвлэрэх орон зай байхгүй. Харин хоёр тал тохиролцож, албан тушаалуудаа хувааж аваад цааш явах зам бий. Хэрвээ Засгийн газар талынхан нөгөө талынхаа эрх ашгийг хангахгүй, намаа, засгаа, УИХ-аа булаагаад цааш явбал Засгийн газрын нас тэр хэрээр богиносно. Өнөөдөр өөрсдийнх нь талд байгаа Ардчилсан намынхан маргааш нөгөө талынхантай нь нэгдэж кнопдоод л Засгийн газрыг огцруулна. Энэ бол цаг хугацааны л асуудал. Тиймээс Ардчилсан намынхантай бус өөрийн намынхтай тохирох нь Засгийн газар урт настай байхад хэрэгтэй.
Хэрвээ намын даргаа Г.Занданшатар талынхан авбал УИХ-ын дарга, дэд даргаа Д.Амарбаясгалан талаас томилох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа аж. Мөн Их хурлаар намын Хяналтын хороо, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн томилгоог хийх бөгөөд эдгээр бүрэлдэхүүнийг ч хоёр тал ижил тэнцүү оролцоотой бүрдүүлэх ёстой. Мөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, хотын даргын асуудлыг ч хөндөх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Гэхдээ өнөөдрийг хүртэл хоёр тал тохирсон зүйл байхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Мөн Их хурлаас өмнө Удирдах зөвлөл хуралдаж намын даргад нэр дэвшүүлэх нэг хүний нэрийг Их хуралдаа оруулаад явах ёстой. Үүнийг ч намын гишүүд нь хүлээж байгаа аж. Гэхдээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараас Их хурлаас өмнө УЗ хуралдах уу хэмээн тодруулахад "Удирдах зөвлөлөөр ордоггүй юм" гэсэн хариултыг өгсөн.
Ямартаа ч Их хурлаараа хоёр сар гаруйн хэрүүлд цэг тавьж, намын даргаа эцсийн байдлаар сонгоно. Гэхдээ хоёр талын эрх ашиг хангагдахгүй, нэг тал нь хүч хэрэглээд бүх албан тушаалын томилгоог хийгээд явбал Засгийн газрын нас л богиносно.
Эх сурвалж: Лхагважаргал ОДОНЧИМЭГ itoim.mn
Сэтгэгдэл бичих