УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 2026 оны төсөв нэг намын биш харин Монгол Улсын төсөв боллоо


11-р сарын 12
19 цаг 13 минут

      Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиудыг баталсантай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй, АНУ-ын татварын бодлого, геополитикийн ээдрээтэй байдал, дайн үргэлжилж, өмнөд хөршийн эдийн засаг саарч, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш буурсан үед Монгол Улсын нэгдсэн төсвийг баталлаа.

Манай улсын эдийн засгийн гол түүхий эд болох нүүрсний үнэ 100 орчим хувиар огцом буурч, газар тариалангийн салбарт ургац 40 хувиар алдсан, инфляцыг өдөөгч гол хүчин болох шатахууны нийлүүлэлт тасалдаж, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаа хүндэрсэн энэ үед иргэдийн олонхын санал авсан эрх баригч нам хоёр хуваагдан талцсан нь төсөв батлах ажилд багагүй саад учруулсныг дурдахгүй өнгөрч боломгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 25.7-д заасан төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсөв батлах үндсэн үүргээ биелүүлсэн Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

Ирэх жилийн төсвийн хувьд төсвийн зарлага жилээс жилд огцом тэлдэг байдлыг таслан зогсоож, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2.0 хувиас хэтрүүлээгүй нь онцлог байна. Мөн нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдсэн нь мөн онцлог байлаа. Гэвч хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдээ хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн бодлого үгүйлэгдэж байгааг Засгийн газар цаашид анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой гэдгийг олон жил ярилаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гарсангүй. Улсын Их Хурлын тэс өөр хоёр бодлого мэт үзэж, тус тусад нь баталж ирсэн. Төсөв тэлэх тусам Монголбанкны бодлогын хүү чангардаг, бодлогын хүү чангарах нь арилжааны зээлийн хүү өсөх дохио болдог учир банкнууд өндөр хүүтэй, эрсдэл өндөртэй зээл гаргахын оронд өндөр өгөөжтэй, Төв банкны үнэт цаас худалдан авахыг чухалчилдаг. Иймээс аж ахуйн нэгжүүдэд арилжааны зээлийн олдоц эрс хумигддаг юм. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс өөр сонголтгүй болгодог тул ирэх жилийн төсвийг мөнгөний бодлоготой уялдуулж оруулж ирэх ёстой.

Төсвийн нийт орлогын 27.0 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Уул уурхайн салбараас 2022 онд 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол энэ үзүүлэлт 9.3 их наяд болон тэлжээ. Энэ нь бидний ам нээх бүрдээ өгч ирсэн эдийн засгаа солонгоруулах тухай амлалт амьдрал дээр эдийн засаг, уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого, төсвөөр дамжин хэрэгжиж байгааг харуулах үзүүлэлт юм. Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн бодлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх, эсвэл гадаад өрийн хэмжээгээ нэмүүлэхэд зориулдаг бодлого ирэх жилийн төсөвт тусгалаа олох учиртай.

2022 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2.0 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо хийж байсан бол ирэх жил 6.5 их наяд төгрөг хүрч хүрч, гурав дахин нэмэгдэж байна. Хувь хүний орлогын татвар 2022 онд 1.2 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 2.5 дахин өсөхөөр тооцсон байна. Төсвийн орлогын 90 хүртэлх хувиа татвараар бүрдүүлж ирлээ. Эндээс аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарч болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумьж байна. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь ирэх онд олон мянган бизнес эрхлэгчдэд хүндээр тусахаар байгааг анхаарч аж ахуйн нэгжийн татвартай холбоотой шинэчлэл, хуулийн төслүүдээ яаравчлан Улсын Их Хуралд оруулж, ажил хэрэгч хандахыг Улсын Их Хурлын гишүүдээсээ хүсэж байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим алдагдах учиргүй. Хөрөнгө оруулалтын нийт арга хэмжээний ихэнх нь цааш цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байна. Үндсэн хуульдаа Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах баталгаатай эрх эдэлнэ гэж маш тодорхой заасан. Энэ нь манай улсын иргэд хорт хавдрын хэд хэдэн төрлийн өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж буй үзүүлэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил Засгийн газрын тэргүүн зорилт болох ёстой.

Жил бүр олон зуун сая ам.долларын эрчим хүч импортолж байна. Бид энэхүү үрэлгэн байдалдаа цэг тавьж, эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарах цаг ирсэн. Иймд хөрөнгө оруулалтын бодлогоо эрс шинэчилж, урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн салбарт нийт хөрөнгө оруулалтын ихэнх хувийг төлөвлөхийг Засгийн газарт уриалж байна.

Төсөв эдийн засгаа төрөлжүүлж, илүү тогтвортой, уян хатан эдийн засгийг дунд хугацаанд бүрдүүлэх зорилготой байх ёстой төсөв бол төр оршин тогтнож буй гэдгийг тунхагладаг бодлогын чухал баримт бичиг юм. Ийм учраас гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоодын улс төржилт савнаасаа хальсан ярвигтай энэ үед төсвийн бодлогын баримт бичгийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах нь миний үүрэг гэдгийг бол улам ухамсарлаж ажиллалаа. Учир нь улс төрийн хамгийн чухал асуудлын нэг бол олон нийтийн төрд итгэх итгэл юм. Эдийн засгийн тодорхойгүй байдал, хямралын үед бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл зайлшгүй чухал. Итгэл байхгүй бол бодлогын үр нөлөө суларч, эдийн засгийн хямрал гүнзгийрдэг гэдгийг ухамсарлаж ажиллахыг нийт гишүүдээсээ бас дахин хүсье.

Төсөв бол ялсан намыг санхүүжүүлэх хэрэгсэл ердөө биш. Энэ утгаараа 2026 оны төсөв нэг намын биш харин Монгол Улсын төсөв боллоо гэж дүгнэж байна. Төсөв бол улс орныг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийг удирдах бодлогын баримт бичиг гэдгийг гишүүддээ дахин сануулъя.

Анхаарал тавьсанд баярлалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 2026 оны төсөв нэг намын биш харин Монгол Улсын төсөв боллоо1 цаг 37 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа1 цаг 40 минутын өмнө2026 оны улсын төсвийг УИХ баталлаа1 цаг 45 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ4 цаг 51 минутын өмнөД.Амарбаясгалан: МАН-ын даргын албан тушаалд МАН-ын их хурлаар нэр дэвшихгүй5 цаг 52 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 58 минутын өмнөД.Даваанямыг УБЕГ-ын даргаар томиллоо6 цаг 19 минутын өмнөБ.Баатарын захиалгаар Засгийн газрын эсрэг контент хийсэн гэх иргэн Э-г яллагдагчаар татжээ6 цаг 52 минутын өмнөАзийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав6 цаг 55 минутын өмнөТөмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав8 цаг 20 минутын өмнө“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна8 цаг 31 минутын өмнөСтратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина8 цаг 35 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттайгаар нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав8 цаг 38 минутын өмнөАлбаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно8 цаг 41 минутын өмнөХууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж байна8 цаг 45 минутын өмнөЗ.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөллөө9 цаг 29 минутын өмнөТөрийн банк “Банкир 2025” волейболын тэмцээний цомын эзэн боллоо11 сар 12. 10:09Цахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг11 сар 12. 9:56“Эрүүл мэндийн даатгалын газрыг яамны харьяанаас яаралтай гаргах хэрэгтэй”11 сар 12. 9:47“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа11 сар 12. 9:34МАН-ын даргад өрсөлдөх хувилбарууд11 сар 12. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 12. 8:59Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 18:59Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эвлэрэхгүй, төрийн ажлыг хийж гацаахгүйн тулд МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна11 сар 11. 17:38Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа11 сар 11. 15:21“Ээжийгээ санах болгонд сайхан сэтгэл ирдэг гэж би боддог”11 сар 11. 15:14Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ11 сар 11. 10:48Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 11. 9:53АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 11. 9:45“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 11. 9:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.