Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлуудыг дараалан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай хэлэлцүүлгээс авсан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын таван хоногийн завсарлага дууссан тул тус бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлын цаана хууль хоорондын нийцлийг хангах, Монгол Улсын Үндсэн хуультай бусад хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг системийн ажлууд хүлээгдэж байгааг онцлоод, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлууд нээлттэй байгаа гэж үзэж буй зарчмын байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг мэдэгдлээ.
Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад хариуцлага хүлээлгэж Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.
Үүний дараа Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн, парламентад ажилласан байдал, боловсрол мэдлэг туршлага зэргийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлж буйг өгүүлээд, түүний товч намтрыг дурдсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 1965 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд хууёнаар Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, автын инженер, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын даргаар, 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллажээ. Ж.Бат-Эрдэнэ 2016, 2020 онд Булган аймгийн, 2024 онд Хойд бүсийн иргэдийн итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон бөгөөд 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар, 2024-2025 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны зургадугаар сараас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажилласан туршлагатай юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ намын бүлгийнхээ гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.0 хувь нь дэмжсэнээр “Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тогтоолыг уншиж танилцуулан, шинээр сонгогдсон дэд даргыг суудалд нь урив.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргаар сонгосонтой холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, энэ хооронд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.
Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэж, ил санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд үг хэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйлийг сорьсон өдрүүд өнгөрч буйг сануулан, Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдож, улмаар хууль тогтоох байгууллагыг тодорхой хугацаанд тэргүүлэхээр болж буй Ж.Бат-Эрдэнэ гишүүнд хандан парламентын нэр хүнд, хууль тогтоогчдын ёс зүйг өндөржүүлж, ард иргэдийн итгэл, засгийн эрх барих эрхийг хангаж, парламентат ёсны дархлааг хамгаалахыг захив.
“Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” тогтоолын төслийг баталъя гэсэн Төрийн байгуулаллтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 79.0 хувь нь дэмжлээ. Тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүрэг гүйцэтгэж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд даалгасан байна.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулгыг сонслоо. Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулгадаа Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн Монгол Улсын Шадар сайдаар томилох шийдвэр гаргаснаа дурдав. Энэхүү шийдвэрээ тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр танилцуулж, зөвшилцсөн байна. Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, гамшгаас хамгаалах, онцгой байдал, стандартчилал, хэмжил зүйн асуудлууд болон олон улсын Засгийн газар хоорондын комиссын Монгол Улсын Шадар сайд эрхлэн хариуцна гэдгийг тэрбээр танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн намтрыг товч танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд нэр дэвшиж байгаатайгаа холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны даргын үүрэг ажлаа Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулах тухай албан бичиг ирүүлснийг чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, Л.Энхнасан, Дав.Цогтбаатар, Ц.Туваан нар Засгийн газрын тэргүүн болон Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгйин ахлагчаар ажиллахдаа Х.Ганхуяг холбогдох хууль болон дэг зөрчиж ажилласныг анхааруулаад, Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихгүй бол ирэх оны төсөвт тодотгол хийх шаардлага зайлшгүй үүснэ гэдгийг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан салбарын яамд хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх байтал аж ахуйн ажил хийдэг болсныг шүүмжлээд, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд анхаардаг Шадар сайд байхыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх үзэл баримтлалын хэрэгжилтэд анхаарал хандуулахыг хүсэж, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд бараа бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах сав барих шаардлага байгааг санууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар өмнөх Шадар сайд нар мэргэжлийн түвшинд ажилласныг талархан дурдаад, онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын харилцааны холбооны дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ирэх жилийн улсын төсөв батлагдсантай холбогдуулан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хангамж, нийгмийн асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн гамшгаас хамгаалах, онцгой байдлын албаны алба хаагчдыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, ган гачиг болсноос тариаланчид ургац алдсан нь аргагүй нөхцөл байдал болохыг тогтоож, зохих хэмжээнд нөхөн төлбөр олгодог байх асуудалд анхаарч өгөөрэй гэсэн юм. Мөн бүсчилсэн хөгжлийг бодлогыг урагшлуулах шаардлага байгааг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен өвөлжилтийн бэлтгэлийг хангах, мал аж ахуйн өвс тэжээлийг бэлтгэх, хилийн боомтын эдийн засгийн чөлөөт бүсүүд, шатах, тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, өмнө үг хэлсэн гишүүдийн адил онцгой байдлын албаны техник, хангамжийг асуудлыг дахин давтан анхаарууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зураг төслийг боловсруулах ажил, хөрөнгө оруулалтыг ирэх 2026 оноос хийж эхэлнэ гэдгийг хэлж, цаашид хөгжлийг гол бодлого болгон хэрэгжүүлэхээр аргагүйг тайлбарлав.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг томилох тухай захирамжийг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар уншиж сонсгов. Ийнхүү Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын гишүүний тангараг өргөж үүрэгт ажилдаа орлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа.gif)

Сэтгэгдэл бичих