О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн


11-р сарын 18
9 цаг 57 минут

      “Ноорог”-ийг үүсгэн байгуулагч О.Уламсайхантай хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт нь ярилцсан юм.

-Таны бие ямархуу байна?

-Биеийн байдал одоо гайгүй болж байгаа. Өчигдөр цээжнээс залгуулсан байсан гуурсаа авахуулсан. Бэртэл нь ерөнхийдөө гаран дээрээ зүсүүлсэн. Суганы доогуур, уушгинаас наагуур хутгалсан байна лээ. Хурдан эдгээд эмнэлгээсээ удахгүй гарах байх. Дараагийн шатны эмнэлэгт хэвтэх, эсвэл гэртээ эмчлүүлэх болов уу.

-Өнгөрсөн долоо хоногийн даваагаас мягмар гарагт шилжих шөнө энэ хэрэг гарсан гэж ойлгосон. Яагаад гэнэтийн халдлагад өртчихөв өө. Хамт явсан хүмүүс чинь байсан уу. Эсвэл хөндлөнгийн хүнтэй муудалцсан юм уу?

-Найзуудтайгаа муудалцаад ч гэдэг юм уу, эсвэл хамт жагсаж байсан хүмүүсээс нь ч гэдэг юм уу зөндөө худал мэдээлэл явсан. Тийм зүйл ерөөсөө болоогүй. “Нэгүүн”-ийхэн байсан бил үү дээ, бичлэг тараасан байх шиг байсан. Орцонд, лифтэнд таарчихаад “Чи нөгөө жагсаал хийдэг бацаан мөн байна шүү дээ. Чамаас болж хэчнээн олон хүн амь амьдралаараа хохирсныг мэдэж байна уу. Танайх хэдэн давхар юм бэ” гэхэд нь би “Хэлэхгүй. Өөрөө түрүүлээд буу” л гэсэн. Тэгээд буухдаа “Чи буугаад ир дээ” гээд л орцонд муудалцсан. Тэгээд орцонд шуугиан гарахаар гэр бүлийн хүн нь хаалгаа онгойлгосон. Түлхэж оруулж өгөөд, хаалгыг нь хаагаад шатаар бууж явсан чинь араас хутга бариад ирсэн. Би “Дараа нь тэр хүнтэй ганцаараа таарвал юу болох вэ” гэдгээс сэргийлж, хэдэн давхарт амьдардгаа мэдэгдүүлэхгүй гэж бодоод лифтэнд давхрын товчоо дараагүй юм.

-Та нар хамт явсан хүмүүс биш юм байна?

-Тийм зүйл огт байхгүй. Тэнд гэр лүү нь орсон, халдсан зүйл ч байхгүй. Орцонд таарсан. Танихгүй, 38 настай Д-ийн гэрт бид яах гэж орох юм бэ. Эсвэл Д-ийн эхнэртэй юугаа хийх юм бэ. Тэр бүгд чинь утгагүй асуудал байхгүй юу. Бас нэг ийм зүйл байх шиг байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд түргэн шуурхай байх гээд, эсвэл надад, үгүй бол тэр хүнд тусалъя гэдэг юм уу, аль нь ч байсан хамаа алга. Гэхдээ энэ чинь хувь хүмүүсийн хооронд болж байгаа үйл явдал. Би анхнаас нь л хэлсэн. Ямар нэгэн улс төрийн захиалгатай ч юм уу, эсвэл улстөржүүлэх хүсэлгүй байна гэдгээ, улс төрийн ямар нэгэн зорилго байгаа, эсэхийг ч мэдэхгүй гэдгээ хэлсэн. Үндсэн асуудал нь тэр хүн надад уурласан, өдөөн хатгаж, маргааныг эхлүүлсэн шалтгаан нь л тийм зүйл байсан. Түүнээс биш бусдаар бол янз бүрийн зүйл байхгүй. Хүмүүс өөрсдөө үүнийг янз бүрийн байдлаар хоёр талаас нь дэвэргэж, гэмт хэргийн материалыг урьдчилан дэлгээд л.

-Миний ойлгосноор бол энэ хэрэг тэр хүний байранд гарчээ. Танай байр биш юм байна?

-Манай байр гэсэн үг. Бид хоёр нэг байрны, нэг орцны хүмүүс гэсэн үг. Би өөр давхарт амьдардаг. Гэхдээ тэр хүнд аль давхарт амьдардаг вэ гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд лифтээ дараагүй байхгүй юу. Тэр хүн “Хэдэн давхар вэ” гэж асуухаар нь “Өө, би дарахгүй ээ. Өөрөө түрүүлээд буу” л гэсэн юм.

-Улстөржүүлээд, С.Зориг агсантай өөрийгөө зүйрлэлээ ч гэдэг юм уу, иймэрхүү дургүйцлээ илэрхийлсэн пост цахим орчинд бас харагдсан. Та өөрөө бол ингэж хэлээгүй л юм шиг байна. Үүнийг хэн гаргаад байна вэ?

-Би юу гэж тэгж ярих вэ. Янз бүрийн байдлаар би өөрийгөө мундаг гэх бодол байхгүй шүү дээ. Нэмээд хэлэхэд, хохирогч нь би байхад л миний буруу юм шиг баахан коммент явсан. Ийм нөхцөл байдал чинь өөр ямар ч гэмт хэрэг дээр адилхан тохиолдож болохгүй шүү дээ. Цаашлаад одоогоор шүүхээр ороогүй, сэжигтэн байгаа хүний бичлэгийг ч зарим нь ил гаргачихаж байгаа байхгүй юу. Мэдээлэл өгч байгаа газрууд аль алинд нь туслахгүй байгаа юм. Тухайн хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй асуудлаар хандалт хөөгөөд ч байгаа юм уу. Түүнээс биш хутгалуулж байгаа хүн түүгээрээ дамжуулж ямар нэг ашиг хөөе гэж бодохгүй шүү дээ. Аль болох нэмж хохирохгүй байя гэдэг л бодолтой байна.

-Магадгүй, та олны анхааралд өртсөн хүн учраас ингэж байж магадгүй. Гэхдээ ингээд өдөөн турхирхаад байх чинь хэцүү шүү дээ?

-Иймэрхүү зүйл жагсаалаас хойш хэд хэдэн удаа давтагдаж байгаа. Гэхдээ би анх удаагаа л залуу хүн ингэж байхыг харж байна. Мэдээж, хөгшин настай хүмүүс ч юм уу, бүх насаараа МАН-д хүчин зүтгэчихсэн хүмүүс уурлах тохиолдол байдаг. Залуучууд бол “Баярлалаа” гэж талархал, эерэг сэтгэл илэрхийлэх нь олон. Би анх удаагаа л лифтэнд таарсан залуу хүн уурлахааргүй зүйлээс болж уурлахыг харж байна. Юу гэх вэ, сонирхолтой л юм. Гэхдээ хэцүү байна.

-О.Уламсайхан гэдэг залууг өмнө нь хэн ч таньдаггүй, мэддэггүй, сонирхдоггүй байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл жагсаалаас үүдэлтэйгээр, “Ноорог”-ийн Улмаа, жагсагч Улмаа болчихлоо, бүр найз охиноо амиа хорлоход хүргэсэн ч гэдэг юм уу маш олон дайралт ирж байна шүү дээ?

-Жагсаал, мөн гуравдугаар сард болсон баривчилгааны дараа бидний тухай бараг хүн болгонд хүрэхээр масс мэдээллийн хэрэгслүүдээр яваад эхэлчихэж байгаа юм. Өмнө нь бид “Ноорог”-ийн контентоо хийгээд л явдаг байсан. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, эсвэл жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлснийхээ төлөө, түүнээс хойш сэтгэл зүй, нэр хүнд, бие махбод, байгууллагын хамтын ажиллагаа, санхүү, хувь хүний амьдрал гээд бүх талаараа хохирч байгаа юм. Тэр баривчилгааны үеэр ч гэсэн бидний үйл ажиллагааг зогсоох, түүнээс хойш гэрээтэй ажилладаг байгууллагуудыг маань нэг, нэгээр нь дуудах зэргээр дарамт шахалт ирсэн. Бид чинь албан байгууллагуудтай л хамтарч ажиллана шүү дээ. Гэтэл тэдгээр байгууллагыг цагдаагийн байгууллагаас үргэжлүүлэн дуудаж шалгасан. Мэдээж, хүндрэлтэй байгаа. Тэгэхдээ яах вэ, би ямар уйлан дуугаралтай биш. Өөрөө хүсч хөдөлсөн юм чинь.

-Та ер нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг таних уу?

-Үгүй. Яаж мэдэх вэ.

-Жагсаал зохион байгуулсан шүү дээ?

-Яах вэ, Ерөнхий сайд гэдгээр нь л мэднэ. Иргэний хувьд ямар хугацаанд засагласан бэ гэдгийг нь мэдэж байгаа. Засаглах хугацаанд нь нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг мэдэж байгаа. Үүн дээр би маш олон пост, комментыг харсан л даа. Би өөрөө хэвлэл мэдээллийн контент бүтээдэг учраас ойлгоод уншчихаж байгаа юм. Ороод харахаар, 10 комментын 5-6 нь яалт ч үгүй найм, 19, 52 найзтай, зөвхөн бусад троллтойгоо найз, тэгээд профайлаа түгжчихсэн, тэр хүмүүс өөрсдөдөө таалагдах зохиолоо бичдэг. Тухайлбал, шууд гэрт нь дайрч ороод эхнэрийг нь зодоод байсан гэж байна шүү дээ. Эсвэл өө, наадах чинь найз охиноо алчихсан юм чинь наад хүнээ алж болно, гүйцээчихгүй яасан юм бэ. Далдага бацаан, амнаасаа болоо биз. Олны үг ортой ч гэдэг юм уу.

Энэ мэтчилэнгээр нарратив буюу зохиол босгоод байгаа юм. Жишээлбэл, эрүүл хүн бол итгэхгүй дээ, уг нь. Ээж маань 17-хон настайгаасаа хойш барилгын засал хийсэн. Аав маань зах дээр наймаа хийдэг байснаа одоо хувцас оёж зардаг. Ийм энгийн айлын 24-хөн настай залуу нэг дор, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг, тэгээд алуурчин, дээрээс нь MCS-ийн захиалгаар жагсаал хийдэг, тэгсэн хэрнээ 9.7 тэрбумтай. Ийм байх боломжтой юм уу. Тэгээд лифтэнд таарсан залуугийнхаа гэр лүү дайрч ордог балмад. Нэг тийм үлгэр зохиол ч гэсэн ёс суртахууны зааг байх ёстой биз дээ. Одоо яах вэ, ийм зааг байдаггүй л юм байна.

-Та үнэхээр MCS-ийн захиалгаар жагсаал зохион байгуулсан юм уу. Тэр үед Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ байсан учраас л тухайн жагсаалын бай болчихов уу. “Ноорог”-ийн залуус жагсаал зохион байгуулахдаа МСS-ээс санхүүжилт авсан уу?

-Нэгдүгээрт, “Ноорог”-оос жагсаалыг зохион байгуулаагүй. Иргэн О.Уламсайхан гэдэг хүн бусад хүний хамтаар зохион байгуулсан. Хоёрдугаарт, үнэхээр инээдтэй байна. MCS-ээс санхүүжээд жагсаал зохион байгуулчихсан бол би энд ингээд байж байхгүй байх. Гэтэл намайг худалдагдсан, мөнгөөр жагсаал зохион байгуулсан гэж итгээд, үзэн ядаад хутгалах хэмжээнд хүрсэн тэр ах бид хоёр хоёулаа нэг байрны, нэг орцонд байр түрээсэлж амьдардаг байх юм. Логик нь хаана байна вэ. Тэгээд дээрээс нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ үнэхээр л MCS-тэй тэмцэж байсан юм бол зургаан жилийн хугацаанд юу хийж байсан юм бэ. Жагсаалаас өмнө Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн MCS-тэй тэмцээд, янз бүрийн акц хийж байна гэж би л лав сонсоогүй. Зургаан жил засагласан хүн шүү дээ. Түүнээс ч өмнө эрх мэдэлтэй л байсан. Тэр хүн чинь жинхнээсээ төлбөртэй жагсаал ямар байдгийг, гэр бариад, тайз засаад хийж үзүүлсэн шүү дээ. Монголын хамгийн том компани жагсаал зохион байгуулвал түүнээс ч илүү, лаг юм хийх байлгүй дээ.

-Ингэхэд “Ноорог” албан ёсны мэдээллийн сайт юм уу, эсвэл хувийн жижиг студи юм уу?

-Үүний зааг нь их бүрхэг юм билээ. Мэдээж, бид хэд өөрсдийгөө анхнаасаа юу гэж тодорхойлсон бэ гэвэл нийгэмд нөлөө үзүүлэх, цахимаар үйл ажиллагаа явуулах хэвлэл мэдээллийн агентлаг болно гэж үзсэн. Гэхдээ бид уламжлалт мэдээллийн сайтуудыг бодвол мэдээ бага хийдэг. Үндсэн контент төвтэйгөөр явдаг юм. Өөрсдийнхөө хөндмөөр байгаа сэдвүүд дээрээ зорьж ажилладаг. Манай үзэгчид гэвэл жагсаал, баривчилгаанаас өмнө 100 мянга гаруй байсан. Тэд маань биднийг ямар баримт, агуулга, ямар тоо баримттайгаар юу хийдэг вэ гэдгийг мэднэ.

-Уламсайхан гэж хэн юм бэ. Та өөрийгөө тодорхойлоод хэлээч?

-Юу ч гэмээр юм бэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд их шуугиантай амьдарчихжээ. Жагсаал цуглаан зохион байгуулсан л гэнэ. Тэгээд баривчилгаа. Дээрээс нь уй гашуу ч тойрсонгүй. Одоо дахиад нэг үйл явдал нэмэгдчихлээ. Энэ бүгдийг туулж байна. Миний хувьд, би өөрийгөө контент студи ажиллуулдаг, тэр нь хажуудаа жижигхэн медиа сувагтай, энгийн нэг залуу л гэж бодоод байгаа юм. Ямартаа ч манай аав ээж С.Ганбаатар, Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал биш.

-Та улс төрийн ангид сурч байгаад төгсөлгүй орхичихсон юм билээ?

-Би МУИС-ийн улс төр судлалын ангид сурч байгаад гадагшаа сурна гээд хэлнийхээ оноог авчихаад түр орхичихсон. Нэгдүгээр курсээ төгсөөд хоёроосоо шинэ сургуулиа хайж байгаа. Тэгээд дандаа 5-6 технологийн компанид маркетингийн чиглэлээр ажилласан. Миний мэргэшил, ур чадвар гэвэл энэ.

-Та хэдийгээр технологийн компаниудад маркетингийн чиглэлээр ажилласан, мэргэшил маань гэж хэлж байгаа ч гэсэн улстөрч болох гараагаа эхэлж, замаа засчихсан хүн. Магадгүй, санаатай ч бай, санамсаргүй ч бай, өндрөө арай эрт, огцом авчихсан залуу юм болов уу гэж харж байна?

-Мэдэхгүй ээ. Сая, МАН-ын Их хурал боллоо шүү дээ. Шүлгийн тэмцээн ч юм шиг. Яах вэ, тэр хурлыг харж байхад, улс төрийн оролцоо гэдэг зүйлийг маш их ярьж байна лээ. Ялангуяа, залуу гишүүд нь. Байж болно. Гэхдээ хэдүүлээ улс төрийн оролцоо гэдгийг заавал намд элсэхгүйгээр, эсвэл энд тэнд аль нэг даргыг дагаж гүйлгүй, сайдын дор ажиллаж, зөвлөх хийж явахгүйгээр бас хийж болно. Яах вэ, бид хэд ийм байдлаар л ажилласан. Жишээлбэл, сонгуулийн үеэр ч гэсэн санал өгөхийг уриалсан, баримтат кино хийж, түүнийгээ баримтжуулалт хийж авсан. Ингээд жагсаал цуглаан гээд нийгэмд болохгүй байгаа асуудлууд дээр дор бүр нь л дуугарсан. Жагсаал цуглаан, баривчилгаа, хутгалуулахаас өмнөх манай бичлэгүүдийг дахиад нэг гүйлгээд үзсэн ч болно шүү дээ.

-Таныг найз охиноо амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн хэмээн цахим орчинд бичсэн байсан. Уучлаарай, энэ асуулт мэдээж, маш ихээр шархыг чинь хөндөж байгаа. Гэхдээ нэгэнт ярилцлага хийснийх бас асуухгүй үлдээж болохгүй нь. Тухайн үед юу болоод өнгөрсөн юм бол доо?

-Үүний талаар би дэлгэрэнгүй яримааргүй байна. Яагаад гэвэл, энэ хэргийг ярих ёстой субьект нь, ярих хүн нь би ганцаараа биш. Охиныхоо ардаас гашуудсаар байгаа аав ээж, эгч, дүү бий. Хүмүүсийн харлуулж, ямар аймшигтай пи-ар хийхийг би талбай дээр жагсаал хийгээд сууж байхдаа ойлгосон л доо. Манай найз охин чинь эмэгтэй дүүтэй байхгүй юу. Тэгсэн чинь талбай дээр эрэгтэй дүү гаргаж ирээд “Миний эгчийг алсан алуурчин байгаа юм” гээд яриулчихаж байна шүү дээ. Зургийг нь минийг зурагтай хамт, постер хийгээд бариад гараад ирсэн. Би тайзны ард уйлаад л зогсож байлаа. Ёс суртахууны хэм хэмжээ гэдэг зүйл байх ёстой шүү дээ. Монголчуудад өөд болсон хүнээ хүндлэх хүндлэл гэж бас байдаг. Троллыг нь хийж байгаа тэр хүмүүст, ийм зүйл хийе гэж сэдэж байгаа хүмүүст ёс суртахууны хэм хэмжээ, зааг огт байдаггүй юм билээ. Хэрэв би алуурчин байсан бол, эсвэл хэн нэгнийг амиа хорлоход хүргэсэн бол ингээд яваад байж байхгүй л байх.

-Хэн дуртай нь юу ч гэж ярьж болдог, эсвэл хэн нэгнийг дураараа гүтгэж болдог юм шиг буруу хандлага, ойлголт ялангуяа цахим орчинд байна. Нийгэм дээр ч юу дуртайгаа баримтгүй ярьж, сэвдэг хэсэг бий болчихлоо шүү дээ?

-Улс төр хийх зорилгоор л нийгмийн сэтгэл зүйг харанхуйруулж, энэ их стрессийг дэвэргэж, хүчирхийлэл сурталчилдаг. Дандаа үзэн ядалтаар улс төр хийгээд байна уу даа гэж би хувьдаа бодож байна. Сайн улстөрч эв нэгдэлд хөтөлж, хүмүүсийг илүү үнэт зүйлээр нь нэгтгэнэ байх. Гэтэл одоо дэлхийн түүхэнд хамгийн муугаар тэмдэглэгдэж үлдсэн үзэн ядалтаар л улс төр хийж байгаа хүмүүс олон байх шиг байна. Тэгээд нэг их том хүчтэй тэмцэж байгаа баатар болж харагдахыг хичээгээд байх шиг байна уу даа л гэж харж байна.

-“Ноорог” одоо тогтвортой ажиллаж байна уу?

-Тогтвортой ажиллаж байгаа. Мэдээж, хүндрэлүүд бий. Жишээлбэл, бизнес хамтралууд багассан. Бид чинь бичлэгнийхээ дундуур реклам хийж байж л цалингаа тавьдаг шүү дээ. Гэтэл цагдаа дээр үүссэн асуудлаас болоод зар сурталчилгааны захиалга багассан. Энэ чинь тийм өөдтэй зүйл биш шүү дээ.

-Цагдаагаас шалгасан хэрэг юу болсон бэ. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гээд байх шиг байсан?

-Анхнаасаа над дээр мөрийтэй тоглоомын хэрэг үүсгээгүй шүү дээ. Ер нь тийм холбоотой хэрэг гэж байхгүй. Нөгөөдөх нь болохоор 13.14 гэж худал мэдээлэл тараасан гэдгээ хаахгүй байгаад байгаа юм. Тэгэхдээ биднийг бүтэн сарын турш шалгаж, бүх зүйлийг маань үзсэн. Тэр шалгах хугацаандаа юу ч олоогүй. Бүх компьютерийг маань аваад, устгасан файлуудыг маань хүртэл сэргээж үзээд гэмт хэргийн холбогдолтой юу ч олоогүй. Тэгсэн хэрнээ хаахгүй байгаад л байгаа.

-Гомдол гаргагч нь хэн билээ?

-Тогосоо гэгч хиймэл оюунаар бүтээсэн аккаунт фэйсбүүкийн чатаар гомдол бичиж гаргасан. Үүн дээр нь цагдаагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шуурхай арга хэмжээ аваад, бид хэдийг тэр шөнөдөө барьж, байцаасан. Тогосоо маань AI зурагтай, 52 найзтай.

-Ярилцлагынхаа төгсгөлд та юу гэж хэлмээр байна?

-Иргэд нь хоорондоо үзэн ядалцаад, алалцаад байдаг. Жинхэнэ хэргийн эзэн, эрх мэдэлтэй, шийдэл гаргах ёстой, магадгүй бидний хэлдгээр хулгайчид гэгдээд байгаа тэр хүмүүс нь хэсэг сайтыг хооронд нь зодолдуулж, мэдээ бичүүлчихээд, хоорондоо гар бариад, баяраа тэмдэглээд байвал бид л хохирсоор байх болно. Ямартаа ч би үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Үүнээс болж хохирч байна уу гэвэл бүгдээрээ л хохирч байгаа. Гэхдээ жагсаал, цуглаан хийвэл ингээд хохироод дуусдаг юм байна шүү гэдэг мессэжийг нийгэмд өгмөөргүй байна. Байцаагдаад, эсвэл гутаан доромжлогдоод, үгүй бол гүтгүүлнэ, магадгүй хутгалуулах юм байна, ийм юмнаас болоод үхчих вий дээ ч гэдэг юм уу буруу ойлголтыг нийгэмд өгмөөргүй байна.

Үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах чинь хүний хамгийн нандин, халдашгүй байх ёстой эрхийн нэг шүү дээ. Тиймээс би бол зүгээр. Бусад хүнийг ч гэсэн тэгж битгий айгаасай л гэж хэлмээр байна. Ямартаа ч янз бүрийн дайралт ирж магадгүй. Гэхдээ жагссан хүн болгоныг арай ингэхгүй байх.

Эх сурвалж: Г.ГАНЧИМЭГ dnn.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа59 минут 53 секундын өмнөУлсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна1 цаг 17 минутын өмнөО.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн1 цаг 24 минутын өмнөӨвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна1 цаг 39 минутын өмнөМонгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн2 цаг 24 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36Гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна11 сар 17. 11:25Японы өндөр албан тушаалтан Хятадад айлчилна11 сар 17. 10:53Энэ баасан гарагт бүх нийтээр амарна11 сар 17. 9:49МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо11 сар 17. 9:12УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.17-11.2011 сар 17. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан11 сар 17. 9:00Г.Занданшатар: 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш11 сар 15. 15:40Г.Занданшатар: “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна11 сар 15. 15:24Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ11 сар 15. 15:2017.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллахыг үүрэг болгов11 сар 14. 19:54Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа11 сар 14. 19:47Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа11 сар 14. 19:44Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ11 сар 14. 19:37УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа11 сар 14. 19:30“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ11 сар 14. 19:24“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 14. 13:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.