С.Чулуун: Чингис хааны үед дэлхийд байсан 2 давуу тал зөвхөн нүүдэлчдийн гарт байсан


11-р сарын 20
10 цаг 10 минут

                                                                                          -Монгол бахархлын өдөрт-

Монголын болон дэлхийн суут их хүмүүн эзэн богд Чингис хаанаар овоглосон үндэсний музейгээр хийх аяллыг энэ удаад сонирхуулъя. Ийнхүү онцлохын учир нь, одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 онд монголчуудын түүхэнд алтан үсгээр бичигдэх бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийсэн билээ. Энэ бол “Чингис хаан” үндэсний музей маань байсан. Ингээд тус музейн захирал, Монголын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, түүхч Сампилдондовын Чулуунтай хийх ярилцлагаа эхлүүлье.

- Эзэнт гүрний удирдагчдад зориулсан олон алдартай музей дэлхий дахинд бий. Эдгээрийн дундаас Чингис хаан Үндэсний музей юугаараа ялгарах вэ? Чингис хааны түүхэн нөлөөг бусад эзэнт гүрний удирдагчдынхтай харьцуулахад ямар сонирхолтой дүгнэлт хийж болох вэ?

-"Чингис хаан" Үндэсний музей байгуулах шийдвэрийг 6 жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргаж байлаа. Энэ бол Чингис хааны алдар сууг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, их соён гэгээрлийн ордонтой байх түүхэн шийдвэр байсан юм.

Дэлхий дахинд суу алдраа тунхаглан, түүхэнд ул мөрөө үлдээсэн хаад язгууртан олон бий. Гэхдээ Чингис хаан шиг хүн төрөлхтөнд хамгийн том нөлөө үзүүлсэн хаан бол цөөхөн. Ялангуяа, сүүлийн 1000 жилийн суут хүн бол Чингис хаан.

Хүн төрөлхтний төрт улсын хамгийн идэвхтэй цаг үеэс хойш 2000 жил болжээ. Үүний 1000 жилд нь их эзэн Чингис хааны алдар суу дор дуурьсагдан, дэлхий даяараа түүнийг хүндэтгэж байна.

Их хаад ялгууртны музей хоёр янз байдаг л даа. Нэг нь агуу их хаад язгууртнуудын өөрийнх нь сууж байсан ордонг музей болгосон байдаг. Нөгөөх нь хаад язгууртны эд өлгийн зүйлс, тэдгээрийн дурсгалыг хүндэтгэж байгуулсан музей байдаг. Чингис хааны нэрээр нэрлэсэн энэ музей бол Монголын төрт улсын түүхийн музей юм. Тиймээс нэгдүгээрт, Чингис хаан, түний өвөг дээдэс буюу Хүннүчүүдийн цаг үеийн түүхийг, хоёрдугаарт нь эзэн Чингис хааны үр удмынхан, Монголын Эзэнт гүрний цаг үе, гуравдугаарт 20-р зууны эхэнд Чингис хааны угсааныхны бүтээсэн түүхийг харуулсан.

Бид 70 жилийн турш Чингис хааны үүх түүхийг ярих харьцангуй хориотой байлаа. 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглээд олон хүн хилс хэрэгт орсноос гадна, Чингис хааны түүхийг онцгойлж ярьдаггүй, их хаанаа шүтэх эрхгүй байв. Харин 1996 онд “Вашингтон пост” сониноос Чингис хааныг “Мянганы хүн” хэмээн өргөмжилсөн.

Тэгэхээр эзэн Чингис хааны эх оронд ирж буй хэн боловч түүний түүхийг танин мэдэх хүсэл, зайлшгүй шаардлага бий болно. Энэ их түүхийг танин мэдүүлэх хамгийн том зүйл бол түүний өсөж төрсөн өлгий нутаг, түүний үлдээсэн өв соёл юм. Тэгээд энэ музейг Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө санхүүжилт зардлаар босгосон. Монголын эрдэмтдийн үзэл санаа, эрдэм мэдлэгт тулгуурлан бүтээн байгуулахдаа, Монголын барилгачид архитекторуудын ур ухаан, монгол судлаачид, дэлхий дахинд байгаа хүмүүсийн дэмжлэг туслалцаа, Монголын уран бүтээлчдийн мэдлэг оюуныг шингээсэн. Цар тахлын хамгийн хэцүү хүнд үед босгосон энэ музей маань сүүлийн 30 жил дэх манай улсын соёлын салбарын хамгийн том бүтээн байгуулалт болсон юм.

-Монголын их эзэнт гүрэн тухайн үедээ дэлхийн хүн амын хэчнээн хувийг захирч байсан бэ, энэ нь дэлхийн түүхэнд хэр онцгой тохиолдол вэ?

-Хүн төрөлхтөн Монголын түүхийг, тэр дундаа Чингис хааны түүхийг янз бүрээр үздэг. Нэг хэсэг нь Чингис хаанд эзлэгдсэн хүмүүс. Нөгөө хэсэг нь буюу Монголын талаас эзэн Чингис хааныгаа харах бас нэг өөр. Гэхдээ хүн төрөлхтний, ялангуяа дэлхийн шилдэг эрдэмтдийн судалгааны үр дүнд Чингис хааны түүхийг үзэх хандлага өдгөө өөр болжээ. Чингис хаан бол зөвхөн байлдан дагуулагч биш, Евроазийн их солилцоог бий болгосон хүн. Тэр үед Евроази л гэж байлаа шүү дээ, Америк, Австрали тив нээгдээгүй, Африк тивд хүчтэй том гүрэн ч байсангүй. Тэгэхээр Чингис хааны эзэнт гүрэн байгуулагдсанаар Европ, Ази тивийн том солилцоог, тэр дундаа эдийн засаг, аж ахуйн хувьд, мөн хамгийн том Торгоны замыг аюулгүй болгосон.  

Хүн төрөлхтөн хэдэн зуун жил зөрчилдөн тэмцэлдэж ирсэн шашны эрх чөлөөг нээлттэй болгосон. Ази, Европ хоёр тивийн ард түмэн нэгэндээ хүрч үл болох том орон зай гэж бодож байсан бол хоорондын уялдаа холбоо, соёлын нөлөөлийг бий болгосон. Ийнхүү Чингис хаан хүн төрөлхтний түүхэнд олон зүйлээр гайхамшигтай үйлийг бүтээсэн хүн юм.

Өнөөдөр хүн төрөлхтөн шийдэж чадахгүй байгаа, шийдэхийг мөрөөдөж буй олон зүйлийг 13-р зуунд Монголын эзэнт гүрэн шийдвэрлэсэн.

Тийм учраас Жак Уэтерфорд номоо “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” гэж нэрлэсэн хэрэг шүү дээ. Хүн төрөлхтөн өнөөдөр дайн байлдаан, эдийн засгийн либералчлал, шашны эрх чөлөөгөө шийдэж чадахгүй л байна. Тэгвэл Монголын их хаан үүнийг 13-р зуунд шийдсэн. Тиймээс Чингис хааныг, Монголын түүхийг харах дэлхий дахины нүд өөр болж байгаа. Энэ хандлага, үзэл санааг бий болгоход энэ музей үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн зорьж ажиллаж байна.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Чингис хаан Үндэсний музейд зочлох үеэр

-Чингис хаан музей анх нээгдэхдээ 12 мянга гаруй үзмэртэй гэж байсан. Хамгийн нууцлаг, эсвэл онцгой үзмэрээр та юу юуг нэрлэх вэ?

-Одоогоор манайд 13400 орчим үзмэр байна. Гэхдээ бүгд нууцлаг, бас онцлог. Үзмэр бүр өөрийн өгүүлэмжтэй. Өөрөөр хэлбэл, нэг жижиг сумны зэв ч түүх өгүүлнэ. Манай музейн үзмэрийг бусад музейтэй харьцуулахад хамгийн гайхалтай нь 93 хувь нь эх үзмэр. Бас өнөөгийн ертөнцөд нүүдэлчдийн иргэншлийг харуулж чадах хамгийн том, цогц музей. Үүнээс том нүүдэлчдийн түүхийг харуулах музей дэлхийд байхгүй. Тухайлбал, 2000 жилийн өмнө өнөөгийн Монгол Улсын газар нутагт анхны нүүдэлчдийн төр улсыг байгуулан хөгжүүлэхдээ урлаг, сэтгэлгээ, үзэл баримтлалын хувьд ямар түвшнийг бий болгосныг Хүннүгийн дурсгалуудаас харж болдог. Тэдгээр нь Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор газар болох  Гол модны дурсгалууд юм.

Хоёрдугаарт, монгол нутгаас олдсон археологийн эртний олдворын дурсгал нь суурин иргэншилтэй Хятад, төв Азийн дургалуудаас тэс өөр, бас нийтлэг гэдгийг харж болно. Юу гэсэн үг вэ гэхээр, Хүннүгийн язгууртнуудын булшнаас Ромын эдлэл, Грек, Энэтхэг, Хятадын Хан улсын дурсгал гарсан нь маш том сүлжээ, соёлын солилцоо байсныг илтгэдэг.

Мөн музей байгуулснаас хойш “Сав нь бий болохоор сааль нь бий болдог” гэдгийн үлгэрээр гайхалтай дурсгалууд илэрч олдож байна. Уншигчдад сонин болгож, хоёр дурсгалыг л би онцолъё.

Жинхэнэ монголчуудын хаад язгууртны сонгодог дурсгал болов уу гэмээр, адууны шүдээр хийсэн эмээл манай музейд бий. Энэ эмээлийг өмнө нь хэн ч, хаана ч дэлгэж байгаагүй.  

Нөгөө нь, МУИС-ийн судлаач, археологич Ц.Төрбат тэргүүтэй хүмүүсийн олж илрүүлсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн булшнаас гарсан хатан хүний цул мөнгөн эмээл бий. Галт шувуун дүрслэлтэй.  Түүнчлэн Алтайн нуруунаас зүүн тийш өнөөдрийг хүртэл олдоогүй байсан алтадмал, цул мөнгөн гэрэгэ анх удаа олдлоо. Энэ бол Юань улсын үеийн гол бичиг дөрвөлжин үсгээр бичигдсэн, үнэхээр гайхалтай дурсгал л даа.

 МОНГОЛЫН ЦЭРГИЙН УРЛАГИЙН ГАЙХАМШИГ НЬ ...

-Дэлхийд 9 сая хүн Мона Лизаг л үзэх гэж Луврыг зорьдог. Тэгэхээр Чингис хаан агуу их хаан байсан шигээ агуу их нууцтай. Дэлхийн нэгэн мянганы суут их хүн ямар дүр төрхтэй байсан нь бүгдийн сонирхол татна. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэрэлт хөвүүн гэдгээс эхлээд “Бие бялдар том чийрэг, билиг ухаан хурц, ер бусын сүрлэг” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн Чингис хааны ямар эш хөрөг Танай музейд байна вэ?

-Чингис хааны бүх юм нь л нууц. Түүний тухай бичсэн түүхэн сурвалж нь нууц товчоо. Төрсөн он сар нь нууц, оршуулсан газар нь нууц. Гэхдээ энэ хүн бол яалт ч үгүй түүхэн, хүчирхэг бие хүн байсан нь ойлгомжтой. Гурван голын савд, талын язгууртны гэрт төрсөн. Хүнд бэрх замыг туулсан, хүн төрөлхтөнд байхгүй, гайхамшигтай төр улсыг байгуулсан, он цаг улирах тусам нь алдар суу нь оньсого мэт боловчиг суу алдар нь бусдад хүндлэгдэж ирсэн, ийм л хүн.

Хүн бүрийн ертөнцөд өөрийн ойлгодог Чингис хаан гэж бий. Чингис хаан музейн нэг ажилтны хувьд биш, судлаачийн хувьд, миний ойлгодог Чингис хаан бол тал нутагт байсан язгууртнуудын дотор зайлшгүй байсан тэр ёс суртахууныг өөртөө бүрэн суулгасан хүн.

Гурван голын сав нутагт захын дайсандаа л хөнөөгдчих гээд явж байсан хүү хүн төрөлхтний түүхэнд 200 жил удам залган оршин тогтнох их эзэнт гүрнийг байгуулах чинь ер нь бүтэхгүй асуудал байхгүй юу. Тэгвэл түүнийг бий болгож чадсан хүн Чингис хаан юм.

-Чингис хаан Үндэсний музейг нээхэд та түүнийг маш гоё тодорхойлж хэлсэн шүү дээ?

-Уул мэт сүрлэг, мөрөн мэт хүчирхэг амьдарсан хүн юм даа. Үнэхээр хүн төрөлхтөнд дурсагдаж байгаа ай сав нь тийм л гайхамшигтай.

- Энэ музейг нээх өдөр Чингис хаанаа монголчууд хэрхэн тодорхойлохыг дэлхий дахин сонирхсон байх. "Монголын уудам тал нутагт мэндэлсэн талын баатрын хөвгүүн хүнд бэрхийг туулан ертөнцийг тохинуулж, амар амгаланг энхжүүлэн, ёст төрийн голомтыг бадрааж, өнө мөнхөд орших агуу түүхийг бүтээж, хүн төрөлхтөнд оньсого мэт нууцлаг, Уул мэт сүрлэг, мөрөн мэт хүчирхэг амьдарсан хүн" гэж хэлэхэд тань нээлтэд оролцсон хүмүүс алга ташин баяр хүргэж байсан. Тэгэхээр Чингис хаан бол IQ өндөр хүн байсан гэж ярьж бичиж байна. Тэр хүний сэтгэлгээний чадварыг илэрхийлэх сонирхолтой баримтаас өгүүлж болох уу?

-Чингис хаан бол их сонин. Хаанаас сурсан нь мэдэхгүй, төрт ёс гэж юу байдгийг онцгой мэддэг хүн байсан. Тэр тал нутагт хэн сургасан юм бүү мэд.

-Тэр үед л уламжлал нь хадгалагдсаар байсан юм биш үү?

-Харин тийм. Чаньчун бумбад “Миний улс бол шаньюн улсаас эхтэй” гэж хэлж байгаа нь 1000 жилийн түүхээ мэдэж байгаа хэрэг шүү дээ. Тэр хүнд нүүдэлчдийн төрөө уламжлах ухаан байсан байх. Яагаад гэвэл, өөрөө агуу их улс байгууллаа гэж хэлэхгүй байна. Би бол 1000 жилийн түүхтэй улсын залгамж гээд байна шүү дээ. Тэгэхээр миний улс дахиад 1000 жил орших ёстой гэж ойлгож байсан байна. Асар удаан хугацааны дараа өөрөө яаж үнэлэгдэхээ ч Чингис хаан ойлгосон байгаа нь агуу юм.

-Чингис хааны арми дэлхийн хамгийн хурдан хөдөлгөөнт хүч байсан нь морьт армитай нь холбоотой юу, эсвэл өөр стратеги байсан уу? Манай музейд Чингис хааны үед хэрэглэж байсан зэр зэвсгийн талаарх ямар үзмэр байгаа вэ?

-Жишээ нь, гайхамшигтай хурдан морь байж болно. Муу уяач дээр хэзээ ч айрагдахгүй.

Тэгэхээр Чингис хаан бол өөрийн онцлогтой, тухайн үед дэлхийд байсан 2 давуу тал бий. Хамгийн хол буюу 330 алд харвадаг зэвсэг нум сум, нөгөөх нь туулах чадвартай, хамгийн хол явдаг морьд байв. Энэ хоёр зөвхөн нүүдэлчдийн гарт байсан.

Энэ хоёрыгоо гайхамшигтай маневр, стратеги, тактик болгож чадсан нь тэр хүний ухаан. Өөрөөр хэлбэл, морио сайн уяж чадсан байна шүү дээ.

Хүмүүс Чингис хааны байлдах урлагийг янз бүрээр л хэлж бичдэг. Миний бодлоор, нүүдэлчид бол нэгдүгээрт байгальтай байнгын харьцаж байдаг, ядаж өндөр уул, өргөн голыг яаж гатлахаа сайн мэднэ.

Хоёрдугаарт, нүүдэлчид хамгийн зохистой амьдралын хэв маягийг тээж явдаг. Тэдэнд ардаа олон тэрэг цагаан будаа ачиж явах шаардлагагүй, үхрийн давсгандаа бүтэн үхэр хийчихээд явж байх нь илүү зохистой. Ингэхээр амьдралын хэв маяг нь давуу тал болчихож байгаа юм.

Гуравдугаарт, нүүдэлчид бусдаас суралцаж чаддаг ард түмэн. Суурин иргэншилтэй ард түмэн, Ромчууд гэхэд дайтахдаа халз өөд өөдөөсөө алхаж очоод л тулж байлддаг учраас, дүрэгдвэл үхнэ, дүрэхгүй бол өөрөө алуулна. Гэтэл нүүдэлчид анх удаа ухарч чаддагийг үзүүлж байгаа юм. Байлдааны үед ухарна гэдэг нь өрнөдийн ертөнцөд байхгүй. Монголчууд ухрахыг, буцаж зугтахыг, дахиж довтлохыг үзүүлж чадна. Монголын цэргийн урлагийн гайхамшиг нь өөрт байгаа давуу талаа л гайхамшиг болгосон юм болов уу даа гэж бодогддог юм.

Судлаачийн хувьд харахад, тэр Памирын өндөр уулс, Кавказын уулс, Ижил мөрний хөндийг, орчин үеийн машин техникээр гаталж чадахгүй. Евроазийн тал нутгийг яаж туулах вэ гэдэг бол нүүдэлчдийн онцлог. Дээрээс нь захын нүүдэлчин цэрэг Кавказын ууланд байлдаад, Иран Исламын ертөнц, Тэнгэр уул, Алтан уулс, Хар мөрний сав нутагт очсон, дэлхий ертөнцийг үзсэн хүмүүс байв. Тэгэхэд суурьшмал соёл иргэншлийнхэн бол тариан талбайгаас холдож үзээгүй.

-Монголчууд эх орондоо байхгүй амьтдыг хүртэл монголоор нэрлэчихсэн байдгаас харахад л эртнээс уул усыг гэтэлж "юм үзэж нүд тайлсан ард түмэн" байсныг нь гэрчилдэг ...

-Манай Чингис хаан музей олон улсад хурдан танигдах шалтгааныг хүмүүс гайхаад байдаг. Яагаад 3-хан жил болчихоод Европт хүртэл сайхан үзэсгэлэн гаргаад байдаг юм гээд л.

Хаан маань улсаасаа илүү нэртэй, бидэнтэй бидэнгүй дэлхийн хүн байхгүй юу. Чингис хаан гэдэг нэрийг сонсоогүй хүн ертөнцөд байхгүй.

Тэр алдар сууг сонссон хүн газрын зураг дээр хайж байгаад Чингис хааны мэндэлсэн нутагт нь ирнэ. Ирэхэд нь бид үзүүлэх юмтай байх ёстой. Тэгэхэд, шинээр улс байгуулсан хүмүүсийг хар, өөр газраас өөр хүний хааныг минийх гэх гээд үйлээ үзэж, тамаа цайж байна. Зарим нь шинэ түүх бүтээж, шинэ кино хийцгээгээд л. Гэтэл бидэнд бараг нэг хаан маань нь л 100 ангит кино шүү дээ. Бид үүнийгээ ашиглаж чадахгүй байна.

Тэгэхээр манай музейд байгаа үзмэр яагаад дэлхий дахинд гарах ёстой юм гэвэл, энэ чинь хүн төрөлхтний өмч. Ногоон дарь эхийг Италид,  Францад хүн үзэх эрхтэй. Яагаад гэвэл, тэнд байгаа Мона Лизаг би үзэх эрхтэй яг адил. Тэгэхээр бид тийм том соёлын орон зайгаар харах ёстой. Мэдээж эзэмшигч нь Монгол Улс.

ЧИНГИС ХААНЫ ОНГОН БОЛ ГАНЦААРАА БИШ...

-“Чингис хаан” музей Чингис хааны тухай түүхийн хамгийн сүүл үеийн судалгаа бүрийг шимтэн сонирхдог байх. Эрдэм шинжилгээний хурлууд ч музейдээ зохион байгуулж байна. Чингисийн онгон гэдэг өнөө ч сонирхол татдаг сэдэв шүү дээ. Энэ талаар танай музей ямар баримт цуглуулж байна вэ?

- Мэдээж Чингис хааныг оршоосон газар бол Монгол Улс мөн. Дэлхий үүнтэй маргахгүй. Угаасаа сурвалж байгаа юм чинь. Бурхан Халдунд гэж үздэг нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь Алтай ханд гэж үздэг. Тэр бол Алтайн уулсын Алтай Хан биш. Бурхан Халдуны хажууд Алтай Хан гэж уул байна. Тэртээ тэргүй Хэнтийн нуруунд гэдэг нь ойлгомжтой. Энэ бол нууц. Олон жил эрдэмтдийн сонирхлыг татсан. Миний мэдэхээр Чингисийн онгоныг хайгаад 200 жил болж байна. Манай “Чингис хаан” музей Чингис хаан, түүний өв соёлыг сурталчлах түгээх үүрэгтэй ч нөгөө талаасаа эрдэм шинжилгээний байгууллага.

Ялангуяа, Ази язгууртны түүхийг судлах, сурталчлах, эрэн хайх, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг урьж ажиллах, хамтрах үүрэгтэй. Ер нь, дэлхийн томоохон музейнүүдийн бяр чадал нь судалгаандаа л байдаг. Судалгаа муутай музей бол үзүүлэн, дэлгүүр гэсэн үг. Сайн судалгаатай музей бол шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв. Энэ музей байгуулагдсанаас хойш Монголд шинжлэх ухаан, танин мэдэхүйн маш том орон зай бий болсон. Тиймээс Чингис хааны судалгаанд мэдээж анхаарч байгаа. Гэхдээ онгон хайх хэмжээнд хүрэх болоогүй. Нэгдүгээрт, бидний бяр хүрэхгүй. Хоёрдугаарт, цаг нь болоогүй. Үүнээс өмнө ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг 10 жил хариуцаж ажилласан хүний хувьд энэ тухай сайн мэдээлэлтэй л дээ. Монголын эрдэмтэд энэ тал дээр харьцангуй нэгдмэл байр суурьтай байдаг юм. Ер нь, их хааны онгоны судалгаанд ихэд болгоомжтой хандах хэрэгтэй.

2011 онд газар дороос маш том ханын зурагтай бунхан олоод шуугиан болсон доо. Тэр бол Түрэгийн үеийн уйгур жанжных байсан. Монголд том хэмжээнийг эрэл хайгуул, судалгааг бэлтгэлтэй хийх ёстой юм байна гэдгийг тэндээс бид ухаарсан. Газар дор байхдаа хуурай орчинд сайн хадгалагдаад, нээсний дараа органик зүйлсэд нь аюул учирдгаараа нүүдэлчдийн дурсгал хэцүү.

Чингис хааны онгон бол ганцаараа биш, Монголын их хаадынхтай хамт байгаа. Тэгэхээр нэг нь илэрвэл, нийтээрээ илэрнэ. Түүнээс биш 800 жилийн өмнөх Чингис хааных битгий хэл 2000 жилийн тэртээх Хүннүгийн хааных олдсон байхгүй юу.

Тэгэхээр энэ булшнууд нэг л зохион байгуулалттай. Хүннүгийн язгууртныг монголчууд малтаж чаддаг, гаднаас нь хараад таньж чаддаг болсон. Түрэг, Уйгурын язгууртныхыг таньж чадна. Харин Монголын эзэнт гүрнийхийг чадахгүй. Ямар шинж тэмдэгтэй, яаж оршуулдаг байв гээд л... ийм л байна.

ЧИНГИС ХААН МУЗЕЙГЭЭС ӨӨР ЮУГ ҮЗЭЖ БОЛОХ ВЭ?

-Бүр их сонирхол татчихлаа. Тэгэхээр “Чингис хаан” музейн үзмэр баяжсаар байгаа тухай та ярьсан. Хэрхэн баяжуулж байна вэ?

-Товчхондоо дөрвөн чиглэлээр баяжуулж байна. Нэгдүгээрт, малтлага судалгаа. Энэ бол хамгийн чухал. Хоёрдугаарт, зарим хүний хандив тусламж. Гуравдугаарт, чухал гэсэн үзмэрүүдийг худалдаж авч байна. Дөрөвдүгээрт, гадаадад байгаа түүхэн дурсгалуудыг хуулбарлаж авч байна. Тавдугаарт, орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан сэргээж байна. Зургадугаарт нь, уран бүтээлчид хийж байна. Сүүлийн хоёр нь шууд хамааралтай биш ч, эхний дөрөв нь маш чухал.

Та бүхэн ойлгох хэрэгтэй л дээ. Тайванийн хааны музей дор хаяж 500 жилийн түүхтэй. Эрмитаж 300 жилийн түүхтэй байхад бид гурван жил ч болоогүй байна.

Ганцхан жишээ хэлэхэд, Хүннүгийн язгууртны булш Монгол Улсын газар нутаг дээр 11400 бий. Гэтэл 100 жилийн турш нэг хувьд нь ч хүрэхгүй, 10 гаруйхан булш л малтлаа. Цаана нь асар их нөөц байна. Тэгэхээр тодорхой хугацааны дараа юу илрэхийг хэн ч таашгүй.

Монгол шиг газрын хөрсөн дороо, газрын хөрсөн дээрээ ийм баялаг үзмэртэй улс дэлхийн хаана ч байхгүй гэж П.К.Козлов 1925 онд, яг 100 жилийн өмнө хэлсэн юм шүү дээ.

-Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ гэж бахдахаас аргагүй юм даа. Та бидний яриа Чингис хаан музейн үзмэрийн уран сайхан, соёлын нөлөөг тайлбарлахад голлон чиглэлээ. “Чингис хаан” музейгээс Францын Нант хотод зохион байгуулсан үзэсгэлэн шилдэг болсон. Өнгөрсөн онд National Geografic сэтгүүлд заавал зочлох ёстой шилдэг 20 музей, соёлын өвийг нэрлэхэд Чингис хаан музей маань нэрлэгдсэн. Тэгвэл ойрын үед ямар үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна вэ?

-Монголчуудын ахуй амьдрал, нүүдэлчин зан заншлыг сурталчилсан үзэсгэлэнг 2028 он хүртэл гаргах байх. Гэхдээ “Чингис хаан” музейгээс баримталж буй сонирхолтой гэхүйц бодлого нь өөрийнхөө үзмэрийг авчирч үзэх албагүй. Харин бусдын гайхамшигтай соёлоос авчирч үзэх хэрэгтэй, бас эрхтэй. Тиймээс манай музей жилд 1-2 үзэсгэлэнг гаднаас авах зорилго тавьж байгаа.

Үзэсгэлэн гаргахын тулд хамгийн багадаа гурван жил хөөцөлддөг юм. Тээвэрлэлт, гэрээ, ойлголцол, аюулгүй байдал, даатгал, зардал гээд маш их хүчин зүйлээс хамаардаг. Монголд өмнө нь яагаад олон улсын үзэсгэлэн гардаггүй байсан бэ гэхээр, олон улсын стандартын шаардлага хангасан музей, аюулгүй орчныг хангасан танхим байгаагүй. Харин одоо энэ бүх шаардлагыг манай музей хангаж байгаа. Тэгээд өнгөрсөн жил Өлзийт хааны захидлыг авчирсан.

Цаашид Унгарын үндэсний музейтэй хамтраад Сиси хатны тухай үзэсгэлэнг Монголд авчрах төлөвлөгөө байна. Тэр хатан хааны эдэлж, хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг эх орондоо авчирч, үзүүлэх юм.

Манайд чинь Гүнжийн сүмд гайхалтай дурсгалууд байдаг шүү дээ. Тэр бол Чингис хааны угсааны ноёны хатан бөгөөд ордны бүсгүй тал нутгийн баатар ноёны хатан болж ирээд, хожим болтол тахигдаж, шүтэгдэж байсан гайхамшигтай түүхтэй. Хувь тавилан нь Хятадын олон ангитай кинонууд дээр гардаг гүнжүүдээс дутахааргүй гайхамшигтай их түүхтэй. Энэ гүнжтэйгээ нийлүүлээд “Ази, Европын гүнжүүд” гэсэн үзэсгэлэн гаргах юм.

Түүнчлэн өнөө жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой тохиож байна. Өндөр гэгээн Занабазар бол Чингисийн дараа орох гурван хүний нэг. Нөгөө нь Хубилай хаан гэсэн үг шүү дээ. Өндөр гэгээний гайхамшигтай урлал бий. Италийн Элчин сайдын яамтай хамтраад өнгөрсөн жил сэргэн мандалтын том төлөөлөгч Караваджогийн зургийг авчирсан нь Монголд дэлхийн сонгодог зураг ирсэн анхны тохиолдол байсан.  Харин дараагийн удаад нь сэргэн мандалтын үеийн хамгийн том төлөөлөгч Микеланжелогийн нэг зураг авчрах санаа байгаа. Түүний гайхамшигтай бүтээлийг өндөр гэгээний Ногоон Дарь эхтэй харьцуулж, “Ази, Европын Микеланджело нар” гэсэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, бид хүн төрөлхтний гайхамшигт түүхтэй зэрэгцэн оршиж чадаж байгаагаа харуулах зорилготой юм.

-Египетийн Фараон авчирвал бас л шуугиан тарих байх даа?

-Яваандаа авчрахыг зорино. Манай музейд 3000 жилийн тэртээх есөн муми байна. Фараоны үед Египетэд хүнийг занданшуулж оршуулж байсан бол хүрэл зэвсгийн үед Алтайн нуруунд мөсөн цэвдэг дотор хүн оршуулж байсан нь шивээс арьс махтайгаа олдож байна шүү дээ.  Нүүдэлчний ертөнц занданшуулах уламжлал байсныг зэрэгцүүлж үзэсгэлэн гаргавал хүмүүсийн сонирхлыг татах болов уу гэх мэтчилэн олон юм бодож байна.  Дэлхийд аль болох гайхамшигтай үзмэрүүдээс авчирч, монголчууддаа харуулж, соён гэгээрүүлэх ёстой. Энэ бол манай музейн үүрэг, нэр төрийн хэрэг.

Жишээлбэл, 720 жилийн өмнөх Өлзийт хааны Францын хаанд бичсэн захиаг монгол хүн бүр 50 см-ийн зайнаас нүдээр үзэх боломж хүн бүрд олдохгүй шүү дээ. Түүнийг хоёр жил гаруй хугацаанд хөөцөлдөж, анх удаа Францын хилээс гаргаж, энд авчраад ард түмэндээ, Монголд зочилсон дэлхийн хүмүүст харуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

Монголын их хаан 3000 метр урт захиаг Францын хаанд 700 гаруй жилийн өмнө бичиж чаддаг байсан, энх амгаланг тогтоож чаддаг байсан, хүн төрөлхтөн монголчуудын хувьд хол биш байж гэдэгтэй адилхан зүйлүүдийг хийх бололцоо эзэн “Чингис хаан”-ы музейд бий.

-Захиаг алгын чинээ цаасан дээр л бичдэг гэсэн төсөөлөл хэвшсэн энэ үед үнэхээр монгол хааны захидал гайхамшигтай сайхан байсан. Дэлхийн том музейгээс үзмэр авчирна гэдэг нэр хүндтэй хэрэг ч маш том хариуцлага дагуулж таарна. Чингис хаан музейн аюулгүй байдлын хангалтад итгэж байгаагийн илрэл болов уу?  

-Нэг л удаа алдаа гаргавал дэлхийн томоохон музейтэй дахиад хамтарч ажиллаж чадахгүй болно. Амжилттай болоход бидэнд дараагийн зам нээгдэж байгаа юм. Ирэх жилийн аравдугаар сард Берлин хотод үзэсгэлэн гаргана. Энэ жил Чехэд гаргалаа. Берлиний тал энэ үйл ажиллагааныхаа хариуд та нар манайхаас хүссэн сэдвээрээ үзэсгэлэн аваарай гэж хэлсэн. Берлиний үзэсгэлэн бол Европын топ. Британийн музей, Францын музей, тэгээд л Берлиний музей нэрлэгддэг шүү дээ. Тэгэхээр тэр гайхалтай газраас бид хүссэн сэдвээрээ Монголд үзэсгэлэн гаргах боломж бүрдсэн. Манай стандартыг дэмжиж байгаа. Нэг ёсондоо дэлхийн том музейн сүлжээнд Монголын “Чингис хаан” музей орчихож байгаа юм. Энэ том эргүүлэг дотор алдаа гаргавал аюултай. Харин алдаа гаргахгүй, хамтарч ажиллаж чадвал ашигтай. Үүнийг ухаалгаар харж чадвал Монголд боломж их бий. Яагаад гэвэл, бидэнд давтагдашгүй нөөц байна. Бид нөөцөө огт задалж чадаагүй. Зөвхөн танин мэдэхүйн түвшинд л явж байна. Цаашид улам туршлагажина, өргөжинө, чөмөг сууна. Музейн 50 жилийн ой болоход машид баялаг түүхтэй болсон байх болов уу. 

Эх сурвалж: Б.Хандмаа "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлгээс завсарлага авлаа24 минут 52 секундын өмнөС.Чулуун: Чингис хааны үед дэлхийд байсан 2 давуу тал зөвхөн нүүдэлчдийн гарт байсан1 цаг 25 минутын өмнөОлимпын эвлэрэл тогтоохыг НҮБ уриаллаа1 цаг 36 минутын өмнөГолын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна1 цаг 40 минутын өмнөМАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ1 цаг 45 минутын өмнө“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөг залилуулжээ2 цаг 2 минутын өмнөУлсын хэмжээнд нийт 275 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгдэж байна2 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн2 цаг 22 минутын өмнөХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 19. 16:09Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11 сар 19. 12:18"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо11 сар 19. 11:33“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ11 сар 19. 11:27“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна11 сар 19. 10:55АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 19. 10:50“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 19. 10:44Т.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ11 сар 19. 10:18"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана11 сар 19. 10:14Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа11 сар 19. 10:05"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна11 сар 19. 9:59Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана11 сар 19. 9:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн11 сар 19. 9:44Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.