Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.11.20) хамтарсан хуралдаж, “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо. Хуралдаан 29 гишүүн хүрэлцэн ирснээр 11 цаг 12 минутад 50.9 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тус хамтарсан хуралдааныг даргалсан юм.
Ерөнхий хяналтын сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн, тус сонсголын даргалагч Б.Баярбаатар гишүүн танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдээс “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалтын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан. Энэ дагуу 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатарыг сонсгол даргалагчаар томилсон “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталсан юм.
Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд сонсголын зарыг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17.30 цаг хүртэл parliament.mn цахим сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллээр хэрэгслээр мэдээлж, сонсголд нийт 168 хүн оролцохоор бүртгүүлсэн болохыг тэрбээр тайландаа дурдав. Түүнчлэн Халзан бүрэгтэй орд газрын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, тухайн аймаг, орон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бодит тайлбар, санал, мэдээлэл сонсох зорилгоор Ховд аймагт 2025 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд ажилласан болохыг танилцууллаа. Халзан бүрэгтэй орд газрын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах үеэр хүсэлт гаргасан ТББ төлөөлөл, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна. Мөн тус орд газартай холбоотой асуудлаар холбогдох төрийн байгууллагуудаас баримт бичиг гаргуулан авч, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн 9 шинжээчийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 14 дүгээр тогтоолоор томилон ажиллуулжээ.
Дээрх бэлтгэл ажлыг хангасны дараа 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ““Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд тус сонсголд нийт 132 хүн оролцсон гэв. Сонсголыг МҮОНРТ-ээр, хэл яриа сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор дохионы хэлмэрчтэйгээр шууд дамжуулсны зэрэгцээ 13 сайт, 8 телевиз шуурхай дамжуулсан байна.
Тус сонсголд оролцож санал хэлэхээр хүсэлт гарган, бүртгүүлсэн Ховд аймгийн 24 иргэн, цахим хуудсаар саналаа ирүүлсэн 17 иргэн, заалнаас 19 нийт 60 иргэн үг хэлжээ. Сонсголд орон нутгаас болон Иргэний нийгмийн байгууллага төлөөлж орсон оролцогчид төрийн байгууллага болон шинжээчдийн дүгнэлт, илтгэлд дурдагдсан мэдээлэл хэт ерөнхий, зарим асуудлууд тодорхой бус, өмнө төрийн байгууллагаас гаргаж байсан зарим дүгнэлт, төрийн бус байгууллагуудын хийсэн бие даасан судалгаа, шинжээийн гаргасан дүгнэлттэй зөрүүтэй мэдээлэлтэй байгаад анхаарах, төслийн хайгуул судалгааны явцад байгаль орчинд онц ноцтой хохирол үзүүлж байгаа талаар гаргасан гомдлуудад Төрийн байгууллагуудаас өгсөн хариулттай санал нийлэхгүй, тодорхой хариулт өгөхгүй нөхцөл байдалтай байхад төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хайгуулыг үргэлжлүүлэхээр оролдсоор байгаа нь хууль зөрчиж байна гэх байр суурийг илэрхийлсэн хэмээн Б.Баярбаатар гишүүн тайландаа танилцууллаа.
Ховд аймгийн Мянгад сумыг төлөөлөн иргэн Г.Төрмөнх болон Ховд аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваа нар “Халзан бүрэгтэй” орд газрын талаар танилцуулга бүхий мэдээлэл хийсэн бөгөөд сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Б.Уянга, С.Замира, Э.Болормаа, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн, О.Амгаланбаатар, Б.Заяабал, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, санал хэлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн М. Бадамсүрэн, З.Мэндсайхан нар үг хэлжээ.
Ерөнхий хяналтын сонсголоос гарсан нэгдсэн дүгнэлтийг товчлон Б.Баярбаатар гишүүн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт Монгол Улсад газрын ховор элементийн чиглэлээр Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон. Халзан бүрэгтэй орд бол газрын ховор элементийн орд бөгөөд хайгуулын шатанд явж байгаа бөгөөд цаашид ашиглалтад бэлтгэгдэж байгаа төсөл. Тус ордод диспрози, терби, ниодим, паразиоди гэх 4 тогтмол соронзонгийн түүхий эд газрын ховор элемент агуулагддаг бөгөөд эдгээр нь өөрөөсөө цацраг идэвхгүй. Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед Халзан бүрэгтэй ордын газрын ховор элементийн ордыг ашиглан, түүхий эдийг дунд шат хүртэл боловсруулж, нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Энэ нь ордын нөөцийг илүү үр ашигтай ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, улмаар дэлхийн тогтмол соронзонгийн зах зээлд урт хугацаанд найдвартай нийлүүлэгч болох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал төсөл болох аж.
Байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байх бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009 хувь байгаа нь газрын ховор элементийн Монгол Улс дахь бусад ордоос бага үзүүлэлт гэжээ. Халзан бүрэгтэй ордод 2000 онд анх хайгуулын тусгай зөвшөөрлийг 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу олгосон. Үүний дараа, 2001 болон 2004 онуудад уг зөвшөөрөл тус хуулийн 18.6.1 дэх заалтын дагуу хайгуулаас ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжсэн. Одоогийн тусгай зөвшөөрөл эзэмшигч рүү 2011 онд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 242, 243 тоот тушаалаар 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 49.1 дэх хэсгийн дагуу шилжүүлсэн. Сонсголын үеэр Төрийн байгууллага болон шинжээчийн гаргасан дүгнэлтээр тусгай зөвшөөрөл нь хуульд заасан шаардлагыг хангасан хууль ёсны бөгөөд хүчинтэй хэмээн дүгнэжээ.
Өмнөх жилүүдэд ордыг ашиглаагүй, хөрс хөндөгдөөгүй, зөвхөн хайгуул судалгааны ажил хийж, нөөцийг нэмэгдүүлэх, боловсруулалтын аргыг судлах үйл ажиллагаанууд явагдаж байгааг тус дүгнэлтэд дурдсан байна.
Малын эрүүл мэндийн талаар Мянгад суманд өмнөх онуудад төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй. Мянгад суманд 2025 оны хавар ургийн гажигтай төрсөн төлүүдэд цацрагийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораториор хийлгэж, цацрагаас шалтгаалсан эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Учир нь Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн цацрагийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас одоогоор цацрагийн шинжилгээ хийх боломжгүй гэдгийг ерөнхий хяналтын сонсголоор дүгнэжээ.
Төрийн байгууллагын зүгээс танилцуулсан мэдээлэл болон шинжээчдийн дүгнэлтээр хайгуулын үйл ажиллагаа явагдаж байх үед байгалийн цацрагийн хэмжээ хүрээлэн буй орчин, хүн малын эрүүл мэндэд хордлого үүсгэх тунгаас эрс бага болохыг мөн тус нэгтгэсэн дүгнэлтийг танилцуулахдаа Б.Баярбаатар гишүүн тэмдэглэв.
Төсөл хэрэгжүүлэгч нь Халзан бүрэгтэй ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг боловсруулсан. Ордын ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг харьяа яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу сайжруулж, иргэдээс санал авч, баталгаажуулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй гэжээ. Гэхдээ ашиглалтад шилжих үеийн технологийн усны хэрэглээг эцэслэн тооцоолох, эх үүсвэрийг тодорхойлох, усны нөөц, чанарыг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудаас төслийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлуудыг төрийн байгууллагуудаас сонсголын явцад тодруулахад тухайн гомдлуудад дурдсан нөхцөл үндэслэл муутай, нотлогдохгүй байсан хэмээн Б.Баярбаатар гишүүн дурдав.
Сонсголын оролцогчид, Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс газрын ховор элементтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг давхардуулан хуульчилсан нь ойлгомжгүй, сайжруулах шаардлагатай болохыг илэрхийлж байсныг мөн танилцууллаа.
Газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн талаар харилцан ойлголцол, ойлголт муутай байгааг, төрөөс олгосон тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэлтэд дурдсан байна.
Орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгчийн хамтын ажиллагаа хангалтгүй, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа маш муу явуулсан бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын санаачилга сул байсан болохыг тэмдэглэжээ. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагаа, үр ашиг, үүнээс тухайн орон нутагт шууд үзүүлэх үр ашиг, хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг ойлгуулах талаар хангалтгүй ажилласан болохыг ерөнхий хяналтын сонсголоос гарсан нэгдсэн дүгнэлт тэмдэглэсэн байна.
““Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт, 132 хүн оролцсон ерөнхий хяналтын сонсголоос цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг мөн гаргажээ. Тухайлбал, Монгол Улсын газрын ховор элемент хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дахь тулгамдсан асуудал, хуулийн нийцлийг хангах, давхардлыг арилгах, газрын ховор элементийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, гадаадын хөрөнгө оруулалт татахад саад учруулж, давхардал үүсгэж буй Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулиудын хийдлийг арилгаж, цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай гэжээ.
Монгол Улсад эрдэс баялгийн салбарт газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Халзан бүрэгтэй ордод хийгдэж буй хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох зэргийг харьяа төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжүүлэгч нар хариуцах нь зүйтэй гэжээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулах, геологи хайгуулд гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хамгаалах үүднээс хууль хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоохоос бусад тохиолдолд хайгуул судалгааны ажлыг тасралтгүй явуулахад харьяа төрийн захиргааны байгууллагаас анхаарах шаардлагатай гэсэн байна. Нөгөө талаас төслийн үйл ажиллагааны явц дахь байгаль орчны нөлөөллийг тасралтгүй хянах, иргэдийн санаа зовоосон асуудлуудад мэдээлэлтэй байх үүднээс харьяа төрийн захиргааны байгууллага, орон нутаг дахь хяналт шалгалтын эрх бүхий нэгжүүд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл хэрэгжүүлэгч болон орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийн талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болох, харилцан ойлголцлыг нэгтгэх үйл ажиллагааг санаачилж зохион байгуулах шаардлагатай гэдэг саналыг мөн гаргажээ.
Хайгуул судалгааны ажил дууссаны дараа Халзан бүрэгтэй ордын нөөцийн тооцоолол, ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ зэргийг харьяа яамд мэргэжлийн зөвлөлүүдээрээ хэлэлцүүлж, ордыг ашиглалтад бүрэн бэлтгэгдсэн эсэх, ашиглалтаас үүдэх экологи, эдийн засгийн болзошгүй хохирлын талаар дүгнэлт гаргах шаардлагатай болохыг чухалчилсан байна. Иймээс чиг үүргийн төрийн захиргааны төв байгууллагууд газрын ховор элемент дээр шинжлэх ухаанд суурилсан нарийвчилсан судалгаа, шинжилгээтэй, хангалттай мэдээлэлтэй байх шаардлагатай гэжээ.
Халзан бүрэгтэй ордоос Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг дээр 4.2.13-т заасан зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс тус ордын түүхий эдийг боловсруулахдаа баяжуулалт болон боловсруулалтын үйлдвэрийг ашиглан нэмүү өртөг шингээсэн, эдийн засгийн тэлэлтийг дэмжих бүтээгдэхүүн гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар тайландаа танилцуулсан. Түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагууд хоорондын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авах; төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс цацраг идэвхийн нөлөөлөл технологийн процесст ямар бүтээгдэхүүнд хэрхэн тархаж байгааг судлан, холбогдох дүрэм журмыг баримтлан ажиллах; хүрээлэн буй орчин, ус, хөрс, хүн, малд цацрагийн шинжилгээ хийх чадавх хангалтгүй байгаа тул цацрагийн чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөц, лабораторийн тоног төхөөрөмжийг орон нутагт сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг саналыг гаргажээ.
Ийнхүү Б.Баярбаатар гишүүн “Халзан бүрэгтэй”-н орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тус асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Төрийн байгууллага, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоо муу байгаагаас олон сөрөг үр дагавар үүсгэж байгаа талаарх шүүмжлэлийг С.Одонтуяа гишүүн хэлээд, төрийн байгууллага аливаа шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох бэлтгэл ажлыг хийх буюу орон нутгийн иргэдэд зохих мэдээллийг, үр ашгийн талаарх хүргэж таниулдаг ажлыг хариуцан зохион байгуулдаг байх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Төсөл үр ашигтай байж болох хэдий ч экологид үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаар мэдээлэл тодорхойгүй байгааг Л.Мөнхбаясгалан гишүүн хэлээд, энэ төслийг хэрэгжүүлэхэд усны нөөц маш их ашиглагдана гэдгийг тодотголоо. Тиймээс тухайн нутаг орны усны нөөцийг зэрэгцүүлэн анхаарч, зөвхөн газрын ховор элементийг олборлох үр ашиг, өгөөжийг ярихын зэрэгцээ бүс нутгийн усны асуудлыг онцгой анхаарах, олборлолт дууссаны дараа ус, түүний нөлөөллөөс үүдсэн экологийг нөхөн сэргээх үйл явц асар өндөр өртөг, урт хугацааны үйл явц дагуулдаг гэдгийг жишээ дурдан сануулж байсан. Зөвхөн энэ төсөл төдийгүй аливаа төрлийн төслийн нийгмийн нөлөөллийн үнэлгээний чухлын талаар Х.Баасанжаргал гишүүн тэмдэглээд, эрсдэлийг бууруулах чиглэлд төсөл хэрэгжүүлэгчид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар төлөвлөлт бий эсэхийг тодруулж, хариулт авсан. Улс орны хөгжилд чухал ач холбогдол бүхий төслийг оновчтой цаг үед нь хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг байр суурийг Н.Батсүмбэрэл, Ц.Туваан гишүүд илэрхийлээд иргэдийг мэдээлэлжүүлэх, зөв ойлголтыг өгөх ажлыг хэрхэн зохион байгуулах, энэ чиглэлээрх төлөвлөлтийн талаар ярилцсан эсэхийг тодруулж байсан.
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан үг хэлэв. Тус ордын хайгуул дуусаагүй, хайгуул үргэлжлэх дундаж хугацаа 10-15 жил байдаг гэдгийг тэрбээр тайлбарлаад сонсголын дүгнэлтэд хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр тусгасан байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Газрын ховор элемент гэхээр зэрэгцүүлээд уран гэж хольж, мэдээлэл тарааж иргэдийг төөрөгдүүлж байсныг дурдаад, сонсголын тайланд энэ хоёр тусдаа, Халзан бүрэгтэйгээс уран олборлохгүй гэдгийг тодорхой болгож, талууд нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болсноороо чухал ач холбогдолтой хэмээн онцолсон. Мөн сонсголын тайлан дахь дүгнэлт, гишүүдийн хэлж байгаачлан төр тусгай зөвшөөрөл олгосон бол хамгаалдаг байх шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Б.Уянга гишүүн Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөл сонсголд оролцоогүйг дурдаад цаашид Улсын Их Хурал аль нэг аймаг, суманд хэрэгжих төслийн асуудлыг авч хэлэлцэх бол орон нутгийн удирдлагуудыг заавал оролцуулдаг байх хэрэгтэй гэдэг санал хэлж байв. Ийнхүү ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцэж дууссанаар Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


ХШТХ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлов
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ
Ж.Энхбаяр: Би МАН-ын даргад өрсөлдөхгүй, УИХ-ын дарга ч болохгүй
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ.gif)

Сэтгэгдэл бичих