Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал: Улс тунхагласан өдөр бол таныг хамгаалах хуулийг баталсан өдөр юм шүү дээ


11-р сарын 25
9 цаг 59 минут

          Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтээр “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр” болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн эл өдрийн утга учир, ач холбогдлын талаар судлаач Пэлжидийн Амаржаргалтай ярилцлаа.

-    Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь XX дугаар зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг. Энэ учир шалтгааны тухай судлаач танаас илүү тодруулмаар байна?

-   Одоогоос 101 жилийн тэртээх Арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Манай улс түүхэндээ анх удаа бичгээр Үндсэн хууль баталсан өдөр гэсэн үг. Бид өмнө нь Үндсэн хуульгүй явж ирсэн. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн шинжтэй баримт бичиггүй байсан гэсэн утга биш юм. Үүнээс өмнө тухайлбал,  Зарлигаар тогтоосон хуулийн зүйлийн бичиг, Улсын Дээд, Доод хурлын найман зүйлийн дүрэм, Тангарагийн гэрээ, Ж.Цэвээний “Улсын эрх” судалгааны бүтээл болон Д.Бодоогийн “Монгол хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль” (1922 он) бичиж дуусаагүй үндсэн хууль зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй баримт бичиг, судалгааны материалууд байдаг. Түүнчлэн гадаад орчноос тухайн үеийн Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот орос улс 1918 онд “Конституция РСФСР”  Үндсэн хуулиа баталсан байдаг. Эдгээр нь нийлж улмаар, аажимдаа түүхийн явцад Ардын Засгийн газар байгуулагдах, улс төрийн нам бий болж Үндсэн хууль батлагдсан өдөр. Асар их ач холбогдолтой өдөр. Монголчууд анх удаа дэлхий нийтэд бид Үндсэн хуулиа баталсан, энэ хуульдаа хаашаа явах чиг хандлага, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгуулалтаа тогтоосон. Үүнийг 100 гаруй жилийн дараа эргээд харахад, авах ч зүйл байна, хаях ч юм бий. Өөрөөр хэлбэл, давуу болон сул талыг түүхийн он цагийн хугацаанд дүгнэгдэхээр болжээ. Ололттой тал нь түүхэндээ Үндсэн хуультай болсон явдал. Гэхдээ мэдээж гадны улс орнуудтай харьцуулахад оройтсон шахуу. Жишээлбэл, дэлхийн анхны Үндсэн хууль гэхэд 1215 онд Магна Харта Англи улсад батлагдсан. Америкийн Нэгдсэн Улс 1787 онд, Ази тивд Япон Улс 1889 онд анхлан Үндсэн хуулиа баталсан байдаг. Манай хувьд Азийн бүсдээ нэлээд хожуу Үндсэн хуультай болсон оронд тооцогддог. Ингэлээ гээд бид хоцрогдсон гэсэн үг биш. Үндсэн хуулиа батлах нь өөрөө хамгийн том ач холбогдолтой зүйл юм.

-       Улсаа тунхагласан гэдгийн цаад мөн чанар, ач холбогдол юунд оршдог вэ?

-    Үндсэн хуулиа баталснаар тухайн улс орны хөгжлийн чиг хандлага, хаашаа, юунд тэмүүлж зорьж байгааг илтгэдэг. Хүний эрхийн ойлголтыг анх удаа үндэсний хуульдаа тусгаж, хүний эрх байх ёстой гэдгийг тунхагласнаараа ач холбогдолтой юм. Түүнчлэн Бүгд Найрамдах Улс тунхаглана гэдэг бол ард түмнээс сонгуулийн жилийн хугацаанд сонгогдож, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төлөөллийн байгууллагатай засаглалын хэлбэрийг сонгосон гэсэн үг.

-       Та сая Анхдугаар Үндсэн хуульд алдаа, оноо ч бий гэлээ. Сул тал нь юу байв?

-    Хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалд шилжиж, Ардын засгаас хааны эрх мэдлийг авч, шилжүүлсэн гэж ярьцгаадаг. Гэвч бид шашин төрийг хослуулсан Богд хаан хэн байсныг нягтлан судалж, хаангүйгээр цааш оршин тогтнох нь ямар вэ гэдгийг бодолцох ёстой. Өнөөдөр дэлхий нийтэд хаант засаглалаас татгалзаагүй улс орнууд бий. Билэгдлийн шинжтэй хаан нь тухайн улсын түүхт ёсны соёлын уламжлал-шинэчлэлийг үргэлжүүлэх, тухайн улсын иргэдийг хамгаалж, өмгөөлөх хүнтэй гэсэн омогшлыг төрүүлэх, нэг ёсны тухай улсын иргэдийн бэлгэ тэмдэг болдог. Тиймээс түүхийн баримт бичгүүддээ авах, гээхийн ухаанаар хандаж, алдаа, онооноосоо суралцаад явах хэрэгтэй.

-       Үндсэн хуульт ёс бий болсноор тухайн улс орны ирээдүй, хэтийн төлөв тодорхойлогддог гэж та онцоллоо. Эх хуулийг танин мэдэх чухал гэдгийг үеийн үед сануулах сургамж, захиас байна уу?

-    Хуулиа батална гэдэг нь тухайн улс тусгаар тогтнолоо батална гэсэн үг юм. Үндсэн хууль бол иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн, зөрчихөөс урьдчилан сэргийлэх төрөөс хамгаалж байгаа улс төр, эрх зүйн онцгой, эх баримт бичиг. Дээдлэн залж, сүсэглэхээс илүүтэй Үндсэн хуулийн доторх агуулга, мөн чанарыг бүлэг, зүйл, заалт, хэсэг тус бүрийг задлан тунгааж, дагаж мөрдөх ёс, хэрэгжүүлэх, дэг соёлыг хүүхэд, залуустаа, хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг гэж боддог. Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон “Үндсэн хууль” бол юуны түрүүнд таны төлөө, таныг хамгаалж байгаа эрх зүйн баталгаа гэдгийг иргэдэд ойлгуулах нь нэн чухал байна.

Манай монголчууд энэ сайхан тэмдэглэлт өдрөөрөө үндэсний бөхөө барилдуулдаг уламжлалтай. Дэлхийн бусад оронд өөр өөрөөр тэмдэглэдэг. Тухайлбал, Үндсэн хуулийн музей байгуулдаг. Ирээдүй хойч үе, иргэддээ үр өгөөжтэй, танин мэдэхүй, үндсэн хуулийн сургалт, судалгааг дэмжих хэрэгтэй санагдсан.

-   Ингэхэд манай улсад Үндсэн хууль судлаачид цөөн байдгийн шалтгаан юу вэ? Та ямар сэдвээр доктор хамгаалсан бэ?

-   Тийм ээ, судлаач цөөхөн. Үүний нэг шалтгаан нь санхүүтэй холбоотой болов уу. Жишээлбэл, эрүүгийн, иргэний эрх зүй судлаачид бол мэргэшлээрээ өмгөөлөл хийгээд явах боломжтой байдаг. Гэтэл Үндсэн хууль судлаач бол хязгаарлагдмал. Миний хувьд Үндсэн хуулийн эрх зүй, тэр дундаа харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй, парламентын эрх зүйн чиглэлээр доктор хамгаалж, дагнан судалгаа хийдэг.

-       Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "Өдрийн сонин"


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 54 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу4 цаг 19 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ5 цаг 17 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ5 цаг 26 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо5 цаг 29 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ5 цаг 33 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 55 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ7 цагийн өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг7 цаг 4 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа7 цаг 9 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 54 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ8 цаг 2 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа8 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд8 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 51 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 59 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.