Д.Цолмон: Энэ жил томуугийн дэгдэлт эрт эхэлж байна. Хүүхдэдээ шингэн сайн уулгаж, асаргаагаа маш сайн хийх хэрэгтэй


11-р сарын 25
10 цаг 08 минут
      Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, “Долоон одой” эмнэлгийг үүсгэн байгуулагч, их эмч Д.Цолмонтой ярилцлаа. Тэрээр ЭХЭМҮТ-д 23 жил харшлын эмчээр ажиллаж байгаад 2011 оноос “Долоон одой” эмнэлгээ байгуулсан юм. Бид энэ удаа нийтлэг тохиолдож буй томуугийн вирус, үүнээс хэрхэн сэргийлэх даван туулах болон бусад хэрэгцээтэй зөвлөгөө мэдээллийг авч ярилцлаа.
-Жил бүр өвөл томуугийн вирус дэгддэг. Энэ жил ч бас тийм байна. Нийгмийн сүлжээнд өндөр халуурч, хатгаа болдог вирусийн гаралтай ханиад гэж ярьж байна. Энэ жилийн томуугийн дэгдэлтийн талаар та мэдээлэл өгөөч?
-Жил болгоны өвөл томуу, томуу төст өвчин идэвхэждэг. Энэ жил бусад жилүүдийг бодвол харьцангуй эрт идэвхжиж байна. Томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын эрис вирус зонхилж байна. Ер нь томуу гэдэг вирусийн замын халдвар. Бусад вирустэй адил амьсгалын замыг гэмтээдэг. Гэхдээ бусад вирусээс ялгаатай нь маш хурдан хугацаанд амьсгалын доод замыг гэмтээдэг. Түүнчлэн, маш хоруу чанартай буюу өндөр хордлоготой, халууны хариу урвал явагддаг вирусийн халдвар.  Томуугийн А хүрээний H3N2 вирус нь халдварлах чадвар маш өндөртэйгөөрөө бусад вирусээс ялгаатай. Энэ жилийн хувьд сургуулийн бага, дунд, цэцэрлэгийн ахлах насныхан их өртөж байна. Хэрвээ томуугийн халдварыг эртхэн оношлоод эмчилгээг эрт эхлүүлж чадвал төдий чинээ үр дүнтэй.
-Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах вэ. Халуурахаас өмнөх шинж тэмдэг илрэх үү?
-Хамгийн түгээмэл шинж нь 39-40 хүрч халуурна. Халууралтыг бүлээрэлт, хэт өндөр буюу 38.5-41 хүрэх гэж ангилдаг. Энэ жил хэт өндөр болон цагаан халууралт зонхилж байна. Цагаан халууралт гэдэг нь мөчид хүрч захын судас агшиж халуурахыг хэлдэг. Ер нь хүндрэх маш их магадлалтай халууралт гэсэн үг.  Халуурахаас өмнө найтаагаад, хүүхдүүд унжганаад эхэлнэ. Оношлоход өгүүлэмжээс эхлээд төвөг багатай. Хүүхэд болгон яг ижилхэн өвдөхгүй ч хүүхдийн эмч нар хоолойны өнгө томуугийн халдвар гэдгийг сэжиглэх боломжтой.
-Халуурах нь дархлааны систем ажиллаж буй хэлбэр гэдэг. Тиймээс халууныг яарч бүү буулга гэж цахим сүлжээнд яригдаад буй. Энэ тал дээр таны байр суурь?
-Ер нь өндөр халууралтыг буулгах нь зүйтэй. Халууралт гэдэг дархлааны урвал. Өөрөөр хэлбэл, бидний бие организм тухайн вирустэй тэмцэж буй хэлбэр. Гэхдээ томуугийн үед 38.5-аас дээш халуурч байгааг халууралт нь ашигтай гээд буулгахгүй байж болохгүй. Томуугийн үеийн халууралтыг маш хурдан буулгах хэрэгтэй. Халууныг бууруулахын тулд парацетамол, ибупрофеныг түгээмэл хэрэглэж байна. Энэ халууны эмийг зохистой, зөв тунгаар цагтаа хэрэглэх ёстой.
-Энэ жил томуугийн вакцинд хамрагдалт өндөр хувьтай байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэвч одоо хүүхдүүд маш их томуугаар өвдөж байна. Тэгэхээр томуугийн вакцин үр дүнгээ өгч байна уу?
-Одоогоор бидэнд хандаж байгаа томуугаар өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх хувь нь вакцинжаагүй хүүхдүүд байна. Тэгэхээр цаана нь вакцинжсан хүүхдүүд өвдөхгүй өнгөрч байгаа болов уу. Манай эмнэлэг вакцинд хамрагдсан эсэх өгүүлэмжийг нь авдаг. Өөрөөр хэлбэл, өдөртөө 40-50 хүүхэд хандлаа гэж бодоход вакцинд хамрагдсан нь 6-7 буюу 10 хүрэхгүй байна. Тэгэхээр томуугийн эсрэг вакцин ямар ч байсан тухайн өвчлөлд үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа. Томуугийн эсрэг вакцин хийлгэсэн ч өвчлөхөд хүндрэхгүйгээр өнгөрөх магадлал маш өндөр. Вакцинд хамрагдсан хүүхдүүдийн өвчлөл хамрагдаагүйтэй харьцуулахад харьцангуй хөнгөн байгаа.
undefined
 
-Жил болгон томуугийн идэвхжилийн үе гэж бий. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ үүнээс хамгаалахын тулд бусад улиралд хэрхэн бэлдвэл зүйтэй вэ?
-Манай Монгол шиг жилийн дөрвөн улиралтай газар томуу, томуу төст амьсгалын замын өвчнүүд нэмэгддэг зүй тогтолтой. Энэ зөвхөн Монголд тарахаад байгаа юм биш. Дулаан орнуудад хүртэл тархаж байгаа процесс. Жил болгон л тохиолдож байдаг. Жил бүрийн арваннэгдүгээр сараас эхлээд томуу, томуу төст өвчний дэгдэлт болно гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ ингээд байвал танай хүүхэд томуу, томуу төст амьсгалын замын вирусээр өвдөхгүй гэсэн алтан дүрэм байхгүй. Мэдээж өвлийн улиралд бэлдээд зуны дэлгэр цагт айраг, цагаан идээ их хэрэглүүлэх, хоол, нойронд нь анхаараад, цахим хэрэглээг нь багасгах нь зүйтэй. Амьсгалын замын халдвараас өөрийгөө хамгаалах чадварыг муу болгохгүйн тулд витамин д-гээ хэрэглэх, хооллох, ундлах, унтах дэг, горим, хичээлийг нь зохицуулах гээд бүгд нөлөөлдөг.
-Томуу, томуу төст өвчинтэй холбоотой хүмүүсийн нийтлэг алдаатай ойлголт юу байна вэ?
-Ер нь нийтлэг дархлаажуулалтын эсрэг уур амьсгал орчихлоо. Энэ нь зөвхөн Монголд биш дэлхий нийтэд вакцины эсрэг бүлэг давхарга бий болоод байна. Үүнийг би 100 хувь цээжээ дэлдээд өмөөрдөг хүн биш. Гэхдээ товлолт вакцин гэдэг анагаах ухаанд ямар их хувь нэмэр оруулсан, өөрчлөлт авчирсныг харж байгаа. Товлолт вакциныг хийлгэснээр бид маш олон өвчнийг устгасан. Ялангуяа сахуу, татрангаас эхлээд товлолт вакцинд хамрагдсанаар Монголд өвчлөл багассаныг мэдэж байгаа. Харин вакцин чанартай эсэхийг хэлж чадахгүй. ДЭМБ-аас үнэгүй олгож байгаа л вакцин. Тэгэхээр энэ вакцин чанартай, чанаргүй гэдгийг судлаагүй учраас хүмүүст өмгөөлж, үгүйсгэж хэлж чадахгүй. Миний хувьд вакцинжуулалтын эсрэг ойлголт томуугийн эсрэг вакцины хувьд буруу гэдгийг харж байна.
-Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн бол эцэг, эхчүүд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?
-Томуу, томуу төст ч бай вирусийн халдвараар танай хүүхэд өвдсөн бол аль ч талаа бодсон цэцэрлэг, сургуульд нь өгөхгүй байх хэрэгтэй. Миний хамгийн эмзэглэдэг зүйл энэ л дээ. Нэгдүгээрт, хүүхдээ бод. Халдвар нь улам гүнзгийрч, хүндрэх магадлалтай. Хоёрдугаарт, хэт амиа бодсон байж болохгүй. Тухайн хүүхэд өөрөө халдварын эх үүсвэр учраас ангийнхандаа тараана. Тиймээс эмчдээ үзүүлээд зөвлөснийх нь дагуу эмчилж, асарч, халдвартай үеийг гэрт нь өнгөрүүлэх хэрэгтэй. Томуугаар өвдсөн хүүхэд гэрийн дэглэм, хоол, нойр, шингэний зохицуулалтаа маш сайн барих ёстой. Яагаад гэвэл маш хурдан хүндрэл өгдөг.
-Томуу, томуу төст өвчнөөр их өвчлөхөд агаарын бохирдлын нөлөө байна уу?
-Утаатай холбож хүмүүс их тайлбарлаж ярьсан байналээ. Томуу гэдэг агаарт тархсан вирусийн халдвар буюу амьд организм. Энэ нь утаанаас шалтгаалаад ихсээд байгаа юм биш. Харин тухайн идэвхжилийнхээ цаг хугацаанд болж байгаа процесс. Утаатай, утаагүй жилд томуу гарна. Томуугаар өвдсөн тохиолдолд агаарын бохирдол уг өвчний явцыг хүндрүүлж байгаа байх.
-Томуугаар өвчилсөн хүүхдэд хооллолт, шингэний дэглэм чухал гээд байгаа шүү дээ. Ер нь хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ?
-Томуугаар өвдсөн бол эмчийнхээ зааврыг нэг бүрчлэн дагах хэрэгтэй. Эмч нар нь хооллолт, асаргаанаас эхлээд зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Томуугийн үед зөвхөн эм бичээд хүүхдийг эдгээдэггүй. Магадгүй эмээ бага хэрэглээд асаргаагаараа ч хүүхдээ эдгээх боломжтой.
Хоёрдугаарт, маш өндөр халуурдаг учраас шингэний хэрэглээ их байх хэрэгтэй. Маш сайн шингэн зүйл уулгаж, бие засуулах хэрэгтэй. Би ээж, аав нарт хүүхдийнхээ шээсийг цагаан болтол шингэн зүйл уулга гэдэг. Энэ нь маш олон талын ач холбогдолтой. Шингэн зүйл сайн ууснаар бодисын солилцоогоо идэвхжүүлнэ, биеэ цэвэрлэнэ. Ялангуяа халуун, бүлээн шингэний хэрэглээ гэдэг их чухал. Үүн дээр нэмээд шөлтэй хоол өгөх нь зүйтэй. Хүйтэн болон хуурга өгөхгүй байсан дээр. Хэнд ч гэсэн эдгээр зүйл ойлгомжтой ч мэдэхгүй, санахгүй байж болох учраас энэ тал дээр маш их зөвлөгөө өгдөг.
-Шингэнийг ямар зүйл хамгийн сайн нөхөх вэ?
-Нэрс, чацаргана зэрэг байгалийн органик жимснүүдийг чихэрлэхгүйгээр өгч болно. Ер нь чихэртэй ундаанаас зайлсхийх ёстой. Ханиалгыг дэмжинэ, цусыг өтгөрүүлнэ гээд олон асуудал бий. Харин ч хүүхдэдээ шүлтлэгдүү байгалийн хужир хийсэн хярам уулгахыг миний хувьд их зөвлөдөг. Шүлтлэг уусмалыг сайн уулгах хэрэгтэй. Энэ нь бодисын солилцоог зохицуулах давамгай ач холбогдолтой. Дэлгүүрт зарагдаж буй ундаа, жүүс өгөөд ч хэрэггүй. Түүний оронд ус уулгасан нь дээр.
-Ярилцлагын төгсгөлд эцэг, эхчүүдэд юу зөвлөх вэ?
-Сүүлийн үед томуугийн халдварын хүндрэл маш их явагдаад байгаа учраас давтан үзүүл гэсэн цаг хугацаанд нь заавал үзүүлэх хэрэгтэй. Дэглэмээ маш сайн бариарай. Энэ бол түр зуурынх. Бүр алга болно гэж байхгүй. Энэ долоо хоногт вирусийн хамгийн өндөр идэвхжилийн үе дээрээ явж байгаа гэж харж байна. Энэ хэдэн сар хүртэл үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Ер нь амьсгалын замын өвчлөл хүүхдийн өвлийн амралт ихсээд багасдаг. Тэгэхээр шаардлагатай биш бол гадуур явах хэрэггүй. Ээж, аав нар өөрсдөө амны хаалтаа сайн хэрэглэмээр байна. Өвдсөн, өвдөөгүй амны хаалтаа хэрэглэ гэж уриалаад байгаа. Амны хаалт биднийг 100 хувь биш гэхэд 30-40 хувь вирусийн халдвараас хамгаална. Ээж, аав, ах, эгч гээд том болсон хүмүүс өвдөхгүй байх нь бага насны хүүхдээ хамгаалж буй хэлбэр. Тэдэндээ хайр, энхрийллээ илэрхийлж байгаа бас нэг арга.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Ганхуяг ХЭРЛЭН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 46 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 50 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цагийн өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов8 цаг 59 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 3 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.