Өөрсдөдөө олгосон давуу эрхээсээ УИХ татгалзах уу


11-р сарын 28
9 цаг 59 минут

     Гахай илүү эрхтэй юу. Энэ асуултад манай парламентын түвшинд аль хэдийнэ “тийм” гэж хариулаад, уг зарчмаа хэрэгжүүлээд явж байна. УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дууссаны дараа ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд хууль тогтоогчийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг.

Хэрэв бага цалинтай ажилд орсон бол төр зөрүүг нь олгоно. Мөн гишүүн болохоос өмнө оршин сууж байсан газар руугаа нүүвэл өөрийнх нь болон гэр бүлийнх нь зардал, ачаа тээшний хөлсийг төсвийн мөнгөөр төлнө. УИХ-ын тухай хуулийн 41.9 дэх хэсэгт үүнийг хуульчилсан юм. Гэхдээ энэ заалт бүр 1990 оны УБХ-аас эхлэн хэрэгжиж байгаа аж.

Энгийн иргэнд гурав, гишүүн асанд 12 сар

Иргэн, хуульч О.Батболд УИХ-ын тухай хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, үүнийг найман өдрийн дотор 100 мянга давсан хүн дэмжсэн юм. Хууль тогтоогчид эрх мэдлээ ашиглаж өөртөө давуу байдал олгосон нь Үндсэн хуулийн 1.2 дахь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 14.1, 14.2 дахь хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн тэрээр үзсэн, олон нийт ч дэмжсэн юм.

Учир нь энгийн иргэд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9.1-т заасны дагуу 24 сараас дээш хугацаанд нийгмийн даатгал төлсөн, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилласан жилээсээ хамааран цалингийнхаа 50 70 хувьтай тэнцэх тэтгэмжийг гурван сарын хугацаанд авдаг. Гэтэл УИХ-ын гишүүн байсан хүн цалингаа 100 хувиар, 12 сарын турш авч буй нь яагаад ч шударга сонсогдохгүй.

“Мөнгө өгвөл нууц хадгална, үгүй бол задална”

Иргэдийн санал, өргөдөл 100 мянгаас дээш хүний дэмжлэг авсан бол үүнийг УИХ-аар хэлэлцэх хуультай. Үүний дагуу дээрх өргөдлийг мягмар гарагт Төрийн байгууллын болон Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцсэн юм. М.Бадамсүрэн гишүүн шударга бус эл заалтыг шууд хүчингүй болгох нь зөв гэсэн горимын санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Оронд нь уг асуудлыг “судлах” ажлын хэсгийг Б.Хэрлэн гишүүнээр ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, Х.Баасанжаргал, С.Зулпхар, Л.Энх-Амгалан, Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Г.Уянгахишиг нар багтжээ.

Гишүүд уг асуудлаар хоёр хуваагдсан гэхэд болно. Нэг хэсэг нь “Өөрөө хүсэж УИХ-ын гишүүн болсныхоо төлөө давуу эрх эдлэх ёсгүй” гэсэн бол нөгөө хэсэг нь “Заавал авна” хэмээн зүтгэлээ. Гишүүн Ц.Даваасүрэн “Төрийн нууцтай харьцаж байсан хүмүүс өөр улсын иргэн болох, гадаад руу гарах, гадаадын компанийн зөвлөх болох, төрийн нууцыг худалдахыг оролдсон тохиолдол өмнө нь гарсан юм. Тиймээс зориуд нэг жилийн хугацаагаар нууцыг хадгалах зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссан ч цалинжуулж, төрийн өмнө үүрэг хүлээлгэдэг. Энийг тайлбарлахгүйгээр шууд популизм хийж байна” гэжээ. А.Ариунзаяа гишүүн “УИХ-ын гишүүний ах дүү болсноороо төрд ажиллах эрхээ хасуулж, эхлүүлсэн бизнесээ зогсоож, үр хүүхэд нь тэтгэлэг авах эрхээс хасагдаж байгаа нь үндсэн эрхийг зөрчсөн үү гэхээс биш, давуу байдал олгосон асуудал биш” гэжээ. Тэгж л их “зовоод” буй бол гишүүн байхаа болих бүрэн эрх, сонголт түүнд бий. Тэгэхгүй байхыг бодоход тэрээр “хүчээр” намын жагсаалтад багтаж, парламентад орж ирсэн бололтой юм.

Ж.Баярмаа гишүүн “Нууц хадгалуулахын тулд гишүүн аснуудад мөнгө төлдөг гэнэ. Ёс суртахуун гэж юм байна уу, үгүй юу. Үүнийг огт ярихаа болилоо. Улстөрч хүний соёл гэж бий. Ийм өндөр албан тушаал хашсан учраас ёс суртахуундаа баригдаад, төрийн нууцыг хадгалах үүрэгтэй. Мөнгө авбал нууцыг хадгална, өгөхгүй бол задална гээд байгаа юм уу. Ёс суртахууныг мөнгөөр хэмжихгүй. УИХ-д өндөр ёс суртахуунтай хүмүүсийг сонгох ёстой гэдэг нь эндээс харагдаж буй. УИХ-ын гишүүн байсан хүн давуу эрх эдлэх ямар ч үндэслэл байхгүй” гэлээ.

400 орчим хүн тэтгэмж авчээ

Хамтарсан Байнгын хороогоор гишүүн аснуудын тэтгэмжийг хүчингүй болгох, эсэх асуудлыг хэлэлцэх үед Ө.Шижир гишүүн анхны ардчилсан парламент байгуулагдсан цагаас хойш хэдэн хүн эл тэтгэмжийг авсныг тодруулсан юм. Хурал даргалагч О.Номинчимэг гишүүн түүнд “Тамгын газар тогтоолоо шүүж хараахан дуусаагүй байна. Тиймээс 1992-1996 оны парламентын мэдээ гараагүй байна. Гэхдээ 1990-1992 онд УБХ-ын гишүүн байсан хүмүүсээс эхэлсэн юм билээ” гээд УИХ бүрээр тоог нь танилцуулав. УБХ ын гишүүн байсан 36 хүн тэтгэмж авсан аж. 1996-2000 онд 50, 2000-2004 онд 53, 2004-2008 онд 38, 2008-2012 онд 39, 2012-2016 онд 45, 2016-2020 онд 38, 2020-2024 онд 34 хүн тэтгэмж авчээ. Хэдийгээр энэ бол албан ёсны, эцсийн тоо биш хэмээн дээрх гишүүн мэдэгдсэн ч нэг парламентын бүрэн эрх дууссаны дараа дунджаар 40 хүн тэтгэмж авсаар ирсэн гэсэн үг. Тэгэхээр нийт 400 орчим хүн улсын төсвөөс тэтгэмж хүртчихээд буй юм байна. Тэтгэмж авах хугацаа зургаан сар байсныг 2006 оны өөрчлөлтөөр 12 сар болгожээ.

Ардчилсан парламентаа байгуулж, төрийн тогтолцоог өөрчилж байх үеэс өгсөн гэх эл тэтгэмжийн утга, агуулга эхэндээ арай өөр байсан биз ээ. УБХ, анхны ардчилсан парламентад өндөр ёс суртахуунтай улстөрчид сонгогдон ажилласан байдаг. Өнөөдрийнх шиг “ойгүй тэнэг”, увайгүй, хэн чанга орилж, олуулаа бүлэглэсэн нь Үндсэн хуулийн дээр гарч суудаггүй, ёс суртахуун, улстөрчийн ёс зүйгээ эрхэмлэдэг, хэмжээ хязгаараа мэддэг, төрт ёсоо дээдэлдэг хүмүүс байсан. Харамсалтай нь, цаг хугацаа өнгөрч, шинэ парламент бүрдэх бүрд улстөрчдийн чанар муудсаар байгаа нь нууц биш. Шударга, тэмцэгч нэр зүүсэн увайгүйчүүд, “гудамжныхнаар” дүүрч, УИХ-ын нэр хүндийг шавхайтай хутгаж байна. Ийм хүмүүс л хүлээсэн үүргээ умартаад “Мөнгө өгвөл нууц хадгална” гэсэн тайлбар тавьж, давуу эрхээ улам нэмэхээр оролдож чадаж буй юм.

Ц.Даваасүрэн гишүүн УИХ-д тасралтгүй таван удаа сонгогдсон хүн. 2028 онд дахин сонгогдох эсэхийг нь хэн ч мэдэхгүй. Мөн тэрээр С.Ганбаатар гишүүний гаргасан “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн ч хууль, хяналтын байгууллагаар шалгуулдаггүй байя” гэсэн агуулга бүхий саналыг чуулган дээр дэмжсэн цор ганц хүн.

А.Ариунзаяагийн хувьд анх удаа УИХ-д ажиллахдаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө яаж “зүтгэж” болдгийг баталж яваа. Тиймээс дахин жагсаалтад багтаад ороод ирдэггүй л юм бол түүнийг тойргоос сонгохгүй л болов уу. Тиймээс л тэдэнд эл тэтгэмж чухал байгаа гэж ойлгоё.

Ямартай ч УИХ-ын тухай хуульд дээрх тэтгэмжтэй холбоотой заалтыг хамгийн сүүлд 2024 оны тавдугаар сарын 15-нд оруулсан аж. Ингэхдээ эдлэх эрх, ямбаа улам л нэмсэн байна. Б.Хэрлэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ долоо хоногт дүгнэлтээ чуулганд оруулж ирэх байх. С.Ганбаатарын саналыг 101 гишүүнээс хоёр нь л дэмжсэнээс харвал манай УИХ-д эрүүл ухаантай нь арай олон хэмээн найдна. Анхны зорилгыг нь гуйвуулан, давуу эрхээ нэмсээр, 12 сарын турш ажилгүй “хэвтэхдээ” УИХ-ын гишүүний цалинг 100 хувиар авдаг зохицуулалтыг үргэлжлүүлэх үү, хүчингүй болгох уу. Эсвэл эрх ямбыг нь арай бууруулж, энгийн иргэдтэй адил гурван сараар, цалингийн 50-70 хувиар тэтгэмж авдаг болгох нь уу. Удахгүй тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: Үндэсний тойм сэтгүүл


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 57 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу4 цаг 21 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ5 цаг 20 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ5 цаг 28 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо5 цаг 31 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ5 цаг 35 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 58 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ7 цаг 3 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг7 цаг 6 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа7 цаг 11 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 56 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ8 цаг 4 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа8 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд8 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 53 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ9 цаг 1 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.