МАН-ынхны өрдсөн намрын халуун улс төр түр намжиж, эрх мэдлийн хуваарилалт ид өрнөж буй энэ үед АН 2027, 2028 оны сонгууль угтсан кампанит ажлаа эхэллээ. АН-ын дарга О.Цогтгэрэл БНСУ-д монгол иргэдтэйгээ уулзсаныхаа дараа татварын өршөөлийн хууль санаачлах тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр өчигдөр (2025.12.01) АНУ дахь Монголын ЭСЯ-д Вашингтон хот орчимд амьдарч буй монголчуудтай уулзлаа. АН-ын дарга О.Цогтгэрэл ийнхүү гадаадад ажиллаж, амьдарч буй нутаг нэгтнүүдээ эргэх зуур УИХ дахь тус намын бүлгийнхэн Ерөнхий сайд Г.Занданшатар болон түүний тэргүүлж буй Засгийн газар руу дайралт хийж байна. МАН-ын даргын төлөөх тулааны үеэр “Эв нэгдэл нэрийн дор нүүрсний хулгайтай эвлэрэхгүй” гэж мэдэгдсэн Г.Занданшатар болон “Нүүрсний хулгайч нарыг эх орноосоо хөөнө” гэж хэлсэн Б.Энхбаяр нараас “Хулгайтай тэмцэх чинь юу болсон бэ, мартсан уу” гэж Ч.Лодойсамбуу ам асуув. “МАН-ынхан өөр хоорондоо нанчилдаж, нэг нэгнээ хуулийн “гав”-нд хийх нь сөрөг хүчинд ашигтай” гэж тооцсон АН-ынхны 2027, 2028 оны сонгууль угтсан улс төрийн гол сэдэв нь нүүрсний хулгай бол бай нь нүүрсний хулгайч нартай эвлэрэхгүйгээ мэдэгдсэн Г.Занданшатарын Засгийн газар юм. УИХ-д 42 суудал бүхий том сөрөг хүчний орон зайг эзэгнэж буй АН-ынхан Г.Занданшатар, Б.Энхбаяр нарыг шахаанд оруулж, нэн шинэ “Хонгил” ажиллуулахыг шаардаж буйтай давхцан тус намд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг өрсөлдөөн ид өрнөж байна.
АН-ын дарга О.Цогтгэрэлийг “Х.Баттулгын фракцийнх” гэдэг байв. Нутаг ус яривал тэрбээр Увсынх. Монголын улс төр дэх нам, бизнес дамнасан бүлэглэл болох UBS-ийн төлөөлөл. Тиймээс UBS бүлэглэлийнхэн О.Цогтгэрэлээр дамжуулж, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд Монгол төрийн номер 01 суудлыг авахын төлөө эрх ашиг нэгдсэн талаар АН-ынхан ярьж байна. Тэд хэнийг зүтгүүлж байна вэ. UBS-ийнхэнд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр гэсэн хувилбар бий. Тодруулбал, Л.Гантөмөрөөр жийргэвч хийж, Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай тохиролцож буй нь АН дахь бусад фракцийнхны эгдүүцлийг төрүүлжээ. Тиймээс “Баруун Монголоос биш, төв Халхаас яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж” гэх далд сөргөлдөөн АН-д аажим аажмаар газар авч байна. Н.Алтанхуяг, Л.Гантөмөр гэсэн хоёр хувилбар дээр ярилцаж буй UBS бүлэглэлийнхний эсрэг төв Халхаас УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр бусад фракцийнхан нь ширээний ард суусан аж. “О.Цогтгэрэлд Хөгжлийн банк, “Нүүрс” хөтөлбөрөөр МАН-ынханд нээнтэгтэй Н.Алтанхуяг, АН-ыг 2024 оны сонгуулиар МАН-д зарж, Л.Оюун-Эрдэнэтэй Шадар сайдын суудал наймаалцсан Л.Гантөмөр нар байгаа бол бидэнд “Битаан” хочтой ч нэр цэвэр Д.Ганбат байна” гэж UBS-ийн эсрэг фракциуд санал нэгджээ. О.Цогтгэрэлийн хувьд, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Тиймээс тэрбээр өөрт нь АН-ын даргын тамгыг гардуулсан Л.Гантөмөрөөс илүү Н.Алтанхуягт найдаж буй нь тодорхой. Н.Алтанхуягийн тухайд, Ерөнхий сайдын албыг хашиж, УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон. Тэрбээр “Алтангадас” фракциа тараасан ч “Хаан жимс” амралтын газартаа экс фракцийнхантайгаа үе үе уулздаг. UBS бүлэглэлийнхээ нэр нөлөө, хүчтэй, мөнгөтэй хэлхээ холбоон дээр Н.Алтанхуяг 2027 онд нэр дэвшиж болох ч МАН-ынхан хавтаст хэргийг нь сөрөг ПР болгох эрсдэлтэй. Харин Д.Ганбат өөр. Улс төрийн тавцнаа сөрөг хүчний гол улстөрчийн байр суурь нь улам тодорч, чангарч яваа түүнийг О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нарын эсрэг гар барилцсан АН дахь фракциудын нэгдлээс нэр дэвшүүлэх магадлал өндөр.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөө орой танилцуулж магадгүй.gif)

Сэтгэгдэл бичих