“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна


12-р сарын 8
12 цаг 12 минут

       Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) Төрийн ордонд эхэллээ. Хянан шалгах түр хорооны 7 гишүүний хүрэлцэн ирснээр 09 цаг 17 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг нээж үг хэлэв.

Оюу толгой төслийн зээлийн хүүгийн хувь хэмжээг хэлэлцэх боломжтой долоон  жилийн давтамжит хугацаа 2025 онд тохиож байгааг дурдав. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний 170 дугаар тогтоолд Жавхлант, Шивээ толгойн ордуудыг стратегийн ордод хамааруулах болсон, төсөлтэй холбоотой арбитрын шүүхийн шийдвэр гарсан, далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, тогтвортой олборолтын шинэ мөчлөг эхэлж буй зэрэг Оюу толгой төсөлтэй холбоотой цөөнгүй үйл явдлын давхцал таарч буй онцлог цаг үе тохиож байгааг тэмдэглэлээ. Эдгээр болон нийгэм, эдийн засгийн гээд бусад шалтгаанаар Оюу толгой төсөлтэй холбоотой ард иргэдэд үүсээд буй зүй ёсны хүлээлт, эргэлзээг арилгах зайлшгүй шаардлагын үүднээс Хянан шалгах түр хороог байгуулахаар Улсын Их Хурлын 89 гишүүн дэмжин байгуулсан гэв.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд гурван өдрийн турш нээлттэй зохион байгуулагдана гэдгийг О.Батнайрамдал дарга нээлтийн үгэндээ мэдээлсэн. Түр хорооны 11 гишүүн, хянан шалгах шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; "Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах хоёр үндсэн зорилтын хүрээнд, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан арга хэлбэрээр нотлох баримт цуглуулсан байна. Энэ үйл ажиллагааны үр дүнд цугласан бүхий л нотлох баримт, мэдээллийг гурван өдрийн сонсголын хугацаанд олон нийтэд нээлттэй танилцуулж, шинжлэн судлах аж.

Сонсголын үйл ажиллагаа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлан, ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдэлж, ил тод байх зарчмыг хангах бөгөөд гагцхүү үнэн, бодит баримтад үндэслэн Улсын Их Хурлын шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллана гэдгийг О.Батнайрамдал гишүүн тэмдэглэлээ. Сонсголын сэдэв, цар хүрээнээс хамааран урьд урьдынхаас олон гэрч дуудагдсан болохыг тэрбээр тайлбарлаад “Хянан шалгах түр хорооны зүгээс холбогдох асуудлыг бүх талаас нь бүрэн дүүрэн шүүн хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэхийн тулд олон гэрч оролцуулах шаардлага үүссэн. Хяналт шалгалтын ажлын явцад Оюу толгой төсөлтэй холбоотой онцгой анхаарч, шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудал урьдчилсан байдлаар илрээд байгаа. Ялангуяа Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбоотойгоор манай төрийн байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч талууд, шийдвэр гаргах түвшний зарим албан тушаалтны шийдвэр гаргасан үйл ажиллагаа олон нийтэд ойлгомжгүй, эрх зүйн болон эдийн засгийн үндэслэл тооцоо нь үлэмж эргэлзээтэй хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд эл төсөлтэй холбоотойгоор Монголын талын үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдамж, чиглэлийг тодорхойлсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Улсын Их Хурлын тогтоол удаа дараа гарч байсан ч хэрэгжилт тодорхойгүй байна. Хянан шалгах түр хороонд ирүүлсэн нотлох баримтын талаас илүү хувийг нууцын зэрэглэлд хамааруулж ирүүлсэн зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байсан хэдий ч аливаа байгууллага албан тушаалтнууд гаргаж байсан шийдвэрүүдийнхээ талаар олон нийтийн өмнө ил тод, хариуцлагатайгаар тайлбар хийх ёстойг сануулж, тэмдэглэе” гэв.

Төгсгөлд нь сонсголын явцад иргэдийн мэдэх эрхэд халдаж хэлэлцэж буй асуудлыг ямар нэгэн хэлбэрээр бүдгэрүүлэх, тодорхойгүй орхигдох явдал гарах ёсгүй гээд тэрбээр “Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолд дурдсан хоёр үндсэн зорилтын хүрээнд Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх явдал бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа талууд харилцан тохиролцож, ард нийтээрээ хүлээж байсан хүртэх ашгийн хэмжээ ямар шалтгаанаар өөрчлөгдсөн гэх зэрэг олон асуултад нотолгоотой, тодорхой хариулт авах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ төслийн үр дүнг хүртэх эзэд нь гагцхүү Монголын ард түмэн бөгөөд газрын хэвлийн доорх баялаг зөвхөн өнөөгийн бидний өмч биш, ирээдүйн Монголын тал нутагт олон үеэрээ амьдрах үр хойчсын маань өв хөрөнгө тул оролцогч Та бүхэн нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Үргэлжлүүлэн О.Батнайрамдал дарга нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, сэдвүүдийн талаар танилцууллаа. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлахаар товложээ.

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг тэрбээр танилцуулаад, сонсголын танхимд байгаа оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйг танилцууллаа. Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн Түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн Түр хорооны гишүүд асуулт асууж болох бөгөөд асуулт, хариултын хугацаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны нийтлэг дэгийн дагуу тус бүр 4 минут байх юм байна. Хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болох юм байна. Сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой гэдгийг мөн дурдсан.

Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч О.Батнайрамдал танилцуулснаар сонсголын үйл ажиллагаа эхлэв.

“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна. Эхлээд Оюу толгой төслийн талаар болон Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар шинжээч танилцуулга хийлээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэв. Тухайн сэдвээр нийт 13 гэрч дуудагдсан бөгөөд тус бүрд нь мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Эдгээрийн дөрөв нь сонсголд оролцох боломжгүй гэдгээ урьдчилан бичгээр ирүүлсэн бол найман гэрч хүрэлцэн ирсэн, нэг гэрч ирээгүй хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн С.Сэргэлэн танилцуулав.

О.Батнайрамдал дарга гэрчүүдийн эрх, үүргийг дэлгэрэнгүй танилцуулаад сонсголын үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор үргэлжлүүлэн “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын асуудлын талаарх шинжээчийн мэдээллийг сонсож, энэ хүрээнд Түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асууж, хариулт тайлбар авах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна1 цаг 3 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав2 цаг 27 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал2 цаг 35 минутын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ3 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа3 цаг 25 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ3 цаг 28 минутын өмнөБенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ3 цаг 41 минутын өмнө“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”3 цаг 55 минутын өмнөОюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна3 цаг 58 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна4 цаг 5 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.124 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн4 цаг 13 минутын өмнөГ.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.