Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…


12-р сарын 8
14 цаг 34 минут

       Шатахууны хямрал хэвийн үзэгдэл болж байна. Байн байн шатахуун түгээх газрууд урт дараалалд дарагдах юу ч биш. Улсаараа нөөцгүй. Нөөцийн сав суулга ч байхгүй. Нефтийн ордуудтай атлаа энэ төслүүдийг алгассан. Алт, нүүрсний ордууд түшиглэсэн цөөн төслүүдээ л барьж авсан. Тэднийгээ ч зоригтойхон эхлүүлж чадахгүй асар их цаг хугацаа алдсан. Сүүлдээ энэ ужиг байдалдаа өөрсдөө дасаж эхэлж байгаа маань аймшигтай.

Тэгэхээр зориуд манай Төр нефтийн хараат байдлаас гарах бодлогоо хойш тавьсаар ирсэн гэж хардаж, хараан зүхмээр болох юм. Энэ сэдэв дээр мэргэжлийнхний дуу хоолой хаана ч хүрдэггүй, хүргэх замыг хаагдмал байдалтай байлгаж ирсэн юм уу ч гэмээр. Тийм атал “Орос ах нар минь…” гэж залбирч гүйдэг, уран зохиолын түвшний итгэл үнэмшилтэй этгээдүүд бүх сувгаар донгосож харагддаг.

Манайх ОХУ-аас шатахууны бүрэн хамааралд орсон энэ байдал өнөөдөр л бий болчихсон цоо шинэ нөцхөл байдал биш билээ. Үүнийг бид бүгд мэдэж байвч, энэ зовлонт байдалдаа аажмаар дасаж орхисон нь л хамгийн хүлцэшгүй явдал юм. Үүнийг зориуд хийж ирсэн хүмүүс бол төр засгийнхан. Аливаа Төр хамгийн эмзэг, хамгийн хүнд зовиураа ард түмэндээ ярьж, ард түмнийхээ зүрхэнд шингээж, хамт амьсгалж, хамт түүнийгээ ялахын төлөө улсаараа ажиллацгаадаг. Харин манай Төр бол хамгийн хөндүүр цэгээ аль болох тойрох, халгам үнэнээ нуух, мартагнуулах, түр зуурын бодлогуудаар гол зогоох аргачлалыг сонгож ирсэн.

Энэ нь одоо яаж ч зүтгүүлээд явахаа больж байна. Шууд утгаар хэлэхэд юм хуучнаараа явж болохоо байжээ л гэсэн үг шүү дээ. Орос өөрөө ямар байдалд байгаа билээ. Одоо Европын холбоо ба “Долоогийн бүлэг” Оросын газрын тосонд тавих шинэ хоригийг хэлэлцэж байна. Бүр далайгаар тээвэрлэхийг бүрэн хориглох асуудлыг хэлэлцэж байна. Тэдний газрын тосны экспортын 80 гаруй хувь нь далайн замаар тээвэрлэгддэг. Хэрэв энэ чиглэлд бүрэн хориг тавивал нөхцөл байдал яаж хүндрэх вэ. Экспорт нь багасна. Дагаад зах зээлийн зүй ёсны хямралууд эрчээ авна.

ОХУ-д нефть боловсруулах олон үйлдвэр нь халдлагад өртсөн. Төмөр замынх нь 4-5 шугам бөмбөгдөлтөд өртчихлөө. Одоо өөрсдөө АИ-92 бензинээ дотооддоо хязгаарлаж, зөвхөн гэрээт орнууддаа өгч байна. Байдал илүү хүндэрвэл юун гэрээт орнуудад шатахуун нийлүүлэх. Энэ бол яах аргагүй хүзүүн дээрх хатиг.

Хэдийгээр ОХУ-ын тал хүндрэлтэй байгаа ч Монгол Улсыг шатахуун нийлүүлэлтээр таслахгүй байх талаар байр сууриа хэдэнтээ илэрхийлсэн ч хүзүүн дээрх хэзээ мөдгүй хагарах хатиг маань хэвээрээ. Үүнийгээ тооцож бодлогоо боловсруулахыг, шинэ түншлэл, шинэ гарцуудыг чөлөөтэй нэвтрүүлэхийг манай сонин үргэлж уриалж байгаа.

Юутай ч БНХАУ-ын талтай хэлэлцээр хийж, ирэх сард 15,500 тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо. Үүний дагуу 2.5 мянган тонн дизель болон АИ-92 түлш Хөх хотоос манай руу тээвэрлэгдэж эхэлсэн байна.

Дэлхий ертөнц өөрөө амгалан биш байна. Орос Украины дайн эхлээд дөрвөн жил боллоо. Одоо бүр шатахууныг онилж дайтаж байна. Бүх юм хуучин маягаараа явахад хэцүү болсон. Бүх юм өөрчлөгдсөн. Одоо эрх баригчид гарч ирээд “ОХУ-аас бензин ирж яваа. Тэд бидэнтэй хийсэн гэрээгээ таслахгүй гэсэн шүү” хэмээх улиг болсон үгсээ давтахыг нь хараад хэн ч баяр баясал болж хүлээж авахаа байсан гэдгийг өөрсдөө ухаарах хэрэгтэй байна. Бид хэн нэгэнд найдах бус өөрсдөдөө найдах цаг ирсэн. Ах дүү Орос орон энэ тэр гэж элийрч байдгаа больж, өөрсдөө ажил төрлөө барьж аваад хийдэг болмоор байна. Ард түмэн арван жил баригдаж байгаа тэр үйлдвэрт чинь ч итгэхгүй болсон.

Шатахууны бизнесийг либералчлах ёстой болчихоод байна. Гэтэл бид дэлхий даяар тренд болоод удаж байгаа цахилгаан машинуудыг ч бүрэн нэвтрүүлж л чадаагүй сууж байна.

1989 оны дэлгүүрийн лангуун дээрээ давснаас өөр юмгүй болж байсан хямралаас яаж гарсныг одоогийн зарим залуу дарга нар мэдэхгүй байх.

Зөгий хөтөлбөр гэж тэр үед явуулсан. Зөгий болгон үүрэндээ цэцгийн тоостой ирдэг. Түүн шиг иргэн бүр улсдаа, орон гэртээ жижиг сажиг ч болов бараатай, хүнс хоолтой ирэхийг даатгаж бүгдэд нь гадаад паспорт өгөөд явуулсан. Үүний ачаар гуравхан сарын дараа тэр үеийн нэршлээр “тохиролцооны дэлгүүр”-үүд хүнсэндээ дарагдаад, лангуу нь хуга үсэрч байлаа. Идэж уух, өмсөж зүүх, үзэж харах юмс, цахилгаан бараа гээд байхгүй байсан бүх юмыг олж ирж байсан туршлага байна. Энэ үеийн эрх баригчид, иргэд биднээс хамаагүй илүү эх оронч байжээ.

Одоо бид юун дээр ч нэгдэж чадахаа байсан. Шатахуун дээрээ ч Төрөөр залуурдуулсан хэвээр. Үнэндээ Орос, Хятад, Казахстан, Солонгос, Япон гээд бидний дипломат харилцаатай орнууд дэлхийгээр дүүрэн байхад цастай утаатай хонхортоо шатахууны хомсдолд орчихоод, хоосон сав шиг сайдынхаа худал үгэнд хууртан өдөр хоног өнгөрөөж суудаг улс болчихсоноо харах тусам уур хүрээд байна.

Монгол Улсын шатахууны хэрэглээ хурдацтай өсөж байна. Статистикаас харвал өнгөрч буй оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 77992 ширхэг суудлын автомашин импортолсон. Энэ хэрээр шатахууны хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Төр өнөөдөр нөөцийн сав суулга яриад л сууж байна. Суурь юмаа ерөөсөө барьж авдаггүй алдааг шинэ Засгийн газар ч давтаад байна. Оросын дотоодын улс төр-эдийн засаг туйлын эмзэг, туйлын тогтворгүй байхад “Бид ах нартай бензин нийлүүлэх гэрээгээ найдвартай хийчихсээн” гээд хийсээд давхиад байх юм.

Москвагийн хараат байдлаас гарах тухайтад илүү төвлөрч ажиллах ёстой гэдгийг яагаад дорвитой хэлэлцэхгүй байгаа юм. Монголчууд өдөржин шөнөжин сошиалдаа хэрэлдэж суудаг болсны нэг шалтгаан энэ шүү дээ. Хараат байдлын бичигдээгүй зовлон л бүхий л эд эс рүү минь нэвширч байна гэсэн үг. Аргагүй шүү дээ, манайд бензиний үнэ нэмэгдэхэд л дагаад гол нэрийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг нэгэнт тогтсон. Гэтэл урд хөрш маань цахилгаан машиныг илүү хямд, илүү хүн бүрд хүртээмжтэй болгох бодлого явуулж байна.

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна1 цаг 27 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу2 цаг 52 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ3 цаг 50 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ3 цаг 59 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 2 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 6 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов5 цаг 28 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ5 цаг 33 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг5 цаг 37 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 42 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан6 цаг 27 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ6 цаг 35 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа6 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 24 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ7 цаг 32 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.