Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ


12-р сарын 11
14 цаг 02 минут

       Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, ирц 50.8 хувьд хүрснээр эхэлж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн танилцуулав.

Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хурапдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдээс урьдчилан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан хэмээгээд Байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллуудын талаар мэдээлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бум-Очир, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Ч.Номин, Р.Эрдэнэбүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Уянгын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан cap тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсны дараа П.Сайнзориг, М.Ганхүлэг, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тогтоол батлагдсанаар малчид, аж ахуйн нэгжүүдэд ямар боломж гарч буйг тодруулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Тогтоол батлагдсанаар Засгийн газарт тодорхой эрх олгох зохицуулалт хэрэгжинэ. Баруун бүсийн таван боомтоор улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг үзүүлнэ.

Тогтоол батлагдсан тохиолдолд аль болох хурдан хугацаанд Засгийн газраас шийдвэр гарна. Тэжээлийн импортод ногдуулж байгаа таван хувийн, гурилын импортын 15 хувийн татварыг “0” хувь болгох саналаа салбарын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулах зорилготой байгаа учир хугацааг 04 дүгээр сарын 15-ныг хүртэл гэж тооцож байна гэсэн хариулт өглөө. Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хуруулт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.

Мөн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Монгол Улс 2024 онд нийт 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. 

Сайд Ж.Энхбаяр, 2024 оны байдлаар ОХУ-тай хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Сүүлийн 10 жилд ОХУ руу экспортлох хэмжээ төдийлөн нэмэгдээгүй бөгөөд шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой импорт өсөж, худалдааны бүтэц тэнцвэргүй байна. ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн тул холбооны бусад гишүүн орнуудтай адил нэгдсэн гаалийн тарифын бодлого хэрэгжүүлдэг. Монгол Улсаас ЕАЭЗХ-д экспортлох бараанд 15–50 хувийн гаалийн тариф ногдуулж, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна. 

Мөн нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Энэ нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна.

ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тул тус холбооны дүрэмд заасны дагуу холбооны 5 гишүүн орон нь нэгдсэн татварын тогтолцоотой, бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-50 хувийн татвар ногдуулахаас гадна эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, шаардлагыг тавьдаг тул Монгол Улсаас экспорт хийх бололцоо хумигдмал байна.  

Иймээс гол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай орц, түүхий эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь  чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг  байгуулах явдал юм хэмээн тодотгов.

Тус хэлэлцээр нийт 31 зүйл, 4 хавсралтаас бүрдэх бөгөөд хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон. Мөн хэлэлцээр 3 жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох юм байна.  

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем” (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон аж. 

Түүнчлэн улаанбуудай, өндөг зэрэг манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоо хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулсан байна. 

Олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашиглагддаг “Ерөнхий тэнцвэрийн загвар”-ын  тооцооллоор  хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 42–152 хувиар нэмэгдэж,  Монголын бүтээгдэхүүн гаалийн татваргүйгээр өргөн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Мөн Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусгагдсан гэдгийг сайд Ж.Энхбаяр дурдсан.

“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо хөдөлгөөн” зэрэг төрийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажил идэвхтэй өрнөж буй энэ үед тус хэлэлцээр нь дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, малчин өрх болон үйлдвэрлэгч, экспортлогчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж. Мөн дээр дурдсан Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан бүс нутгийн интеграцид нэгдэх, нэг эдийн засгаас хараат байдлыг бууруулах, экспортын зах зээлийг тэлж, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой гэлээ.

Экспортын үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр чухал ахиц гарч, зардал буурах боломж бүрдэх бөгөөд орц, материалыг экспортын барааны өртгийн 50 хувьд тооцон тарифын хөнгөлөлт эдлэх, барааг 4 цагийн дотор олгох, гарал үүслийн гэрчилгээг нөхөн гаргах боломжтой болох, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан гаалийн шалгалтын шинэ зохицуулалт хэрэгжих,  5000 еврогоос бага үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх зэрэг өөрчлөлт нь бизнесийн орчныг сайжруулна гэж танилцуулгад дурдсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина36 минут 25 секундын өмнөМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ43 минут 10 секундын өмнөУлаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно3 цаг 21 минутын өмнөОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна3 цаг 24 минутын өмнөИхэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна4 цаг 23 минутын өмнө“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна4 цаг 26 минутын өмнөЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ5 цаг 2 минутын өмнөУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ5 цаг 9 минутын өмнөГ.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна5 цаг 15 минутын өмнө“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?5 цаг 18 минутын өмнөПрофессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо5 цаг 21 минутын өмнөТөрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа5 цаг 54 минутын өмнө“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа5 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан6 цаг 6 минутын өмнө“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52Авто машины импорт 53 хувиар багасжээ3 сар 9. 11:43“Storepay Winterland – Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай боллоо3 сар 9. 10:04Газрын тосны үнэ 110 доллароос давлаа3 сар 9. 10:00“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ3 сар 9. 9:57УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа3 сар 9. 9:52КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 9. 9:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.