Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв


12-р сарын 12
9 цаг 27 минут

       Монгол Улсын Их Хурлын чуулганы (2025.12.11)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө хэлэлцэж эхэлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулсан юм.

Үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүд худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж эхэлснийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Д.Ганмаа, Ч.Номин, Г.Лувсанжамц, Д.Батбаяр, Ж.Золжаргал, Н.Номтойбаяр, Ж.Алдаржавхлан, Б.Пунсалмаа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин, Б.Бейсен нар дотоодын үйлдвэрлэл, бизнесийг хамгаалах хариу арга хэмжээ, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, Евразийн орнуудад сууж байгаа манай улсын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудын ажлын үр дүнг хэмжихэд эдийн засгийн өгөөжийн үзүүлэлтийг тооцох, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийн бэлэн байдлыг хангах, гаалийн орлогыг бууруулахгүй байх бодлого, зөвхөн хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хязгаарлахгүй үндэсний үйлдвэрлэлийн гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, базальт, төмөрлөг зэрэг эрдэс чулуулгийн бүтээгдэхүүнийг хэлэлцээрт хамруулах, дотоодын бүтээгдэхүүний өртгийг бууруулах үүднээс татварын реформ хийх, стандартыг хангуулах, санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, гадаад худалдааны тэнцлийг хангах, чадвал ашигтай хэмжээнд хүргэх, худалдааны дэд бүтцээ сайжруулах болон бусад бэлтгэлийг хангах талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Геополитикийн эгзэгтэй нөхцөл бүхий энэ үед үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж шинэ зах зээлийг бий болгох, хэлэлцээрт хамаарахгүй бусад улс орнуудтай явуулах худалдаа, эдийн засгийн харилцаанд ямар нэгэн хориг, хязгаарлалт үүсгэхгүй байх зэрэг олон асуудалд ач холбогдол өгч байгаагаа Улсын Их Хурлын гишүүд илэрхийлж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид Евразийн улс орнуудтай худалдаа хийх бэлтгэл, стандартын шаардлагыг хангаад байгааг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр дурдаж, транзит тээвэр болон бусад улстай хийх худалдаанд хязгаарлалт тогтоохгүйг болон хэлэлцээрийг жил бүр дүгнэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулан хэлэлцүүлж, мөнхүү жил бүр төлөвлөгөө гаргаж ажиллана гэдгийг хэлсэн юм. Үндэсний бүтээгдэхүүний экспортод квот тогтоохгүй байх, төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлнэ гэдгийг сайд нар болон ажлын хэсгийн гишүүд хэлж, хэлэлцээрийг хэрэгжүүлснээр мах, арьс шир, ноос ноолуур зэрэг 367 мөр барааны экспортод тавих хязгаарлалт, мөн логистик, стандартын хаалтууд 10-15 хувь буурна гэдгийг онцолж байлаа.

Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Р.Сэддорж хийсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ, бүтээгдэхүүн нөөцлөх байгууламж дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах хөрөнгийн дүн, хууль хэрэгжих хугацааны талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг импортлогч аж ахуйн нэгжүүдийн нөөц бүрдүүлэлт, борлуулалтад төрөөс хяналт тавих нь зохистой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Төвбанкны тухай хуулиар Монголбанканд хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зохистой эсэх, мөн Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, үнийг чөлөөлөх талаар төрөөс баримтлах бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн стратегийн бүтээгдэхүүний үнийг төрөөс тогтоож, цөөн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлөөр давуу байдал олгож байгаа нь зохистой эсэх талаар асууж хариулт авсан байна. Мөн хуулийн үйлчлэх хугацааны талаар Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн зөвлөмжийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт болон Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, О.Цогтгэрэл, Б.Түвшин, Н.Номтойбаяр, Б.Бейсен нар асуулт асууж, газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх болон тээвэрлэх чадамжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлэх бодлого, зарчим, шаардлага, Монголбанканд учирч болзошгүй эрсдэл, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг зохистой хангах, зах зээл, бизнесийн орчинд төрөөс сөргөөр нөлөөлөхгүй байх, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөрш орнуудтай хийх нефтийн бүтээгдэхүүний худалдааны харилцаа, түүний эрх зүйн болон харилцаа, хамтын ажиллагааны орчныг сайжруулах зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм. Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хэлсэн үгэндээ шатахуун нөөцлөх савны 27 хувьд хуурамч шатахуун хадгалагдаж, хүчин чадлыг энэ хэрээр бууруулж байгааг анхааруулаад, улсын хэмжээнд нийт 480 мянган тонн шатахууны сав байгаагийн 30 хувьд буюу 150 мянган тонныг 28 хоног хадгалах боломж байгааг 28 мянган тонноор нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгох тухай хуулийн төсөл болохыг тодорхой тайлбарлалаа.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх үед Байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсын ачаа тээврийн гол авто замууд болон Улаанбаатар хотын эрчим хүчний дэд станцуудын өргөтгөл, шинэчлэлийн асуудал улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар цаашид улсын төсвийн орлогыг зөв тооцож төлөвлөдөг байх нь зүйтэйг, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг дунд хугацаанд бодитоор төлөвлөх нөхцөл бүрдүүлж буй тул тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул дараагийн асуудал болох “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж холбогдох санал дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс боловсруулсан уг тогтоолын төсөлд төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна. Үүнд, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгохтой холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай байгааг харгалзан Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг үүрэг болгожээ. Түүнчлэн төрийн хяналт, шалгалтын зөвлөн туслах, соён гэгээрүүлэх чиг үүрэг орхигдсон байдлыг засах, бизнесийн үйл ажиллагааг хясан боогдуулдаг байдлыг таслан зогсоох, давхардсан хяналт шалгалтыг оновчлох, нэгдсэн удирдлагаар хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүй, төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Засгийн газарт чиглэл өгөхийн тулд холбогдох хуулийн хэрэгжилтэд судалгаа, дүгнэлт хийсэн эсэхийг асууж, төрийн хяналт, шалгалт гэсэн нэр томъёоноос татгалзаж, мэргэжлийн хяналт хийдэг байх, зөвлөн тусалдаг байх зарчим руугаа шилжих нь зүйтэй гэсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Н.Учрал тодорхой хариулт өгч, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, хяналт, шалгалтын ажлыг нэгдсэн удирдлага, бодлоготой болгоход чиглэж буйг тайлбарласан юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа мэргэжлийн хяналтын байгууллага байх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлээд, 2026 он гарахаас өмнө зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэл өгч байгаа нь хэрэгжих боломжтой, эсэх талаар асууж, Улсын Их Хурлын даргаас хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хяналт, шалгалтыг олон давхар явуулдгийг эцэс болгохоор төлөвлөснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд төрийн хяналт, шалгалтын байгууллагын зөвлөн туслах чиг үүргийн зэрэгцээ хариуцлага тооцох эрх хэмжээ нь тодорхой байх шаардлагатайг онцоллоо. Улсын Их Хурлын дарга Н.Учрал төрийн хяналт, шалгалтын байгууллагууд зөвлөн туслах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилж, хэрэгжихгүй байгаа, хэрэгжих боломжгүй тогтоол, шийдвэрийг цуцлах, цэгцлэх ажлыг Улсын Их Хурал хийнэ гэдгийг мэдэгдэв.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын санал хураалтыг маргааш өглөөний 10.00 цагт явуулахаар товлолоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ5 минут 1 секундын өмнөШХАБ-аас мэдэгдэл гаргажээ9 минут 33 секундын өмнөХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ13 минут 35 секундын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна21 минутын өмнөЖ.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ34 минут 37 секундын өмнө“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ42 минут 48 секундын өмнөФранцын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа49 минут 50 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн55 минут 9 секундын өмнөНэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа3 сар 2. 9:33Дэлхийн эрдэс баялгийн салбарын гол индэр “PDAC-2026” эхэллээ3 сар 2. 9:30Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо3 сар 2. 9:23Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныханд үүрэг өгөв3 сар 2. 9:15УИХ: Энэ долоо хоногт (2026.02.23-03.01)3 сар 2. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн3 сар 2. 9:05Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан3 сар 1. 12:17Д.Амарбаясгалан: Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна3 сар 1. 12:09Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ2 сар 28. 15:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.