ОХУ-ын Калининград мужийн Арбитрийн шүүх "ОК РУСАЛ" компанийн нэхэмжлэлээр Rio Tinto Limited (Австрали), Rio Tinto plc (Их Британи), RTA Holdco Australia 5 Pty Ltd. (Австрали), Rio Tinto Aluminium (Holdings) Limited (Австрали), Rio Tinto Aluminium Limited (Австрали), Oyu Tolgoi Netherlands B.V. (Нидерланд), THR Oyu Tolgoi Ltd. (Британийн Виржинийн арлууд)-д холбогдох Гуравдагч этгээдүүд: АО «РУСАЛ», Rusal Limited (Жерси), Alumina and Bauxite Company Ltd (Британийн Виржинийн арлууд), Queensland Alumina Limited (Австрали), Oyu Tolgoi HHK (Монгол)-ыг хариуцагчаар татаж, холбогдох нөхөн төлбөр гаргуулах, төлбөр шаардах тухай хэргийг хаалттай хэлэлцжээ. Калинград мужийн Арбитрийн шүүхээс 2025 оны арванхоёрдугаар сарын 11-нд албан ёсоор гарсан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Калининград мужийн арбитрын шүүх Рокоссовскийн гудамж 2–4, Калининград хот, 236040 Цахим шуудан: kaliningrad.info@arbitr.ru http://www.kaliningrad.arbitr.ru
ОХУ-ын нэрээр ШИЙДВЭР
2025 оны 12 дугаар сарын 11 Хэрэг № А21-4157/2025 Шийдвэрийн тогтоох хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тунхаглав. Шүүх хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 03-наас 2025 оны 12 дугаар сарын 10-ны хооронд завсарласан. Калининград мужийн Арбитрын шүүх шүүгч М.Н.Надёжкина-гийн бүрэлдэхүүнээр, Протоколыг хурлын завсарлагаанаас өмнө Нарийн бичгийн дарга Н.С.Вердян, завсарлагааны дараа Нарийн бичгийн дарга А.С.Маслова нар хөтөлж, МКПАО «ОК РУСАЛ» (ОГРН 1203900011974)-ын нэхэмжлэлээр Хариуцагч: Rio Tinto Limited (Австрали), Rio Tinto plc (Их Британи), RTA Holdco Australia 5 Pty Ltd. (Австрали), Rio Tinto Aluminium (Holdings) Limited (Австрали), Rio Tinto Aluminium Limited (Австрали), Oyu Tolgoi Netherlands B.V. (Нидерланд), THR Oyu Tolgoi Ltd. (Британийн Виржинийн арлууд)-д холбогдох Гуравдагч этгээдүүд: АО «РУСАЛ», Rusal Limited (Жерси), Alumina and Bauxite Company Ltd (Британийн Виржинийн арлууд), Queensland Alumina Limited (Австрали), Oyu Tolgoi HHK (Монгол)-т холбогдох нөхөн төлбөр гаргуулах, төлбөр шаардах тухай хэргийг хаалттай хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв.
Оролцсон этгээдүүд:
Нэхэмжлэгч талаас – А.А.Батурин, М.А.Зайко, Д.А.Архипов, Р.Д.Авилов, А.А.Егоров (завсарлагын дараа) – итгэмжлэлийн үндсэн дээр,
Хариуцагч RTA Holdco Australia 5 Pty Ltd.-ийн талаас
– К.Д.Цуканов (завсарлага хүртэл), В.А.Пархоменко, Е.Д.Галтер
– итгэмжлэлийн үндсэн дээр, Гуравдагч этгээд АО «РУСАЛ»-ын талаас
– А.М.Сабиров (завсарлага хүртэл), В.Г.Домшенко, Д.Д.Куимчиде (завсарлагын дараа)
– итгэмжлэлийн үндсэн дээр;
ТОГТООСОН нь: МКПАО «ОК РУСАЛ» (цаашид – нэхэмжлэгч) нь Калининград мужийн Арбитрын шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан болно. Үүнд:
Rio Tinto Limited (хариуцагч 1), Rio Tinto plc (хариуцагч 2), RTA Holdco Australia 5 Pty Ltd. (хариуцагч 3), Rio Tinto Aluminium (Holdings) Limited (хариуцагч 4), Rio Tinto Aluminium Limited (хариуцагч 5), Oyu Tolgoi Netherlands B.V. (хариуцагч 6), THR Oyu Tolgoi Ltd. (хариуцагч 7) нараас хамтад нь нийт 1 238 910 642 (нэг тэрбум хоёр зуун гучин найман сая есөн зуун арван мянга зургаан зуун дөчин хоёр) ам.долларын хохирол гаргуулах тухай, мөн Оюу Толгой ХХК-ийн дүрмийн сангийн 66%-ийн хувьцаанд, хариуцагч 6, 7-д хамаарах хэсэгт албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай.
Маргааны предметийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр АО «РУСАЛ», Rusal Limited, Alumina and Bauxite Company Ltd, Queensland Alumina Limited, Oyu Tolgoi ХХК-ийг хэрэгт татан оролцуулсан.
2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүх нь ОХУ-ын Арбитрын процессын хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хаалттай шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай тогтоол гаргасан. 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн протоколын тодорхойлолтоор шүүх нь ОХУ-ын Арбитрын процессын хууль (АПК РФ)-ийн 49 дүгээр зүйлийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлээр (2025 оны 12 дугаар сарын 03-нд «Мой арбитр» системд байршуулсан) үйлдсэн нэхэмжлэлийн тодруулгыг хянан хэлэлцэхээр хүлээн авсан бөгөөд уг тодруулгад нэхэмжлэгч дараах шаардлагыг тавьсан байна:
Rio Tinto Limited, Rio Tinto plc, RTA Holdco Australia 5 Pty Ltd., Rio Tinto Aluminium (Holdings) Limited, Rio Tinto Aluminium Limited, Oyu Tolgoi Netherlands B.V., THR Oyu Tolgoi Ltd. компаниудаас 1 315 531 902 (нэг тэрбум гурван зуун арван таван сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун хоёр) ам.долларын хэмжээтэй хохирлыг хамтад нь гаргуулах, өр төлбөрийг барагдуулах зорилгоор хариуцагч 6, 7-д хамаарах, Oyu Tolgoi ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах.
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн протоколын тодорхойлолтоор шүүх нь ОХУ-ын Арбитрын процессын хууль (АПК РФ)-ийн 49 дүгээр зүйлийн дагуу тооцооны томьёонд гарсан техникийн алдаатай холбоотойгоор хохирлын хэмжээг 1 278 518 878 (нэг тэрбум хоёр зуун далан найман сая таван зуун арван найман мянга найман зуун далан найм) ам.доллар болгон тодруулсан тухай 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлийг (2025 оны 12 дугаар сарын 05-нд «Мой арбитр» системд байршуулсан) хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
Энэхүү хуралдаанд ирээгүй процессын оролцогчдыг шүүх хуралдааны болох газар, хугацааны талаар зохих журмын дагуу мэдэгдсэн бөгөөд энэ талаар, тухайлбал, шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтод тусгагдсан болно.
Хэргийн явцын талаарх бүх мэдээлэл нь Оросын Холбооны Улсын холбооны арбитрын шүүхүүдийн албан ёсны цахим хуудас болох www.arbitr.ru сайтын «Арбитрын хэргийн картотек» хэсэгт нийтлэгдсэн байна.
Гуравдагч этгээд болох Оюу Толгой ХХК (Монгол Улс)-д мэдэгдэл хүргүүлэх асуудлын талаар шүүх нэмэлтээр дараахыг тэмдэглэв.
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээн авах тухай тодорхойлолтоор шүүх нь нэхэмжлэгчид уг тодорхойлолтыг өөрөө орчуулж, нотариатаар баталгаажуулсны дараа гадаадын байгууллагуудад шүүх хуралдааны болох газар, хугацааны талаар мэдэгдэхийг санал болгосон. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлттэй хамт Oyu Tolgoi ХХК-д нэхэмжлэлийн өргөдлийн хуулбар болон 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн тодорхойлолтыг Оросын Шуудангаар (илгээмжийн дугаар RO067726214RU) болон CDEK курьерийн үйлчилгээгээр (илгээмжийн дугаар 10109913013) илгээсэн талаарх мэдээллийг хэрэгт хавсарган ирүүлсэн байна.
Байгаа тайлангуудаас үзэхэд, уг илгээмжүүдийг хаяг хүлээн авагч хүлээн авсан болно. Үүнээс гадна, нэхэмжлэгч нь цахим шуудангаар Oюу Толгой ХХК-ийн хаяг руу 2025 оны 05 дугаар сарын 26-ны, 2025 оны 06 дугаар сарын 30-ны, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн тодорхойлолтуудыг илгээсэн болно.
Цаашлаад, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтоор шүүх нь Оюу Толгой ХХК-д 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтыг гардуулах зорилгоор Оросын Холбооны Улсын Калининград муж дахь Хууль зүйн яамны удирдах газраар дамжуулан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай шүүхийн даалгавар илгээх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Холбогдох хүсэлтийг Оросын Холбооны Улсын Калининград муж дахь Хууль зүйн яамны удирдах газар 2025 оны 07 дугаар сарын 07-нд бүртгэсэн байна. 2025 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар уг даалгаврыг гүйцэтгэхтэй холбоотой баримт бичгүүд шүүхэд ирээгүй байна. Гэсэн хэдий ч, нэхэмжлэгч нь хэрэгт Монгол Улсын шүүх 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болон 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Оюу Толгой ХХК-д Калининград мужийн Арбитрын шүүхийн тодорхойлолтыг хүлээн авах зорилгоор шүүхэд ирэх шаардлагатай тухай хоёр удаа шүүхийн зарлан дуудах бичиг хүргүүлсэн талаарх мэдээллийг хавсарган ирүүлжээ. Oюу Толгой ХХК нь уг хоёр зарлан дуудах бичгийг хоёуланг нь хүлээн авсан бөгөөд шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн № 06/2427 дугаартай албан бичиг ирүүлсэн байна.
Тус албан бичигт гуравдагч этгээд нь Оросын Холбооны Улсын шүүхээс ирүүлсэн баримт бичгүүдийг хүлээн авах нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд, улмаар Монгол Улсын нийтлэг ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дурдсан байна. Мөн уг бичгээс Оюу Толгой ХХК нь энэхүү маргааны зүйл, үндэслэлийн талаар бүрэн мэдээлэлтэй байгааг тогтоож болохоор байна. ОХУ-ын Арбитрын процессын хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт оролцогч этгээдүүд нь процессын ажиллагааг үйлдсэн эсхүл үйлдээгүйгээс үүсэх үр дагаврын эрсдэлийг өөрсдөө хүлээнэ. Талууд болон гуравдагч этгээдийн тайлбарыг сонсож, хэрэгт байгаа нотлох баримтуудыг судлан, ОХУ-ын Арбитрын процессын хуулийн 71 дүгээр зүйлд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр шүүх дараах нөхцөл байдлыг тогтоов. МКПАО «ОК РУСАЛ» (цаашид – РУСАЛ) нь Калининград мужийн Октябрский арал дахь тусгай захиргааны бүсэд редомициляцийн журмаар бүртгэгдэж, 2020 оны 09 дүгээр сарын 25-нд Улсын нэгдсэн хуулийн этгээдийн бүртгэлд ОГРН 1203900011974 дугаараар бүртгэгдсэн байна. РУСАЛ нь өөрийн хяналтанд байдаг Alumina and Bauxite Company Ltd (цаашид – ABC) компанийн дамжуулан Австралийн Queensland Alumina Limited (цаашид – КВАЛ) компанийн 20 хувийн хувьцааны эзэмшигч бөгөөд тус компани нь глинозем (хөнгөн цагаан үйлдвэрлэхэд ашиглагддаг хоёрдогч түүхий эд) боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг. КВАЛ компанийн үлдсэн 80 хувь нь Англи–Австралийн Rio Tinto холдинг компанийн өмчид хамаарна. КВАЛ компани болон түүний хувьцаа эзэмшигчдийн хооронд дараах гэрээнүүд байгуулагдсан болно: 1964 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн оролцогчдын гэрээ (2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинэчилсэн найруулгатай), толлингийн, боксит нийлүүлэх болон тээвэрлэх, каустик сод нийлүүлэх гэрээнүүд (цаашид – Австралийн гэрээнүүд). Эдгээр гэрээнүүдийн нөхцөлийн дагуу ABC компани нь Rio Tinto-оос боксит худалдан авч, КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 20 хувийг ашиглах эрхтэй байсан. Үүний дараа үйлдвэрлэсэн глиноземийг РУСАЛ компанийн охин компаниудын эзэмшилд байдаг Оросын хөнгөн цагааны үйлдвэрүүдэд нийлүүлдэг байжээ. Оролцогчдын гэрээний 2 дугаар зүйлд зааснаар КВАЛ компани нь оролцогчдод хамаарах бокситыг давальческая (толлингийн) үндсэн дээр глинозем болгон боловсруулах зориулалттай үйлдвэрийг барих, улмаар ашиглалтад оруулах зорилгоор байгуулагдсан байна. Оролцогчдын гэрээний 14А дугаар зүйлд «степ-ин» (step-in) ажиллагааны журмыг тогтоосон бөгөөд, үүний дагуу АНУ-ын Сангийн Яамны Гадаад хөрөнгийн хяналтын газар (OFAC) эсхүл Австрийн холбогдох төрийн байгууллага нь РУСАЛ, ABC компани эсхүл тэдгээрийн аль нэг хамаарал бүхий этгээдэд КВАЛ компанийн үйл ажиллагаанд саад учруулахуйц хориг арга хэмжээ ногдуулсан тохиолдолд Е хавсралтыг хэрэглэхээр заасан байна. Е хавсралтын дагуу, 14А дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл үүссэн тохиолдолд оролцогчид ABC компанийн үйлдвэр дээрх хүчин чадлаа ашиглах эрхийг Rio Tinto группийн оролцогчдод дахин хуваарилахаар тохиролцсон байна. Мөн хориг арга хэмжээг дагаж мөрдөх зорилгоор КВАЛ компани нь ABC компаниас ирэх бокситын нийлүүлэлтийг хүлээн авахаа зогсоох, түүнчлэн глинозем ачих ажиллагааг зогсоох эрхтэй байхаар тусгагдсан байна. Нэхэмжлэлд дурдсанаар, Австралийн Засгийн газар 2022 оны 03 дугаар сарын 17-нд тодорхой иргэдийн эсрэг хувь хүний хориг арга хэмжээ нэвтрүүлж, 2022 оны 03 дугаар сарын 19-нд Оросын Холбооны Улс руу хөнгөн цагааны түүхий эд, үүнд боксит болон глинозем багтсан экспортлохыг хориглосон байна. 2022 оны 04 дүгээр сарын 04-нд КВАЛ компани нь ABC компанид «степ-ин» ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдлийн дагуу ABC-аас боксит хүлээн авах, түүнийг боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн ачих ажиллагааг бүрэн зогсоосон байна. 2022 оны 04 дүгээр сарын 08-нд хариуцагч 5 нь оролцогчдын гэрээний 14А дугаар зүйл болон Е хавсралтад тулгуурлан ABC компанид бүх төрлийн боксит нийлүүлэлтийг зогсоосон тухай мэдэгдсэн байна. Дээр дурдсан нөхцөл байдал нь, нэхэмжлэгчийн үзэж буйгаар, РУСАЛ компанийн КВАЛ компанитай холбоотой бүх хувьцаа эзэмшлийн эрхийг бодит байдал дээр нөхөн төлбөргүйгээр хураан авсантай адил үр дагаварт хүргэсэн байна. Тодруулбал, Rio Tinto группийн компаниуд нь өмнө нь ABC компанид хамаарч байсан КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн хяналтдаа авч, түүнийг удирдлагад оролцох боломжгүй болгосон байна. Хариуцагч 4 нь КВАЛ компанийн хүчин чадал дээр боловсруулахад шаардлагатай боксит түүхий эдийг нийлүүлэхээ зогсоосон. Мөн ABC компанид оролцогчдын гэрээ, толлингийн гэрээнүүдийг шинэ хугацаагаар сунгаагүй болно. Үүнтэй холбогдуулан РУСАЛ компани нь анх хариуцагч 1–7-оос КВАЛ компанийн хувьцааны зах зээлийн үнэлгээтэй тэнцэх хэмжээний буюу 433 113 000 (дөрвөн зуун гучин гурван сая нэг зуун арван гурван мянга) ам.долларын хохирол ( «Ирвикон Консалтинг Групп» ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн № 14-2025 дүгнэлтийг үзнэ үү) болон КВАЛ компанийн үйлдвэрт боловсруулах зардлаас илүү өндөр үнээр нээлттэй зах зээлээс глинозем худалдан авах шаардлага үүссэний улмаас гарсан 805 797 642 (найман зуун таван сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуун дөчин хоёр) ам.долларын алдагдсан ашиг-ийг нэхэмжилсэн бөгөөд нийт дүн нь 1 238 910 642 ам.доллар байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн талд шийдвэр гарсан тохиолдолд Австрали болон Их Британийн нутаг дэвсгэрт, хариуцагчид байрладаг эдгээр улсад үүссэн улс төрийн нөхцөл байдлын улмаас албадан гүйцэтгэх ажиллагаа хүндрэлтэй болохыг дурдсан байна. Харин төвийг сахисан харьяаллын бүсэд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой актив нь хариуцагч 6 болон 7-д хамаарах бөгөөд, тодруулбал, Монгол Улсын Oyu Tolgoi ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувийн хувь юм. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь ОХУ-ын Арбитрын процессын хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг эцэслэн тодруулж, хариуцагчдаас 1 278 518 878 (нэг тэрбум хоёр зуун далан найман сая таван зуун арван найман мянга найман зуун далан найм) ам.долларын хохирлыг гаргуулахыг хүссэн болно. Шүүх дараах үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн агуулгаас харахад, энэхүү маргаанд РУСАЛ компанийн гаргасан шаардлагууд нь деликт эрх зүйн харилцаатай холбоотой байна. ОХУ-ын Иргэний Хуулийн 1219 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол учруулснаас үүссэн үүрэгт дараах улсын хууль хэрэглэгдэнэ: хохирол нөхөн төлүүлэх шаардлага гаргах үндэслэл болсон үйлдэл эсхүл бусад нөхцөл байдал гарсан улсын хууль. Харин уг үйлдэл эсхүл нөхцөл байдлын үр дүнд хохирол өөр улсад учирсан тохиолдолд, хохирол учруулагч нь тухайн улсад хохирол учрахыг урьдчилан харсан эсхүл харах ёстой байсан бол тухайн улсын хууль хэрэглэж болно. Хохирол учруулснаас үүссэн үүрэгт хамаарах, хэрэглэх ёстой хуулиар, тухайлбал дараах асуудлууд тодорхойлогдоно:
1) этгээд хохирол учруулсны төлөө хариуцлага хүлээх чадвартай эсэх;
2) хохирол учруулагч биш этгээдэд хариуцлага ногдуулах;
3) хариуцлагын үндэслэл;
4) хариуцлагыг хязгаарлах болон хариуцлагаас чөлөөлөх үндэслэл;
5) хохирлыг нөхөн төлүүлэх хэлбэр;
6)хохирлыг нөхөн төлөх хэмжээ, дүн (ОХУ-ын Иргэний Хуулийн 1220 дугаар зүйл). Нэхэмжлэгч нь хариуцагчид Оросын Холбооны Улсын эсрэг чиглэсэн хориг арга хэмжээг хууль бусаар ашигласан, КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бодитоор эзлэн авсан, РУСАЛ компанийг КВАЛ компанитай холбоотой бүх хувьцаа эзэмшлийн эрхээс бүрэн салгасан үйлдлүүдийн үр дүнд өөрт нь хохирол учирсан гэж мэдүүлсэн бөгөөд уг үйлдлүүд нь босоо интеграцчилсан холдингийн толгой компани болох РУСАЛ компанийн активыг бууруулж, глинозем үйлдвэрлэх орлуулах үйлдвэр худалдан авахад их хэмжээний зардал гаргах, нээлттэй зах зээлээс глиноземийг КВАЛ компанийн үйлдвэрт боловсруулах өртгөөс өндөр үнээр худалдан авах шаардлага үүсгэх зэрэг үр дагаварт хүргэсэн байна. Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзээд, шүүх нь хариуцагчдын хууль бус үйлдлүүдийн улмаас хохирол учирсан газар нь МКПАО «ОК РУСАЛ» компанийн бүртгэлтэй орон болох Оросын Холбооны Улс мөн гэж нэхэмжлэгчийн байр суурьтай санал нэгдэж, хохирол учруулснаас үүссэн талуудын хоорондын эрх зүйн харилцаанд Оросын Холбооны Улсын хууль хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв. Үүний зэрэгцээ, хариуцагчид РУСАЛ компанид учирсан хохирол нь Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт үүссэн гэдгийг мэдэж байсан, учир нь РУСАЛ компани нь КВАЛ компанийн 20 хувийн эцсийн өмчлөгч болох талаарх мэдээлэл нь нэхэмжлэгчийн нийтийн хүртээл болсон жилийн тайлангуудад тогтмол тусгагдаж ирсэн байна. 1964 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн оролцогчдын гэрээнд (2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинэчилсэн найруулгаар) нэхэмжлэгчийн компаниуд болох АО «РУСАЛ», Rusal Limited-ийг ABC компанийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулагч этгээдүүдээр ил тодорхой нэрлэсэн байна. Түүнчлэн, хариуцагчид дээрх нөхцөл байдлын талаар мэдлэгтэй байсан нь, тэдний өөрсдийн мэдэгдсэнчлэн, «степ-ин» ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл болсон хориг арга хэмжээний зорилго нь Оросын Холбооны Улс, Оросын байгууллагууд болон иргэдийн эсрэг арга хэмжээ авах явдал байсантай холбоотойгоор мөн нотлогдож байна. Үүнээс гадна, шүүх нь ОХУ-ын Дээд шүүхийн Пленумын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №24 дүгээр тогтоолын «Оросын Холбооны Улсын шүүхүүд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх тухай» (цаашид – ОХУ-ын Дээд шүүхийн Пленумын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн № 24 дүгээр тогтоол) 6 дугаар зүйлд тусгагдсан тайлбарыг харгалзан үзэв. Уг тайлбарт, хамгийн нягт холбоог тодорхойлохдоо тухайн маргаанд аль улсын хууль хэрэглэх нь иргэний эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болон түүний бие даасан институтуудыг (шударга талын эрхийг хамгаалах, өөрийн шударга бус үйлдлээс ашиг хүртэхийг үл зөвшөөрөх, эрхээ хэтрүүлэн ашиглахыг хориглох, сул талын эрхийг хамгаалах, хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахыг давуу үзэх, үүргийг биелүүлэхээс үндэслэлгүй татгалзахыг хориглох гэх мэт) хамгийн оновчтой хэрэгжүүлэх боломжийг олгох вэ гэдгийг шүүх харгалзан үзэж болно гэж заасан байна. Хэлэлцэгдэж буй нөхцөл байдалд шүүх нь иргэний эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, ялангуяа шударга талын эрхийг хамгаалах, эрхээ хэтрүүлэн ашигласан шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох зарчмуудыг бодитой хэрэгжүүлэхэд зөвхөн Оросын Холбооны Улсын хуулийг хэрэглэх нь нийцнэ гэж дүгнэв. ОХУ-ын Иргэний хуулийн 1193 дугаар зүйлд зааснаар, энэхүү бүлгийн журмын дагуу хэрэглэх ёстой гадаад улсын хуулийн хэм хэмжээ нь онцгой тохиолдолд, тухайн хэм хэмжээг хэрэглэх үр дагавар нь гадаад элемент оролцсон харилцааны шинж чанарыг харгалзан үзэхэд Оросын Холбооны Улсын эрх зүйн дэг журам (олон нийтийн дэг журам)-ын үндсэн зарчимд илт харшлах бол хэрэглэгдэхгүй. Ийм тохиолдолд шаардлагатай бол Оросын Холбооны Улсын холбогдох хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Талуудын хэрэглэх хуулийг сонгосон тухай гэрээ, олон улсын гэрээний зөрчлийн хэм хэмжээ эсхүл Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн дагуу хэрэглэх ёстой гадаад улсын хуулийн хэм хэмжээг, түүнийг хэрэглэх үр дагавар нь гадаад элемент оролцсон харилцааны шинж чанарыг харгалзан үзэхэд Оросын Холбооны Улсын олон нийтийн дэг журамд илт харшлах тохиолдолд шүүх хэрэглэхгүй (ОХУ-ын Дээд шүүхийн Пленумын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн № 24 дүгээр тогтоолын 12 дугаар зүйл). Европын Холбоо, АНУ болон Их Британи улсын зүгээс Оросын Холбооны Улс болон Оросын хуулийн этгээдүүдийн эсрэг хэрэгжүүлж буй хүчин төгөлдөр хориг арга хэмжээний нөхцөлд, хариуцагч 3-ын гаргасан тайлбарт дурдсанаар Австрийн Бүгд Найрамдах Улсын хуулийг шүүх хэрэглэх нь Оросын Холбооны Улсын олон нийтийн дэг журамд харшлах тул үл зөвшөөрөгдөнө. ОХУ-ын Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирол гэдэгт, үүнд: эрх нь зөрчигдсөн этгээд уг эрхийг сэргээх зорилгоор гаргасан буюу зайлшгүй гаргах зардлууд, түүний эд хөрөнгийн алдагдал эсхүл гэмтэл (бодит хохирол), мөн тухайн этгээдийн эрх зөрчигдөөгүй бол иргэний эрх зүйн харилцааны ердийн нөхцөлд олж авах байсан орлого (алдагдсан ашиг) багтана. ОХУ-ын Дээд шүүхийн Пленумын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн № 25 дугаар тогтоолын «Оросын Холбооны Улсын Иргэний хуулийн Нэгдүгээр хэсгийн I бүлгийн зарим заалтыг шүүхүүд хэрэглэх тухай» (цаашид – ОХУ-ын Дээд шүүхийн Пленумын № 25 дугаар тогтоол) 12 дугаар зүйлд тусгагдсан тайлбарын дагуу, хохирол нөхөн төлүүлэх тухай хэрэгт нэхэмжлэгч нь хохирол нь хариуцагчийн үйлдэл (эс үйлдэл)-ийн үр дүнд үүссэн, үүрэг зөрчигдсөн эсхүл хохирол учруулсан баримт, түүнчлэн хохирол бодитоор учирсан эсэхийг нотлох үүрэгтэй. Хохирлыг нөхөн төлүүлэх нь иргэний эрх зүйн хариуцлагын нэг хэлбэр юм. Түүнийг хэрэглэх нь зөвхөн хуулиар тогтоосон хариуцлагын нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд боломжтой. Хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан этгээд нь гэрээт этгээд үүргээ зөрчсөн баримт, нэхэмжлэгчид учирсан хохирлын оршин байдал болон хэмжээ, түүнчлэн хууль зөрчсөн үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоог нотлох үүрэгтэй. Хариуцагчид ABC компанид «степ-ин» ажиллагаа хэрэглэгдсэн, мөн нийлүүлэлт болон тээвэрлэлтийн гэрээнүүдийн (Австралийн гэрээнүүд) гүйцэтгэл зогсоосон баримтуудыг няцааж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар, «степ-ин» ажиллагааг хэрэгжүүлсэн тухай мэдэгдлийг КВАЛ компани илгээсэн боловч уг үйлдлүүд нь ABC компанид хамаарах КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг эзлэн авсан Rio Tinto группийн компаниудын шахалтын дор хийгдсэн байна. Хариуцагч 5 нь «степ-ин» ажиллагааны тухай мэдэгдлийн дараах богино хугацаанд ABC компанид боксит нийлүүлэх болон тээвэрлэх гэрээнүүдийн гүйцэтгэлийг зогсоох тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь Rio Tinto холдинг ABC компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг үгүйсгэх зорилготой, урьдчилан төлөвлөсөн үйлдэл байсныг мөн нотолж байна. Үүний зэрэгцээ, нэхэмжлэгч нь хариуцагчдын үзэж буйгаар «степ-ин» ажиллагааг эхлүүлэх үндэслэл болсон Австралийн хориг арга хэмжээнүүд нь КВАЛ компани болон түүний оролцогчдын хооронд байгуулсан Австралийн гэрээнүүдийг гүйцэтгэхийг шууд хориглоогүй гэдгийг шүүхийн анхааралд хандуулсан болно. Тухайлбал, ABC компани гэрээнүүдийн гүйцэтгэлтэй холбоотой хүндрэлээс зайлсхийх зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 24-нд КВАЛ компаниас хүлээн авсан глиноземийг Оросын Холбооны Улс, РУСАЛ эсхүл түүний охин компаниудад нийлүүлэхгүй, харин Оростой холбоогүй гуравдагч этгээдүүдэд худалдах үүргийг өөр дээрээ авах санал дэвшүүлсэн байна. Гэсэн хэдий ч, Rio Tinto групп нь иргэний эрх зүйн харилцаанд шударга оролцогчийн хувиар Австралийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр хоригийн зохицуулалтад нийцүүлэн дасан зохицуулахад чиглэсэн аливаа арга хэмжээ аваагүй болно. Харин ч, нэхэмжлэгчийн онцолсноор, Rio Tinto нь хориг арга хэмжээг хөнгөн цагааны салбар дахь өрсөлдөгч болох РУСАЛ компанийн активыг хураан авах шалтаг болгон ашигласан байна. Нэхэмжлэгчийн зөв дурдсанаар, дээрх хариуцагчдын үйлдлүүд нь РУСАЛ компанийг өөрт хамаарах активыг, ялангуяа КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бодитоор эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжгүй болгосон. АНУ, Европын Холбоо болон бусад улсаас Оросын байгууллагуудын эсрэг ногдуулсан хориг арга хэмжээг хариуцагчид дагаж мөрдсөн нь, тэдгээр хязгаарлалтын улмаас нэхэмжлэгчид сөрөг үр дагавар, үүнд хохирол учирсанд тэдний буруутай байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Гадаад улсын эдийн засгийн хориг арга хэмжээ нь Оросын хуулийн этгээдийн эрхийг зөрчих үндэслэл болж чадахгүй, түүний дотор гэрээг нэг талын журмаар гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болж үл болно. Учир нь эдийн засгийн хориг арга хэмжээний үр дагавар нь Оросын Холбооны Улсын олон нийтийн дэг журамд харшлах бөгөөд хуулийн шууд заалтаар (ОХУ-ын Иргэний хуулийн 1193 дугаар зүйл, ОХУ-ын Дээд арбитрын шүүхийн Тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн № 156 дугаар Мэдээллийн бичгийн 1 дэх зүйлийн тав дахь догол мөр, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн № 127-ФЗ Холбооны хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг) ОХУ-ын нутаг дэвсгэрт хэрэглэгдэхгүй. Гадаадын байгууллагууд Оросын Холбооны Улсын эсрэг чиглэсэн, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрхийг зөрчсөн найрсаг бус улсуудын хориг арга хэмжээг дагаж мөрдөх нь Оросын Холбооны Улсын олон нийтийн дэг журамд харшлах, Оросын эрх зүйн дагуу хууль бус үйлдэлд тооцогдож, ОХУ-ын шүүхийн тогтсон практикийн дагуу деликт үүсгэнэ. Нэхэмжлэгчийн актив болон тэдгээрээс үүдэх эрхийг хааснаар, хариуцагчид Оросын Холбооны Улсад эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхэд чиглэсэн үйлдэл хийсэн байна. Эдгээр үйлдлийн хоригийн шинж чанар нь тэдгээрийг энгийн хувийн эрх зүйн гэрээний зөрчлөөс олон нийтийн шинжтэй зөрчил рүү шилжүүлж байна. ОХУ-ын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № 81-КГ14-19 дугаар тодорхойлолтод, хохирлыг хуульчлан хамгаалагдсан эд хөрөнгийн эсхүл эдийн бус ашиг сонирхлыг аливаа байдлаар багасгах, түүний дотор хуульчлан хамгаалагдсан ашиг сонирхолд гарсан ямар ч таагүй өөрчлөлтийг хохирол гэж үзнэ хэмээн тайлбарласан байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн активтай холбоотой эрхийг зөрчих нь ийм таагүй өөрчлөлтөд хамаарах бөгөөд хууль ёсны үндэслэлгүйгээр өмчлөгчийг эрхээс нь салгах эсхүл хязгаарлах нь хохирол учруулж буй хэлбэр мөн юм. ОХУ-ын Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Шүүхийн үзэж буйгаар, хувьцааг зөвхөн нэр төдий эзэмшиж, харин тэдгээрээс үүдэх эрхүүдийг (Австралийн гэрээнүүдийн дагуу) бодитоор хэрэгжүүлэх боломжгүй байх нь тухайн эрхүүдийг бодитойгоор алдахад хүргэнэ. Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгч нь КВАЛ компанийн хувьцаа эзэмших нь өөрөө, ялангуяа үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглах эрхтэй салшгүй холбоотой тул бодит үнэ цэнтэй байсныг онцолсон болно. Австралийн гэрээнүүдийг ABC компанид дахин сэргээж гүйцэтгэх үндэслэл байгааг хариуцагчид дурдаагүй байна. ОХУ-ын Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нөхөн төлөх хохирлын хэмжээ нь боломжит, үндэслэлтэй нарийвчлалтай тогтоогдох ёстой. Гэрээг биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг, хохирлын хэмжээг боломжит нарийвчлалаар тогтоох боломжгүй гэсэн ганцхан үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгож болохгүй. Ийм тохиолдолд нөхөн төлөх хохирлын хэмжээг шүүх хэрэг бүрийн бүх нөхцөл байдлыг харгалзан, шударга ёс, хариуцлагын зохистой харьцааны зарчимд тулгуурлан тогтооно. КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглах эрхээ алдсантай холбоотой бодит хохирол болон алдагдсан ашиг-ийг РУСАЛ компани анхлан 433 113 000 ам.доллар, 805 797 642 ам.доллар гэж тус тус тооцсон бөгөөд энэ нь «Ирвикон Консалтинг Групп» ХХК-ийн мэргэжилтэн И.А.Вишневскаягийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн № 14-2025 дүгнэлтэд тусгагдсан байна. Хариуцагч 3 нь хэрэгт Шүүхийн шинжээчдийн холбоо «Экспертный совет»-ын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № ССЭ-Р-160925 дүгнэлт (дээрх Ирвикон компанийн дүгнэлтийн шүүмж), мөн TIVACO Pte. Ltd. компанийн түнш Т.Г.Тер-Мартиросяны боловсруулсан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны болон 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлтүүдийг ирүүлсэн байна. Хариуцагч 3 болон түүний хүсэлтээр 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд оролцож тайлбар өгсөн мэргэжилтэн Т.Г.Тер-Мартирося нь И.А.Вишневская хохирлыг тооцоолохдоо аргачлалыг буруу хэрэглэсэн, үйлдвэрийн элэгдэл, Австралийн байгаль орчны хууль тогтоомжийн чангарал (үйлдвэрийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт), 20%-ийн хяналтгүй хувьцаанд ногдох хөнгөлөлт, Хятадын худалдан авалтын үнэд НӨАТ-ыг оруулсан байдал, глиноземийн өөрийн өртөгт түүхий эдийн үнийг оруулаагүй зэрэг чухал хүчин зүйлсийг харгалзаагүй гэж дурдсан. 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн TIVACO компанийн дүгнэлтэд хариу болгон нэхэмжлэгч нь НАО «Евроэксперт»-ын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 267/01/25 дүгнэлтийг ирүүлж, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тайлбар, эсэргүүцэлдээ Т.Г.Тер-Мартиросяны гаргасан хэд хэдэн алдааг заасан байна. Үүний зэрэгцээ, хариуцагч 3-ын эсэргүүцлийг харгалзан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа засварлаж, алдагдсан ашгийг 1 278 518 878 ам.доллар-ын хэмжээгээр гаргуулахыг шаардаж, уг дүнг «Ирвикон Консалтинг Групп» ХХК-ийн мэргэжилтнүүд И.А.Вишневская, Г.Ю.Гармаш, Ю.А.Сапроновын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлтээр (2025 оны 03 дугаар сарын 18-ны № 14-2025 дүгнэлтэд оруулсан № 14-2025-испр нэмэлт, нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны тайлбартай хамт, «Мой арбитр» системд 2025 оны 12 дугаар сарын 05-нд байршуулсан) үндэслэсэн байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар, өмнөхийн адил хариуцагчдаас нээлттэй зах зээлээс глинозем худалдан авах шаардлагаас үүдсэн алдагдсан ашиг-ийг нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа болно. Хохирлын хэмжээг засварласан нь алдагдсан ашгийг тооцох прогнозын хугацаа өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд хохирлыг 2022 оны 04 дүгээр сараас 2062 оны 12 дугаар сар хүртэл (өмнө нь — 2029 оны 12 дугаар сар хүртэл) тооцсон нь КВАЛ компанийн үйлдвэрийн ашиглалтын таамагласан хугацаа, мөн КВАЛ компанид боксит нийлүүлж байсан Гоув болон Вейла ордуудын ашиглалтын хугацаанд нийцэж байна. Нэхэмжлэгч нь Rio Tinto хууль бусаар гүйцэтгэхээ зогсоосон Австралийн гэрээнүүд урт хугацааны шинжтэй, тогтмол сунгагдах ёстой байсан тул ирээдүйн хугацаанд ч алдагдсан ашгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шаардав. Шүүх нь РУСАЛ компанийн энэхүү байр суурьтай санал нэгдэж байна. Учир нь Rio Tinto нь Австралийн гэрээнүүдийг шинэ хугацаагаар байгуулаагүй атлаа өнөөг хүртэл шударга бус үйлдлээсээ ашиг хүртсээр, РУСАЛ-д хамаарах КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хууль бусаар ашиглаж байна. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлтийн дагуу, хохиролд нээлттэй зах зээл болон БНХАУ-ын HEBEI WENFENG компанид түүхий эд худалдан авах зардал өссөнөөс үүдсэн орлогын алдагдал-ыг хамааруулсан байна. Үүний тулд мэргэжилтнүүд КВАЛ компанийн үйлдвэрлэсэн глиноземийн өөрийн өртөг, үүнд CAPEX (анхны № 14-2025 дүгнэлтэд ороогүй капитал зардал) болон РУСАЛ компанид хүртээмжтэй глиноземийн хэмжээг тодорхойлсон байна. Прогнозын хугацааг 2022 оны 04 дүгээр сараас (КВАЛ компанийн үйлдвэрүүдээс түүхий эд нийлүүлэх ажиллагаа зогссон огноо) 2062 оны 12 дугаар сар хүртэл (КВАЛ компанийн 2024 оны жилийн тайланд тусгагдсан үйлдвэрийн ашиглалтын хугацаа) тогтоосон бөгөөд ордуудын нөөц дуусах хүртэл, өөрөөр хэлбэл 2063 он хүртэл, РУСАЛ компани үйлдвэрийн хүчин чадлыг ашиглах хууль ёсны хүлээлттэй байсан гэж үзнэ. БНХАУ-ын нээлттэй зах зээл дээрх глиноземийн үнийг Шанхайн фьючерсийн биржийн гэрээний мэдээлэлд тулгуурлан тогтоосон бөгөөд БНХАУ-д глинозем экспортлох үед ногдох 13%-ийн НӨАТ-ыг үндэслэлтэйгээр харгалзан үзсэн байна. Нэхэмжлэгч нь глинозем нь БНХАУ-д экспортын НӨАТ-ыг буцаан олгохгүй барааны жагсаалтад багтдаг болохыг БНХАУ-ын Сангийн Яам, Улсын татварын газрын 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн № 222 мэдэгдлээр тогтоосон гэдгийг нэмж тайлбарласан. Иймд Хятадын глинозем экспортлогч компаниуд НӨАТ-ыг төсвөөс буцаан авах боломжгүй, харин импортлогч компаниуд Оросын Холбооны Улсад бусад улсад төлсөн НӨАТ-ыг татвараас суутгах боломжгүй байна. Үүний улмаас Хятадын НӨАТ-ыг хохирлын бүрэлдэхүүнд оруулах нь зүйтэй гэж үзсэн. Харин Оросын НӨАТ-ыг нэхэмжлэгч хохирлын тооцоонд оруулаагүй болно. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлтийг бэлтгэсэн мэргэжилтнүүдийн нэг Ю.А.Сапронов оролцож, талууд болон шүүхийн асуултад хариулсан байна. Хариуцагч 3-ын «Ирвикон Консалтинг Групп» ХХК-ийн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг зохисгүй нотлох баримт гэж үзэх, улмаар алдагдсан ашгийн хэмжээг буруу тогтоосон гэх тайлбаруудыг шүүх няцаав, учир нь эдгээр нь эсрэг талын нотлох баримтыг гутаах, хохирол нөхөн төлөхөөс зайлсхийх оролдлогод чиглэсэн байна. № 14-2025-испр дүгнэлтэд хийгдсэн тооцооллыг хариуцагч няцааж чадаагүй бөгөөд И.А.Вишневская, Г.Ю.Гармаш, Ю.А.Сапронов гэсэн мэргэжилтнүүдийн мэргэшлийн зохисгүй байдлыг нотлох баримт ирүүлээгүй болно. Хариуцагч 3-ын КВАЛ компанийн хувьцааны үнэ болон үнийн зөрүүг зэрэг гаргуулах боломжгүй гэх тайлбар нь ач холбогдолгүй, учир нь нэхэмжлэгч нь зөвхөн алдагдсан ашиг (үнийн зөрүү)-ийг гаргуулахыг шаардаж байсан болно. Шүүх нь ОХУ-ын Иргэний хуулийн 1064 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн эд хөрөнгөд учирсан хохирол бүрэн хэмжээгээр нөхөн төлөгдөх ёстойг тэмдэглэв. ОХУ-ын Дээд шүүхийн Пленумын № 25 дугаар тогтоолын 13 дугаар зүйлд зааснаар, хохирлын бүрэлдэхүүнд зөвхөн бодитоор гарсан зардал төдийгүй зөрчигдсөн эрхийг сэргээхэд зайлшгүй шаардагдах ирээдүйн зардлууд мөн багтана. Дээр дурдсанчлан, тогтсон шүүхийн практикт нийцүүлэн, хохирол гэдэг нь хуульчлан хамгаалагдсан эд хөрөнгийн болон эдийн бус ашиг сонирхлыг багасгасан аливаа байдал, түүний дотор хуульчлан хамгаалагдсан ашиг сонирхолд гарсан ямар ч таагүй өөрчлөлт юм. Иймд РУСАЛ компани нь КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглах боломжгүй болсноос үүдэх үр дагаврыг нөхөхөөс гадна, тэдгээрийг захиран зарцуулах эрхээ алдсантай холбоотой нэмэгдсэн зардлуудыг нөхөн төлүүлэх зорилгоор аливаа хохирлыг гаргуулах эрхтэй. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд, шүүх нь ОХУ-ын Арбитрын процессын хуулийн 65 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчдын хууль бус үйлдэл (эс үйлдэл), тэдгээрийн буруутай байдал, учирсан хохирол болон түүний хэмжээ, мөн хариуцагчдын үйлдэл (эс үйлдэл) ба нэхэмжлэгчид учирсан хохирлын хоорондын шууд шалтгаант холбоог хангалттай нотолсон гэж шүүх үзэв. Үүний зэрэгцээ, Австралийн гэрээнүүдийг шууд байгуулж байгаагүй хэдий ч РУСАЛ нь энэхүү деликтийн нэхэмжлэлийн зохих нэхэмжлэгч мөн гэж шүүх дүгнэв. Учир нь РУСАЛ компанийн охин компаниудын активын үнэ цэнийн бууралт, зардлын өсөлт нь холдингийн толгой компани болох РУСАЛ-ын эд хөрөнгийн байдалд зайлшгүй нөлөөлнө. Шүүх нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд болох АО «РУСАЛ»-ын байр суурьтай санал нэгдэж, ABC компанийг КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглах эрхээс салгасан, мөн РУСАЛ-д хяналттай бусад компаниуд глинозем худалдан авахад их хэмжээний нэмэлт зардал гаргах шаардлагатай болсон нь РУСАЛ компанийн хувьцааны үнийг бууруулахад хүргэсэн гэж үзэв. Ийм нөхцөлд, шударга ёс болон хариуцлагын зохистой харьцааны зарчмыг баримтлан, нэхэмжлэгчийн 1 278 518 878 ам.долларын алдагдсан ашиг гаргуулах шаардлага бүрэн хэмжээгээр хангагдах ёстой гэж шүүх үзэв. Шүүхийн үзэж буйгаар, дээрх хэмжээгээр хохирол нөхөн төлүүлэх нь хариуцагчид ногдуулах хариуцлага болон бодитой учирсан хохирлын хэмжээний хоорондын тэнцвэрийг хангана. ОХУ-ын Иргэний хуулийн 1082 дугаар зүйлд зааснаар, хохирол нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хангахдаа шүүх нь хэргийн нөхцөл байдлыг харгалзан, хохирол учруулсан этгээдэд хохирлыг натураар нөхөн төлөх (ижил төрлийн, ижил чанартай эд зүйл олгох, гэмтсэн эд зүйлийг засварлах гэх мэт) эсхүл учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээлгэнэ. ОХУ-ын Иргэний хуулийн 322 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хамтад нь хариуцах үүрэг (хамтын хариуцлага) нь гэрээгээр тогтоогдсон эсхүл хуульд заасан, ялангуяа үүргийн объект хуваагдашгүй тохиолдолд үүснэ. Хамтын хариуцлага хүлээлгэх бүх боломжит тохиолдлын жагсаалтыг хуульд тогтоогоогүй бөгөөд энэ төрлийн хариуцлагыг тодорхой хэрэг, нөхцөл байдалд үндэслэн тогтоож болно. Тухайлбал, хохирлыг хамтран учруулсан этгээдүүд нь хохирогчийн өмнө хамтад нь хариуцлага хүлээнэ (ОХУ-ын Иргэний хуулийн 1080 дугаар зүйл). ОХУ-ын Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хамтын үүрэгтэй үед зээлдүүлэгч нь бүх өр төлөгчдөөс хамтад нь, эсхүл аль нэгээс нь тусад нь, үүргийг бүрэн хэмжээгээр эсхүл хэсэгчлэн биелүүлэхийг шаардах эрхтэй. ОХУ-ын Дээд шүүхийн Пленумын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 49 дүгээр тогтоолын «Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомжийг хэрэглэх зарим асуудал»-д тусгагдсан, шүүх аналог байдлаар хэрэглэх боломжтой гэж үзсэн 9 дүгээр зүйлд, хамтын үйлдлийн шинжийг үйлдлүүдийн уялдаа, зохицуулалт, нэгэн зорилгод чиглэсэн байдал-аар тодорхойлж болно гэж заасан байна. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь хариуцагчид үндсэндээ түншүүдийн хувиар, анхнаасаа хамтад нь, зорилготойгоор, РУСАЛ-ыг тойрон гарч, КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ямар ч нөхөн төлбөргүйгээр өөртөө авах зорилгоор үйлдсэн болохыг харуулж байна. Хариуцагчдын дараалсан, уялдаа холбоотой үйлдэл (эс үйлдэл) нь нэгэн ижил үр дүнд хүрэхэд чиглэсэн болохыг дараах нөхцөлүүд нотолж байна. Нэгдүгээрт, Rio Tinto компани 2022 оны 03 дугаар сард Австралийн хориг арга хэмжээ албан ёсоор хэрэгжихээс өмнө Оросын компаниудтай хамтын ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Тухайлбал, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хэвлэл мэдээллийн нийтлэлд Rio Tinto нь Оросын аливаа аж ахуйн нэгжтэй бүх арилжааны харилцааг зогсоох үйл явц эхэлснийг зарласан бөгөөд маргаантай хугацаанд РУСАЛ-д хяналттай ABC компани нь Rio Tinto-гийн хамгийн том Оросын контрагент байжээ. Хоёрдугаарт, хариуцагчид «степ-ин» ажиллагааг эхлүүлсэн. Дээр дурдсанаар, «степ-ин» ажиллагааг хэрэгжүүлэх тухай мэдэгдлийг КВАЛ компани ABC компанид илгээсэн боловч КВАЛ компанийн хувьцааны 80 хувийг эзэмшдэг хариуцагч 3 ба 5 ( Rio Tinto plc (Их Британи), RTA Holdco Australia 5 Pty Ltd. (Австрали) ) нь КВАЛ компанийн 5 захирлын 4-ийг томилох эрхтэй тул ABC компанийн саналыг үл харгалзан, өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг гаргах боломжтой байжээ. Иймд «степ-ин» ажиллагааны талаархи шийдвэрийг КВАЛ компани нь мажоритар хувьцаа эзэмшигчид болох хариуцагч 3 ба 5-ын шууд нөлөөн дор гаргасан бөгөөд эдгээр этгээдүүд нь Оросын компаниудтай хамтын ажиллагааг зогсоохоор урьдчилан гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, улмаар эдгээр үйлдлээс шууд ашиг хүртэгчид болсон гэж нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд АО «РУСАЛ» нь хариуцагч 3-ын байр суурийг няцаан, «степ-ин» ажиллагаа нь автомат шинжтэй байгаагүй, харин дээр дурдсанчлан КВАЛ компани болон түүнийг хянаж буй бусад хариуцагчдын идэвхтэй үйлдэл шаардагдсан гэдгийг онцлон тэмдэглэсэн. Гуравдугаарт, «степ-ин» ажиллагаа нь бодитоор Rio Tinto групп, ялангуяа хариуцагч 2 ба 3-т ашиг авчирч, тэд РУСАЛ-ыг оролцуулахгүйгээр КВАЛ компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 100 хувийг ашиглах эрхтэй болсон байна. Дөрөвдүгээрт, Rio Tinto компаниуд Австралийн гэрээнүүдийг шинэ хугацаагаар сунгахаас татгалзаж, ABC компанитай харилцах харилцааг хоригийн зохицуулалтад дасан зохицуулаагүй. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар, Австралийн хориг арга хэмжээ нь зөвхөн Австралийн нутаг дэвсгэрт, Австралийн этгээдүүд болон тэнд үйл ажиллагаа явуулж буй бусад этгээдэд хамаарч үйлчилж байсан. Харин Rio Tinto групп нь Австралиас гадна, түүний дотор Оросын Холбооны Улсад найрсаг харьяаллуудад үйл ажиллагаа явуулдаг болох нь шүүхийн хэлэлцүүлгээр маргаангүй тогтоогдсон. Австралийн хориг арга хэмжээнүүд нь Оросын этгээдүүдтэй бүх хэлцлийг бүрэн хориглоогүй тул Rio Tinto компаниудад ABC компанитай байгуулсан гэрээнүүдийг шинэ нөхцөлд дасан зохицуулах бодит боломж байсаар байсан. Гэсэн хэдий ч, хариуцагчид ийм дасан зохицуулалтын ямар ч хувилбар санал болгоогүй, харин дээр дурдсанчлан ABC компанийн глиноземийг Оросын Холбооны Улсад нийлүүлэхгүй байх үүргийг өөр дээрээ авах саналыг ч татгалзсан байна. Иймд, хариуцагч 6 ба 7 (Oyu Tolgoi Netherlands B.V. (Нидерланд), THR Oyu Tolgoi Ltd. (Британийн Виржиний арлууд) ) нь саармаг харьяаллуудад активтай, Австралийн хориг арга хэмжээнд хамаарахгүй байсан атлаа Rio Tinto-гийн толгой компаниудад РУСАЛ-д хохирол учруулахад тусалсан гэж үзэв. Нэхэмжлэгчийн дурдсанаар, хариуцагч 6 ба 7 нь Оюу Толгой ХХК (Монгол Улс)-ийн хувьцаа эзэмшигчдийн хувиар, Rio Tinto-гийн толгой компаниудын ашиг сонирхлын үүднээс зөвхөн нэр төдий хувьцаа эзэмшихээс өөр бие даасан аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй байна. Энэ нь эдгээр хуулийн этгээдүүдийн эд хөрөнгийн бүрэн тусгаар байдлыг үгүйсгэх үндэслэл болж, тэдгээрийн актив нь нэг л хяналтын төвд харьяалагдаж байгааг илтгэнэ. Шүүх нь гуравдагч этгээд АО «РУСАЛ»-ын дараах тайлбарыг зөв гэж үзэв. Тодруулбал, 1960-аад оноос хойш байгуулагдсан толлингийн гэрээнүүдийг удаа дараа сунгаж ирсэн урт хугацааны практик нь аливаа оролцогчид уг гэрээнүүд цаашид ч шинэ хугацаагаар сунгагдана, эсхүл дор хаяж тэдгээрийн гүйцэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд талууд хүчин чармайлт гаргана гэсэн зохистой хүлээлтийг бий болгосон. Харин хариуцагчид энэхүү тогтсон харилцааны практикийг зөрчиж, цаашлаад хориг арга хэмжээний шалтаг дор ABC компанид хамаарах КВАЛ компанийн үйлдвэрийн хүчин чадлыг өөртөө авсан нь шударга бус үйлдэл болохоос гадна хариуцагчдын хууль бус зорилгыг илтгэнэ. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, шүүх нь нэхэмжлэгчийн тайлбарласан үндэслэлүүдийг хангалттай, нотолгоонд тулгуурласан гэж үзэж, хариуцагчдыг нэгэн цул бүлэг болгон авч үзэх боломжтой, тэдний уялдаа холбоотой, зохицуулалттай үйлдлүүд нь РУСАЛ компанид хохирол учруулсан гэж дүгнэв. Хариуцагчдын зан байдал, үйлдлүүдийг харгалзан, шүүх нь тэднээс нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг хамтад нь хариуцах журмаар гаргуулах үндэслэл байгаа гэж үзэв. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд, энэхүү маргаан нь Австралийн хориг арга хэмжээний хэрэглээний шууд үр дагавар болж үүссэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № 79 дүгээр зарлиг-ийг гаргаж, «АНУ болон тэдэнтэй нэгдсэн гадаад улс, олон улсын байгууллагуудын найрсаг бус үйлдэлтэй холбогдуулан тусгай эдийн засгийн арга хэмжээ хэрэгжүүлэх тухай» тогтоосон байна. Энэхүү баримт бичгээр тогтоосон эдийн засгийн арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн № 95 дугаар зарлигийг гаргасан бөгөөд уг зарлигийн 14 дүгээр зүйлд ОХУ-ын Засгийн газарт Оросын Холбооны Улс, түүний хуулийн этгээд, иргэдийн эсрэг найрсаг бус үйлдэл хийж буй гадаад улсуудын жагсаалтыг тогтоох үүрэг өгсөн байна. Ийнхүү, Австрали болон Их Британи улсууд нь ОХУ-ын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн № 430-р захирамжаар батлагдсан, Оросын Холбооны Улс, түүний хуулийн этгээд, иргэдийн эсрэг найрсаг бус үйлдэл хийж буй гадаад улс, нутаг дэвсгэрүүдийн жагсаалтад багтсан байна. Ийм нөхцөлд, хариуцагч 1–5 бүртгэлтэй, тэдгээрийн актив байрлаж буй Австрали болон Их Британийн нутаг дэвсгэрт энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь бараг боломжгүй эсхүл ноцтой хүндрэлтэй байна. Нэхэмжлэгчийн зөв дурдсанаар, РУСАЛ нь Оросын хуулийн этгээдийн хувьд шударга, хараат бус хандлага хүлээх баталгаа байхгүй, мөн Оросын Холбооны Улс ба Австралийн хооронд холбогдох олон улсын гэрээ байхгүй тул Австралийн шүүх болон гүйцэтгэх байгууллагууд Оросын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэхээс татгалзах нь тодорхой байна. Иймд, РУСАЛ компанийн зөрчигдсөн эрхийг сэргээх цорын ганц бодит боломж нь Оросын Холбооны Улс эсхүл Орост найрсаг харьяалал бүхий улсад шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх явдал болно. Нэхэмжлэлд дурдсанаар, Rio Tinto-гийн дэд холдингийн компаниуд болох хариуцагч 6 ба 7-г хамтран хариуцагчаар татах нь, тэдгээрийн актив саармаг улс болох Монгол Улсад байрлаж байгааг харгалзан, нэхэмжлэгчид бодит нөхөн төлбөр авах боломж олгоно. Ийм нөхцөлд, шүүх нь хуулийн этгээдийн “корпорацийн хөшгийг нээх” (corporate veil lifting) хэмээх хууль зүй–технологийн аргыг хэрэглэх шаардлагатай гэж үзэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт Rio Tinto-гийн хяналтад байгаа компаниудад шаардлага гаргахын тулд хариуцагч 6 ба 7-ын эд хөрөнгөнд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах нь үндэслэлтэй гэж дүгнэв. Үүний эсрэг байр суурь нь эрхээ хэтрүүлэн ашиглахыг хориглох (ОХУ-ын Иргэний хуулийн 10 дугаар зүйл), үүргийг нэг талын журмаар гүйцэтгэхээс татгалзахыг хориглох (ОХУ-ын Иргэний хуулийн 310 дугаар зүйл) зэрэг олон нийтийн дэг журмын суурь зарчимд харшлах болно. ОХУ-ын Арбитрын процессын хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, арбитрын шүүхийн шүүн таслах ажиллагааны үндсэн зорилго нь аж ахуйн болон бусад эдийн засгийн үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийн зөрчигдсөн эсхүл маргаантай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал юм. Шүүхийн актыг биелүүлэх нь шүүхийн хамгаалалтын салшгүй хэсэг бөгөөд хэрэв шүүхийн акт цаг тухайд нь биелэгдэхгүй бол шүүхийн хамгаалалтыг үр нөлөөгүй гэж үзэхээс өөр аргагүй. Учир нь энэ нь шаардлагын үндэслэл нь зохих журмаар тогтоогдож, шүүхийн шийдвэрээр баталгаажсан этгээдүүдийг эрх тэгш, шударга ёсны шаардлагад нийцсэн шүүхийн хамгаалалтаар бүрэн хангах боломжгүй болгодог (ОХУ-ын Дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 44-КГ23-27-К7 дугаар тодорхойлолт). Шүүн таслах ажиллагааны зорилго нь хууль ёсны бөгөөд гүйцэтгэх боломжтой шүүхийн акт гаргах, ингэснээр маргаантай эрх зүйн харилцаанд хууль зүйн тодорхой бус байдлыг арилгах явдал юм. Иймд, хэлэлцэж буй нөхцөлд эрх зүйн дэг журмын хариу арга хэмжээ нь хариуцагчдын гаргасан зөрчлийн шинж чанарт зохистой, мөн нэхэмжлэгчийн эрхийг хамгийн бүрэн, түргэн хугацаанд бодитоор хамгаалах боломжийг хангахуйц байх ёстой. Хариуцагч 6 ба 7-ын үндсэн актив нь Монгол Улсад оршдог, ашигт малтмалын орд ашигладаг Oyu Tolgoi ХХК-ийн дүрмийн сангийн 66 хувийн хувь байна. Иймд, нэхэмжлэгчийн эрхийг үр нөлөөтэй хамгаалахын тулд РУСАЛ компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хариуцагч 6 ба 7-д хамаарах Oyu Tolgoi ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлагатай гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн зардлыг ОХУ-ын Арбитрын процессын хуулийн 110 дугаар зүйлийн дагуу хариуцагчдад хариуцуулна.
ОХУ-ын Арбитрын процессын хуулийн 167–171 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон, арбитрын шүүх ШИЙДВЭРЛЭСЭН нь:
МКПАО «ОК РУСАЛ» (ОГРН 1203900011974)-ын нэхэмжлэлийн өргөдлийг хангах. Rio Tinto Limited (бизнес дугаар (ABN) 96 004 458 404; компанийн дугаар (ACN) 004 458 404, Левел 43, 120 Коллинз Стрит, Мельбурн VIC 3000, Австрали), Rio Tinto plc (бүртгэлийн дугаар (Company number) 00719885, 6 Св. Джеймс Сквер, Лондон, Нэгдсэн Хаант Улс, SW1Y 4AD), RTA Holdco Australia 5 Pty Ltd. (бизнес дугаар (ABN) 38 128 785 599; компанийн дугаар (ACN) 128 785 599, 155 Шарлотта Стрит, Брисбен QLD 4000, Австрали), Rio Tinto Aluminium (Holdings) Limited (бизнес дугаар (ABN) 37 004 502 694; компанийн дугаар (ACN) 004 502 694, 155 Шарлотта Стрит, Брисбен QLD 4000, Австрали), Rio Tinto Aluminium Limited (бизнес дугаар (ABN) 51 009 679 127; компанийн дугаар (ACN) 009 679 127, 155 Шарлотта Стрит, Брисбен QLD 4000, Австрали), Oyu Tolgoi Netherlands B.V. (бүртгэлийн дугаар (RSIN) 821224499, Велплаатвег 104, 3197KS Ботлек, Роттердам, Нидерланд), THR Oyu Tolgoi Ltd. (Роуд Таун, Тортола, VG1110, Британийн Виржиний арлууд) нараас МКПАО «ОК РУСАЛ»-ын ашигт 1 278 518 878 (нэг тэрбум хоёр зуун далан найман сая таван зуун арван найман мянга найман зуун далан найм) ам.долларын хохирол, 10 000 000 (арван сая) рублийн улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг хамтад нь гаргуулсугай. Хохирлын дүнг барагдуулах зорилгоор Оюу Толгой ХХК-ийн (Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 2657457, хаяг: Монгол Улс, 14240, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15, «Моннис» цамхаг, 12 давхар; Оюутолгой Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, Регистрийн дугаар 2657457) дүрмийн сангийн 66% хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсугай. Дээрх 66% хувьцаа нь Oyu Tolgoi Netherlands B.V. (бүртгэлийн дугаар (RSIN) 821224499, Велплаатвег 104, 3197KS Ботлек, Роттердам, Нидерланд) болон THR Oyu Tolgoi Ltd. (Роуд Таун, Тортола, VG1110, Британийн Виржиний арлууд)-д хамаарна. Энэхүү шийдвэрийг гаргасан өдрөөс хойш нэг сарын дотор Арван гуравдугаар арбитрын давж заалдах шатны шүүхэд давж заалдаж болно.
Шүүгч (гарын үсэг) М.Н.Надежкина [Төрийн сүлдэт тамга: КАЛИНИНГРАД МУЖИЙН АРБИТРЫН ШҮҮХ *
ОГРН 1033902811360] [Тамга: Калининград мужийн Арбитрын шүүх * Шүүхийн бүрэлдэхүүн № 5] [Штамп: Калининград мужийн Арбитрын шүүх * ХУУЛБАР ҮНЭН *
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга (гарын үсэг) 11.12.2025] [Штамп: Калининград мужийн Арбитрын шүүх
Үдэж, дугаарласан
8 хуудас
11.12.2025
Гарын үсэг (гарын үсэг)] [Тамга: Калининград мужийн Арбитрын шүүх * Шүүхийн бүрэлдэхүүн № 5]

Facebook
Twitter
Youtube


Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.19
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ.gif)

Сэтгэгдэл бичих