Д.Баярхүү: Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе


12-р сарын 17
9 цаг 59 минут

     Гарчигт өгүүлэх сэдэв өнөөдөр Монголын хувьд мэтгэлцэх гэхээсээ шууд аваад хэрэгжүүлчих төсөл, хөрш гурван улсын Төрийн тэргүүн хэлэлцэн тохирчихсон хамтын бүтээн байгуулалт тул энэ сэдвээр “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 ны №1 дугаар бичиж байснаа эргэж толилуулъя.

Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлаад ирсэний дараа нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлсэн чухал сэдвээр бичье. Хэлэлцүүлэг нь маргаан мэтгэлцээн, бүтнэ бүтэхгүй дээрээ тулсан сэдвийн уралдаан болохын наагуур байна.

Эхлээд албан ёсны байр сууриас эшлэнэ. Ерөнхий сайдыг дагалдан ОХУ-д айлчилсан Элчин сайд Л.Хангай бол гурван улсын эдийн засгийн коридор, ялангуяа хий дамжуулах хоолой, төмөр зам, бусад дэд бүтцийн талаар дагнан судалж ярьж байгаа манай нэг гол мэргэжилтэн билээ. Түүний “Хийн хоолойг Монголоор дайруулбал 1500 орчим байнгын ажлын байр бий болно” гэсэн ярилцлагад: Мянган шоо метр хийг 100 км хоолойгоор дамжуулахад 2.5 ам.доллар байдаг. Хэрэв Монголын нутгаар төмөр замыг дагуулаад тавибал нийт мянга гаруй км үргэлжлэх юм. Одоо ашиглалтад орохоор яригдаж байгаа хийн хоолойтой адилхан жилд 38 тэрбум шоо метр хий нэвтрүүлнэ гэвэл манайд тэрбум орчим ам.долларын орлого орно гэж таамаглаж болно гээд байж байгаа. Хийн хоолойн бүтээн байгуулалт дээр Л.Хангай найзын маань үзэл бодлыг манай төр-засаг харгалзах нь зүй. Харгалзах нь бүү хэл гурван улсын эдийн засгийн коридорын анхны томхон бүтээн байгуулалт хэмээн үзээд санаачилгатай хандах, өвөрмонголчуудын санал болгож буй “Гурван Улаан”-ы холболт гэх санаачилгыг угтуулж, түүнийг бүтээлчээр тосон авахыг уриалж байна. “Гурван Улаан” гэдэг нь Улаанцав–Улаанбаатар–Улаан-Үдийн төмөр замын маршрут дагасан эдийн засгийн шинэ хонгилын тухай юм. Үүний эхний томхон бүтээн байгуулалтаар хийн хоолой тодроосой.

Дээр бичсэн дээр би зарим гаргалгаа хувилбарын тухай нэмж бичих гэж байна. Монголын мэргэжлийн инженерийн сэтгэгч нөхдөөсөө олж сонссон, шүүн ярилцсанаа энд буулгаж байна хэмээн ойлгоорой. Түүнээс зохиогч миний хувийн бодол биш шүү. Эхлээд эрчим хүч гэсэн том сэдвээс хөндөнө. Нүүрс, нефть, байгалийн хий, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч бол бүгд эрчим хүч гэсэн ухагдахуунд хамаарна.

Аль алин нь хөрвөдөг шилждэг учраас ганц л эрчим хүч. Нүүрсний хувьд БНХАУ нь өөрөө нүүрс экспортлогч байснаа импортлогч улс болж хувирсан. Хятадад нүүрс импортолж эхэлсэн үед манай улс экспортлогч болсон нь манайдаа дэвшил мэт боловч Орос гэж нүүрсний худалдааны дэлхийн өрсөлдөгч манай хойд талд байна.

Судалгаагаар бол манай улс метан хийгээр дэлхийд толгой цохихоор. Хятадынхаас лав 600 дахин том хэмээн нэртэй физикч нөхөр маань ярьдаг. Хэрэв бид тэр нөөц рүүгээ орж чадвал Оростой, төдийгүй дэлхийд бусадтай халз өрсөлдөх болно. Хэрэв бид Таван толгойдоо метан хий олборлоод (хангалттай бий гэсэн) Хятад руу нийлүүлээд эхэлбэл ёстой жинхэнээсээ Оросын өрсөлдөгч болж хувирна. Орос ч саатуулж сатааруулж чадахгүй, оройтно. Тэр нөөц рүү нь оруулахгүйн тулд, тэр нөөцийг нь гуравдагч хөрш гэгдэх улсууд нь хамтран олборлочих вий гэдгээс сэргийлж ОХУ манай нутгаар байгалийн хийгээ дамжуулахаар боллоо гэх улс төрийн таамаг яриа гадуур явааг бас анзаарахгүй өнгөрч болохгүй. Занарын хий гэж айхтар түүхий эд манайд арвин бий гэлцэнэ. Газрын гүнд нь боловсруулаад бензин нэрээд гаргаад ирэхэд тун хялбар гэх юм. Цаана нь бас занар үлдэнэ. Занарын хий рүүгээ орох гэж байтал Орос янз бүрийн аргаар саатуулаад зогсоолгочихсон гэх яриа бас явдаг. Үнэн худлыг би энд нягтлах гээгүй. Дэл сул яриаг буулгаж байгаадаа хүлцэл өчье. Үндсэн сэдэв рүүгээ оръё. ОХУ-аас БНХАУ руу хийн хоолойг хаагуур яаж оруулах вэ? Хий дамжуулах хоолой баривал манай аль нутаг хамгийн тохиромжтой, бас ашигтай, тосон авагч (Хятад) нь ямар боломжтой вэ гэдэг талаар ухаантнууд мэтгэлцсээр байх биз ээ. Далайд дусал нэмэр гэдэг шиг энд бичсэнийг минь тулхтай гэж үзээд хүлээн авч судлана уу.

  1. Хий дамжуулах хоолой Оросоос Хятад руу гурван үндсэн замаар явах тухай ерөнхий ойлголт буй. Ковыкта хэмээх ордоос “Сила Сибири” гэх хоолойгоор Байгаль нуурын баруун хойноос чанх зүүншлээд, мөн Якутаас өөр нэг хийн хоолой холбогдоод Амар мөрний Благовещенск хот хүрээд тэндээсээ Зүүн хойд Хятад руу нэвтрэх, тэндээс өмнөшөө, баруун өмнөшөө Хятадын төвийн мужуудад хүрэх эхний хувилбар хэрэгжиж эхлээд байна. Барилга байгууламж нь баригдаад ашиглалтад орж байгаа. 
  2. Хоёр дахь чиглэлийг манайхан өмчлөх дуртай тэр чиглэл юм. Ковыкта нь нэгэнтээ Эрхүү мужид, Байгаль нуурын баруун эрэгт байж байна. Тэндээсээ чанх урагшлаад Эрхүү, Улаан-Үдээр дайраад Монгол руу орж ирэх хувилбар. Хиагт-Алтанбулагаар хийн хоолой дайрч өнгөрөх ба төмөр зам дагаад байгалийн саадгүй урагшилсаар Замын-Үүдээр урагшаа гараад явчих хоёр дахь хувилбар байна. 
  3. Гурав дахь чиглэлийг би Монголд хамаатуулах санаатай өөр нэг хувилбар дэвшүүлж байна. Энэ дээр дэлгэрэнгүй бичнэ. Оросоос манай баруун талаар Хятадын Шинжаан руу нэвтрэх хоолойн тухай яриа юм. 

Оросын “Газпром межрегионгаз Новосибирск” гэх төрийн өмчит томхон компани, түүний 49 охин компанийн борлуултын тухай судалгаатай танилцлаа. ОХУ-ын 67 бүс нутагт байгалийн хийн хангалт хийдэг, үүнд Новосибирск, Томск муж,  Алтайн хязгаар, БНАлтайУ гэхчлэн дотоодын томхон хэрэглэгчийн сацуу БНХАУ-ыг баруун хойноос нь хангах төсөл лав 10 жилийн өмнө бэлэн болсон, хэрэгжиж эхлээгүй гэх мэдээлэл байна. Оросыг газжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ч экспорт болж хатуу валютаар Ази руу  зарагдаагүй өнөө хүрчээ. Европ руу гаргадаг нь түмэн бэрхшээл, санкцтай тулгараад хэцүүхэн байгаа. “Газпром газораспределение Барнаул” гэх төрийн өмчит томхон хувь нийлүүлсэн нийгэмлэг Алтайн хязгаарт ажилладаг. Хийн хангалтын 9 хэсэгтэй. Чухам тэндээсээ Хятадын Шинжаан руу экспортлох төсөл бэлэн байгаа хэрэг шүү дээ.  

Төсөл бэлэн болоод 10 жил болж байхад яагаад хэрэгжүүлээгүй юм бэ гэх асуулт зүй ёсоор гарч ирнэ. Хятадын Шинжаанд лалын хэт даврах, алан хядах аюул оршсоор байна. Төсөл эрсдэлд учрах магадлалтай гэх тайлбар байна. Түүнийг геополитик судлаачид, цэргийн стратегичид ярьдаг. Хятадын зүгээс тийм аюулын тухай ам ангайгаагүй. Хэрэв Алтайгаас Шинжаан руу шууд нэвтлэх нь эрсдэлтэй юм бол Монгол гэж нэг өөр хувилбар бий гэдгийг хоёр хөрш маань мэдэхийн цаагуур мэднэ.

Лалын хэт даврах, алан хядах аюул гэхээсээ Алтайн өндөр уулсыг чанх араас нь нэвтлэх байгаль газар зүйн бэрхшээлийг Орос, Хятадын аль алин нь гол болгодог, үүн дээр л сэтгэлээ чилээдэг юм билээ. Нэвтлэх гэж ч ганц нэг удаа оролдсон байх. Мөнх цаст уулсыг өгсөж давуулж уруудуулж хоолой татна гэвэл үлгэр болно.

Хятад руу нэвтлэх хийн хоолойгоо “Дружба” гэж урьдчилан нэрлээд төслөө хийчихсэн, одоо гарцыг хайж байна. Алтайн ноён оргилын ёроол дундуур нэвтлэх техник технологийн боломж байхгүй нөхцөлд Барнаулаас Бийск хүртэл хоолой татаад тэндээсээ Тува хүргээд Тувагаас өмнөшөө манай Баян-Өлгийн Цагааннуурын хөндийгөөр оруулаад ирэх боломж бол бий, хүсвэл хийчихэд өлхөн болно. Одоо Бийскээс Тува руу төмөр зам тавьж байна. Төмөр замаа дагаад хийн хоолой баригдах боломжтой, тэгэх ч болов уу. Оросын нутагт олборлосон уурхайгаас хий 400 км хоолойгоор яваад манай Цагааннуураар орж ирээд манай нутгаар ердөө 216 км яваад Шинжаан руу гарчих нэгдүгээр суваг байж болно. Энэ бол Баян-Өлгийгөөс өөр аймаг сумаар дамжихгүй гэсэн үг. Хятадын талд хүлээн авагч нь Шинжааны “Хар тос” гэх хот байна. Энэ нь Карамай (Karamay) гэх Шинжаан дахь нефть нэрж боловсруулдаг үйлдвэрийн жижиг хот юм. Тэр хавьд метан хий олборлон ашиглаад эхэлсэн гэх мэдээ буй. Ингээд Оросоос хий очно гэдэг энэ хот эрчим хүчний үйлдвэрлэлийн томхон төв-зангилаа болно гэсэн үг юм.

Баруун аймгуудаар дамжих хоёр дахь гарц бол Баян-Өлгийгөөс Ховдоор дайруулаад Шинжаан руу гаргах бас нэг хувилбар байж болно. Ховдоос Карамай руу хүргэнэ гэсэн үг. Монголоор дамжих урт нь нэмэгдэнэ. Хожил нь манай баруун хоёр аймаг ажлын байр, дэд бүтэц, эрчим хүчний хувьд хожно гэсэн үг.

Хятадын Шинжaaны тухайд урт удаан хугацаанд хөгжүүлэх арга зам, үндэс суурийг нь нэгэнтээ тавьж өгсөн. Хятадаас Төв Ази болон Европ рүү зүглэх төмөр замын сүлжээний зангилааг нээсэн. Тив дамнасан төмөр зам бол нэг ёсны торгоны шинэ зам бөгөөд Азийн ба Зүүн өмнөд Азийн орнуудаас бараа бүтээгдэхүүн Европ руу тээвэрлэхэд цаг хугацааг маш ихээр товчилж хэмнэнэ. Энэ замын чухал зангилаа нь Шинжаан өөрөө. Шинжааныг нээн хөгжүүлсээр олон боломж гарч ирнэ. Тэдгээрийн нэг нь хийн хоолойн хүлээн авах ба дамжуулах зангилаа болох ойрын ирээдүйн зураглал юм. Нэгэнтээ тээврийн сүлжээ байна, дэд бүтцийг дагалдуулан босгоно, түүнд манай баруун аймгууд холбогдчихвол манай улсад ч хөгжлийн боломж гараад ирнэ. 

Баруун аймгуудаар дамжих гурав дахь гарц бол баруун гурван аймгаар дамжин Говь-Алтайгаар урагшаа гаргах хувилбар байж болно. Үүн дээр манай шийдвэр гаргагчид сэтгэлээ чилээж нүдээ бэлчээгээсэй гэж ерөөх байна.

Алтайн хязгаар–Тува–Баян-Өлгий –Ховд–Говь-Алтай–Ганьсу гэсэн байгалийн хийн асар том төслийг хөдөлгөх нэг хүч нь Монгол Улс байгаасай гэсэндээ бичиж байна. Юун Ганьсу болоод явчихав гэж гайхаж магад. Ганьсу бол Баруун хойд Хятадын нэг муж. Нийт 25 сая хүн амтай, нийслэл нь Ланьжоу хот. Хиллэдэг цорын ганц гадаад улс нь Монгол Улс. Энэ муж бол хятадын нефть-химийн аж үйлдвэрийн томхон төв, усны ба сэргээгдэх (салхины) эрчим хүчний дэлхийн томхон төвийн нэг. Хуанхэ (Шар мөрөн) мөрнийг түшсэн 29 усан цахилгаан станц ажилладаг. Хэси коридор (河西走廊) буюу Ганьсуйн коридор гэдгээрээ алдартай. Уулнаас буусан их ус, хөндийг түшээд эдийн засгийн хонгил буй болгож байгаа. Тэр их хөндий нь 1000 км үргэлжилнэ, өргөн нь 20 100 км, Хятадын баруун хойд районыг дорнод мужуудтай холбох төмөр зам, хурдны зам хөгжсөн, өндөр уулс ба Их говийн зааг нутаг гээд үзүүлэлт зөндөө байна. Манай улс Говь-Алтай аймагт Ганьсу мужтай 60-хан км хиллэдэг. Тэр 60 км-ийн цаахна хятадын хурдны галт тэрэг нэвтрээд Цэхээ гэх боомтод ирчихсэн. 

Дэлхийн хамгийн урт, Хятадын өндөрлөг нутагт байгуулсан анхны хурдны төмөр зам болох Ланьжоу-Шинжааны тусгай шугамын Ганьсу-Хөхнуурын хэсэг ажиллаж байна. Энэ шугам Ганьсу-Хөхнуур-Шинжаан гэх гурван мужийг дайрна. Нийт 1776 км-ийн урттай.

Ганьсу-Хөхнуурын хэсэг нь далайн түвшнээс 3700 метрийн өндөрт, өвлийн улиралд цельсийн хасах 31.6 хэм хүртэл хүйтэрдэг нутагт ажрахгүй нэвтэрч байна. Үүний сацуу Өвөр Монголын Эзнээ хошуунаас Шинжааны Хамил хүртлэх төмөр зам ашиглалтад ороод хэдэн жил болж байна. Энэ нь Шинжаан-Ганьсу- Өвөр Монголын баруун нутгийн байгалийн нөөц, бараа бүтээгдэхүүнийг гадагш нэвтрүүлэхэд дөхөмтэй. Өмнө нь Ланьжоу-Шинжаан, Бугат-Ланьжоу чиглэлийн төмөр замаар дамждаг байсантай харьцуулбал зайг 400 км-ээр богиносгожээ. Энэ лут сүлжээний дорнод цэг нь Тяньжинь боомт, өрнөд цэг нь Алаг уулын амны боомт болох бөгөөд Азиас Европт хүрэх  хоёр дахь том дөт зам юм. Одоо хойшоо төмөр замаар Монголтой холбогдох, тэгснээр далайд гарцгүй хуурай газрын Монголыг далайд гаргах шинэ дөт замыг буй болгох талаар Хятадад судалж ярьж бичиж байгаа нь бидэнд нэн хамаатай юм.

Ганьсуд дэд бүтэц хангалттай хэмжээнд хөгжжээ. Тэгээд ч Хятадын эрчим хүчний нэг зангилаа нутаг. Байгалийн хий хүлээн авах бэлтгэлээ базааж байгаа. Ганьсуйн коридороор дамжаад зүүн ба өмнөшөө хятадын олон муж бүс нутагт эрчим хүч түгээх боломжтой хэмээн өөрсдөө үздэг. Иймд бүс нутгийн тулгуур төвүүдийг хөгжүүлэх, баруун гурван аймгийг хөгжүүлэх, хөгжлийн нэг төвийг тийш шилжүүлэх үүднээс байгалийн хийн ийм төсөлд хамрагдахыг хичээвэл ямар бол? Энд би гурван коридорын хувилбар бичлээ. Дөрөв дэх нь буюу хамгийн чухал нь Наушка-Хиагтаас өмнөшөө Алтанбулагаар дамжих, төмөр замын дагуу явсаар Замын-Үүд хүрэх тэр хувилбар. Энэ тухай манайхан одоо ид ярьж байна. Бүтэх болтугай. “Гурван Улаан”-ы холболтыг хэрэгжүүлээсэй. Тав дахь хувилбар нь “Сила Сибири”-ээс чанх урагш салбарлаад Чита-Эрээнцав-Чойбалсангийн бас нэг хоолой байж болно. Хоёр хөрш хүсвэл түүнийг өлхөн хийчихнэ. Энэ мэт олон хувилбарыг манай төр-засаг барьж авч даацтайхан хөөцөлдвөл бидэнд бүтэхгүй чадахгүй гэх явдал үгүй л болов уу. Зориг л хэрэгтэй!

 

Д.Баярхүү

2020 оны нэгдүгээр сар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал34 минут 18 секундын өмнөӨвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна1 цаг 11 минутын өмнө63 гаалийн байцаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ1 цаг 47 минутын өмнөЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив2 цаг 14 минутын өмнөБүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах дэд сайд нарыг томилно2 цаг 18 минутын өмнөӨнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана3 цаг 6 минутын өмнөМонголын эрчим хүчний систем Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдах гэрээ байгууллаа3 цаг 13 минутын өмнөБүтээмжийн бус алдагдлын менежерүүд болжээ3 цаг 20 минутын өмнөД.Баярхүү: Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе3 цаг 24 минутын өмнөЭЗБХ: Нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив4 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна4 цаг 20 минутын өмнөБиеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 16. 16:00"Оюутолгой" ХХК-ийн 66 хувийн хувьцаанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг Калининградын Арбитрийн шүүх гаргав12 сар 16. 13:57ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ12 сар 16. 12:48Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ12 сар 16. 12:45УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна12 сар 16. 12:25Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна12 сар 16. 10:26Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно12 сар 16. 10:02Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно12 сар 16. 9:26НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана12 сар 16. 9:23Н.Энхбаяр: Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг нууцаас гаргах хэрэгтэй12 сар 16. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн12 сар 16. 9:08Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ12 сар 16. 0:00Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртжээ12 сар 15. 16:53Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв12 сар 15. 14:19Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 15. 14:14Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно12 сар 15. 12:13Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна12 сар 15. 10:52АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 15. 10:46Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 15. 10:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.