Х.Баттулгынхантай хамт зогсож байгаад “Засгийн газрыг огцруулна” гэсэн нь О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү


12-р сарын 18
10 цаг 27 минут

     АН-ынхан 2027, 2028 он угтсан богино зайны улс төрөө хэдийнэ эхлүүлсэн. Тэдний гол бай нь МАН, АН дахь нүүрсний бүлэглэл биш, “Эв нэгдэл нэрийн дор нүүрсний хулгайтай эвлэрэхгүй” гэж мэдэгдсэн Г.Занданшатарын Засгийн газар юм. УИХ дахь олонхи “Итгэл үзүүлэхгүй” гэсэн санал өгч, өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулахын өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ хүү, бэр хоёрынхоо тансаглал хийгээд гэр бүлийнхээ орлогыг нотлохын оронд АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гаргуулж байв. Харин үүний хариуд АН-ын дарга асан Л.Гантөмөр “Наяад оныхонд итгэлтгүй юм байна” хэмээн Төрийн ордонд сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлж байлаа. Л.Оюун-Эрдэнийн эсрэг олон нийтийн эсэргүүцэл ширүүсэж, ордны улс төрд гал авалцаж байсан тэр үед хамтарсан Засгийн газрын тэргүүнээ хэвлэлийнхний өмнө өмөөрч зогссон Л.Гантөмөрт үүнээс өөр хэлэх үг олдоогүй биз.

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байсан. Танхимаа бүрдүүлэх, хууль хяналтын байгууллагууд, төрийн өмчит компаниудын удирдлагуудыг томилох нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүний бүрэн эрх. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн АН, ХҮН намын дарга нартай санамж бичиг байгуулсан. Харин МАН сонгуульд ялсны дараа АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулж, төрийн өмчит компаниудад бүтээмж хариуцсан менежерүүдийг томилсон. Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар олгосон үнэмлэхүй эрх мэдлээ хадгалахын тулд 400 бүтээмж хариуцсан менежер томилж, МАН, АН, ХҮН намынханд албан тушаал бэлэглэх тухай мэдээлэл улс төрийн хүрээнд гарч байв. АН УИХ-д 42 суудалтай том сөрөг хүчин. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ тус намынханд найман сайдын суудал бэлэглэж, Л.Гантөмөрийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилж байлаа. Өөрөөр хэлбэл, АН Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын халаасны нам болон хувирсан.

 Оюутолгойн нээлттэй сонсголын үеэр сошиал фанатууд нь Монголын хамгийн ухаантай, боловсролтой хүнээр тодруулсан С.Баярцогт өчигдөр (2025.12.17) телевизэд ярилцлага өгөхдөө “Манай нам 2024 оны сонгуульд ялах боломжтой байсан ч тухайн үеийн удирдлагууд намаа ялуулахыг хүсээгүй” гэв. Ортой л үг. Гэвч Л.Оюун-Эрдэнэтэй санамж бичиг байгуулж, өнгөрсөн сонгуулийн үеэр Өвөрхангайд гарсан хүн амины хэргийн дараа мөн л Л.Оюун-Эрдэнэтэй “жич” уулзалт хийж, “Намынх нь нэр дэвшигчид том тойргуудад ана мана үзэлцэж байхад Л.Гантөмөр утсаа салгаад алга болсон” гэж лайвчин Д.Мөнх-Эрдэнийн хурц шүүмжлэлийн бай болж байсан Л.Гантөмөр МАН-ыг ялуулж, АН-ыг ялагдуулсныхаа шагналд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдож байсан. Харин УИХ-ын 2024 оны сонгуулийн зургийг зуралцаж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улиран томилогдох улс төрийн замыг засалцсан Х.Баттулга УИХ-д кнопчидоо оруулж, “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит компаниудад фракцийнхаа төлөөллүүдийг бүтээмж хариуцсан менежерээр томилуулсан. Банкны салбараас улс төрд “З.Энхболдын хүн” гэх тодотголтойгоор анх хөл тавьж, АН-ын ҮБХ өөрийг нь сонгуульд нэр дэвшүүлээгүйд шаралхсандаа тайзан дээр микрофон булаацалдаж зогссон З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болгож байв. Л.Оюун-Эрдэнэ ийнхүү эрх мэдлээ хадгалахын тулд Х.Баттулга, Л.Гантөмөр нартай албан тушаал наймаалцсан нь төр данхайх нэг шалтгаан байлаа. Харин одоо Ерөнхий сайд Г.Занданшатар.

 Г.Занданшатар Ерөнхий сайдаар анх томилогдохдоо “Данхар төрийг цомхотгож, төсөвт тодотгол хийнэ” гэж мэдэгдсэн. Тэрбээр “Би үнэн байна. Тоо худлаа хэлдэггүй” гэж байгаад Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед батлагдсан улсын төсөвт тодотгол хийж, хоёр их наяд төгрөг хэмнэснээ зарласан. Эрх баригч хүчин дэх хагарал намрын халуун улс төрийг ид өрдөж байхад Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ” гэж байлаа. Нүүрсний хулгайтай холбоотой бүх гэрээг төрийн нууцаас гаргаж, Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулж “Монгол Улс 2026-2027 онд эдийн засгийн 5.2 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Авлига, хулгайтай тэмцсэнээр илүү өндөр өсөлт үзүүлэх боломжтой” гэсэн нь Г.Занданшатарын Засгийн газрын байр суурь. “Тоо худлаа хэлдэггүй” гэдэг слоган үгтэй Ерөнхий сайдын үед “Их гурвал” буюу Moody’s, Fitch, S and P Монгол Улсын зээлжих зэрэглэлийг түүхэн дээд хэмжээнд үнэлсэн нь өнгөрсөн намар. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс критикал минералс”, Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IV цахилгаан станц”, “МИАТ”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Төрийн банк” зэрэг төрийн өмчит 18 компанийг нээлттэй хувьцаат компанит болгоно. Харин үүний дараа буюу өчигдөр (2025.12.17) Засгийн газар 16 дэд сайдыг томилох шийдвэр гаргасан нь 2027, 2028 оны сонгуулиас өмнө ард түмнээс амжиж оноо цуглуулах гэсэн АН-ынхныг Төрийн ордон дахь индрийн ард эгнэж зогсоход хүргэлээ. “Дэд сайд нарын томилгоог цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ”. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхны хийсэн мэдээллийн гол утга нь энэ. С.Баярын стандарт бус Засгийн газарт таван сайдын суудлаар наймаалцаж, Тэргүүн шадар сайд болж байсан Н.Алтанхуягийн түүхийг Л.Гантөмөр давтаж, Л.Оюун-Эрдэнээс найман сайдын суудал бэлгэнд авахад таг чиг байсан О.Цогтгэрэл дээрх мэдээллийг хийхдээ Х.Баттулгынхан болох Ж.Батсуурь, Н.Ганибал нартай хамт зогсчээ. Ардаа ТЭСО гэх хувийн бизнестэй, Х.Баттулга, Д.Дорлигжав зэрэг эрх ашиг зөрчилддөг олон эзэнтэй О.Цогтгэрэл АН-ын даргын албыг УИХ дахь АН-ын бүлгийн даргынхтай хамт хашиж байгаа. АНУ-д саяхан Ц.Элбэгдоржтой уулзаад ирсэн түүнийг намынхан нь “Тал талд очиж тал засах гээд гүйх. Жинхэнэ лидер бол талуудыг нэгтгэн зангидах ёстой” гэж шүүмжилдэг. Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайд томилсон нь О.Цогтгэрэлийн хувьд АН дотроо хүлээн зөвшөөрөгдөж, нэмэх оноо авах гэсэн богино зайны тоглолт төдий юм. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед бүтээмж хариуцсан менежерүүдийн албан тушаалыг АН-д бэлэглэж байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрохынхоо өмнөхөн АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай МАН-ын Бага хурлын шийдвэрийг гаргуулсан. Улс төр дэх наяад оны төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ огцорсноор УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө МАН, АН, ХҮН намын дарга нарын байгуулсан санамж бичиг хүчингүй болсон. Хамтарсан Засгийн газрын түүх эцэс болсны дараа АН-ынхан О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын дарга Н.Учрал. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын дарга Н.Учрал нар О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынханд өргүй гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын наймаа болох бүтээмж хариуцсан менежерүүдийг чөлөөлж, дэд сайд нарыг томилох болсонтой зэрэгцэн Х.Баттулгын фракцийнхантай хамт “Засгийн газрыг огцруулна” хэмээн мэдэгдсэн нь АН-ынхнаасаа нэмэх оноо авах гэсэн О.Цогтгэрэлийн бүтэлгүй улс төр үү, аль эсвэл ард нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар “түлхүүрдэв” үү...

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна1 цаг 59 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна2 цаг 4 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана2 цаг 8 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ2 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна2 цаг 17 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо3 цаг 4 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ3 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ3 цаг 11 минутын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа3 цаг 52 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 56 минутын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо4 цагийн өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо4 цаг 5 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 12 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.