Монгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал


12-р сарын 23
10 цаг 07 минут

      Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас улиран одож буй 2025 онд Монгол Улсад өрнөсөн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна. 

1. Эзэн Богд Чингис хааны алтан хөшөөг бүтээн залав

Монголын уламжлалт Цагаан сарын баяр буюу Могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, гуравдугаар сарын 1-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа. 

Монгол Улсын төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд монголчуудын сүлд хийморийн бэлгэдэл Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл илэрхийлснээр төрийн золголт эхэлдэг байсан бол 2025 оноос монгол түмний бахархал, Их эзэн богд Чингис хааны өргөөнд хийж байх уламжлалыг тогтоов. 

Долоон метр өндөр, алтадмал уг хөшөөнд Их эзэн хаан Их Монгол Улсаа байгуулж, өргөөнийхөө хойморт заларч буй залуу үеийг нь дүрслэн харуулжээ. 

Монгол эрдэмтдийн үзэл санаа, эрдэм мэдлэгт тулгуурлаж монгол уран бүтээлчид цар тахлын хамгийн хэцүү хүнд үед босгосон, манай улсын соёлын салбарын сүүлийн 30 жилийн хамгийн том бүтээн байгуулалт болсон “Чингис хаан” үндэсний музей монгол төрийн 2 мянган жилийн түүх, өнөөгийн ертөнцөд нүүдэлчдийн иргэншлийг харуулах хамгийн том, цогц музей болоод байна.

Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааныг “Вашингтон пост” сониноос “Мянганы хүн” хэмээн 1996 онд өргөмжилсөн билээ. 

2. Дээд түвшний хамгийн олон айлчлал хэрэгжүүлэв

Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд эрс өргөжин тэлж, айлчлалын тоо, давтамж нэмэгдсээр байна. 2025 онд төрийн тэргүүний түвшний 16 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлсэн нь өмнөх он жилүүдэд олсон ололт, амжилтыг бататгаж, харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн, гадаад харилцааны тэнцвэртэй бодлогыг хангасан түүхэн он болов. 

Монгол Улс эх орондоо Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нарын хүндтэй зочдыг хүлээн авав. 

Мөн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хэрэгжүүллээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баяр, БНХАУ-ын Тяньжин хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар тус тус оролцлоо.

Түүнчлэн Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг 2025 оны долоодугаар сарын 4-нд баталснаар НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох Монгол Улсын зорилт бүрэн биелсэн юм.

3. Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн түүхт ойнууд тохиов

XX зууны түүхэнд тодоор бичигдэн үлдсэн 1945 оны Ялтын бага хурал, Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын санал хураалт гэсэн гинжин холбоотой үйл явдлууд нь орчин үеийн Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон билээ. Эдгээр цуврал үйл явдлын түүхт 80 жилийн ойнууд 2025 онд таширлан тохиов.

1945 оны хоёрдугаар сард болсон Ялтын бага хурал дээр тухайн үеийн ЗХУ-ын санал болгосноор БНМАУ-ын статус-квог өнөөгийн байгаа хилээр хүлээн зөвшөөрөх, өмнөд хөрш Дундад Иргэн Улсаас олон улсын эрх зүйн хувьд хамааралгүйг баталгаажуулсан юм. 

Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 23 мянга гаруй дайчин Зөвлөлтийн цэргүүдийн хамт 1,000 гаруй км зам туулж байлдаанд оролцжээ.

Чөлөөлөх дайны дараахан буюу 1945 оны аравдугаар сарын 20-нд тухайн үеийн БНМАУ-д явагдсан нийт ард түмний санал асуулгын дүнд Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө 100 хувь саналаа өгснийг хөрш тухайн үеийн ЗХУ (ОХУ) болон Дундад Иргэн Улс (БНХАУ) албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэхүү тусгаар тогтнолыг баталгаажуулсан үйл явдлуудын үр нөлөөгөөр Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, дэлхийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй.

4. Монгол Улсын Их Хурлын даргаар Н.Учрал сонгогдож, 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ Засгийн газрыг байгуулав 

Улирч буй 2025 онд эрх баригч Монгол Ардын Намын даргаар сонгогдсон Ням-Осорын Учрал Улсын Их Хурлын даргаар сонгогдлоо. Тэрбээр эдийн засгийн тусгаар тогтнол, эрх чөлөөг дархлах эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө парламентын үйл ажиллагааг чиглүүлэхээ илэрхийллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлаас Ерөнхий сайдаар ажиллаж байсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд итгэл үл үзүүлэх шийдвэр гарснаар 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогдож, шинэ Засгийн газрыг эмхлэн байгууллаа.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар олон улсад Монгол Улсын өсөн нэмэгдэж буй нэр хүндийг бататган бэхжүүлэгч Засгийн газрын тэргүүн байна хэмээн зарлаж, Засгийн газар “Digital first” уриа дор “Цахим шилжилтийг эрхэмлэгч” байж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг зорилтоо болгож ажиллана гэв. 

5. Орана групптэй ураны төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано майнинг САС”-тай “Зөөвч-Овоо” ураны төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах Хөрөнгө оруулалтын гэрээг 2025 оны нэгдүгээр сарын 17-нд байгууллаа.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт хэрэгжих энэхүү төсөл нь “Оюу толгой” төслөөс хойших гуравдагч хөрштэй хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхэлж, 2028 оны аравдугаар сард Зөөвч-Овоо ордын уурхай үндсэн олборлолтоо эхлүүлж, анхны бүтээгдэхүүнээ гаргана. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2,500 тонн, нийт 68.9 мянган тонн ураны шар нунтаг үйлдвэрлэх юм.

Мөн “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд 2025 оны хоёрдугаар сарын 14-нд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Монгол Улсын боомтын  хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, нүүрсний экспортыг жилд дунджаар 165 сая тоннд хүргэх энэхүү төсөл шийдвэрлэгдсэнээр цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.

6. S&P агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрэв

Олон улсын зээлжих зэрэглэл тодорхойлогч  Moody’s агентлагаас Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэл “В1, Тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Зээлжих зэрэглэл 2024 оныхоос дахин нэг шат ахиж сайжрахад өрийн дахин санхүүжилтийн эрсдэл багассан, эдийн засгийн үзүүлэлтүүд түүхий эдийн үнэ буурснаас үл шалтгаалан сайжирсан зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.

S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг түвшин ахиулж, "BB-, тогтвортой” болгон сайжруулж, дунд хугацаанд эдийн засаг тогтвортой өсөж, төсвийн алдагдал ирэх 1-2 жилд харьцангуй бага түвшинд хадгалагдана хэмээн дүгнэжээ. Тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрсэн юм. Харин олон улсын санхүүгийн үнэлгээний Fitch агентлаг 2025 онд зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээжээ.

Түүнчлэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар манай улсын валютын нөөц 6 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

7. Спортын амжилтаар Монгол Улсаа сурталчилсан жил

Манай улс 2025 онд түүхэндээ хамгийн олон буюу 820 гаруй мянган жуулчин хүлээн авсны зэрэгцээ, Монголыг олон улсад маш амжилттай сурталчилсан нэгэн оныг үдэж байна. Үүнд спортын салбарынхны гүйцэтгэсэн үүрэг онцгой их байв. 

Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулсан Нэтфликсийн “Physical: Asia” шоу нэвтрүүлэг дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулж байна. Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээж буй тул цаашид дээрх төслийн багийнхан Монголын багийн тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.

Тус шоуны оролцогч  Б.Энх-Оргил Монголын холимог тулааны сүүлийн 11 жилийн түүхэнд Азийн “One championship” холбооны анхны аваргаар тодорсон юм.  

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Монгол Улс анх удаа зохион байгуулж, манай эмэгтэйчүүдийн баг чадварлаг, чансаатай, гал цогтой тоглолтуудыг өөрийн талбайд үзүүлж мөнгөн медаль хүртлээ. Үүнээс гадна цахим спортын ертөнцөд “MongolZ” багийнхан дэлхийн чансааг анх удаа тэргүүлээд зогсохгүй Саудын Арабын Эр-Рияд хотод болсон дэлхийн цомын тэмцээнд анх удаа түрүүлэв. 

8. Монгол Улсын санаачилсан Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэв

Дэлхийн адууны өдрийг 7-р сарын 11-ний өдөр анх удаагаа тэмдэглэлээ. Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэн батлав. 

Адууны соёл, уламжлалаа хадгалж ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд дэлхий даяар адууны тоо толгой, үүлдэр угсаа, аж ахуйн хэрэглээ буурах хандлагатай байгаа тухай асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, олон нийтийн мэдлэг, мэдээлэл, оролцоог нэмэх зорилгоор жил бүрийн 7 дугаар сарын 11-нийг Дэлхийн адууны өдөр хэмээн тэмдэглэх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг санаачилсан байдаг.

“Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс хамтран зохиогчоор нэгджээ. НҮБ-ын ХХААБ-ын мэдээлснээр, дэлхий дээр уналга, эдэлгээний 57 сая гаруй адуу байна. 

9. “Хүйс толгойн бичээс” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-д бүртгэгдэв

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны дөрөвдүгээр сарын 2-17-нд хуралдсан ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн эртний монгол хэл бичгийн дурсгал “Хүйс толгойн бичээс” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” баримтат өвийг “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэж баталгаажуулав.

Манай улс тус жагсаалтад Лу Алтан Товч, Сахиусан дара эх,  Мэргэд гарахын орон судрын модон бар, “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл”, Монгол Улсын анхны марк “Элдэв-Очир” гэсэн 5  баримтат өвийг бүртгүүлээд байсан юм.  

“Хүйс толгойн бичээс” нь МЭ 601 оны үед хамаарах монгол брахми үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүрдсэн, одоогоор мэдэгдээд буй монгол хэлний хамгийн эртний дурсгал юм. Харин “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” нь XVIII зууны дунд үеийн өрнөдийн болон дорно дахины уламжлалт анагаах ухааны тухай гар бичмэл бөгөөд монголчууд нэн эртнээс хүний биеийн бүтцийн талаар өргөн мэдлэгтэй, өвөрмөц нэршилтэй байсныг гэрчилдэг үнэ цэнтэй дурсгал юм.

Ташрамд дурдахад, Монгол Улс 2025 оны 11 дүгээр сарын 24-нд Парис хотноо болсон сонгуулиар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо.

10. Цул толгойт үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэр дэлхийн палеонтологийн сонирхлыг татаж байна

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн судлаачдын хамтран зохион байгуулсан хээрийн судалгааны дүнд нэгэн сонирхолтой олдворыг монгол орны түрүү цэрд буюу өнөөгөөс 108-115 сая жилийн тэртээ хуримтлагдсан чулуулаг тархдаг “Хүрэн дух” олдворт газраас олсон ба судалгааны үр дүн нь өнөөдөр дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологичдын анхаарлыг татаж байна.

Олдвор нь 80 см орчим урттай, 5.85 кг жинтэй, өвсөн идэшт “цул толгойт” үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэр бөгөөд палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн “цул толгойт” үлэг гүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байна. Тиймээс дэлхийн хамгийн ховор үлэг гүрвэлүүдийн нэг, энэхүү шинэ ховор олдворыг судлаачид Zavacephale rinpoche (Завасефале ринпочи) буюу “анхны цул толгойт”, “ховор, нандин” хэмээх утга бүхий үгсийн нийлэмжээр нэршүүлэн шинжлэх ухаанд бүртгүүлжээ. Энэхүү судалгааны үр дүн дэлхийн хамгийн нэр хүндтэй (impact factor: 50) Nature сэтгүүлийн 2025 оны есдүгээр сарын 17-ны дугаарт хэвлэгдсэн байна.

Эх сурвалж: Ш.Батболд


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ц.Элбэгдорж "МАК"-ийн Б.Нямтайширийн ач хүүгийн хуриман дээр Л.Оюун-Эрдэнэтэй халз тулгарах уу1 цаг 16 минутын өмнөНүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна7 сар 4. 20:04УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан Төрийн соёрхол хүртэнэ7 сар 4. 20:00Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ7 сар 4. 16:19Агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулах, Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 4. 16:15Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно7 сар 4. 16:08Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гватемал улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 3. 18:49И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна7 сар 3. 16:17Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа7 сар 3. 16:10Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа7 сар 3. 15:57"Playtime"-ийн үзэгчдээс 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураажээ7 сар 3. 15:51Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо7 сар 3. 15:47Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ7 сар 3. 13:34Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө7 сар 3. 13:06БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ7 сар 3. 13:01Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр7 сар 3. 12:16Хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр бус, хүний хөгжил, дижитал шилжилт, ногоон хөгжил, сайн засаглалаар хэмжихийг зорьж байна7 сар 3. 12:07Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ7 сар 3. 12:01Б.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай7 сар 3. 11:52Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана7 сар 3. 10:16Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ7 сар 3. 10:07З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо7 сар 3. 10:01УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 3. 9:53Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа7 сар 3. 9:50Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо7 сар 3. 9:47Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна7 сар 3. 9:26Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд7 сар 3. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 3. 9:09"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо7 сар 2. 16:56Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо7 сар 2. 13:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.