Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.24/ хуралдаан 14.55 цагт УИХ-ын гишүүн Ч.Анар, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, Д.Бум-Очир, Д.Ганбат, Х.Жангабыл, Б.Жаргалан, Н.Номтойбаяр, Г.Очирбат, Г.Тэмүүлэн, Б.Тулга, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, С.Эрдэнэболд нар ирж, 55.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус туссаныг танилцуулгын эхэнд дурдав.
Үүний дагуу Засгийн газрын зүгээс энэхүү төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улсын Их Хурлын Эдийн засаг болон Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг зөвшилцөн дэмжсэнээр 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зураад байна гэлээ.
Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой байна хэмээн танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, С.Эрдэнэболд, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.
Дараа нь Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Азийн хөгжлийн банкны 475.0 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн төслийг Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгосны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зуржээ.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан дараах төслүүдийг хэрэгжүүлэх аж. Үүнд:
- 17 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг өргөтгөн, шинэчилж, аймаг бүрд яаралтай болон эрчимт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ,
- Нийслэл, орон нутгийн нэн шаардлагатай байршлуудад 32 сургууль, есөн цэцэрлэг барьж байгуулах бөгөөд ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын анги дүүргэлтийг бууруулна,
- Хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг зах зээлийн эрэлттэй нийцүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын төрөлжсөн жишиг сургалтын тогтолцоог бий болгоно,
- Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн төлөвлөжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Х.Жангабыл, Н.Батсүмбэрэл, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Эмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа
ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв
ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Ганц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?
Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна
Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд.gif)

Сэтгэгдэл бичих