Дэлхий дахинд 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал


12-р сарын 31
10 цаг 30 минут

      Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг улирч буй 2025 онд дэлхий дахинд өрнөсөн 10 онцлох үйл явдлыг нэрлэж байна.

1.Трампын тангараг ба тарифын хямрал, Орос-Украины дайн

Бүгд найрамдах намаас сонгогдсон Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.

Түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлэхэд хамгийн их анхаарал татсан үйл явдлуудын нэг бол АНУ-ын импортын барааны татварыг их хэмжээгээр нэмсэн явдал байв. Тарифын шинэ бодлого нь үндсэндээ худалдааны түнш бүх орныг хамарсан юм. Одоогоор АНУ-тай 10 гаруй улс худалдааны шинэ хэлэлцээр байгуулаад байна.  Тэрбээр мөн ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа Орос, Украины дайныг дуусгана гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ хүрээнд наймдугаар сард АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт 2021 оноос хойш анх удаагаа болж, Д.Трамп, В.Путин нар Украины хямралыг зохицуулах асуудлыг хэлэлцлээ.

Д.Трампын засаг захиргаа мөн дайныг дуусгахад чиглэсэн 28 заалт бүхий шинэ төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан юм. Уг төлөвлөгөөг талууд хэлэлцэж байна. 

2.Католик шашны сүм хийдүүдийн тэргүүн хамбаар АНУ-ын иргэн тодорлоо

Ромын Католик сүмийн Латин Америк гаралтай анхны тэргүүн, Пап лам Францис 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд таалал төгссөний дараа түүний залгамжлагч хэн байх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. 

Ватиканд 70 орноос цугласан 133 кардинал дэг жаягийн дагуу хаалттай хуралдаж, нууц санал хураалт явуулсны дүнд кардинал Роберт Францис Превосыг 267 дахь Тэргүүн хамбаар сонголоо. 

Ватиканы хамба ламын томилгоог хийдэг хүчирхэг албыг удирдаж байсан, АНУ-д төрсөн анхны Пап түүнийг Пап XIV Лео хэмээн тунхаглалаа. 

3.Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

Ирэх оны хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 4300 ам.доллароос давснаар уг үнэт металлын үнэ өнгөрсөн оны IV улирлын дундаж үнэтэй /2663 доллар/ харьцуулахад даруй 63 хувиар өслөө. 

Үүнийг дагаад мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу 62 долларт хүрч, өнгөрсөн оныхтой харьцуулахад 100 гаруй хувиар өссөн байна.

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан оны эцэс гэхэд бодлогын хүүгээ нийт 75 суурь нэгжээр бууруулж магадгүй гэсэн таамаглал гарсан, ам.долларын ханш суларсан, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд таамагласнаас тааруу гарч, 8 дугаар сард ажилгүйдэл 1.5 хувиар нэмэгдсэн зэргээс үүдэн алтны үнэ өссөн гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ. 

4.Дэлхийн дулаарлын нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэв 

Энэ онд олон бүс нутагт байгалийн гамшигт үзэгдлүүд нүүрлэж, цаг уурын аюулт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсэн байна.

Тухайлбал, оны эхээр Лос-Анжелест дэгдсэн их түймэрт 16 мянган байшин барилга өртөн сүйдэж, учирсан хохирол нь тус хотын 3 жилийн төсөвтэй тэнцэж байна. Европ тивд дэгдсэн их түймрийн улмаас 1 сая гаруй га ой шатаж сүйджээ. 

2004 оны цунамигаас хойш үзэгдээгүй байгалийн их гамшиг оны дунд үеэс 10 дугаар сар хүртэл Зүүн Өмнөд Азийн орнуудыг нөмөрлөө. Янз бүрийн циклон шуурганы нөлөөгөөр орсон аадар борооны улмаас Энэтхэг, Балба, Индонез, Тайланд, Шри Ланка, Малайз, Вьетнамд үер болж, хөрсний нуралт үүсэв. Үүний улмаас 1400 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн сураггүй хэвээр байна. Мөн олон сая хүн орон гэргүй болж, эдийн засаг ба экологид асар их сүйтгэл авчирч, хүмүүнлэгийн хямралыг үүсгэв. 

5.Энэтхэг улс дэлхийн гурав дахь том эдийн засаг боллоо 

Lowy Institute хүрээлэнгийн хийсэн судалгаагаар Энэтхэг улс эдийн засгийн хүчин чадлаар Японыг гүйцэж түрүүлснээр дэлхийд гуравдугаарт бичигдэх болов. Тус улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм. 

Jefferies, JPMorgan, S&P Global Ratings, Morgan Stanley зэрэг хөрөнгө оруулалтын банкуудын шинжээчид “Энэтхэгийн эдийн засгийн тэлэлт үргэлжилж, 2027 онд ДНБ-ий хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигдэнэ” гэж таамаглаж байв.

2023 онд хүн амын тоогоор Хятадыг гүйцэж түрүүлсэн тус улсын хэрэглээний зах зээл улам тэлж, дундаж ба өндөр орлоготой өрхүүдийн тоо өссөнөөр чинээлэг иргэдийн тоо 100 саяд хүрнэ.  

Энэтхэгийн хүн амын дундаж нас нь 28-29 буюу дэлхийн дунджаас залуу, ажиллах хүчний асар их нөөцтэй тул ойрын хэдэн арван жилд өсөлт тасралтгүй үргэлжилнэ. Тодруулбал, 2047 он гэхэд хөгжингүй орнуудын эгнээнд багтах зорилт тавьжээ. Ингэснээр хөдөө аж ахуй давамгайлсан орноос аж үйлдвэр, өндөр технологийн салбарт тэргүүлэгч улс болно. 

6.Газын зурваст гал зогсов

Израил ба ХАМАС бүлэглэл Египет, Катар, АНУ, Турк улсуудын зуучлалаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын танилцуулсан энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлэх тохиролцоонд 10 дугаар сарын 9-нд хүрснээр Газын зурваст хоёр жил шахам үргэлжилсэн дайны гал 10 дугаар сарын 10-ны өдрөөс зогсов. 

Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч үг хэлэх бүрдээ “дэлхий даяар өрнөж байсан 8 зэвсэгт мөргөлдөөнийг би 8 сарын дотор зогсоож, олон сая хүний амь насыг аварсан” гэж мэдэгдэж байгаа юм. Эдгээр нь Азербайжан-Армени, Камбож-Тайланд, Косово-Серби, Конго-Руанда, Энэтхэг-Пакистан, Египет-Этиоп, Израил-Иран, Израил-ХАМАС-ын хооронд дэгдээд байсан зэвсэгт мөргөлдөөнүүд ажээ. Гэсэн хэдий ч Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул гал зогсоосныг зарласны дараа Тайланд өөрийн нутаг дэвсгэр, ард иргэдэд аюул занал, хохирол үгүй болох хүртэл Камбожийн эсрэг цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдээд байна.

7.Японы түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхий сайд боллоо

Японы Либерал Ардчилсан намын шинэ дарга, консерватив үзлээрээ танигдсан улстөрч Такаичи Санаэ 10 дугаар сарын 21-нд парламентын санал хураалтаар Ерөнхий сайдаар сонгогдсоноор уг албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй боллоо.

Түүнчлэн 2025 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Юн Сог Ёл-ыг огцруулах шийдвэрийг баталснаар 2024 оны 12 дугаар сард онц байдал тогтоосон түүнийг албан тушаалаас нь чөлөөллөө. Түүний халааг авах хүнийг сонгох ээлжит бус  сонгуулийг 60 хоногийн дотор явуулж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ли Жэ Мён ялж ажилдаа орлоо. 

8.Австралид хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглолоо

Австралийн Холбооны Улсад 16-гаас доош насны хүүхдүүдийн “TikTok”, “Alphabet”-ийн “YouTube”, “Meta”-гийн “Instagram”, “Facebook” зэрэг бүх том платформд нэвтрэх эрхийг хаах тухай хууль хүчин төгөлдөр боллоо.

Дэлхийд анх удаа үндэсний хэмжээнд хэрэгжиж буй уг хуулийг зөрчсөн компанид 49.5 сая австрали долларын торгууль ногдуулна.

Энэхүү хориг нь хүүхдүүдийг цахим орчин дахь доромжлол, хуурамч мэдээлэл, хууль бус контентын нөлөөнөөс хамгаалахад чиглэжээ. 

9.Хиймэл оюуны тэсрэлтийн жил 

Энэ онд хиймэл оюун ухаан нь ирээдүйн технологи бус харин өдөр тутмын амьдралын бодит хэрэглээ болж хувирсан нь хамгийн туршлагатай шинжээчдийг ч хүртэл гайхшрууллаа.  

Хиймэл оюуны алгоритмууд контент бүтээж, өвчний оношийг тогтоож, автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдийг жолоодож байна. 

AI нь тухайн салбарын явцуу хүрээнд шийдвэр гаргаж байсан бол өдгөө универсал системтэй болсноор эдийн засаг, боловсрол, анагаах ухаан, уран бүтээлийн хөгжлийг залуурдаж, хүний гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг ч өөрчилж эхэллээ. 

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, хиймэл оюуны зах зээлийн багтаамж 2025 онд 38 хувиар өсөж, 200 тэрбум долларт хүрсэн нь сүүлийн 5 жилд 5 дахин тэлсэн гэсэн үг. Улмаар 2030 он гэхэд 1.5-2 их наяд долларт хүрэх төлөвтэй байна.  

Хиймэл оюуны хэрэглээ өргөжихийн хэрээр хиймэл оюуны системд зориулан чип үйлдвэрлэдэг компаниудын зах зээлийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын боломж огцом нэмэгдлээ. Тухайлбал, Америкийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 4 их наяд долларт хүрч дээд амжилт тогтоолоо.

10.Хорт хавдрын эмчилгээнд дэвшил гарлаа

2025 он шинжлэх ухааны салбарын хувьд олон үйл явдал, нээлтүүдээр дүүрэн жил болж, сансар судлал, физик, биотехнологи, анагаах ухаан зэрэг бүх салбарт судлаачид хил хязгаарыг тэлсэн үр дүнд хүрлээ. 

Тэдгээрээс онцлон дурдвал, АНУ-ын эрдэмтэн судлаачдын баг анх удаа CRISPR ген засварлах технологийг ашиглан боловсруулсан эмчилгээний аргаар нярайд ховор тохиолддог генийн өвчнийг эдгээлээ. 

Түүнчлэн өндгөвчний ховор төрлийн хавдрын эмчилгээнд чиглэсэн үйлчилгээтэй эмүүдийг хослуулан хэрэглэх шинэ аргыг боловсруулснаар тухайн өвчтөний онцлогт тохирсон хорт хавдрын эмчилгээнд томоохон дэвшил гарлаа. 

Мөн Английн Саффолк гүнлэгт хийсэн нээлт нь неандертальчууд 400 мянган жилийн өмнө гал гаргаж чаддаг байсан гэдгийг баталснаар эл хугацааг 50 мянган жилээр урагшлуулав. 

Түүнчлэн огторгуйг тандан судлах шинэ үеийн “Жэймс Уэбб” дуран авай мананцруудын зургийг урьд өмнө байгаагүйгээр өндөр нарийвчлалтай буулгаж, Их тэсрэлтээс 280 сая жилийн дараа үүссэн хамгийн алслагдсан галактик болох “MoM-z14”-ийг нээлээ. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 онд ус, цахилгаан, дулааны төлбөрийг нэмэхийг хориглолоо1 цаг 37 минутын өмнөА.Баяр: Маргаашаас замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцно1 цаг 42 минутын өмнөДэлхий дахинд 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал1 цаг 47 минутын өмнөМонгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал1 цаг 51 минутын өмнөТатварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ2 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 цаг 57 минутын өмнөДэлхийн хамгийн том банк Оросоос гарч байна12 сар 30. 16:51Үндсэн хуулийн цэцийн 09 дүгээр дүгнэлттэй танилцлаа12 сар 30. 16:482025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12 сар 30. 16:44Маргааш орой төв талбайгаас 18 чиглэлд нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ12 сар 30. 16:19ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо12 сар 30. 13:46Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй12 сар 30. 13:43164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна12 сар 30. 11:15Сэрэмжлүүлэг: Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулж явахыг сануулж байна12 сар 30. 10:41ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдэв12 сар 30. 10:36Сэмюэл Бекетт гүүр Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтжээ12 сар 30. 10:32УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.30-12.3112 сар 30. 9:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 30. 9:15Ерөнхий сайд Г.Занданшатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн цэргийн бэлэн байдлыг шалгалаа12 сар 29. 19:22Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ12 сар 29. 13:51УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа12 сар 29. 13:45Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна12 сар 29. 10:23"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ12 сар 29. 9:53Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ12 сар 29. 9:45Өнөөдөр Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр12 сар 29. 9:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн12 сар 29. 9:29Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн12 сар 26. 17:52Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12 сар 26. 15:34Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 26. 15:30Өнөөдөр өглөөнөөс эхлээд орон нутаг руу шатахуун нийлүүлэлтээ ачиж байна12 сар 26. 12:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.